Төсөвт тусгасан хувьчлах объектуудын жагсаалтаа “арчаад” хаячихжээ. Монгол Улсын 2017 оны төсвийг батлахдаа Төрийн банк, “Монголын хөрөнгийн бирж”, “Оргил рашаан сувилал”, “Монголын цахилгаан холбоо”, “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс”, “Авто импекс”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Монгол шуудан” компанийг хувьчлахаар тусгасан байв. Үүнээс төсөвт 111.9 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцож байсан.
Гэтэл төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа нэг ч компанийг хувьчлахгүй байхаар шийджээ. Засгийн газрын бодлого хагас жилийн хугацаанд суурин дээрээ ийн орвонгоороо эргэв. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа “Төрийн өмчийг хувьчлах зохимжтой цаг үе биш” гэсэн агуулгатай үг амнаасаа унагалаа.
“Төрийн өмчийг хувьчлах үнийг хямд тогтоосон” гэж эрх баригч намаас УИХ-д сонгогдсон цөөхөн залуу гишүүн шүүмжлэлийн үг чулуудангуут л Засгийн газар бэргэчихсэн хэрэг. Ерөнхий сайдын бодлого УИХ-ын хэдхэн гишүүний хэл амны өмнө нурдаг юм санж.
Төрийн өмчийг хувьчилна гэж худал ярьсан тохиолдол ганц энэ биш. Өнгөрсөн оны улсын төсөвт Төрийн банк, “Монголын хөрөнгийн бирж” зэрэг хэд хэдэн компанийг хувьчилж, 171 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тусгаж байсан. Гэвч хувьчлах ажлыг зохион байгуулах нь бүү хэл энэ талаар ам нээхээс дургүйцэж байсан удаатай.
Жил бүр л төрийн өмчийг хувьчилна гэж сүржигнэдэг, тэгээд гараа хөдөлгөлгүй өнгөрөөдөг танил зураг олон нийтэд нэгэнт дасал болжээ. Сангийн яамныхан төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд төрийн өмчийг хувьчилна гэж тусгаж, заль хэрэглэдэг гэж дүгнэх шинжээч ч бий. Төр өмчөө хувьчлах жаргадаггүй үлгэр үргэлжилсээр байна. Монголын төр хэдий болтол худалч хүн шиг зантай явах юм бэ?
Өчнөөн жил хүүрнэсэн үлгэрийн үргэлжлэлийг зах зухаас нь танилцуулъя. УИХ 2014-2016 онд төрийн өмчийг бүрэн хувьчлах болон эзэмшлийн хувь хэмжээг нь бууруулах тогтоолыг гурван жилийн өмнө баталсан. “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, “Цагаан шонхор”, “Оргил рашаан сувилал”, “Авто импекс”, “Хөтөлийн цемент шохой”, “Монсам”, “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” компани, Кино урлагийн дээд сургууль, Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн болон “Эрчим”, “Армоно” корпорац , Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийг бүрэн хувьчлахаар тусгасан.
Эдгээрээс Кино урлагийн дээд сургуулийг хувьчилсан, “Хөтөлийн цемент шохой” компанийг өрөнд өгсөн. Бусад нь өдий хүртэл төрийн эзэмшилд хэвээр байна.
Тэгвэл “Монголын хөрөнгийн бирж”, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Хөдөө аж ахуйн бирж”, “Монгол шуудан”, МИАТ, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Шивээ-Овоо”, “Багануур” компанийн төрийн эзэмшлийн хувийг бууруулахаар уг тогтоолд тусгаж байв. “Монгол шуудан” компанийн хувьцааг нээлттэй, “Хөдөө аж ахуйн бирж”-ийнхийг хаалттай хүрээнд худалдаж, төрийн эзэмшлийг бууруулсан нь дэвшилтэй хэрэг. Бусад нь бахь байдгаараа л үлджээ.
Үлгэр ингэж үргэлжлэв. УИХ 2015 онд дахиад л төрийн өмчийг хувьчлах тогтоол баталсан. Шинэ тогтоолд “ДЦС-2”, “ДЦС-3”, “ДЦС-4”, “Дарханы дулааны цахилгаан станц”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” компанийн төрийн эзэмшлийг 70 хувь болтол багасгах хэмжээний нэмэлт хувьцаа гарган, Монголын хөрөнгийн биржээр арилжихыг даалгасан нь сонирхол татаж байв.
Мөн судалгаа, шинжилгээ, үйлдвэрийн корпорацууд, МИАТ компанийг хувьчлах, төрийн өмчийн хувь эзэмшлийг нь бууруулах жагсаалтаас хассан байлаа. Хэрэв санаж байвал тухайн үеийн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Төр унаатай байх хэрэгтэй. МИАТ-ийг төр 100 хувь эзэмших ёстой. Хувьцааг нь олон нийтэд худалдаж болохгүй” гэж хүчтэй эсэргүүцсэнээр жагсаалтаас хассан.
Өмнөх тогтоолд “Монголын хөрөнгийн бирж”-ийн хувьцааны 34 хувийг олон нийтэд арилжихаар тусгасан бол бүхэлд нь худалдахаар өөрчилсөн юм. Мөн Төрийн банкийг бүхэлд нь хувьчлах шийдвэр энэ тогтоолд анх тусгалаа олсон байдаг. Түүнээс хойш төрийн өмчийг хувьчлах жаргадаггүй үлгэрийн гол дүрд Төрийн банк, “Монголын хөрөнгийн бирж” хоёр тоглосоор иржээ. Санхүүгийн салбарын хоёр компани нь иргэдийн анхаарлыг өөрийн эрхгүй татаж байгаа.
Төрийн өмчийг хувьчлах хоёр тогтоолын үр дүн нь дээр дурдсан Кино урлагийн дээд сургууль, “Хөтөлийн цемент шохой”-н хувьчлал, “Монгол шуудан”, “Хөдөө аж ахуйн бирж” компанийн IPO-гоор л хэмжигджээ. Засгийн газар “Багануур” компанийн хувьцааг нэмж гаргаж, олон нийтээс хөрөнгө татах гэхэд нь хэн ч тоож худалдаж аваагүйг энд дурдчихъя.
Төрийн өмчийн 81 компани бий. Эдгээр нь 10 их наяд төгрөгийн хөрөнгөтэй ч нэг хувийн өгөөжтэй ажилладаг. “Эрдэнэт үйлдвэр” гэх мэт цөөн компани ашигтай ажиллаж, дийлэнх нь алдагдал хүлээдэг нь нууц биш. Тэгвэл Сингапурын төрийн өмчит компаниуд жилд дээд тал нь 37 хувийн өгөөжтэй ажилладаг байх жишээтэй.
Иймээс Монголын төр муу менежер гэсэн нэр зүүдэг юм. Хувийн хэвшлийнхний нуруунд үүрүүлчих боломжтой, тэдний бизнестэй өрсөлддөг, стратегийн ач холбогдолгүй компаниудаа хувьчлах хэрэгтэй гэдэгт иргэд санал нэгддэг. Улстөрчид ч энэ талаар ярих дуртай. Үнэн хэрэгтээ төрийн өмчөөс гар хөл бологсдоороо дамжуулан “бялуу” хүртэх гэсэн улстөрчдийн аминч үзэл хувьчлалд тээг тавьдаг.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор 100 хувь төрийн мэдэлд байх стратегийн ач холбогдолтой, тодорхой хувийг нь төр эзэмшээд, үлдсэн хувьцааг нь олон нийтэд эзэмшүүлэх, бүхэлд нь хувьчлах, татан буулгах компанийн жагсаалт батлуулахаар идэвхтэй ажиллаж байгаад чимээ тасарлаа. Улстөрчдийн эсэргүүцэлтэй тулгараад түүний санаачилсан ажил гацсан гэж таамаглая.
Төрийн ямар өмчийг хувьчлах хэрэгтэй, хэрэггүй талаар олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй. Ингэвэл бодитой шийдэл гарах нь дамжиггүй. УИХ-аас баталсан тогтоол хэрэгжихгүй байна. Тиймээс өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, шийдэл гаргах нь зөв. Цахилгаан болон дулааны станцуудын хувьцааг олон нийтэд арилжих лообийг бизнесийн бүлэглэлийнхэн хийсэн гэж Ц.Нямдорж гишүүн харддаг. Тэгвэл эрчим хүчний болон дулааны станцуудаа хувьчлах зөв үү, буруу юу? Төрийн банк, “Монголын хөрөнгийн бирж”-ийг хувьчлах шаардлагатай юу, үгүй юү гэдгийг олон нийтээс асуугаач. Төр зарим бизнест гар дүрснээрээ хөгжлөөс нь хойш чангааж байгаа явдал ч бий. Төрийн мэдэлд байгаа нь “Монголын хөрөнгийн бирж”-ийн үйл ажиллагааг хөшүүн хойрго болгодог гэдэгтэй гүйцэтгэх захирлаар нь томилогдсон Х.Алтай ч санал нийлдэг юм.
Хэн нэгэн дарга, сайдын үзэмжээр тэр компанийг энэ жил хувьчилна гээд УИХ-ын тогтоол батлуулчихдаг, төсөвт тусгачихдаг. Түүнийг нь бусад нь хүлээн зөвшөөрөхгүй сөргөлддөг. Ингээд хувьчлах ажлыг нам гацаадаг. Ийм тоглоомтой, шоглоомтой байх гэж үү. Төрийн өмчийг хувьчлах ажилд ул суурьтай хандахгүй бол “үлгэрийн далай” боллоо.