Уулзалт юм уу хичээл сургалтад сууж байхдаа бид хүний яриаг бүрэн сонсож чаддаг билүү... Ярьж буй хүнийг сонсож байтал үснийх нь өнгө нүдэнд тусаж, сонин өнгө байна” гэх мэт бодлоор анхаарал сарнина. Хэсэг хугацаанд нөгөө хүний яриаг чих тавин сонсож байтал “Өө, өчигдөр Баагийд ном өгнө гээд мартаж", “Орой хаана, ямар хоол идэх вэ байз, гэрт ногоо бий билүү” гэх мэт элдэв зүйлс бодогддог. Ийнхүү бидний бодол ихэвчлэн өнгөрснөөр тэнэж, ирээдүйд хөвсөөр хүний ярьсныг хагас сонсож, дутуу ойлгох нь олонтаа. Бодол ийм “сахилгагүй”, хаа сайгүй тэнүүчилнэ.
Бид бодлоо хөтөлдөггүй, бодолдоо хөтлөгддөгийн илрэл нь энэ буюу.
“Бодол санаагаа удирдаж болох уу гэвэл болдог ажээ. Биеийн тамираар хичээллэсэн хүний булчин шөрмөс чангардгийн адил бодол санаагаа удирдах байнгын дасгал бас үр өгөөжөө өгдөг. Бодол санаагаа хөтөлнө гэдгийг бие сэтгэл, оюун ухаанд яг одоо юу явагдаж байгааг анхааран ажиглахыг хэлдэг. Бодлоо удирдахын тулд одоо та яг юу бодож, хийж байна түүндээ л төвлөр, мөн өөрийнхөө дотоод чанадад юу болж байгааг таньж мэд хэмээн сургадаг. Уншигч та хэн ч бай, бодлоо хөтлөх аргыг дадуулж болно.
Одоодоо төвлөр. Ихэнх ном сударт бодлоо удирдахын тулд юуны өмнө яг одоо болж байгаа зүйлдээ төвлөрөхийг зөвлөсөн байдаг. Ахархан хугацаанд, хүний толгойд түмэн зүйлийн бодол эргэлддэг. Зүйрлэвэл булагийн усыг ширүүн хутгаж булингартуулах мэт. Булингаргүй тунгалаг булагийн ус авья гэвэл та яаралгүй, ялигүй тэвчээртэй утгахад л болно. Үүний нэг адил та оюун бодлоо цэгцтэй, саруул байлгая гэвэл одоо хийж буй зүйлдээ төвлөрөх ёстой. Жишээ нь, та зурагт үзэнгээ хооллож ундалдаг бол хоолоо зурагтын нэвтрүүлэгтэй хольж, амтыг нь бүрэн мэдрэлгүй зооглодог гэсэн үг. Тэр тусмаа “эвгүй” нэвтрүүлгээр даруулга хийвэл сайхан хоол ч сайн шингэхгүй.
Иймээс энэ цаг мөчид та юу хийж байна түүндээ анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай. Түлхүүрээ хаана хийснээ мартдаг бол та тэр агшинд өөр зүйл бодож байдгийнх. Гарахдаа түлхүүрээ хаа сайгүй хайж, адгаж тэвдэхгүйн тулд хаана хийж, тавьж байгаадаа анхаарч сурвал асуудал шийдэгдэнэ. Цай ууж байгаа бол амтлан ууж, хичээлд сууж буй бол агуулгад нь анхаарч, шүршүүрт орж байгаа бол ус, бие даган хэрхэн урсаж буйг мэдрэхийг хичээ. Ингэхдээ байгаа зүйлийг байгаагаар нь хүлээн аваарай. Өөрөөр хэлбэл, “Байнга давсгүй цай чанах юм”, “Энэ нөхөр чинь зүүний үзлийг давруулагч байна” гэх зэргээр хэт шүүх хэрэггүй.
Бодлоо “цулбуурдаж”, хийж байгаа зүйлдээ л хандуул. Өнгөрсөн, ирээдүйтэй бүү холь. Энэ нь хялбар биш. Гэвч хичээвэл дадуулж болно. Эмнэг бодлын сургагч ньТа өөрөө билээ.
Муу бодол, сэтгэлийг сайнд урвуул. Хүүхэд байхдаа би биед мэдрэгдэх ялимгүй зовиурын тухай аавдаа хэлэхэд “Өвчний тухай бодлоо хөөж бай, байнга бодоод байвал тархинд чинь oчааг (голомт) үүснэ” гэж билээ. “Яаж хөөх юм” гэхэд “Тэр тухай бодохгүй л бай” гэнэ. Эмч аав маань иймэрхүү арга чарга зөвлөсөнд дурамжхан байсан би хожим харин бага сага эмгэгийг “мартаж” арилгадаг болсон юм. Олон жилийн дараа хүүгээ үлдээгээд алсад одохын өмнө “Хүүгээ дандаа сайн сайхнаар бодож байгаарай. Хол байсан ч ээжийн бодол хүүд нөлөөлдөг юм” гэж аав маань захиж билээ.
Аль ч намын төлөөлөл төр барьсан, эд нар л идэж, ууна гэж хардаж чичлэлгүй, “Танд бид итгэлээ өгсөн”, “Та чадна, босгоно” гэсэн итгэл, урмаар тэтгэвэл идэж уухаар зэхсэн нэгэн ч эргэж урвах нигуур бий. Үрээ, ханиа, хөршөө, төрөө сайн бодол, итгэлээр тэтгэ. Аливаа зүйлс, хүмүүсийн талаар сөрөг муу бодлын үр л, үл үзэгдэх өргөст торыг хүний бие сэтгэлд нэхэж, зовлонгийн шалтгааныг үүсгэдэг. Муу бодол төрмөгц зайлуулж, сайхан бодлоо тэтгэх нь бодлоо удирдаж буй бас нэг арга юм.
Бүү шүү. Бодлоо хөтөлнө гэдэг нь түүнийг захирна гэсэн үг билээ. Үзэл бодлоос чинь тэс хөндлөн зүйл ярьж байгаа хүнийг тайван хүлээж авах амаргүй. Энэ үед хүмүүс голдуу уурлаж уцаарладаг. Үнэн хэрэгтээ бид өөртэйгөө адил бодож сэтгэсэнгүй гэж уурлаад байгаа юм. Хүн бүр тантай адил сэтгэхгүй. Таны бодол ч бусдынхтай дандаа ижил байхгүй. Харин бид байгааг байгаагаар нь хүлээн авч чаддаггүй учраас уурладаг. Бие хүн гэсэн тодотголыг, нэр хүндийг минь сэвтүүлэх вий гэсэн битүү айдас ч нөлөөлөх нь бий.
Хүн бүр адилгүй. Нэг гэрт өссөн ах, дүүс ч эцэг эхээсээ төдийгүй өөр хоорондоо найз нөхдийн хүрээлэл, эдэлж хэрэглэх, итгэж сонирхох зүйлсээрээ ялгардаг. Хүү тань хэлхгэр өмд муухай гэхэд дүү нь жадгар өмд тэнэг гэнэ. Та хөнгөн аяз сонсдог бол танай ээж нийтийн дуунд дурлах жишээтэй. Үе үеийн ахуй соёл өөр. Айл, орны дэг жаяг бас ондоо.
Хүүхдэдээ алганы амт хүртээвэл Америкийн хүний эрхийг хамгаалагчид танд зааж, сургаж, нутагт нь үйлдсэн бол таныг хэрэгт татаж ч магад. Харин монголчууд үүнийг байх ёстой зүйл, буруу зүйлд шийтгэл бий гэдгийг аав, ээж мэдрүүлдэг гэнэ. Тэд өөрийгөө зөв гэвэл бид ч өөртөө зөв байж болох. Ийнхүү бусдыг шүүх нь зовлонгийн шалтгаан болдог. Яагаад гэвэл та өөрийгөө зөв, тэднийг гаж гэж байгаа бол нөгөө тал ч тийн бодож байдаг юм. Иймд бусдыг буруутгаж, хүнд гоморхож уурсахаасаа өмнө хүн бүрийн ахуй, сэтгэлгээ өөр гэдгийг санаж ухаарах нь бодлоо удирдаж буй хэрэг юм.
Уур мунхагаас улбаатай. Английн гүн ухаантан, Нобелийн шагналт зохиолч Бөтранд Рассел “Таны бодлыг сөрөхөд уурлаж байвал, та өөрийнхөө бодлыг зөвтгөх хангалттай нотолгоогүйгээ хагас ухамсарласны шинж. Хэрэв таны тоо болон газар зүйн талаарх мэдлэг, ‘хоёр хоёрын тав гэх юм уу Исланд эквадорт байдаг’ гэж мэтгэдэг хүний үгэнд автахаар тийм нимгэн биш бол танд уурлах биш өрөвдөх сэтгэл төрдөг юм” гэжээ. Уурлаад байгаа “мунхагт” харанхуй төдийгүй хагас боловсорсон мунхагуудыг багтаадаг нь энэ буюу.
Их мөрөн дөлгөөн буюу ухаант хүн даруу гэдэг. Таны ухаан мэдлэгийн сав дүүрэх тусам цалгих нь багасаж, өөр үзэл бодлыг шүүж яллахаа болино. Бусдын бодлын зөв эсэхэд эргэлзээд байвал та өөрөө судалж мэдэж бас болох. Гэвч хүн бүрт их мөрөн мэт байх боломж бололцоо бага. Харин дөлгөөн байх боломж бий.
Бодлоо тэгшилье. Яагаад заавал дөлгөөн байх гэж, цалгиж халгиж явья л даа гэх хүмүүс мэдээж байх. Гэвч тэдний гомдож энэлэх нь бас амархан байдаг. Нартай дулаан өдөр бүр догдолж, ширүүн бороо орох бүрт гутардаг бол бид амар амгалан амьдарч чадах билүү. Иймд хөөрцөг, хямралд орохоосоо өмнө гүнзгий амьсгал аваад “Уурлаж хорсох юм уу хэт хөөрөх хэрэг байна уу” гэж эргэцүүлээрэй. Өмнө нь бодож эс чадвал хойно нь тунгааж, хэтдээ хичээгээд явж болох шүү дээ. Байгаадаа үл ханаж, байхгүйг хүсэн горилж, горилсноо эс хүртэхээр зовлон гачаал бий болдог. Ухаант хүн та бодол сэтгэлээ тань. Өөрийгөө таниад бодлоо тэгшлээрэй. Үүнийг бодлоо хөтөлж амьдрах ухаан гэнэм.
Саруул ухаанд сайн заяа оршино.
Данзангийн Нарантуяа, МУИС