Утаагүй үйлдвэрлэл гэгддэг аялал жуулчлалын салбарт “амь тариа” болж мэдэх зургаан зорилтыг Засгийн газраас дэвшүүлээд буй. Тэдгээрийг биелүүлбэл аялал жуулчлалын өрсөлдөх чадвар дээшилж, салбараас төвлөрч буй орлого өснө гэж найдаж байгаа. Үүнээс “Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бүсчилсэн байдлаар төрөлжүүлэн хөгжүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээний цар хүрээг өргөжүүлнэ” гэх зорилт салбарынхны чихэнд чимэгтэй сонсогдож буй нь гарцаагүй.
Учир нь, тур оператор, жуулчны баазууд хавар, зуны улиралд болдог цөөн хэдэн арга хэмжээнээс ашиг олох гэж “зодолддог” манайх шиг орны хувьд аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлж, тэдгээрт “хоол”-ыг нь зүй зохистой хуваарилах зайлшгүй шаардлагатайг судлаач, мэргэжилтнүүд онцолдог. Тэгвэл эл зорилтын хүрээнд манай улс нийслэл, баруун, зүүн, төв, говийн гэсэн таван хэсэгт тухайн газар орны онцлогт тохирсон, аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэхээр зорьж буй аж.
Ийм зорилготой кампанит ажил зарим бүсэд аль хэдийнэ эхэлжээ. Тухайлбал, Өмнөговьд өдгөө Шар цавын үлэг гүрвэлийн мөрийг олон улсын жишгээр хамгаалж, жуулчдад танилцуулах аяллын маршрут гаргаж буй бол Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор дэд бүтцийн ажлын эхлэл тавигдлаа.
Мөн “Дэлүүн болдог” нэртэй олон улсын нисэх онгоцны буудал байгуулах асуудал ч яригдаж эхлэв. Харин зарим бүсэд хийх ажлууд тодорхой болсон ч эдийн засгийн бэрхшээлд тушигдчихаад буй сурагтай. Үүний жишээ нь, Элсэн тасархайд байгуулах аялал жуулчлалын цогцолбор.
Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх зорилтод “Төвийн бүсэд байгаль, түүх, соёл, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлж, томоохон цогцолборууд байгуулна” гэж тусгажээ. Үүний дагуу босоо тэнхлэгийн авто зам дагуу жуулчид түр амрах хэд хэдэн цогцолбор барихаар шийдвэрлэж, ТЭЗҮ боловсруулах зардлыг БОАЖ-ын сайдын багцад тусгасан юм. Ингэхдээ нэн түрүүнд жуулчдын хөлд хамгийн их дарагддаг Элсэн тасархайд эхний цогцолбор байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл “Эдийн засаг хямралтай, улс орны байдал хүндхэн байгаа үед бүтээн байгуулалт эхлүүлэх боломж алга. Бид хөрөнгө оруулагч хайж байгаа” гэлээ. Мөн тэрбээр уг цогцолбор бий болсноор гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулалтыг татах боломжтойгоос гадна төвийн бүсэд аялал жуулчлал эрхэлдэг компаниудын үйл ажиллагаа идэвхжих ач холбогдолтойг чухалчлав.
Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумын нутгийг дамнаж, Батхаан уулын баруун талаас эхэлж, Хөгнө хан уулын баруун талаар сунаж тогтсон, 80 км орчим үргэлжлэх элсэн манхныг Элсэн тасархай гэж нэрийддэг. Төв зам энэ элсэн манхныг хоёр хуваадаг бөгөөд өмнөд хэсгийг нь Монгол элс, хойд талыг нь Хөгнө тарнын элс гэдэг. Тэгвэл уг цогцолборыг Хөгнө хан хэмээх үзэсгэлэнт уулын орчимд байгуулах гэнэ.
Өдгөө уг газрын ойролцоо “Баянговь”, “Хоёр загал”, “Бичигт хад” зэрэг хэд хэдэн жуулчны бааз буй ч эдгээр нь ихэвчлэн улирлын чанартай, алдаг оног үйл ажиллагаа явуулдаг юм байна. Дээрээс нь “Аялагчдын тав тух, аюулгүй байдлыг хангах орчин бүрдүүлж чадаагүйгээс жуулчдын урмыг хугалдаг” гэж Жуулчны мэдээллийн төвийн ажилтнууд хэллээ. Харин амрах, түр байрлах зориулалттай уг цогцолборынхон тийм орчин бүрдүүлж чадвал тус бүс рүү чиглэсэн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх давуу талтай.
Харин үүнийг байгуулахдаа долоо хэмжиж, нэг огтлох зарчим баримтлах шаардлагатайг эрдэмтэд онцолж байна. Монголын үндэсний их сургууль (МҮИС)-ийн доктор, профессор, түүхэн газар зүй судлаач О.Сүхбаатар “Энэ бүсэд аялал жуулчлалын цогцолбор байгуулна гэдэг зүйтэй алхам. Жуулчид өөр хаана ч тохиохгүй, өвөрмөц, сонин зүйл үзэхийг хүсдэг. Энэ шаардлагыг Монголын говь, тэр дундаа элсэн тарамцагтай газрууд хангадаг. Ийм орчинд дасан зохицдог амьтан, ургамлаас эхлээд шавар цонж, элсэн манхан хүртэл жуулчдад сонихон.
Уг газарт цогцолбор байгуулах нь оновчтой, харин сайтар судалж байж бүтээн байгуулалт хийх хэрэгтэй” гэсэн юм. Харин “Гайхамшигт говь” ТББ-ын тэргүүн Х.Түмэндэлгэр “Энэ ажлыг хийхдээ нэг чухал зүйлийг орхигдуулж болохгүй нь мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын санал, зөвлөгөө. Цогцолбор байгуулснаар экологийн тэнцвэрт байдал алдагдах эрсдэлтэй юү, ойр орчимд нь байдаг амьтан, ургамлуудад хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг чухалчлах ёстой.
Сүр дуулиан болж хэрэгжүүлсэн ч мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, тэдний саналыг ойшоогоогүйгээс амжилтгүй болсон ажил манайд өчнөөн. Жуулчны гэх тодотголтой хэрнээ хамгийн зохион байгуулалтгүй, эмх замбараагүй Урт цагааны гудамж шиг зүйл хийчихвэл хэн очих вэ. Өвөрмөц, сонин зүйл бүтээж байж жуулчдыг татна. Мэргэжлийн үүднээс маш сайн судалж, төлөвлөх нь чухал” хэмээсэн юм.
Элсэн тасархай орчимд өдгөө үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазууд голдуу Их Монгол хэмээх элсэн тарамцаг, Тарнын голын эх болох Шарлин, Жаргалант голын бэлчрээр морь, тэмээгээр зугаалах, Хөгнө тарнын хийд (Өвгөн, залуу хийд бий гэдэг), Мойлтын ам болон Ямаатын цагаан хөтлийн хадны сүг зураг, Ташуугийн өвөлжөөн дэх булш, хиргисүүрүүдтэй танилцах аяллыг жуулчдад санал болгодог тухай Жуулчны мэдээллийн төвийн цахим хуудаст онцолжээ.
Тэгвэл эл бүс газар зүйн тогтцын хувьд гурван хэв шинжийг нэг дор агуулсан учраас олон төрлийн, тусгай сонирхлын аяллыг төрөлжүүлэн хөгжүүлж, жуулчдыг баясгах боломжтой гэнэ. МҮИС-ийн Газар зохион байгуулалт, аялал жуулчлалын сургуулийн багш Э.Батгэрэл “Хадны сүг зураг, дурсгал судлах, тайлах, ховор амьтан, ургамал үзэх, морь, тэмээгээр аялах, элс нүүх, манхантахыг харах, Монголын түүхэн “Мандухай цэцэн хатан” киноны зураг авсан газартай танилцах гээд олон төрлийн тусгай сонирхлын аялал хөгжүүлэх боломжтой.
Зөвхөн элсний нүүдэл судлах зорилгоор Япон, БНСУ-аас олон жуулчин ирж байна” гэсэн юм. Аялал жуулчлалын төв бүс хэмээн үзэж, цогцолбор байгуулахаар сонгосон тус газарт гадаадынхан төдийгүй дотоодын аялагчдыг гайхашруулах байгалийн өгөгдөл олон бий гэж эрдэмтэн, судлаачид дүгнэсэн юм. Элсийг хүртэл “чулуу болгох” боломж бий гэнэ. Гагцхүү түүнийг хэрхэн үнэд хүргэж, жуулчдыг татах вэ гэдэг бодлогын хариу эл бүтээн байгуулалтаас хамаарах нь.
Нүүдлийн соёл иргэншлийн өлгий болсон үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газруудтай хэмээн цээжээ дэлддэг атлаа тэдгээрийг сонирхохоор ирж буй жуулчдад “Үзвэл үз, байвал бай” гэсэн байдлаар ханддаг бардам улс, бид. Ямар сайндаа манайд зочилсон жуулчдын 60-70 хувь нь жуулчны байгууллагуудын үйлчилгээнд муу дүн тавиад, “Хамгийн том бэрхшээл нь жорлон” гэжээ.
Жижигхэн мэт боловч аялал жуулчлалын салбарыг хамгийн муухай харагдуулахад хүргэдэг эдгээр бэрхшээлийг цогцолбор байгуулахдаа анхаарч, төлөвлөхийг мэргэжилтнүүд сануулав.