АН-ын анхан, дунд шатны бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэх дотоод сонгууль өнгөрсөн ням гаригт боллоо. Уг сонгууль өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхэлсэн АН-ын шинэчлэлийн нэг гол бүрэлдэхүүн юм. Намын даргын болон анхан, дунд шатны сонгуулиар бүтэц, бүрэлдэхүүнээ 100 хувь өөрчлөөд буй АН ирэх сарын эхээр товлосон их хурлаараа үзэл, баримтлал, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталснаар тус намын шинэчлэлийн ажил төгсгөл рүүгээ дөхнө.
АН-ын анхан, дунд шатны намын дарга, сонгуульт албан тушаалтнуудыг сонгох дотоод сонгуульд 17800 мандат дээр 20-иод мянган хүн бүртгүүлжээ. Тэд өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулснаас бусад аймаг, дүүргийн намын даргын 25 мандат болон нийслэлийн намын дарга, Үндэсний бодлогын хороо (YБХ)-ны 380 мандат, УИХ болон орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн 220 орчим сумын намын хороо, үүрийн тэргүүлэгч гишүүний сонгуульт албаны төлөө өрсөлдсөн аж.
Дотоод сонгуулийн өмнө намын шинэ удирдлагууд “Хэн ч нэрээ дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө уралдуулан өрсөлдөх боломж бүрэн бий” хэмээж байв. Гэвч АН-ын гишүүдээс “С.Эрдэнэ болон түүний гар хөл бологсод Улс төрийн намын тухай хууль зөрчин, Дээд шүүхэд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус дүрмээр дотоод сонгууль зохион байгуулж байна. Мөн өөрсдийнхөө хүнийг ялуулахын тулд гишүүдийн дунд нэр хүндтэй, ялах магадлал өндөртэй нэр дэвшигчдийг жагсаалтаас хаслаа” гэсэн гомдол гарч байлаа.
Санал хураалтаас өмнө буюу гуравдугаар сарын 31-нд Дээд шүүх АН-ын Үндсэн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийг бүртгэж авснаа мэдэгдсэн тул энэ сонгууль хүчин төгөлдөр, эсэх талаар эргэлзээгүй болсон нь сайн хэрэг. Харин ялах магадлалтай нэр дэвшигчдийг зохион байгуулалттайгаар нэрсийн жагсаалтаас хассан тухай асуудал одоо ч гомдол дагуулсаар байна. Нэрсийн жагсаалтаас хасагдсан нэгэн гишүүн “Би ҮБХ-ны гишүүн болон аймгийн намын даргад нэр дэвшиж, хориод сая төгрөгөөр хохироод байна.
ҮБХ-нд дэнчин гурван сая, хураамж гурван сая, аймгийн намын даргад хураамж 15 сая төгрөг төлж нэр дэвших бөгөөд ямар нэг асуудал гарахад дэнчингийн мөнгийг буцаан олгоод, хураамжийг олгохгүй журамтай. Нэр дэвшигчээр бүртгэж авч, сурталчилгаа, уулзалт гэж баахан ажил болгочихоод, санал хураалтын өмнөхөн хасах шийдвэр гаргасан нь шударга бус байна. Намайг нэрсийн жагсаалтаас хассанаар С.Эрдэнийн хүн өрсөлдөгчгүйгээр аймгийн намын дарга болсон. Ингэх юм бол анхнаасаа түүнээс өөр хүн бүртгэхгүй гэх нь дээр байж” гэв.
“Дорнод аймгаас хоёр, Дархан-Уул аймгаас нэг, Сэлэнгэ аймгаас нэг, нийт дөрвөн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан” гэсэн мэдээллийг Дотоод сонгуулийн хорооноос албан ёсоор өгч буй ч бодит байдал дээр үүнээс олон хүн хасагдсан мэдээлэл бий. Тухайлбал, Дорноговь аймгийн намын даргад нэр дэвшээд, хасагдсан Ц.Гантулга, Хөвсгөл аймгийн намын даргад дэвшээд, хасагдсан Лхагваа нарыг дурдаж болно. Ц.Гантулга өнгөрсөн орон нутгийн сонгуулиар аймгийнхаа ИТХ-д АН-ыг төлөөлөх суудал авсан ганц гишүүн нь.
Гэтэл орон нутгийн сонгуульд ялсан ганц гишүүнийхээ нэрийг татаж, өнгөрсөн дөрвөн жил аймгийн намын даргаар ажиллаад, намаа орон нутгийн сонгуульд ялагдуулсан хүнийг өрсөлдөгчгүйгээр сонгуульд оруулсан байна. Хөвсгөл аймгийн намын даргад нэр дэвшсэн н.Лхагваа мөн л үндэслэлгүй шалтгаанаар жагсаалтаас гаргасан гэсэн гомдол мэдүүлж буй. Мөн Дархан-Уул аймгийн намын даргад нэр дэвшсэн П.Эрдэнэбат намаас ямар ч шийтгэл хүлээгээгүй, намын хурлаар орсон удаагүй байтал “Шийтгэлтэй” гэсэн бичиг гаргаж ирэн, сонгуульд оролцуулаагүй байна.
Хасагдах ёсгүй шалтгаанаар нэр дэвшиж чадаагүй хүмүүс байхад, нэрээ дэвшүүлэх эрхгүй хэрнээ сонгуульд өрсөлдсөн хүн нэг биш байгааг мөн намын гишүүд гэрчилж буй. “2016 оны сонгуульд ялагдал хүлээсэн бүх шатны намын дарга (Намын дүрмийн дагуу тухайн шатны намын хорооноос итгэл үзүүлсэн шийдвэр гаргасан бол хамаарахгүй), 2016 оны сонгуульд бие даан болон улс төрийн бусад намаас нэр дэвшсэн гишүүдийг дотоод сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана” гэсэн дүрмийн заалт огт хэрэгжээгүй гэж тэд гомдоллосон.
Тодруулбал, өнгөрсөн УИХ-ын сонгуульд ТТЭНН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн Т.Бат-Эрдэнэ АН-ын дотоод сонгуульд Чингэлтэй дүүргээс ҮБХ-ны гишүүнд нэр дэвшсэн. Б.Жаргалсайхан БНН-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, Дээд шүүх дэх намын бүртгэлээс нэрээ хасуулаагүй хэрнээ ХУД-ээс ҮБХ-ны гишүүнд өрсөлдсөн. АН-ын гишүүд дээрх зөрчлүүдийн талаар Дотоод сонгуулийн хороондоо гомдол гаргасан ч шийдвэрлэж өгөөгүй хэмээн гомдол нэхэж байгаа юм.
Мөн дотоод сонгуулийн санал хураалтын явцад 10 мянга гаруй гишүүн саналаа өгч чадаагүй, Баянгол дүүргийнхэн Сэлэнгэд очиж санал өгсөн гэх мэтээр дотоод сонгуультай холбоотой гомдол үргэлжилж буй. Намын дарга С.Эрдэнэ “Дотоод сонгуулийн үеэр гишүүд саналаа өгч чадаагүй нь АН-ын дотоод зохион байгуулалттай холбоотой. Цаашид бүртгэлтэй холбоотой асуудал дахин гаргахгүй.
Царцааны хувьд, Баянголынхон Сэлэнгэ рүү явчихвал Баянголд хэн саналаа өгөх вэ. Тийм зүйл байхгүй. Харин Сэлэнгэ аймгийн харьяалалтай, Баянгол дүүрэгт амьдардаг гишүүд явсан байхыг үгүйсгэхгүй” гэсэн. Санал өгөх эрхтэй 152.800 гишүүний 78 хувь нь сонгуульдаа оролцсон гэсэн мэдээллийг Дотоод сонгуулийн хороо өгч буй. Тэгвэл хөдөө орон нутагт, тухайлбал Дорноговь аймгийн зарим сумын гишүүд энэ сонгуулийг эсэргүүцэн, санал өгөөгүй гэсэн мэдээлэл байна.
АН-ын дотоод сонгуулийг тойрсон энэ мэт яриа хөвөрсөөр. “Нэг удаагийн дайралтаар, алга урвуулах төдийд, 180 мянган гишүүнтэй намд нэг ч гомдол, саналгүйгээр шинэчлэл хийх боломжгүй” гэсэн ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тувааны үгээр дээрх мэдээллүүдэд цагаатгал хийгээд, нийслэл, аймаг, дүүргийн АН-ын хороог хэн тэргүүлэх болсныг хүргэе. ҮБХ-ны гишүүнээр хэн, хэн сонгогдсон дүн дугаар шилжих мөчид эцэслэн гараагүй байв.