Монголын хөрөнгийн биржээр дамжуулан маргааш Засгийн газар гурван сарын хугацаатай, 30 тэрбум төгрөгийн бонд арилжина. Бондын хүү 16.8 хувь байх нь. Өмнө нь Засгийн газар 10 тэрбум төгрөгөөс илүү бонд гаргахгүй байсан бол энэ удаа хэмжээгээ нэмжээ. Мөн бондын хүү нь буурсаар байна.
Худалдах үнэт цаасныхаа хэмжээг нэмсэн, хүүгээ бууруулсан нь Засгийн газрын бондын эрэлт ихэссэнтэй холбоотой. Өнгөрсөн сарын 28-нд Засгийн газар 11 тэрбум төгрөгийн бондыг 17.6 хувийн хүүтэйгээр борлуулсан. Ингэхэд иргэд, аж ахуйн нэгжүүдээс 25 тэрбум төгрөгөөр худалдаж авах санал ирж, захиалга хоёр дахин давсан юм.
Засгийн газар энэ сарын 1-нээс хадгаламжийн хүүгийн орлогоос хүн амын орлогын албан татвар авах хуулийн төсөл, төсвийн тодотголтой хамт УИХ-д өргөн мэдүүлээд буй. Та 100 сая төгрөг банкинд 15 хувийн хүүтэй хадгалууллаа гэхэд жилд нийт 15 саяын хүү тооцуулна. Үүнийхээ 10 хувийг татварт төлчихөөр 13.5 сая төгрөгийн өгөөж хүртэх юм.
Хүртэх өгөөж нь буурах учраас иргэд хадгаламжаа татаж, Засгийн газрын татваргүй бонд руу хошуурч байна. 13.5 хувийн хадгаламжийн хүүнээс 17.6 хувийн өгөөж хүртэх нь яаж ч бодсон илүү. Өөрөөр хэлбэл, банкны салбараас хөрөнгийн зах зээл рүү мөнгө шилжих үйл явц эхэлжээ.
Засгийн газрын бондыг банкууд л худалдаж авдаг байв. Тэгвэл Засгийн газрын өнгөрсөн сарын 21-нд арилжсан бондын 55 хувийг иргэд авчээ. Цөөн брокер бондын арилжаанд оролцдог байсан бол иргэд энэ зах зээл рүү хошуурснаар 20-иод болж нэмэгдэв.
Засгийн газар Олон улсын валютын сангаас 440, Японы Засгийн газраас 850 сая ам.доллар зээлж, төсвийн алдагдлыг нөхөх нь нэгэнт тодорхой болоод буй. Иймээс Монголын хөрөнгийн зах зээлд дахин бонд гаргахгүй болов уу гэж шинжээчид таамаглаж байгаа. Гэтэл нөгөө талд нь бонд худалдаж авах иргэдийн эрэлт өссөөр байна.
Шинэ он гарснаар арилжааны банкуудаас иргэд 200 тэрбум төгрөгийн хадгаламжаа татаж, Засгийн газрын бонд худалдаж авсан гэсэн статистик мэдээлэл бий. Засгийн газар бондын арилжаагаа зогсоочихвол иргэдийн эрэлтийг хэн хангах вэ?
Зах зээлд үүсээд буй шинэ боломжийг компаниуд овжин ашиглах хэрэгтэй. Компаниуд бонд гаргаж, санхүүжилтийн хэрэгцээгээ нөхөөсэй. Аж ахуйн нэгжүүд банкнаас 20-23 хувийн хүүтэй бизнесийн зээл авч байгаа. Тэгвэл аль нэг компани 16 хувийн хүүтэй бонд гаргавал иргэд уралдаад авах нь. Ингэсэн тохиолдолд компаниуд 4-7 хувийн хүүгийн зардал хэмнэхээр байгаа биз. Банкинд төлөх биш, бизнестээ бага боловч хөрөнгө шингээнэ гэсэн үг.
Манай санхүүгийн зах зээлийн 91 хувийг банк дангаараа эзэлж байгааг Монголбанкнаас танилцуулсан. Үлдсэн нь хөрөнгийн зах зээлд ногддог. Хөгжингүй орнуудын санхүүгийн зах зээлд банк, хөрөнгийн зах зээл хоёр тэнцүү оролцоотой байдаг аж. Иймээс өрсөлдөөн бий болж, санхүүжилтийн өртөг ч хямдардаг гэнэ.
Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан нь хөрөнгийн зах зээлийг өрсөлдөөнд оруулав. Өмнө нь хадгаламжийн хүүгээс татвар авдаггүй байхад яах аргагүй банк өрсөлдөөнд ялдаг байжээ.
Хөрөнгийн зах зээл хөгжихөөр арилжааны банкуудын зээлийн хүү буурдаг гэж хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд ярьдаг. Иргэд Засгийн газрын үнэт цаас худалдаж аваад эхлэнгүүт хүү нь сарын хугацаанд хоёр хувиар буурч байна. Засгийн газрын бондын хүү оны эхэнд 18 хувь даваад байсан билээ.
Одоо компаниуд хөрөнгийн зах зээлд бонд гаргаад эхэлбэл банкны зээлийн хүү багасах нь тодорхой. Тэд өрсөлдөөнд ялагдахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Компаниуд банк руу биш, хөрөнгийн бирж рүү хошуураасай.
Зарим мэргэжилтэн “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд Монголын хөрөнгийн биржид арилжиж буй Засгийн газрын болон компанийн бондын хүүгийн орлого, хувьцааны ханшийн зөрүү, ногдол ашгийн орлогоос татвар авдгаа болих хэрэгтэй. Тэгвэл хөрөнгийн зах зээлийг сонирхох иргэн олширч, хурдтай хөгжинө” гэж үздэг. Татварын ерөнхий газрынхнаас лавлахад хувьцааны ханшийн зөрүү, ногдол ашгийн орлогоос тийм ч их татвар төвлөрдөггүйг хэлэв.
Харин нарийн ширийн мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Ногдол ашиг тараах компани 10 хувийн татварыг нь суутгаад хөрөнгө оруулагчид руугаа шилжүүлдэг гэнэ. Харин хувь хүн хувьцааны ханшийн зөрүүнээс олсон ашгаа харьяа татварын албандаа тайлагнаж, татвараа төлөх учиртай аж. Иргэд сайн дураараа тайлагнадаг, эсэх нь үнэхээр эргэлзээтэй.
Эх сурвалжийн мэдээлснээр хувьцааны ногдол болон ханшийн зөрүүний ашгаас 2015 онд 700 сая, 2016 онд 1.3 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн гэнэ. Ийм хэмжээний мөнгө төвлөрдөг бол хөрөнгийн зах зээлд оролцогчдыг татвараас чөлөөлчих хэрэгтэй юм. Харин хөгжөөд, хөл дээрээ босоод ирэхэд нь татвараа авч эхэлбэл ямар вэ?
“Новел инвестмент” компанийн захирал Д.Ангар “Татварыг нь тэглэх шаардлагагүйгээр хөрөнгийн зах зээл банкны өрсөлдөгч болж байна. Татварт санаа зоволтгүй. Харин зах зээлийг дэмжих Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаа доголдолтой байгаад санаа зовох хэрэгтэй” гэсэн юм. Тэрбээр “Монголын санхүүгийн бирж” гэх биржийн бус арилжаа хийх компани байгуулаад буй.
Тус компаниар дамжуулж, 10 гаруй компани санхүүжилт татах хүсэлтээ илэрхийлээд байгаа гэнэ. Тухайлбал, “Говь” компани эргэлтийн хөрөнгийн найман хувийн хүүтэй, зургаан сарын хугацаатай 12.85 сая ам.доллар татахаар тэднийд ханджээ. Компаниуд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах сонирхолтой болсны илэрхийлэл энэ юм. Гэвч тэднийхийг зах зээлээс хөрөнгө татахыг нь Санхүүгийн зохицуулах хорооноос хориглох бололтой.
Тусгай зөвшөөрөлгүй, зохицуулалтад хамрагддаггүй учраас тэр гэнэ. Тэгвэл Монголын хөрөнгийн биржээр дамжуулж бонд гаргах үйл ажиллагааг хялбарчилж, хурдтай болгох хэрэгтэй. Ингэж аж ахуйн нэгжүүдэд хямд санхүүжилт татах боломж олгооч. Компаниуд бонд гаргавал худалдан авагч нь тосоод хүлээж байна.