АНУ-ын Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп, түүний нөхөр Жаред Кушнер нар 240-740 сая доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй. Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Ж.Кушнерийн орлогын тухай мэдээлэл үүнийг нотолж байна. Энэ мэдээлэл Цагаан ордны бусад гол албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хамт нийтлэгджээ.
Ёс зүйн шаардлагын дагуу нийтэлсэн мэдүүлэгт Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажиллаж эхлэх мөчид ажилтнуудын эзэмшиж байсан хөрөнгийн үнэлгээ, орлого багтдаг аж. Гэхдээ Ерөнхийлөгч Д.Трамп болон Дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн хөрөнгө, орлогын мэдээлэл уг жагсаалтад ороогүй гэнэ.
Ж.Кушнерийн 54 хуудас бүхий мэдүүлгээс үзвэл, Иванкагийн хувцас, үнэртэн үйлдвэрлэлийн бизнес 50 сая, “Trump International Hotel” зочид буудалд эзэмшдэг хувь 5-25 сая доллароор үнэлэгдэж байна. Кушнер, Иванка нар 2016, 2017 оны эхээр 195 сая долларын орлого олсны нэлээд хэсэг нь хөрөнгийн худалдаанаас оржээ.
Дональд Трампын засаг захиргаа Америкийн Ерөнхийлөгчийн түүхэн дэх хамгийн чинээлэгт тооцогдож байна. Цагаан ордонд ажилтай болохын тулд чинээлэг ажилтнууд хөрөнгөөсөө татгалзахад хүрснийг АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсер тэмдэглэжээ.