Хэдэн жилийн өмнө Болив улсын нийслэл Ла-Пас хотын гудамжуудад эрээн “тахинууд” бүжиглэнгээ замын хөдөлгөөн зохицуулан, жолооч болон явган зорчигчдын анхаарлыг замын тэмдэгт хандуулсан. Энэ нь явган зорчигчдод хотын гудамжийг аюулгүй болгож, зам тээврийн ослоор амиа алдагсдын тоог бууруулахаар хэрэгжүүлсэн хөтөлбөр юм. Явган зорчигчийнх нь 36 хувь замд амиа алддаг Ла-Пас хотын байдал уг хөтөлбөрийн дараа эрс сайжирсан гэдэг.
“Хэцүү хүүхдүүд” гэсэн тодотголтой, эрээн тахь шиг хувцас өмссөн өсвөр насныхныг ингэж ажиллуулаад, боломжийн урамшуулал өгч байв. Боливчуудын хайрыг татсан “тахинууд”-ыг өөр олон асуудал шийдэхэд оролцуулжээ. Тухайлбал, “Хил хязгааргүй тахинууд” байгууллага гишүүдээ хог хаягдал дахин боловсруулах, усыг арвилан хамгаалах, сэтгэл зүйн хүчирхийлэл зэрэг асуудлаар сургалт явуулахаар дунд сургууль руу илгээсэн байна.
Ийм төсөл зөвхөн Боливт төдийгүй Өмнөд Америкийн бусад улсад ч хэрэгжиж, хотын тулгамдсан асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулдаг аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас 2015 онд бэлтгэсэн, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай илтгэлээс үзвэл замын хөдөлгөөн нийгмийн хөгжил, эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэж, хүн амь насаа алдаж, гэмтэх гол шалтгаан болсон хэвээр байна. Учир нь зам тээврийн ослоор жилд 1.25 сая гаруй хүн амиа алдаж, 50 сая орчим хүн гэмтдэг гэнэ. Сүүлийн гурван жилийн хугацаанд 79 оронд амь насаа алдсан тохиолдлын тоо буурч, 68 оронд өсчээ.
Амжилт олсон орнууд хуулиа сайжруулж, хэрэгжилтэд хяналт тавин, зам тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг дээшлүүлсэн байна. Дэлхийд зам тээврийн ослоор амиа алдсан тохиолдлуудын 49 хувийг замын хөдөлгөөний эмзэг оролцогч гэгддэг явган зорчигч, унадаг дугуй болон мотоцикл унагч эзэлдэг аж.
Тодруулбал, ослоор амиа алдагсдын 23 хувийг мотоциклчин, 22 хувийг явган зорчигч, дөрвөн хувийг унадаг дугуйчин эзэлж байна. Европын хөгжингүй орнуудад нэг хүнд ногдох амиа алдагчдын тоо хамгийн бага бол Африкт хамгийн өндөр байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд дэлхийн улсууд янз бүрийн арга хэмжээ авдаг.
ИХ БРИТАНИ
Их Британийн авто зам хамгийн шилдэг нь байж магадгүй. Цэвэр англи ухаанаар ул үндэс, алсын хараатайгаар замаа маш сайн арчилдаг гэнэ. Зорьсон газраа эсэн мэнд хүрэх дэлхийд өөр хаана ч байхгүй боломжийг эндхийн зам жолооч нарт олгоно. Тиймдээ ч 100 мянган хүнд авто замд амиа алдсан 5.4 хүн ногддог гэсэн дэлхийд хамгийн бага үзүүлэлт тус улсынх л аж. Өнгөрсөн зууны 70-аад оноос Нэгдсэн Вант Улсад авто ослын тоо тасралтгүй буурчээ.
Явган зорчигч амь насаа алдсан үзүүлэлт сүүлийн 40 жилд 78 хувиар буурсан байна. Яаж ийм ялгуусан амжилтад хүрэв ээ? Замын хөдөлгөөний стратеги болон тактикийг хэлбэрэлтгүй боловсронгуй болгосны ач. Замын аюулгүй байдлын талаар жил тутам хэдэн зуун судалгаа явуулдаг. Жишээ нь, осол гаргасан жолооч нарын ердөө таван хувь нь хурд хэтрүүлдгийг саяхан тогтоосон байна. Ослын 30 гаруй хувь жолоочийн анхааралгүй, замын нөхцөл байдлыг нарийн хянаж сураагүйтэй, 16 хувь нь болгоомжгүй, эсвэл эрсдэлтэй үйлдэл хийснээс болсон байв.
Сүүлийн судалгааг үндэслэн жолоо барьж явахдаа утсаар ярих, тамхи татах, юм идэхийг хоригложээ. Тодорхой жишээ гэвэл, Хойд Уэльсийн замаар явсан, Нидерландын ачааны машины жолооч жолоо барьж явахдаа хоол идсэнийхээ төлөө найман долоо хоног шоронд хоригдох ял шийтгүүлсэн байна. Өлссөн жолоочийн үйлдлийг нисдэг тэрэгтэй явсан цагдаагийнхан илрүүлжээ. Ер нь тус улсад зорчиж яваа гадаадын иргэд замын ямар ч хяналт байдаггүй хэмээн ташаа боддог гэнэ.
Үнэн хэрэгтээ, эндхийн замд цагдаатай таарвал их азтайд тооцогддог юм байна. Жолооч нарыг хурдны замын камер хянадаг. Замд камер, тусгай тэмдэг байрлуулсан нь жолоочид хурдаа амжиж сааруулахыг анхааруулах үүрэгтэй. Эл шударга тоглоомын зорилго нь дүрэм зөрчигчийг илрүүлэх, их торгууль авах бус, замын аюултай хэсгүүдэд тоормос даруулах учиртай аж.
Үүний сацуу чухамхүү жолоочийн ур чадвар нь Их Британийн хөдөлгөөний аюулгүй байдлын гол үзэл баримтлал юм байна. Тус улсын иргэд жолоо барих эрхийн үнэмлэхийг тийм ч амар авдаггүй, 3-4 оролдлого хийж байж авдаг гэнэ.
АНУ
АНУ дахь ослын талаарх албан ёсны мэдээлэл тус улсад зам тээврийн ослоор амь насаа алддаг хүний тоо эрс буурч буйг нотолж байна. Шинжээчдийн мэдээлснээр, тус улсад бүртгэгдсэн нийт ослын 40, хүний аминд хүрсэн зам тээврийн ослын 60 хувь нь согтуу, 16-24 насны жолоочийн буруугаас гарчээ.
Хоёр дахь түгээмэл шалтгаан нь гар утсаар мессеж бичих. Жолоо барьж явахдаа утсаар ярихыг АНУ даяар хориглодог байна. Харин гартаа барихгүйгээр, тусгай төхөөрөмж ашиглан ярьж болно. Мессеж бичихийг зарим муж улсад л хориглодог гэнэ. Жишээ нь, Вашингтонд ачаалал ихтэй зам дагуу байрлуулсан тусгай дэлгэцээр дамжуулан жолооч нарт жолооны ард мессеж бичих нь хууль шууд зөрчсөн хэрэг болохыг анхааруулдаг. Албан ёсны мэдээгээр, ийм шалтгаанаар АНУ-д жил бүр 1500 орчим хүн амиа алдаж, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй болдог байна.
Хэдийгээр жолоо барих өндөр соёлтой ч тус улсад жолооч нарын хооронд маргаан гарч, зам дээр түрэмгий зан байдал гаргадаг аж. Ийм мэдээллийг цагдаагийн тусгай утсаар мэдээлж, зөрчил гаргагчийг хамгийн ойр орших эргүүл нэн даруй саатуулдаг гэнэ. Явган зорчигч осол гаргах шалтгаан, бас хохирогч болох нь цөөнгүй. 65-аас дээш насныхан онцгой асуудал үүсгэж, гарцан дээр амиа алдсан хүмүүсийн бараг 40 хувийг эзэлж байна.
Тус улсын зам тээврийн ослын шалтгааны тухай ямар ч судалгаа тодорхой шийдэлд хүрдэг. Тухайлбал, Нью-Йоркийн дээр дурдсан ослыг судалсан хотын эрх баригчид замын уулзварын хөдөлгөөний дүрмийг өөрчлөн, хурдны дээд хязгаарыг бууруулах асуудлыг хэлэлцэж эхэлжээ.
МОНГОЛ
Монгол тусгаар тогтносон бусад улсын адил замтай, түүнд зориулсан хууль, дүрэмтэй. Замын арчилгаа, аюулгүй байдлыг хариуцсан байгууллагууд “идэвхтэй” үйл ажиллагаа явуулдаг нь цахим хуудас, нийгмийн сүлжээнээс харагдана. Гэрээ хэлцэл хийж, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, ийм тийм ажил хийнэ гэсэн гэрэл гэгээтэй мэдээлэл, ярилцлага хангалттай байх аж.
Харамсалтай нь тавьсан зорилго, төлөвлөсөн ажлаа ингэж хийгээд, ийм үр дүнд хүрлээ гэсэн мэдээлэл алга. Муучлах гэсэн юм биш, бусадтай “барьцаж”, эх орноо гайхуулах санаатай л. Хөгжин дэвшиж яваа орнуудын жишгээр зам цэвэрлэх машин оруулж ирсэн нь сонгуулийн сурталчилгаа байсан гэх. Далд санаагүй сайн үйл байдаггүй бололтой, манайд.
Гадаадын буцалтгүй тусламжаар тавьсан замаас өөр биднийх гэж гайхуулах ажил байна уу? Монголд 100 мянган хүн тутмын 15.9 хувь нь замд амиа алддаг гэнэ. Энэ нь нийт хүн амын тоотой харьцуулбал өндөр үзүүлэлт. Замын аюулгүй байдал арчилгаа, аюулгүй байдал талаасаа ямар байгааг энэ тоон мэдээлэл харуулж байна. Бодит байдал дээр ч явган зорчигч амь эрсдэх аюулгүй замаар чөлөөтэй нэвтрэх гэрлэн дохио ганц манайд байхгүй.
Тиймээс манай зам дайны талбар юм байна. Сайны жишээ болгон дээд дурдсан орнууд манай улстай харьцуулахын аргагүй олон автомашин, зорчигчтой. Бидний адил ярьж байгаа ч үр дүнг нь заавал гаргаж, засаж сайжруулдаг ялгаатай. Өнөөдөр яриад өнгөрөх бус, ирээдүйнхээ сайн сайхны төлөө хэлж ярьснаа заавал ажил хэрэг болгодог аж.
Жишээ нь, жолоо барьж явахдаа утсаар ярихыг манай улсад хориглодог. Харамсалтай нь хууль журмыг хэрэгжүүлэх ёстой жолооч, хяналт тавьж, ажил хэрэг болгох ёстой замын цагдаа хоёрын хэн хэн нь үл тоомсорлож байна. Ялангуяа олон хүний амь тээсэн нийтийн тээврийн жолооч дүрэмгүй шахам замд утсаар яриад зогсохгүй, зурагт үзээд явдаг тухай бид урьд нь мэдээлсэн.
Өнөөдөр дэлхий нийтээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын төлөө санал, санаачилга гарган үр дүнг нь мэдээлж байна. Бүжиглэдэг “тахинууд” явган зорчигчдыг аварч байна гэсэн мэдээ жижигхэн боловч улсынхаа төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан. Тиймдээ ч улсынхаа замын аюулгүй байдлыг дээшлүүлж, НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгон зарлахад нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй. Энэ жишгээр манай замынхан ярьсан ажлынхаа үр дүнг заавал үзэж, бид гайхуулан мэдээлэх биз ээ.