Жаахан л цаг алдсан бол, хэдхэн хором алгуурлан хожимдсон бол юу болох байсныг төсөөлөхөд ч аймаар. Анхны үрээ өлгийдөхөөр хоног тоолон хүлээж байсан тулгар бүсгүй үдэш унтахаар хэвтээд, сумынхаа эмнэлэгт сэржээ. Тэр гэрээсээ өөр газарт сэрсэндээ гайхсанаас биш энэ хооронд юу, юу туулснаа, үхэл, амьдралын заагаас буцаж ирснээ, хэвлийд нь бойжиж байсан үр нь хугацаанаасаа хоёр сар шахамын өмнө дутуу төрчихсөнийг ч эхэндээ анзаараагүй гэдэг.
Юу болсныг сийрүүлбэл, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг, Хотын булан хэмээх газарт хаваржиж буй малчин Баатарын охин Солонго энэ сарын 6-ны шөнө унтахаар хэвтээд, удалгүй огиулж эхэлсэн байна. Сумын төвөөс зайдуу, хүн бүл муутай тул өглөө болохыг хүлээж, өглөө нь сумын эмнэлгийнхнийг дуудсан ч эхийн биеийн байдал тун хүндэрч, татаж эхэлсэн аж. Төрөх, эмэгтэйчүүдийн эмч нарын зүрхийг чичрүүлж, хамгийн их айлгадаг манас таталт гэгч нь болжээ.
Хар үгээр тайлбарлавал, жирэмсний хожуу үеийн хордлого дээд цэгтээ хүртэл хүндэрч, эх, хүүхдийн аминд аюул учирч буй хэлбэр нь манас таталт аж. Хаван нь тулж, даралт нь ихэссэн ээж ухаан алдаж, татаад, цус харвах, цаашилбал, эхэс ховхорч хүүхэд эндэхэд тун ойртож буй аюул юм байна. Дуудлагаар очсон сумын эмч зохих арга хэмжээ авсан ч хүчин мөхөсдөх нь илэрхий тул II шатлалын эмнэлэгт ханджээ.
Баянхонгор аймгийн төвөөс эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Г.Хоролсүрэн, төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн зөвлөх эмч Б.Мөнхжаргал, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн эмч П.Алтанзаяа, мэдрэлийн эмч М.Эрдэнэчимэг, төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн хагалгааны ахлах сувилагч Ж.Байгальмаа, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, гемодиализийн тасгийн ахлах сувилагч С.Жавхлан, жолооч Баярбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг алсын дуудлагад гарчээ. Сумын эмчийн мэдээллээс ээжийн биеийн байдлыг ерөнхийд нь үнэлж, зөөж, тээвэрлэж болохгүй, гэрт нь хагалгаа хийнэ гэсэн чиглэлтэй очсон эмч нар цаг алдалгүй шийдвэр гаргаж, шуурхай ажилласны хүчинд хутганы ирэн дээр байсан эх, үрийн амийг аварсан байна.
Зүүн гараас: С.Жавхлан, Ж.Байгальмаа, Н.Баттогтох, Г.Хоролсүрэн, Б.Мөнхжаргал, Ш.Сүнжидмаа
Үхэх, төрөх хоёр адилхан гэдэг. Эх, үр эсэн мэнд хоёр яс сална, гэр бүлд, улс оронд шинэ хүн төрнө гэдэг ямар сайхан хэрэг. Тэр тусмаа хоёрын хоёр эрдэнэт хүний амийг үхлээс булааж авна гэдэг яалт ч үгүй баатарлаг үйлс билээ. Баатарлаг үйлсийнх нь тухай сурвалжлахаар, хоёр хоног цасанд боогдон байж зорьж ирснийг минь сонсоод Баянхонгор аймгийн эмч нар “Иймэрхүү яаралтай дуудлага жилд хэдэн арваараа ирдэг. Тэднээс дор хаяж хоёр нь гэрт нь мэс засал хийхээс аргагүй хүндэрсэн байдаг. Хийх ёстой ажлаа л хийсэн байж гавьяа байгуулсан мэт ярих санаа зовмоор юм” гэсэн.
Харин Нэгдсэн эмнэлгийн дарга Н.Баттогтох даруухан нь дэндсэн эмч нарынхаа өмнөөс “Манас таталт гэдэг бол жирэмсний хүндрэлийн маш аюултай хэлбэр, даралт нь ихсээд ухаан алдаж, татсан хэрэг шүү дээ. Гэрийнхэн нь “Шөнө бөөлжиж байгаад ухаан алдсан” гэж байгаа ч ээж (Б.Солонго) өөрөө “Орой унтаад л сумынхаа эмнэлэгт сэрсэн. Шөнө бөөлжсөнөө ч мэдээгүй” гэсэн. Тэр хооронд хагалгаа хийсэн.
Хагалгааны хажуугаар эх, хүүхдийн амийг аврахын тулд зүрх судас дэмжих, элэг, бөөр хамгаалах, дутагдалд орохоос сэргийлэх гээд бүх төрлийн эрчимт эмчилгээ хийж байсан. Цус харвахад бэлэн, харвачихсан ч байхыг үгүйсгэхгүй нөхцөлд манай баг маш сайн ажиллаж, хурдан арга хэмжээ аван, эх, охин хоёрыг эсэн мэнд үлдээж чадлаа. Ер нь гэрт нь хагалгаа хийнэ гэдэг бол минут, секундтэй уралдаж, амь насыг нь аврах арга хэмжээ авах заалттай, сумын төв рүү тээвэрлэх боломжгүй, яах ч аргагүй нөхцөлд орсон гэсэн үг” хэмээн тайлбарлав.
Дуудлагад очиход ямархуу байдалтай байсан талаар “шалгаахад” төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн зөвлөх эмч Б.Мөнхжаргал “Орон нутгийн ийм дуудлагад сумын эмнэлгийнхэн түрүүлж очоод анхны тусламж үзүүлж, эхний арга хэмжээг авдаг юм. Саяын тохиолдолд ээж ухаангүй, татчихсан учраас таталтын эсрэг эмчилгээ хийх, цус харвасан байх магадлал өндөр учраас огтхон ч хөдөлгөж болохгүй гэсэн зөвлөгөө утсаар өгсөн. Тэр дагуу ажилласан байсан.
Сумынхан үзлэг, эмчилгээ хийх гээд хүнээ татаж наашлуулаад орных нь ирмэгт хэвтүүлсэн байснаа “Хөдөлгөж болохгүй” гэхийг сонсоод биднийг очтол тэнд нь хэдэн талаас нь ээлжилж түшиж суусан гэсэн. Түшихгүй бол уначих гээд байж.
Хэдийгээр эмнэлгээс хол, хөдөө, айлын гэрт байгаа ч бид хүнээ үзчихээд эмч нарын зөвлөгөөнөө хийдэг. Тэр журмаараа зөвлөлдөөд, “Жирэмснээс шалтгаалан таталт байна. Тиймээс шалтгааныг нь таслах ёстой. Жирэмснийг таслахгүй бол энэ хүн дахин татах эрсдэлтэй. Дахин татвал байдал бүр хүндэрнэ. Хөдөлгөж, тээвэрлэж болохгүй” гэж санал нэгдсэн. Тэгээд гэрт нь хагалгаа хийж, биеийн байдлыг нь тогтворжуулаад сум руу тээвэрлэсэн” гэв.
Ээжийг аюулаас холдуулсан ч тайвшрах болоогүй. 33-34 долоо хоногтой, өөрөөр хэлбэл хоёр сар шахам дутуу байхад нь хүчээр төрүүлсэн охины уушги бүрэн хөгжөөгүй тул амьсгалж чадахгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орон цэл хөхрөөд, хүн болно гэж итгэхэд хэцүүхэн байв. Жингээ гүйцээж төрсөн хүүхдээс хоёр дахин жижигхэн, тохой хүрэхгүй түүнийг аврахын тулд эмч нар сэхээн амьдруулах бүх л арга хэмжээ авч, авхаалж самбаагаа дайчилжээ.
Хүчилтөрөгчийн аппарат залгахгүйгээр хэдэн хором ч байж чадахгүй тэр жаахан “амьтан”-ыг хэрхэн сумын төв оруулж, эмнэлгийн бараа харуулах вэ гэдэг асуудал босож ирэв. Ингээд алсын дуудлагад авч явдаг мотороо түргэний машины дээр баглаж бэхлээд, асааж, хүчилтөрөгчийн аппаратаа ажиллуулан охиныг агаараар таслахгүй сумын төвд хүргэж дөнгөсөн байна.
Энэ талаар эмч нар “Хүүхэд дутуу, дээр нь ээжид унтуулах тайвшруулах эмчилгээ, ерөнхий унтуулгатай мэс засал хийсэн учраас хүүхэд унтчихсан, биеийн байдал нь маш хүнд байсан. Хөдөө хагалгаа хийхэд мотор асааж, гэрэл гаргадаг юм. Сумын эмнэлгийнхэн бараг эмнэлгээ нүүлгээд ирсэн, мотор, хүчилтөрөгчийн аппарат бүгд бэлэн байсан учраас залгасан. Ийм хүндрэлтэй төрсөн, тэр тусмаа дутуу нярай амьсгалж чадахгүй байх нь түгээмэл учраас хүчилтөрөгчийн аппарат хамгийн хэрэгтэй. Хагалгаа цаг гаруй үргэлжилсэн. Дараа нь эх, хүүхдийн биеийн байдлыг тогтворжтол 2-3 цаг хараад сум руу хүргэсэн” гэв.
Ээж, охин хоёр сумын эмнэлэгт хоёр хоноод аймаг руу иржээ. Хүүхдийн тасгийн нярайн эмч Ш.Сүнжидмаа “Солонгоогийн нярай биеийн байдал тун хүнд, амьсгал хямралын маш хүнд хам шинжтэй, амьсгалын дутмагшлын III, тархины дутмагшлын II зэрэгтэй, шарлалттай, ургийн өсөлтийн сааталтай гэсэн оноштой, 40 хэм хүртэл халуурсан, цээж нь хонхолзсон, цэлдийсэн хөх “юм” ирсэн. Манайд 15 дахь өдрөө эмчлүүлж байна.
Одоо биеийн байдал нь тогтворжиж, амьсгал хямралын хам шинжээсээ гарсан. Хөхөж чадахгүй гуурсаар хооллож байсан бол өдгөө хөхөө амлачихсан. Шинжилгээнийх нь өөрчлөлтүүд засарч, амин үзүүлэлт нь хэвийн, тогтвортой болсон. Шээс, баасны гарц сайн байгаа. Инкубатораас нь өнөөдөр гаргаж, ээжид нь өгнө. Жинг нь сайн нэмж байгаад гаргана” гэсэн мэдээлэл өгөв.
Ачит эмч нар үхэлтэй тулалдан байж амийг нь аварсан ээж, охин хоёр одоо тун сайн байгаа. Хугацаанаасаа хоёр сарын өмнө нарт хорвоог үзэх гэж яарсан бяцхан охин инкубатороос ээжийнхээ өвөрт шилжсэн.
Эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Г.Хоролсүрэн “Ээж, хүүхэд хоёулаа аврагдлаа гэсэн итгэл төрөх үеийн сайхныг үгээр хэлшгүй. Хамаг ядаргаа арилж, сэтгэл хөнгөрөөд ирдэг. 1985 онд АУДС төгсөж, тэр жилдээ эх барих, эмэгтэйчүүдийн мэргэшил олгох курст сураад төрөх, эмэгтэйчүүдийн тасагт их эмчээр хуваарилагдсанаас хойш 32 жил энэ мэргэжлээр ажиллахдаа юм юм л үзлээ. Энэ хугацаанд хэчнээн ч эх, үрийг эсэн мэнд учруулж, хэдэн ч хүний амь аварсан юм бүү мэд. Гэвч яах ч аргагүй үе гэж байна. Хагалгаа амжилттай болж, ээжийн амийг аварсан ч хүүхэд эндэх, хүүхдийг нь авраад ээжийг нь алдах мөн ч хэцүү дээ. Хоёуланг нь аврах л хамгийн сайхан” гэлээ.
Ус уух хувьтай ээж, охин хоёртой уулзах зөвшөөрөл Нэгдсэн эмнэлгийн даргаас хүсэж, Бөмбөгөр сумын иргэн Баатарын Солонготой цөөн хором ярилцлаа.
Хорин нас шүргэж яваа болов уу гэмээр жаахан бүсгүй “Алтан гарт эмч Г.Хоролсүрэн, Б.Мөнхжаргал, П.Алтанзаяа, М.Эрдэнэчимэг нар болон сувилагч нар, амийг минь аврахын төлөө ажилласан бүх хүнд маш их баярлалаа. Талархсан сэтгэлээ үгээр илэрхийлж чадахгүй байна. Энэ эмч нар очоогүй бол охин, бид хоёр одоо амьд байгаа ч уу, үгүй ч үү. Мөн хүүхдийг минь эмчилж, эрүүл саруул болгон өгч буй Ш.Сүнжидмаа эмчдээ баярлалаа” хэмээхдээ хоолой нь зангирч байв.
-Жирэмсний хүндрэлийн шинж тэмдэг илэрч байв уу?
-Цагаан сарын үеэс л толгой өвдөж, хавагнасан. Угаасаа өвчин зовиургүй, хөнгөн шингэн болохоор ингэтэл хүндэрнэ гэж мэдэхгүй, гайгүй байх, хугацаагаа болохоор очиж үзүүлнэ гэж бодож байсан.
-Эмчийн хяналтад байсан биз дээ?
-Хяналтад орсон. Өөрөө л очно уу гэхээс багийн эмч ирдэггүй болохоор сар болоод л мотоциклоор сумын төв орж, үзүүлдэг байсан. Сумын төвөөс хол, хүн бүл муутай хүмүүс байнга явж үзүүлээд байж чадахгүй, хугацаагаа хүлээж суугаад ийм юм боллоо.
-Танайх сумын төвөөс хэр хол вэ?
-Сумын төвөөс 30 км гаруй км-ийн зайтай газарт хаваржиж байгаа.
-Гэрийнхэн чинь юу гэж байна вэ. Чамайг сандаргахад их айсан байх даа?
-Их айсан гэсэн. Ээж, аав сумын төвөөс бид хоёрыг нааш нь гаргаж өгөөд хөдөө гэр рүүгээ буцсан. Мал төллөж байгаа болохоор хүн бүлгүйдээд наашаа явж чадаагүй. Утсаар ярихаараа “Алтан гарт эмч нар хоёр хүүхдийг минь аварлаа” гэж залбираад л байгаа.
-Охиных нь бие овоо сайхан болсон гэж байна. Удахгүй гарах нь дээ?
-Тун хүнд, аймаар ирсэн. Охиноо цэлдийсэн хөх болчихоод, амьсгалж чадахгүй байгааг харах хамгийн аймшигтай байлаа. Эхний хэдэн хоногт би төрөх тасагт, охин минь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсэн юм. Аймгийн эмнэлэгт ирснийхээ маргааш охин сандаргаад, сувилагч нар над дээр ирж сүү аваад л байсан. Тусдаа байхаар бүр ч илүү санаа зовоод хэцүү юм билээ. Охинд минь муу юм болох вий гэж их айсан. Анх ирснээ бодвол одоо хүн болчихоод байна. 2 цаг 30 минутын зайтай хөхүүлж байгаа.
Янз бүрийн төхөөрөмж ажиллаж, байсхийгээд л элдэв аппаратных нь дохио ёнгинох эрчимт эмчилгээний өрөөнд болсон бидний яриа ийн өндөрлөж, шүдэнзний модноос ялимгүй бүдүүн хуруутай бяцханаас бяцхан охинд эрүүл энхийг ерөөгөөд үлдээлээ.
Товлосон өдрөө зорьсон газраа хүрч чадалгүй, амралтын өдрөөр очиж таарсан надад тус болж, уулзахыг зорьсон хүмүүстэй маань уулзуулсан Нэгдсэн эмнэлгийн дарга Н.Баттогтох “Маш олон хүний хүчин чармайлт, сэтгэл зүтгэл нийлж байж хүний амь авардаг юм. Ялангуяа хөдөө, гэрт хийсэн хагалгааны үед сумын эмнэлгийнхэн бараг бүгдээрээ ажиллаж, өөрсдийнхөө бүх бололцоог шавхан бэлтгэсэн байдаг.
Дээр нь Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар, эмийн сан гээд аймгийн эрүүл мэндийн салбарынхны бүгдийн оролцоо, сэтгэл энд шингэдэг. Аймгийн Засаг дарга хүртэл оролцох тохиолдол бий. Энэ жилийн Цагаан сарын өмнөхөн нэг ээж цус алдаж, аймгийн эмнэлгийнхэн эрвийх дэрвийхээрээ ажиллаж, Эрүүл мэндийн яам руу холбогдон зөвлөгөө авсан ч амийг нь аврахад бэрх болсон. Тэгэхэд аймгийн Засаг дарга шийдвэр гарган, Завханаас Улаанбаатар руу явж байсан онгоцыг замд нь буулгаж, хүнээ хот руу явуулсан. Онгоц замд нь буулгахад зардал мөнгө багагүй гардаг юм билээ. Үүнийг Засаг дарга шийдэж өгснөөр нэг ээжийг аварсан” хэмээн хуучлав.
Алсын дуудлагын үеэр яаралтай мэс засал хийх бол аймгийн эмч нарын хувьд өдөр тутмын ажлынх нь нэг хэсэг гэнэ. Алсын дуудлагад явах эмч, сувилагч нарынхаа хуваарийг сар, сараар нь гаргачихдаг учир хэн нь, хэзээ ч явж магадгүй. Яаралтай дуудлагын үед эмч нарт цаг, нар, өдөр, шөнө, амралтын өдөр гэдэг үгс үйлчлэхгүй. Онцгой байдал, байгалийн гамшиг ч хойш суух шалтгаан болдоггүйг олж харан, ойлгож мэдэрдэг хүн харин цөөн гэдэгтэй санал нийлмээр юм билээ.
Энэ сарын 22-23-нд баруун аймгуудын нутгаар орсон их цаснаар хот хоорондын болон орон нутгийн бүх замыг хаачихаад байхад ч эмч нар явсаар л байсан. Н.Баттогтох дарга “Баянлиг суманд, аймгийн төвөөс 240 км-ийн алсад жирэмсэн ээж мухар олгойн үрэвсэл тусаж, хүндэрсэн гэсэн дуудлага ирсэн тул өглөө хагалгааны баг гаргасан. Тэр айл сумаасаа 60 км зайтай юм билээ. Баянлигийн эмч өчигдөр дуудлага хүлээж аваад гарсан ч цасанд суусаар өнөө өглөө л айлдаа очсон гэнэ. Аймгаас тус сум руу уржигдар гарсан машин өнөөдөр хүртэл очоогүй л байна. Тэгэхээр манай эмч нар хэзээ очих юм бүү мэд. Гэлээ гээд цас зудтай байна, машин явах арга алга гээд сууж болохгүй” гэсэн.
Нийслэлээс Баянхонгор хүрэх замдаа хоёр хоног цасанд боогдож, хэр их цас орсон, зам ямар байгааг нүдээр хараагүй бол би түүний ярьж буйг чихнийхээ хажуугаар гаргах юм уу, арай л сүржигнэж байна даа гэж бодох байв. Харин биеэр мэдэрсэн хүний хувьд, байнгын хөл хөдөлгөөнтэй, арчилгаа цэвэрлэгээтэй хот хоорондын замыг хоёр хоног боож, хэдэн аймгийн хөдөлгөөнийг хорьсон цас хөдөөгийн, бараг хүн явдаггүй замыг ямар болгосон бол, алсын дуудлагын баг хэчнээн хугацаа зарцуулан, яаж явж 240 км-ийн цаадах айлд хүрэх бол гэж бодоход зүрх, зориг мохмоор төсөөлөл ургаж байлаа.
Үргэлжлэл бий. http://unuudur.mn/article/95836