Насаараа мал дагасан Х ганц охиноо сургуульд ороход нь сумын төвд байдаг дүүгийндээ суулгахаар болжээ. Суурин газарт хөл тавьж үзээгүй бяцхан охиноо хаана, хэнийд байлгах вэ гэж ээж, аав нь нэлээд удаан зөвшилцсөний дүнд Х-гийн төрсөн дүүгийнх дээр тогтсон гэдэг. Эрх биш мах цусны холбоотой улс учир охинд нь түшиг болж, өлсгөж, дааруулахгүй гэж итгэсэн биз. Гэвч удалгүй тэдний амьдралд хар дарсан зүүд шиг аймшигт явдал тохиох нь тэр.
Долоон настай бяцхан охиныг дүүгийнх нь хүү, 20 настай Д хүчирхийлжээ. Охины амь нас, хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт олон хоногийг өнгөрөөсөн аж. Өдгөө охин бусдын адил орчлонгийн тоос хөдөлгөн, газар тамгалж, ижий, аавыгаа баясгаж яваа ч сэтгэлийнх нь шаналан, харцных нь гуниг арилаагүй.
Хамгийн аймшигтай нь, охины амьдралаар тоглож, хэзээ ч арилахгүй бараан “толбо” үлдээж орхисон өнөөх залуу хийсэн үйлдлийнхээ төлөө ямар ч шийтгэл хүлээгээгүй гэнэ. Тэр ч бүү хэл, хүүгийн ээж, аав нь эхэндээ уг хэргийг үгүйсгэж байсан бол эцэстээ ураг төрлийн холбоогоо бодож, болсон явдлыг нууцлахыг охины эцэг эхээс хүссэн аж. Энэ хэргийн талаар элдэв цуурхал, хов жив сумын төвөөр хэсэгтээ газар авсан ч тэгсхийгээд намжиж, мартагдсан байна.
Х-гийн эхнэрийн эгч Ч “Дүү нар маань өөрсдөө сургууль соёлын мөр хөөгөөгүй болохоор охиноо бусдаас дутахгүй, эрдэм номтой хүн болоосой гэсэндээ л айлд байлгасан. Ер нь малчид хүүхдүүдээ дотуур байранд юм уу, хамаатныдаа, зарим нь бүр хаа хамаагүй айлд өгчихдөг. Ялангуяа бага насны охидыг болж өгвөл айлд бүү байлгаарай, битгий хонуулаарай гэж захимаар байна. Бид Ш-ийг (дүүгийнх нь охин) нэлээд удаан хугацаанд сувилалд эмчлүүлсэн. Энэ явдлыг бодохоос сэтгэл өвддөг” гэсэн юм.
Энэ охины нэгэн адил бяцхан биедээ ахадсан их зовлон амссан хүүхэд Монголд өчнөөн буйг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн мэргэжилтнүүд хэлэв. Ховд аймгийн нэгэн суманд гарсан энэ аймшигт хэрэг бол зөвхөн нэг жишээ. Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах зорилготой “Гүнж” төвийнхний хамгийн сүүлд хийсэн судалгаагаар жилд гарч буй хүчирхийллийн гэмт хэргийн дийлэнхэд буюу 56.7 хувь нь ураг төрлийнхөн холбогджээ.
Харин хохирогчдын 80-90 орчим хувь нь 14-өөс доош насны охид гэнэ. Өөрийгөө хамгаалах чадваргүй, бага насны охид энэ төрлийн гэмт хэргийн гол бай болдгийг дээрх баримт гэрчилж буй юм. Хойт аав, төрсөн эцэг, ах, өвөө, төрөл садангийнхаа хэн нэгэнд хүчирхийлүүлснээс бие махбодь, сэтгэл зүйгээрээ хохирсон жигшим хэрэг жилээс жилд нэмэгдэж буй ч тэр бүр илэрдэггүй нь хамгийн эмгэнэлтэй. Үүний шалтгааныг “Гүнж” төвийн нийгмийн ажилтан Н.Дөлгөөн “Ураг төрлийнхөө охидыг хүчирхийлэгч нь голдуу хохирогчтой хамт амьдардаг, итгэлийг нь хүлээсэн хэн нэгэн байдаг учраас болсон явдлыг тухай бүрт нь хэлж чаддаггүй, нуудаг.
Ойр дотнынх нь хүмүүс мэдэх юм уу, эсвэл жирэмсэн болсон үед л ам нээдэг. Манай төвөөр үйлчлүүлэгчдийн дунд ийм хэргийн золиос болсон охид цөөнгүй бий. Гэвч тэд тийм ч амар сэтгэлээ уудалдаггүй. Нэлээд олон удаа уулзаж ярилцан, зөвлөгөө авсны дараа л ярьж эхэлдэг” хэмээсэн юм. Үүнээс гадна хүчирхийлэл үйлдэгчид хохирогчийг айлган сүрдүүлж, дарамтлах тохиолдол ч түгээмэл гэнэ.
“Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь “Бага насны охид ихэвчлэн сүрдүүлэгт автсанаас хэргийг нуудаг, харин юмны учир начир ойлгох насанд хүрсэн нь бусдад муугаар хэлүүлэх вий гэж эмээж, нэрээ бодсоноос чимээгүй өнгөрдөг” гэж ярилаа. Ураг төрөл доторх хүчирхийлэл газар авсан ч илэрдэггүй, хөшигний цаана нууц хэвээр үлддэг шалтгааныг мэргэжилтнүүд ийн нэрлэв. Гэвч илэрсэн тохиолдолд ч хэрэгсэхгүй өнгөрөөдөг, хэрэгтнийг өөгшүүлдэг увайгүй явдал амь бөхтэй оршсоор байгаа нь эмгэнэлтэй.
Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь ургийн холбоо юм. Тодруулбал, төрөл садны холбоо нь хүчирхийлэгч, хохирогч тал ойлголцох, зөвшилцөх, ял шийтгүүлэхээс хамгаалах шалтгаан болдог аж.
Нэгэн баримт сөхье. 49 настай иргэн Б хадам дүүгийнхээ 14 настай охиныг гэртээ ганцаараа байхад нь хүчирхийлж, зодсон хэрэг өнгөрсөн зун Чингэлтэй дүүрэгт гарчээ. Гэтэл тэрбээр охины ээж, аавд гурван сая төгрөг атгуулаад, ялаас мултарсан гэх. Охины эгчийн хэлж буйгаар хэргийг хуулийн дагуу шийдсэн бол хэрэгтэн Б насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн гэсэн үндэслэлээр дор хаяж 5-10 жил хорих ял шийтгүүлэх байсан гэнэ.
Гэтэл хэрэгтний толгойг хохирогч талынхан илээд өнгөрчээ. “Хүн сүгнүүд” энэ мэтчилэн ар гэрийн боломжгүй байдал, төрөл садны холбоогоор түрээ барин хэргээс мултарсаар. Харин эцэг, эхчүүдийн хэнэггүй, хайнга байдал тэднийг өөгшүүлж, өөр хэн нэгний амьдралаар тоглох эрх олгодог байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хууль дахь “Гэрч нь гэр бүлийн гишүүн, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэх заалт ч хүчирхийлэгчдэд давуу тал олгож байна уу гэлтэй. Өөрөөр хэлбэл, тэдний зүй бус үйлдлийг харсан ч хараагүй, мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрч болно гэж зөвшөөрч буйгаас ер ялгаагүй.
Монголчууд ураг садны хол нь, уул усны ойр нь дээр гэдэг. Энэ нь цус ойртохоос сэрэмжил гэсэн утгатай. Гэвч бид ургийн холбоо тасарчих вий хэмээн болгоомжилж, биенээ түшиж, нөмөр нөөлөгтэй амьдрахыг илүүд үздэг. Гэтэл энэ эрхэм хэлхээ холбоог уландаа гишгэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг хүн сүг олширч буй нь эмгэнэл болчихоод байна.
“Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ынхан ураг төрлийнхөн дотор үйлдэгдсэн хүчирхийллийн 31 гэмт хэрэгт тулгуурлан хийсэн судалгаагаар хэрэг үйлдэгчдийн 14.3 хувь нь төрсөн эцэг, 57.2 хувь нь хойт эцэг, 4.7 хувь нь төрсөн ах, 23.8 хувь нь төрөл садангийн холбоотой хэн нэгэн байжээ. Энэ баримтыг ажихад хүчирхийлэгчид хохирогчдын хамгийн ойрын хүмүүс байгаа нь бид илүү болгоомжтой, сэрэмжтэй байхад илүүдэхгүйг сануулж буй юм.
Хүүхдэд гэр бүл шиг нь үнэ цэнэтэй, эрхэм зүйл үгүй. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд өсөж торнисон хүүхэд хариуцлагатай, өөртөө итгэлтэй нэгэн болж төлөвшдөг учир ирээдүйд сайн ээж, аав болох магадлал өндөр байдгийг судлаачид хэдийнэ баталжээ. Гэтэл бага насандаа хүчирхийлэл, дарамтанд өртсөн хүүхэд ирээдүйд өөртөө итгэлгүй, сул дорой нэгэн болж хувирах нь түгээмэл гэнэ.
Сэтгэл зүйч Ж.Нарангэрэл “Хүчирхийлэлд өртсөн хүүхэд хэн нэгэнд итгэж, хайрлахаас айдаг. Гэр бүл зохиохоос ч эмээдэг. Гэр бүлтэй болсон ч хариуцлагагүй, муу үлгэр дуурайл үзүүлдэг нэгэн болно” гэлээ. Энэ үгийг онцолсны учир нь, эцэг эхчүүдийн хариуцлагагүй, анхаарал болгоомжгүй байдал балчир үрсийнх нь ирээдүйн амьдралд хар “толбо” үлдээж мэдэх учраас тэр.