“Шаргуу хэрнээ чимээгүй хөдөлмөрлө. Гаргасан үр дүн чинь чиний өмнөөс ярих болно” хэмээн Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай нэгэнтээ шүлэглэсэн удаатай. 1980-аад оны үед Монголын чөлөөт бөхийн спортын нүүрийг тахалж, тив, дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж байхдаа “Би” гэж омгорхолгүй, даруухан амьдарсан ч он цагийн эргэлтэд мартагдалгүй, өдгөө ч үлгэр, домог мэт дуурсагдаж буй хүчтэн бол яах аргагүй Д.Оюунболд.
Гавьяат тамирчин П.Өнөрбатыг 2015 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнийх нь дараа түүний дасгалжуулагч Ц.Баярсайханаас ярилцлага авахад “Өнөрөө, бид хоёрын амжилтаас илүүтэй миний багш Д.Оюунболд гэж ямар агуу хүн байсныг өнөөгийн залуус мэдээсэй, дурсаасай гэж хүсэж байна. Ярилцлагынхаа гарчгийг ч бас багштай минь холбогдуулж өгвөл болоод явчих нь тэр” хэмээсэн нь санаанаас ер гардаггүй юм.
Тухайн үед ДАШТ-ээс хоёр дахь дэд аваргаа өлгийдөөд байсан Ц.Баярсайхан дасгалжуулагчид хэний ч өмнө хэлэх үг, хийсэн ажил байсан нь мэдээж. Хэдийгээр тэнгэрийн оронд байгаа ч шавь нарынхаа сэтгэлд үүрд оршиж, “хамт амьдарч” буй Д.Оюунболд агснаар тэр үед үнэхээр их бахархсан билээ.
Тэрбээр өдгөө бидний дунд байхгүй ч их спортод гаргасан амжилтаараа үеийн үед дуурсагдаж, шавь нар нь чөлөөт бөхийн спортын өнгийг тодорхойлж, багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж явна. Энэ удаа “Дурсахуй” буландаа олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболдыг онцолж байна.
Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд олимп, ДАШТ-ий хос медальтай зургаахан тамирчны (Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, З.Ойдов, Д.Сэрээтэр, С.Батцэцэг) нэг тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-ий гурван өөр жин (57, 62, 68 кг)-д хамгийн олон буюу 12 удаа (1976-1990) түрүүлсэн төдийгүй олимп, ДАШТ, дэлхийн оюутны универсиад, Дэлхийн цом зэрэг дөрвөн том тэмцээнээс медаль хүртсэн түүхэн амжилтын эзэн.
Мөн олимпын хошой, дэлхийн зургаан удаагийн аварга С.Белоглазовыг ялсан Монголын цорын ганц бөх.
Тэрбээр хар багаасаа уулнаас мод бэлтгэх, түлээ хөрөөдөх зэрэг хар ажилд нухлагдан, хөдөөгийн бусад хүүхдийн адил дээл, гутлаа ханзартал барилдаж өсчээ. Бөхийн барилдаан бүрийг радиогоор алгасалгүй шимтэн сонсож, спортод өдөр ирэх тусам улам хорхойссон тэрбээр 1974 онд Ардын багш Ч.Дамдиншараваар чөлөөт бөхийн “А” үсгээ заалган, “Алдар” нийгэмлэгт бэлтгэл хийж эхэлжээ.
Ч.Дамдиншарав гуай “Оюунболдын аав нь надад захидал илгээн, хүүгээ шавь оруулахыг хүсэж буйгаа илэрхийлсэн юм. Би ч дуртайяа зөвшөөрсөн. Тухайн үед 15-тай байсан түүний насыг нь нэмж байгаад цэргийн албанд мордуулахад 016 дугаар ангид татагдан очсон юм. Бусдаас сурагласаар намайг олж, нүдээрээ инээмсэглэн, хөнгөхөн алхсаар ирж, ёсолсон нь одоо ч нүдэнд харагдаж байна. Төрөлхийн авьяастай хүн ондоо шүү. Бэлтгэл хийж эхэлснээс хойш 14 хоногийн дараа л чөлөөт бөхийн дасгал, зарим мэхийг өөлөхийн аргагүй хийгээд сурчихсан” хэмээн багш, шавийн барилдлага тогтоосон түүхээ дурслаа.
Түүний ур чадвар өдрөөс өдөрт ахисаар дараа жил нь Төмөр замын нэрэмжит тэмцээнээс алтан медаль хүртэн, үндэсний бөхийн идэрчүүдийн УАШТ-д түрүүлж, “Шандас” цол авч, амжилтын салхиа хагалжээ.
Тэрбээр шагналаа Ж.Мөнхбат аваргаас гардаж авсандаа ихэд бэлгэшээсэн гэдэг.
Д.Оюунболд үе үеийн шилдэг бөхчүүдийн “уурхай” “Алдар”-ын тамирчин болсноосоо хойш хоёрхон жилийн дараа буюу 1976 онд үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан бөх сонирхогчдын анхааралд өртөж эхэлжээ.
Хэдийгээр тухайн үед 17-хон настай байсан ч аль хэдийнэ дэлхийн энтэй бөхийн хэмжээнд бэлтгэгдэн, залуу үе цахиур хагалан гарч ирж буйг батлаад байв. Үүнийг нь жингийнх нь шилдэг тамирчдын нэг ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Хойлогдоржийг таван жил дараалан ялснаас нь харж болмоор.
1978 онд Мехико хотод болсон ДАШТ-д манай чөлөөтийнхөн бүтэн багаараа оролцсон ч цорын ганц медалийг нь Д.Оюунболд агсан (57 кг) хүртсэн. Өмнөх жил нь ДАШТ-д анх удаа зодоглохдоо V байрт шалгарсан тэрбээр амжилтаа ахиулж, дэлхийн медальтан болсон нь тэр.
Д.Оюунболд Москвагийн олимпод гуравдугаар байрт шалгарч, олимп, ДАШТ-ий медальтан болсон түүх нь их сонирхолтой. Москвагийн олимпын өмнө болсон олон улсын томоохон тэмцээнүүдэд тэрбээр 62 кг-д зодоглон, бүгдэд нь түрүүлжээ. Улмаар түүнийг олимпод 57 кг-д бус 62-д зодоглох нь хэмээн бөх сонирхогчид таамаглаж байв.
Гэтэл үндэсний шигшээ багийнхан Москвагийн олимпод Д.Оюунболд агсныг 57 кг-д сойжээ. Жиндээ орохын тулд 13.5 кг хассаны улмаас нэлээд ядарч, туйлдаж. Булчин шөрмөс нь зангирсан хөнгөн жингийн тамирчин тийм олон кг-аар жин хасах амаргүй. Тэрбээр шүд зуун долоон удаа барилджээ.
Эхний тойргуудад Румыний А.Нягу, Перугийн Уртода, Кубын Родригес, Иракийн Махнул нарыг ялж, тавын даваанд Болгарын И.Цочевтой учраа таарахад БНАСАУ-ын домогт бөх Ли Хо Пен бэлтгэлийн бус энгийн хувцас өмсөн, тэмцээн үзэж байсан гэдэг. Учир нь хэрвээ Д.Оюунболд ялбал Ли Хо Пен мөнгөн медалийн төлөө барилдах, харин ялагдвал IV байрт шалгарах чухал барилдаан байж. Монгол, Болгарын бөхчүүд дотно тул хуйвалдана хэмээн зөвхөн тэр төдийгүй бусад орны бөхчүүд таамагласан хэрэг.
Тийм эгзэгтэй агшинд монголын бөх өрсөлдөгчөө ялахад Ли Хо Пен баярлахдаа суудлаасаа үсрэн босч, бэлтгэлийнхээ хувцсыг өмсөн, бие халаалтаа хийж эхэлсэн гэдэг. Улмаар түүнтэй барилдан 7:7-гоор тэнцсэн ч онооны чанараар ялагдан, хөлсөө ч хатааж амжаагүй байхдаа эзэн орны бөх, дэлхийн зургаан удаагийн аварга С.Белоглазовтой барилдан, дийлдэж, хүрэл медалиар энгэрээ мялаасан юм.
Жин их хасалгүй, сайтар амарч байгаад барилдсан бол түүнийг ялах байсан хэмээн бөхийн хорхойтнууд өдгөө ч харамсдаг юм билээ.
Д.Оюунболд агсан С.Белоглазовыг 1977 онд Монголд болсон олон улсын тэмцээнд ганц ч оноо алдалгүйгээр ялсан тул амраалгүйгээр барилдуулсан нь эзэн орны бодлого байсан хэмээн хардах хүн ч цөөнгүй.
“Би Москвагийн олимпод 57 бус 62 кг-д зодоглосон бол бүр ч өндөр амжилт гаргах байсан. Олимпын жил оролцсон тэмцээнүүдэд түрүүлэхдээ “Москва-1980”-ын медальтнуудыг ялсан.
Тбилисийн тэмцээнд л гэхэд олимпын аварга М.Абушевыг нутагт нь дийлсэн. Ли Хо Пентэй хүнд барилдаан хийсний дараа уужимхан амьсгаа ч авч амжаагүй байсан болоод тэр, үү С.Белоглазовтой хүч үзэхдээ бараг гуйвах шахам алхсаар дэвжээнд гарсан” хэмээн Д.Оюунболд агсан “Аваргууд” нэвтрүүлэгт оролцохдоо өгүүлсэн удаатай.
37 жилийн өмнө гаргасан түүний амжилтын буухиаг өнөө хүртэл чөлөөтийн эрчүүд үргэлжлүүлж чадаагүй л байна. Алиа, хошин зантай, олонтой явсан түүнд “Олгой шар” хочийг Ж.Мөнхбат аварга өгчээ.
Их спортоор хичээллэж эхэлснээсээ хойш 1981 он хүртэл долоон жилийн хугацаанд нутаг нэгтэндээ ганц ч ялагдаагүй нь Д.Оюунболд агсны дэлхийн энтэй хүчтэн, нэгэн цагт Монголын чөлөөт бөхийн спортын нүүрийг тахалж явсных нь илрэл. Гэвч Монголын төр алдарт бөхөө олимп, дэлхийн медальтан болоход нь бус бүр хожим 1990 онд Гавьяат тамирчин цол олгосон нь харамсалтай. 1977 онд ДАШТ-д V байрт шалгарахад нь Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан бол, олимп, дэлхийн медалийг нь бүр 10 жилийн дараа үнэлсэн гэсэн үг.
Тэр он жилүүдийн тухай эхнэр Ж.Наранцэцэг нь “Олимпод медальт байрт шалгарсан тамирчдад Гавьяат цол олгоно гэсэн тушаалтай байсан ч ханьд минь хүртээлгүй удсан нь гайхмаар.
Амжилтын халуун амьсгаа, ид хийж, бүтээж явах үед нь төр амласан цолоо олгосон бол бүр их урамших байсан нь дамжиггүй. “Эх орон, ард түмэндээ өргөсөн тангаргаа биелүүлж, олимпоос медаль хүртчихээд байхад нь төр засаг амлалтаа биелүүлсэнгүй” гэж гомдохоос ч аргагүй. Гэхдээ хань минь энэ талаар дурсаж, ер гомдол хэлж байгаагүй” гэлээ. Д.Оюунболд агсанд олон жилийн турш хүлээсэн Гавьяат тамирчин цолыг нь 1990 онд олгосон юм.
“Одоо бодох нь ээ тэр үед их бүдүүлэг байжээ. Ерөнхийлөгчийн тамгын газраас Гавьяат тамирчин цол олгох гэж буйгаа өмнөх өдөр нь ч урьдчилж мэдэгдээгүй. Хань минь бэлтгэлээ хийчихээд ирье гээд гэрээсээ гараад, орой нь Гавьяат цолоо энгэртээ гялалзуулсаар ороод ирдэг байгаа. Хожим ч гэлээ хань минь хөдөлмөрөө үнэлүүллээ гэж бодохоор сайхан байсан” хэмээн эхнэр нь дурслаа.
Харин Ч.Дамдиншарав гуай “Үүрээр манай гэрийн хаалгыг нэг хүн түжигнэтэл дэлдээд байна. Гайхсаар онгойвол Д.Оюунболд, олимпын хүрэл медальт Н.Энхбатын хамт зогсож байх нь тэр. Намайг харангуутаа “Багш аа, хүү нь Гавьяат цол хүртчихлээ. Олон жил хүлээлээ дээ” гэсээр тэврэн уйлахад нь баярлахын сацуу их өрөвдөж билээ” хэмээв.
Д.Оюунболд агсан хамгийн сүүлд 1990 онд УАШТ-ээс 12 дахь түрүүгээ хүртсэний дараа зодог тайлан, дасгалжуулагчийн албанд шилжсэн юм. Сэлэнгэ аймагтаа очин, ЕБС-ийн нэгдүгээр арван жилд спортын гүнзгийрүүлсэн сургалттай анги нээн, залгамж халаагаа бэлдэж эхэлжээ. Улмаар 1997 онд С.Магсар, Ч.Дамдиншарав гуайтай хамтарч “Хангай” клубийг байгуулсан юм.
Нутгаасаа дагуулж ирсэн унаган шавь нар болох Б.Батзориг, Лхагвадорж, Энхбат, Батбуян, Ц.Баярсайхан нар анхандаа багийнх нь гол бүрэлдэхүүн байв. Ганцхан жилийн дараа болсон өсвөр үе, залуучуудын УАШТ-д багаараа түрүүлснээс хойш “Хангай”-н бөхчүүд ноёрхож эхлэв.
Тэд УАШТ-ий өсвөр үеийн ангилалд зургаа, залуучуудынхад долоон удаа түрүүлсэн юм. Үүний сацуу Д.Оюунболд агсныг дасгалжуулагчаар ажиллуулах урилга цөөнгүй орноос ирсээр байлаа. “Хангай” клубт нэг ч төгрөгийн цалингүй ажиллаж байсан атлаа гадаадаас ирсэн саналуудаас татгалзаж, эх орноосоо нүүр буруулаагүйгээр нь бахархахгүй байхын аргагүй.
БНХАУ-ын нэгэн клуб л гэхэд гэр бүлээр нь урин, сарын 6000 юанийн цалин, байр сууцаар хангая гэж амлаад ч өөрийн болгож чадаагүй гэдэг. Энэ тухай Удвалжаргал охин нь “Надтай энэ талаар их зөвлөнө. Хэдийгээр ганц ч төгрөгийн цалингүй ажиллаж байсан ч эх орондоо үнэнч үлдсэн ааваараа бахархдаг. “Аав нь эхлүүлсэн ажлынхаа үр шимийг үзмээр байна. Бээжингийн олимпод манай клубээс 3-4 хүүхэд медаль хүртэх магадлалтай” гэдэг байсан сан. Ер нь аав минь хэзээ ч өнгө, мөнгө хөөж, алдар нэрэнд дурлаж байгаагүй” гэлээ.
Харамсалтай нь тэрбээр 2001 онд ОХУ-д болсон олон улсын тэмцээнд оролцчихоод буцаж явахдаа 44-хөн насандаа зуурдаар бурхан болсон юм. “Д.Оюунболдыг “Олон жил жин их хассан хүн зүрхний өвчнөөр л нас бардаг гэнэ” хэмээн тоглоомоор хэлэхэд нь аль болох тийм зүйл бодуулахгүй байхыг эрмэлздэг байлаа, би. Хөөрхий минь спортын төлөө бүхий л амьдралаа зориулсан даа.
“Тэмцээнээс ирснийхээ дараа хүүтэйгээ аминчлан ярих зүйл бий шүү” хэмээн инээсээр духан дээр нь үнсээд явсан түүнийгээ хоёр багшаасаа өмнө өөд болно гэж зүүдлээ ч үгүй явлаа. Алтанбулагийн хил дээр шарилыг нь тосож авсан хар өдөр үгээр илэрхийлэхийн аргагүй хэцүү байсан” хэмээн эхнэр нь гунигт өдрийн тухай дурслаа.
Харин шавь нараас нь түүнтэй хамгийн сүүлчийн удаа уулзсан Б.Батзориг “Тэмцээнд оролцчихоод буцаж явах замд багшийн бие гэнэт муудсан.
Би бусдыгаа төлөөлж хэвтэж байсан эмнэлгийн өрөөнд нь ороход “Чи хэн бэ” гээд таниагүй. Эцгээс минь дутахгүй дотно, түшиг тулгуур болж явсан багштайгаа дахиад уулзана, бие нь удахгүй илааршина” гэж л бодож байлаа. Гэвч андуурсан байж” гэж харуусан ярилаа.
Д.Оюунболд агсны хүү О.Жаргалцэнгэл аавынхаа байгуулсан “Хангай” клубийг “Мэргэд Хангай” нэртэйгээр 2010 онд дахин сэргээж, үйл хэргийг нь үргэлжлүүлж явна. Түүний гэр бүл, шавь нар нь хамтарч олимпоос медаль хүртсэнийх нь 35 жилийн ойд зориулж Сэлэнгэ аймагт хөшөөг нь сүндэрлүүлсэн юм.
Д.Оюунболд агсны талаар гэр бүлийнхэн болон шавь нар нь ийн дурсаж байна.
Ж.НАРАНЦЭЦЭГ: БУСАДТАЙ АМ ЗӨРЖ, УУРЛАЖ БАЙХЫГ НЬ ЕР ҮЗЭЭГҮЙ
(Д.Оюунболдын хань)
Их наргианч, шооч, хөгжилтэй хүн байсан. Бэлтгэл дээр хэчнээн ядарсан ч хүүхдүүдтэй тоглохоос ер цааргалахгүй. Тусархуу, халамжтай, бусадтай ам зөрж, уурлаж байхыг нь би лав үзээгүй. Бусадтай их нөхөрсөг. Сайхан найзуудтай. Юугаар, яаж туслах вэ гэж их хандана. “Бээжингийн олимпоос 2-3 шавь минь медаль хүртэнэ. Сэтгэлд бүр багтаад байна” гэдэг сэн. “Олимпын медальтнуудын холбоо”-ноос гаргасан олимп, ДАШТ-ий медальтнуудад мөнгөн урамшуулал олгох саналыг манай гэрийнхэн дуртайяа дэмжсэн. Тамирчны амжилтыг үнэлэх их ач тустайг бүхий л амьдралаараа мэдэрсэн учраас тэр. Бид ч уйгагүй хөөцөлдсөн дөө. 2012 онд Ерөнхийлөгчийн зарлигаар тамирчдад амжилтаар нь сар бүр мөнгөн урамшуулал олгодог болсон нь маш зөв шийдвэр. Бидэнтэй хамтарч ханийн минь хөшөөг босгон, өдий хүртэл дурсаж, хүндэлж явдаг шавь нарт нь энэ дашрамд баярлаж явдгаа илэрхийлье.
О.УДВАЛЖАРГАЛ: ХАМГИЙН САЙН ХҮНИЙГ БИ ААВААРАА Л ТӨСӨӨЛДӨГ
(Том охин нь)
Эцэг минь эхээс 10-уулаа. Өвөө, эмээ хоёр минь нутаг усандаа нэр хүндтэй сайхан хүмүүс байсан. Аавыг алдарт тамирчин болоход тэдний ач, гавьяа их бий. Аав намайг бэлтгэлдээ дагуулж явах дуртай. Ихэвчлэн “Алдар”, Спортын төв ордонд бэлтгэл хийнэ. Ааваас минь мундаг хүн үгүй мэт л боддог байлаа. Одоо ч гэсэн зав гарган бэлтгэл хийдэг байсан тэнхим рүү нь ороход их дотно, гоё үнэр үнэртэж, аавтайгаа уулзсан мэт сэтгэгдэл төрдөг. Хамгийн нандин, эрхэм зүйлсээ надад ярьдаг байсан. Бурхан болсон ч бөхийн хорхойтон, шавь нарынхаа дунд хийсэн, бүтээснээрээ мөнхөд дуурсагдаж буй нь бахархахгүй байхын аргагүй. Амьдралд мөнх оршино гэж үүнийг л хэлэх байх. Орчлонгийн хамгийн сайн хүнийг би ааваараа л төсөөлдөг. Дэлхийн сонгодог зохиолуудаас унших дуртай. “Аливаа зүйлийг төгс хийж сурах хэрэгтэй” гэж надад захьдаг байсан. Би үйл хэргийг нь үргэлжлүүлэх, чөлөөтийнхнийг дэмжих зорилгоор аавынхаа нэрэмжит сан байгуулсан. Цаашид нэлээд олон ажил хийхээр төлөвлөж байна.
Ц.Баярсайхан: Оюунболд багшийн дэргэд би юу ч биш
(Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч)
1984 онд Төмөр замын нэрэмжит тэмцээнд түрүүлж байхдаа багштайгаа анх танилцаж билээ. Нэг нутгийнх гээд ч тэр үү, надад их сайн. Өдөр бүрийн бэлтгэл дээр 20 мэх заадаг байлаа. Үнэхээр агуу бөх, мундаг дасгалжуулагч. Багшийн дэргэд би юу ч биш. 1980 онд олимпоос хүрэл медаль хүртсэн амжилтыг нь үргэлжлүүлэхийн төлөө хичээж явна, бид. Тэгж л чадвал багшийнхаа ачийг өчүүхэн атугай хариулах байх.
А.ЭНХЭЭ: ДЭНДҮҮ ЭРТ ХОРВООГ ОРХИСОН ДОО
(ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин)
Төрөлхийн авьяастай, олон талын барилдаантай, тэгж барилдана, тийм мэх хийнэ гэж урьдчилан таашгүй бөх байсан. Бид хоёр 1979-1989 оны хооронд тасралтгүй 10 жил бие биенээ ирлэн өрсөлдөж, өндөр амжилт гаргахын төлөө зүтгэсэн. Би ДАШТ-ий хос медальтан болоход түүний ач, гавьяа их. 1989 онд бэртэн, спортоо орхихоос өөр аргагүй болоход Д.Оюунболд л манайд үргэлж ирж, сэтгэлээр дэмждэг байсанд нь их баярлаж явдаг. Мундаг тамирчин бүхэн сайн дасгалжуулагч болох боломжгүй.
Харин үүнийг үлгэрлэж, нотолсон хүн бол яах аргагүй Д.Оюунболд. ДАШТ-ий медальт тамирчин бэлтгэхэд хамгийн багадаа 8-12 жил шаардана. 5-6 жилийн хугацаанд бэлдсэн шавь нар нь ид амжилт гарган, олимп, ДАШТ-д өрсөлдөх хэмжээнд хүрч эхлэх үед бурхан болсон доо, хөөрхий. Хэрвээ өнөөдөр амьд байсан бол шавь нараас нь чамгүй олон ДАШТ-ий медальт, гавьяат тамирчин төрөх байсан гэдэгт итгэлтэй байна. Дэндүү эрт энэ хорвоог орхисон доо.
Ц.БАЯРСАЙХАН: НАС БАРАХАД НЬ ТЭНГЭР НУРЧИХ ШИГ Л БОЛСОН
(Үндэсний биеийн тамирын дээд сургууль, оюутны шигшээ багийн дасгалжуулагч)
Багш минь манай аймгийн анхны гавьяат. Би багаасаа түүний амжилтын талаар судалж, хүмүүсийн шагшин магтахыг сонсож өссөн ч яг ямархуу хүн байдгийг нь мэддэггүй байлаа. Гэтэл бүр шавь нь болж, хожим дасгалжуулагчийн албанд хамт зүтгэсэн азтай хүн дээ, би. Бүх тамирчинд бус, тус бүрийнх нь барилдааны онцлогт таарсан мэх, техникийг заадаг байсан. Би МУБИС-д суралцахын хажуугаар “Хангай” клубт туслах дасгалжуулагч хийн, багшдаа тусалдаг байлаа. 2001 онд бурхан болоход нь бүх ачаа миний нуруун дээр ирсэн. Тэр үед тэнгэр нурчих шиг л болсон. Өглөө, оройны гурван ээлжийн 160 гаруй хүүхэд бэлдэхэд эхэндээ нэлээд тэвдсэн шүү.
С.ШИЖИРБАТ: ГАЙХАМШИГТАЙ ХҮНИЙ ШАВЬ БАЙСНААРАА БАХАРХДАГ
(Спортын сэтгүүлч)
Хөнгөн жинд УАШТ-д 12 удаа түрүүлнэ гэдэг давтах, ахиулахад тун бэрх амжилт. Барилдааны арга барил, ур чадвараараа Монголын бүх цаг үеийн шилдгүүдийн тэргүүн эгнээнд бичигдэх цөөхөн хүний нэг нь яах аргагүй багш минь. 1980 онд 13.5 кг жин хасан барилдаж, олимпийн медальтан болсноор нь бахархахгүй байхын аргагүй. 1981 оны ДАШТ-д медалиа луйвардуулж, “Москва-1980”-д 57 кг-д зодоглосондоо их харамсдаг байсан. Барилдааных нь бичлэг олдох нь тун ховор. Түүн шиг хийморьтой, бусдын хайрыг татаж, хүндлэл хүлээсэн хүнийг би лав үзээгүй. Хэрвээ багш минь өдгөө амьд сэрүүн байсан бол чөлөөтийнхний олимп, ДАШТ-ээс медаль хүртэх хугацаа улам урагшлах байсан хэмээн бөхийн хүрээнийхэн халагладаг. Би 1997-2001 оны хооронд багшаараа их спортын А үсэг заалгасан. Хэдийгээр өндөр амжилт гаргаж чадаагүй ч ийм гайхамшигтай хүний шавь нь болсон азтай хүн, би.