Он дамжин ярьж, хоёр ч их хурал зарлан байж баталсан дүрмийн шинэчлэлийг нь Дээд шүүх бүртгэхээс татгалзсан тул АН одоо дүрэмтэй, үгүй нь мэдэгдэхээ болив. Шинэ дүрмийнхээ дагуу намын даргаа сунгаагаар тодруулсан. Одоо анхан, дунд шатны намын удирдлагуудаа тодруулах сонгууль зохион байгуулж буй. Гэтэл гишүүд нь намаа дүрэмтэй, үгүйн тухай маргалдаж, аль дүрмээр нь явбал зөв, энэ олон сонгууль нь хүчин төгөлдөр, эсэхээ мэдэгдэхээ болив.
Дээд шүүхээс АН-ын дүрмийн шинэчлэлийг бүртгэж авахаас татгалзсан шалтгаанаа тайлбарлахдаа “Дүрэмд өөрчлөлт оруулахдаа тус намын VII их хурлаар хэлэлцэн баталсан гэх боловч батлах ажиллагааг тухайн хурлаар хэрхэн хэлэлцсэн нь тодорхой бус, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул их хурал, түүнээс гарсан шийдвэр нь хүчин төгөлдөр, эсэх талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.
Намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан хүсэлттэй холбогдуулж их хурлын тэмдэглэл, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай VII их хурлын 04 тоот тогтоол ирүүлсэн байх ба эдгээр баримт нь дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг их хурлаар хэлэлцэж, хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан гэх үндэслэлийг нотлохгүй байна. Түүнчлэн намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн зарим зүйл, заалтын утга, санаа хоорондоо зөрчилдөөнтэй, найруулгын хувьд зөв томьёолоогүй, дүрмийн дугаарлалтууд нь өмнө, хойноо орсон, ойлгомжгүй” хэмээжээ.
Дээд шүүхийн энэ тогтоолыг хүлээж авсныхаа дараа дүрмээ бүртгүүлэх хүсэлт дахин хүргүүлээд буй ч Дээд шүүх хараахан хэлэлцээгүй байна. Дээд шүүх хэзээ энэ асуудлыг хэлэлцэх, АН гаргасан алдаагаа бүрэн зассан, эсэх, дүрмийн шинэчлэлийг намын дотоод сонгуулиас өмнө бүртгэж авах, үгүй нь одоогоор тодорхойгүй. АН-ын дотоод сонгууль хүртэл өнөөдрийг оролцуулаад ажлын гурван өдөр бий. Дээд шүүх ажлын гурван өдөрт энэ асуудлыг хэлэлцэж, дүрмийг нь бүртгэхгүй бол яах вэ гэдэг асуулт одоо хамгийн их анхаарал татаж байгаа.
АН-ын дарга С.Эрдэнэ энэ талаар “Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг Дээд шүүх бүртгэж авахгүй бол хоёрхон асуудал хөндөгдөнө. Нэгдүгээрт, Үндэсний бодлогын хорооны нэр өөрчлөгдөж, хуучнаараа буюу Үндэсний зөвлөлдөх хороо болно. Хоёрдугаарт, анхан болон дунд шатны намын хороогоор баталдаг байсан асуудлуудыг бүх гишүүнээр батлуулахаар болгосон өөрчлөлт хуучнаараа үлдэнэ. Өөр ноцтой асуудал байхгүй. Дотоод сонгууль болдгоороо болж, бүх гишүүн оролцоно.
Харин гарсан үр дүнг дараа нь анхан болон дунд шатны намын хороогоор баталгаажуулах шаардлага үүснэ. Дээд шүүх намын дүрмийг бүртгэж аваагүй байхад дэнчин тогтоож, дотоод сонгуулийг эхлүүллээ гэх шүүмжлэл гарсан. Дэнчин тогтоох, авах асуудлыг “Дэнчингийн хэмжээг дотоод сонгуулийн хороо тогтооно” гэсэн заалтаар зохицуулж байгаа. Энэ заалт хуучин дүрэмд байсан, шинэ дүрэмд ч тэр хэвээрээ туссан учраас ямар ч асуудалгүй” хэмээн тайлбарлаад буй.
Тэгэхээр Дээд шүүх АН-ын дүрмийн шинэчлэлийг бүртгэж авсан ч, эс авсан ч дотоод сонгууль болдгоороо болно. Харин дараа нь яах вэ. “VII их хурлаар дүрэмд өөрчлөлт оруулахдаа ямар заалтууд тусгасан талаар гишүүдэд мэдээлэл байхгүй. Дээд шүүх бүртгэж аваагүй, хүчин төгөлдөр бус дүрмээр зохион байгуулсан сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх эрх зүйн үндэслэлтэй” гэсэн үгс ч гишүүдийнх нь зүгээс нэг биш сонсогдож буй.
Дотоод сонгууль намын доторх хагарал, зөрчлийг улам бүр ил болгож байгаа. Намын шинэ даргын хийж буйг эсэргүүцэгчид, өөр замаар алхахыг хүсэгчид нууж хаах зүйлгүй болж, зарим нь бүр огцруулах талаар ч үг цухуйлгаж амжсанаас харвал нэлээд бужигнаж мэдэхээр.
Гэвч дотоод сонгууль дуусав уу, үгүй юү Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлээ базаах шаардлагатай. Хуулиар улс төрийн намууд тавдугаар сарын 2-7-нд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ зарлах ёстой. АН сунгаа явуулан нийт гишүүний санал авах, их хурлаараа эцсийн шийдвэр гаргах гэсэн хоёр үе шаттайгаар нэр дэвшигчээ тодруулна. Хоорондоо уралцах цаг байхгүй.