“Авлигын стандарт нэвтрүүлсэн анхны улс нь Монгол боллоо” хэмээн Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга саяхан ярьжээ. Засгийн газрын тохируулагч агентлагийн дарга энэ тухай тайлбарлахдаа, “Төрийн байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд авлигын эсрэг яаж ажиллах вэ гэсэн шаардлагыг тогтоосон. Авлигыг авдаг нь төрийн байгууллага, өгдөг нь бизнесийнхэн гэж яриад байгаа болохоос авлигагүй болохын тулд өгдөг байгууллагууд нь юунд анхаарах, авдаг нь юуг хориглох юм гэсэн нарийн шаардлагуудыг олон улсын хэмжээнд тогтоосон” гэсэн байгаа юм.
Өөрөөр хэлбэл, авлига авсан, өгсөн гэж хэлүүлэхгүй, хуулийн хариуцлага хүлээхгүйн тулд хэнээс, юуг бэлэг байдлаар авч болох, болохгүй хийгээд ашиг сонирхлын зөрчил гээч зүйлээс хэрхэн ангид байх арга замыг дээрх стандарт зааж өгөх аж.
Юутай ч Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-аас өнгөрөгч оны аравдугаар сард баталсан “авлигын стандарт” гэх, олон улсад байгаагүй, шинэ зүйлийг Монгол Улс үндэснийх болгож буй анхны орон болж байгаа гэнэ. Аливаа стандартыг нэвтрүүлж, үр дүн гаргахад олон улсын жишгээр 18 сар шаардлагатай гэж тооцвол өнгөрөгч хоёрдугаар сард баталсан бидний “авлигын стандарт” 2018 оны наймдугаар сараас биеллээ олох бололтой. Харин энэ үед манай улсын авлигын индекс хэдийг зааж байх бол. Тасралтгүй байр уруудах болов уу, эсвэл...
“Транспаренси интернэшнл” байгууллагаас зарласан 2016 оны дэлхийн авлигын төсөөллийн индексийн тайланд Монгол Улс 38 оноогоор 176 орноос 87 дугаар байранд бичигдэж, өмнөх оноос 15-аар ухарсан. Авах ёстой 100 онооноос манай улс ердөө 38-ыг “халаасласан” гэсэн үг. 2015 онд 39 оноогоор 168 орноос 72 дугаар байранд орж байсан бөгөөд өдгөө авлигын түвшнээрээ Ямайк, Панам, Замби, Колумб, Индонез зэрэг улстай дөрөө харшуулж явна.
2016 оны 38 оноо бол 2013 оныхтой ижил үзүүлэлт болохын сацуу “Транспаренси интернэшнл” байгууллагаас манай улсад 2012 онд 36, 2014, 2015 онд тус бүр 39 оноо өгч байсныг эргэн сануулъя. Байраар нь харвал 2012 онд 94, 2013 онд 83, 2014 онд 80, 2015 онд 72-т эрэмбэлэгдэж, жагсаалтын өөд бага боловч өгсөж байсан ч ийнхүү 87 руу уналаа.
Үүнээс өмнөх хоёр онд дараалан 39 оноо авч, 2015 онд найман байр урагшилсан нь ч оноогоо ахиулж чадаагүй, ердөө бидний өмнө жагсаж байсан улс, орнууд байр ухарсантай холбоотой “чанаргүй шилжилт” байв. “Транспаренси интернэшнл”-ээс зарласан индексийг хамгийн бодитойд тооцдог. Учир нь дэлхийн нөлөө бүхий 13 байгууллагын авлигын талаар хийсэн үнэлгээг нэгтгэж, уг индексийг гаргадаг бөгөөд манайд 38 оноо өгөхөд дээрх байгууллагуудаас ес нь оролцсон байх жишээтэй.
Нөгөө талаас дэлхийн хэмжээний тайлан, индекс бий, эсэхээс үл хамаарч манайд, тэр дундаа төр, засгийн түвшинд авлига ямар хэмжээнд газар авсныг ард түмэн хэлж ирсэн. Засгийн газрын тэргүүний үг ч үүнийг батална.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саяхан төрийн албан хаагчидтай уулзахдаа, “Монголын ард түмэн шударга нийгэм, хүчтэй төрийг мөнгөнөөс илүүтэй хүсэж буйг би Ерөнхий сайдын хувьд ч, энэ улсын иргэний хувьд ч мэдэрч байна. Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ. Тийм хүмүүс одооноос Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй. Төрийн албанд өнөөдрөөс эхлээд боловсрол, мэргэжлийн дипломоос гадна чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооц” хэмээн үүрэгдсэн.
“Транспаренси интернэшнл” байгууллагаас зарласан 2015 оны дэлхийн авлигын төсөөллийн индексийн тайланд улс, орнуудын гуравны хоёр, өнгөрөгч оны тайланд хамрагдагчдын бараг 70 хувь нь 50-иас доош оноо авсан нь тэдгээр улсын төр, засгийн түвшинд авлига их байгаагийн илрэл юм.
Гэвч авлигатай тэмцэх бие даасан байгууллагатай болоод арван жилийн нүүр үзэж байна, бид. Авлигын эсрэг хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөртэй ч боллоо. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн, Шилэн дансны, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай болон шүүх, эрх зүйн шинэтгэлийн багц хуулийг чухам авлигын эсрэг тэмцэх гэж баталсан.
Одоо заримыг нь өөрчилж, хилийн гадна данс эзэмшиж, татвараас зайлсхийдэг, төрөөс, татвар төлөгчдөөс хулгайлсан мөнгөө нуудаг хүмүүстэй хатуу тэмцэнэ гэж мэдэгдэх болсон. Авлигатай тэмцэх албан бус бүлэг гээчийг сүүлийн хэдэн парламентад гишүүд байгуулж, лообийдож буй. Ийнхүү “Транспаренси интернэшнл” тэргүүтэй нэр хүнд бүхий байгууллагаас удаа дараа шаардаж ирсэнчлэн авлигатай тэмцэх хууль, эрх зүйн орчин, бүтэц, бүрэлдэхүүн өмнөхтэй харьцуулбал хамаагүй дээрдсэн гэхэд болно.
Мөн АТГ-аас мэдээлснээр өнгөрсөн хугацаанд тус байгууллага эрүүгийн 1795 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, авлига, албан тушаалын хэрэгт 3811 хүнийг холбогдуулан шалгаснаас 283 нь улс төрийн, 757 нь төрийн захиргааны, 510 нь төрийн тусгай, 501 нь төрийн үйлчилгээний, 1722 нь төрийн бус байгууллагын болон бусад албан тушаалтанд холбогдох хэрэг байна. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон “жараахай” хөөцөлдөж байна гэх шүүмжлэл ард хоцорч, өндөр түвшний авлигын хэрэгтнүүдийг ангуучлах болсонтой маргах хүн үгүй биз.
Авлигын эсрэг тэмцлийн хамгийн хүчтэй “зэвсэг” гэгддэг соён гэгээрүүлэх ажил ч хийгдэж л байна. АТГ-ынхан УИХ-аас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг төрийн байгууллагынханд бараг бүтэн сарын турш танилцуулан, сурталчилж явна. Харамсалтай нь энэ хугацаанд авлигын индекс сайжирсангүй. Харин ч хамгийн сүүлийн мэдээгээр үзүүлэлт нь улам муудаж, авлигын эсрэг тэмцэл мухардаж буйг дээрх тоо, баримт илтгэнэ.
Тиймээс л “авлигын стандарт”-ыг анхлан манай улс л нэвтрүүллээ гээд ахиц, дэвшил гарах уу гэдэг эргэлзээ дагуулж байна. “Транспаренси интернэшнл” байгууллагаас манай улстөрчдийг авлигын эсрэг бодитой санаачилга өрнүүлж, өөрсдөө үлгэрлэж, дүр эсгэхээс зайлсхийхийг “зөвлөсөн” байна лээ.
Авлига гэлтгүй, аливаа асуудлаар хоосон амлаж, хий цэцэрхдэг хүн манайд бишгүй бий. Тэд энэ “зуршлаа” засвал Монголын нийгэм олон талаар тэгширнэ. Мөн өндөр түвшний авлигын хэрэгт холбогдсон болон гэм буруутай нь тогтоогдсон хүмүүсийн зааг, ялгааг тодорхой болгож, хариуцлага хүлээх ёстой бол өчиггүй шийтгэж, хатуу гараар тэмцэх ёстой болж байх шиг.