Ямааны ноолуурын үнэ түүхэн дээд цэгтээ хүрлээ. Монголын хөдөө аж ахуйн биржийнхэн энэ хаврын ноолуурын анхны арилжааг өнгөрсөн бямба гаригт хийв. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суман дахь агуулахаас 1202 килограмм (кг) ноолуурыг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан 114.2 сая төгрөгөөр ченжүүд худалдан авчээ.
Ингэснээр кг ноолуурын үнэ 95 мянган төгрөгт хүрч тогтов. Ямааны ноолуурын ханш 2014 онд кг нь 85 мянган төгрөг давснаар “хамгийн өндөр үнэд хүрлээ” гэж малчдын магнай тэнийж байсан удаа бий. Энэ жил түүнээс 10 мянган төгрөгөөр илүү үнэтэйгээр гарааны зурхайгаас хөдөлсөнд малчид талархаж буй нь дамжиггүй.
Монголын ноолуурын зах зээлд гарааны үнэ чухалд тооцогддог. Энэ нь хятадууд үнэ тогтоодогтой холбоотой. Тэд хямд үнээр авч эхэлбэл малчид түүгээр нь л ноолуураа борлуулахаас өөр аргагүй. Үнэ нь өслөө гэхэд төдийлөн огцом дээшилдэггүй. Тухайлбал, өнгөрсөн жилийн өдийд кг ноолуурын үнэ 53.200 төгрөгөөр тогтож байсан. Тавдугаар сарын эх гэхэд 64 мянган төгрөгт хүрч өсөөд, буцаад уруудсан. Энэ жишгийг дагавал ноолуурын үнэ 110 мянган төгрөгт хүрч өсөх магадлалтай юм.
Өндөр үнэ тогтсон нь малчдын аз. Ноолуур өнгөрсөн жилийнхээс бараг хоёр дахин өндөр үнэд хүрсэн байгаа биз. “Ургадаг баялаг”-ийн үнэ Хэнтий аймгийн төвд кг нь 100, Өмнөдэлгэр суманд 97 мянган төгрөгт хүрсэн гэх мэдээлэл чих дэлсэв. Одоогоор Сүхбаатар аймагт кг ноолуур 92-94 мянган төгрөгөөр борлогдож байгаа нь баттай мэдээлэл юм.
Цаг агаараас шалтгаалан зүүн гурван аймгийн малчид хамгийн түрүүнд ямаагаа самнадаг онцлогтой. Тиймээс анхны ханшийг тэд тогтоодог. Дараа нь төвийн, арай хожуу баруун аймгийн малчид ямаагаа самнадаг. Өөрөөр хэлбэл, баруун аймгуудад цаг агаар арай хожуу дулаардаг юм. Хүйтэнд самначихвал ямаа нь хөлдөөд үхчих учраас цаг агаар дулаарахыг хүлээдэг хэрэг.
Зүүн аймгуудад тогтсон ноолуурын ханш нутгийн баруун тийш “шилжих” тусам хямдардаг ерөнхий зүй тогтол ажиглагддаг. Баруун аймгуудын ямааны ноолуур хялгас ихтэй, бүдүүн ширхэгтэй тул үнэ нь хямдардаг аж. Ноолуурын ханш өсөхгүйгээр, доошоо “гулсаж” ч мэднэ. “Гулслаа” гээд 80 мянган төгрөгөөс уруудахгүй л болов уу. Малчид ноолуураа өндөр үнээр худалдаж, хэтэвчээ түнтийлгэх нь нэгэнт тодорхой байна.
Манай улс 2016 оны эцэст 25.5 сая ямаатай болсон. Энэ нь 2015 оныхоос хоёр саяар өссөн дүн юм. Ямааны тоо толгой өссөн тул малчид өмнөхөөсөө их ноолуур самнаж, зах зээлд нийлүүлэх нь ойлгомжтой. Монголын ноос, ноолуурын холбооныхон малчид энэ жил 8500-8700 тонн ноолуур худалдана гэсэн таамаг дэвшүүлэв. Тэгвэл зарим эх сурвалж 9000 тонн давсан ноолуур нийлүүлнэ гэж төсөөлж байна. Ноолуурын дундаж ханш 85 мянган төгрөгт хүрнэ, малчид 8500 тонныг самнаж, зах зээлд нийлүүлнэ гэж тооцъё.
Ингэвэл малчдын хэтэвч рүү хэдэн төгрөг орох вэ? Нийт 722.5 тэрбум төгрөг малчдын гарт очих тооцоо гарч байна. Ийм хэмжээний мөнгө Монголын эдийн засаг, тэр дундаа саармагжаад буй худалдаа, үйлчилгээний салбарыг идэвхжүүлэх чадалтай. Тодруулбал, малчид ихээхэн арилжаа наймаа хийж, худалдаа, үйлчилгээний салбарынхны орлого өсөх нөхцөл бүрджээ. Ноолуурын мөнгө нь зөвхөн малчдын амьжиргаанд ч биш, макро эдийн засагт ч дэм болно.
Монголын хөдөө аж ахуйн биржийнхэн 2015 онд 6877, өнгөрсөн жил 7000 тонн ноолуур арилжсан. Ямааны тоо толгой өссөн, үндэсний үйлдвэрүүд хүчин чадлаа нэмээгүй тул хөдөө аж ахуйн бирж энэ жил өмнөхөөс илүү ноолуур арилжих нь тодорхой. Тус биржээр арилжсан ноолуурыг л экспортлох эрх зүйн зохицуулалттай. Тэгэхээр биржээр арилжсан кг ноолуур бүрийг экспортолдог гээд ойлгочиход гэмгүй. Хэзээнээсээ манай ноолуурын гол худалдан авагч нь хятадууд байсан.
Тэд юаниа цүнхэлж ирээд манайхаас хэдэн зуун чингэлэг ноолуур ачаад буцдаг юм. Хятадууд хөдөө аж ахуйн биржээс 7200 тонн ноолуур кг-ыг нь 85 мянган төгрөгөөр худалдаж авна гэж тооцъё. Тэгвэл манай валютын зах зээлд хэдэн юань нийлүүлэх вэ? Монголбанкнаас өчигдөр зарласан дундаж ханшаар тооцвол 1.7 тэрбум юань нийлүүлэх дүн гарч байна.
Үүнийг хөрвүүлбэл 250 сая ам.доллар болно. Ам.долларын хомсдолд орсон манай зах зээлд 250 сая ам.доллар нь чамлахаар чанга атгах “чихэр” билээ. Ноолуур худалдан авах юанийн ачаар валютын ханш хэсэг хугацаанд ч болов тогтворжих нь мадаггүй.
Хятадууд ноолуурын үнийг өндөр тогтоон, их хэмжээгээр худалдан авах үед үндэсний үйлдвэрүүд хөлд нь чирэгдэхээ дөхдөг. Ноолуурын үнийг өсгөсөн учраас түүхий эдээ бэлтгэхэд үндэсний үйлдвэрүүдэд дарамт учирч мэдэх л юм. Сүүлийн үед үндэсний үйлдвэрүүд жилд 1000 гаруй тонн түүхий ноолуур боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа.
Бүх ноолуураа өөрсдөө боловсруулж, нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүнээ олон улсад худалдах талаар манай улстөрчид ярих дуртай. Гэвч хөрөнгө санхүү, цаашлаад үйлдвэрлэлийн хүчин чадлын дутагдлаас улбаалаад энэ нь бүтэшгүй мөрөөдөл болдог юм. Тиймээс үнэ хүргэн хятадуудад борлуулж буйдаа одоохондоо баярлах хэрэгтэй.
Монгол Улс нийт 7350 тонн ноолуур угаах хүчин чадал бүхий үйлдвэрүүдтэй. Ноолуураа угааж байж экспортлох хуультай тул энэ чиглэлийн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэн хэрэг. Харин манайд 1400 тонн л ноолуур ээрэх хүчин чадал бий. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрүүдийн эцсийн бүтээгдэхүүн хийх хүчин чадал 1400 тонн ноолуураар хязгаарлагддаг гэсэн үг. Утсаа ээрч чадахгүй учраас их хэмжээний ноолуураар цамц, хүрэм үйлдвэрлэх боломжгүй.
Ноолуурын үнэ өссөн нь малчны амьдралаас эхлээд, макро эдийн засагт хүртэл тустай явдал боллоо. Энэ хавар ямаанд “хайрлах зарлах” бололтой дог.