Манай Засгийн газар ээлжит бондоо “Хуралдай” нэрээр олон улсын зах зээлд гаргалаа. Caa1, B-гэсэн тааруухан үнэлгээтэй манай улсын бонд харин ч боломжийн үнээр борлогдов. Засгийн газар 600 сая ам.долларын бонд нийлүүлсэн ч эрэлт нь үүнээс 5-6 дахин их буюу 3.3 тэрбум ам.доллар байсан талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж буй юм.
“Хуралдай”-н 600 сая ам.долларын 18 хувийг нь (124 сая ам.доллар) бэлнээр авч, 82 хувийг нь Хөгжлийн банкны бондоор сольсон. Бондын нөхцөл нь тун боломжийн буюу долоон жилийн хугацаатай, 8.75 хувийн хүүтэй байх юм. Валютын нөөцөөс нэг ч ам.доллар гарздаагүй, бас нэмж өр тавилгүй төлбөр хийх хугацаагаа долоон жилээр сунгасан нь хожоотой нүүдэл боллоо. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт 36 сарын хугацаагаар хамрагдаж, 440 сая ам.долларын санхүүжилт авахаар тохирсон нь манай улсыг хөрөнгө оруулагчдад “гоё” харагдуулсан хэрэг.
Тийм ч учраас “Хуралдай” бондын эрэлт нь нийлүүлэлтээсээ хэд дахин давжээ. Ийнхүү “үнсгэлжингийн үлгэр” биеллээ олж, ОУВС-тай дөрөө харшуулсан богино хугацаанд манай нэр хүнд сэргэв. ОУВС-гийн хөтөлбөрийн талаарх мэдээлэл цацагдахаас өмнө 9-10 хувь байсан бондын хүү ийнхүү найман хувь болон урууджээ. Мөн 10 жилийн хугацаатай “Чингис” бондын өгөөж дөрвөн хувиар өссөн талаар “Bloomberg” агентлаг мэдээлсэн байна.
Монгол Улс 1.3 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байгаа гэж Төвбанкнаас мэдээлсэн. Тэгвэл зөвхөн энэ жил Хөгжлийн банк, “Чингис” бондын нийт 1.1 тэрбум ам.долларын өр төлөх ёстой. Үүнийхээ талынх нь ч болов төлбөр хийх хугацааг хойшлуулсан нь сайн хэрэг хэмээн шинжээчид хэлж байна.
Хэдийгээр Хөгжлийн банкны болон отгон бонд “Хуралдай”-н хүүгийн зөрүү жилийн гурван хувь ч хугацааг нь хойшлуулж, амьсгаа авах зайтай болсон нь хамгийн чухал гэнэ. Хөрөнгийн зах зээлийн шинжээч Ч.Эрдэнэдалай “Манай улс анхны бондоо цаг хугацаанд нь төлж чадахгүй бол хөрөнгө оруулагчид “дүү” бондуудын төлбөрийг хугацаанаас нь өмнө нэхэх эрсдэлтэй байсан” хэмээн ярьсан юм.
Ямартай ч манай улс энэ сарын 21- нд хийх хуваарьтай бондын төлбөрийн хугацааг долоон жилээр хойшлууллаа. Одоо ирэх арванхоёрдугаар сард таван жилийн хугацаатай “Чингис” бондын 500 сая ам.долларын төлбөрөө хийх ёстой. Иймд нөөцөө зузаалах, валютын орлогоо нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлэх шаардлагатай юм.
Б.ТҮВШИНТӨГС: ХАМГИЙН БОЛОМЖИЙН ХУВИЛБАР
(МУИС-ийн багш, дэд профессор)
-Засгийн газар бонд гаргахаас өөр сонголт байхгүй. Хөгжлийн банкны бондыг дотоодоос төлнө гэвэл валютын нөөц маань багасна. Мөн дотоодын арилжааны банкуудаас валютын зээл авах боломж бий. Энэ тохиолдолд мөн л валютын нөөц буурна. Тиймээс хамгийн боломжийн хувилбар нь өмнөхөө шинэ бондоор солих болж байна.
Мөн манай улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах болсон нь бондынхоо хугацааг сунгах боломж олголоо. Манай зээлжих зэрэглэл доошилсон энэ үед Засгийн газар дангаараа бонд гаргавал олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж чадахгүй. Тухайлбал, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өмнө манай Засгийн газрын бондын өгөөж 9-10 хувь байсан.
Ийм үед шинээр гаргах бондын хүү нь 10 гаруй хувьтай байна гэсэн үг. Харин ОУВС-тай тохиролцож, Засгийн газрын бодлого өмнөхөөс илүү тодорхой болсон учир хөрөнгө оруулагчдын итгэл сэргэлээ. Ингэснээр бондын хүү ч багассан.
Д.ГАНТУЛГА: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛ СЭРГЭСЭН
(Монголын актуарчдын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал)
-Хөгжлийн банк 2012 онд 580 сая ам.долларын бонд гаргаж, жилийн 5.75 хувийн хүүтэйгээр арилжсан. Өнгөрсөн долоо хоногт 8.75 хувийн хүүтэй бонд гаргалаа. Зээл төлөх хугацаагаа ингэж сунгасан нь зөв алхам болсон. Хөрөнгө оруулагчид Хөгжлийн банкны бондыг “Хуралдай”-гаар солихыг зөвшөөрөхгүй байж болох байсан.
Харин ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон учир манай Засгийн газарт итгэж байгаа хэрэг. Нөгөө талаас Засгийн газар бондоо шинээр сольж байгаа ч үнэндээ хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үг. Иймд нэг талаас тэд шахаанд орж, солихыг зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан ч гэж болно. Түүнээс биш энэ нь хөрөнгө оруулагчийн хувьд нэг их хүсэх зүйл биш шүү дээ. “Чингис” бондын өгөөж 10 хувь руу дөхсөн байгаа үед 8.75 хувь гэдэг нь боломжийн хүү юм.
Ч.АНХБАЯР: ЗӨВ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
(Эдийн засагч)
-Манай улс 1.3 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байна. “Чингис” болон Хөгжлийн банкны бондын төлбөр нь 1.1 тэрбум орчим ам.доллар буюу нөөцтэй бараг тэнцүү. Валютын ханш сүүлийн жилүүдэд огцом өслөө. Тиймээс ханшийн зөрүүнээс нэлээд хэмжээний алдагдал хүлээнэ. Мөн манай зээлжих зэрэглэл буурсантай холбоотойгоор бондын нэрлэсэн үнэ ч савлагаатай байсан. Ийм нөхцөлд бондын төлбөрийг хойшлуулж чадсан нь сайн хэрэг.
Одоо уул уурхайн түүхий эдүүдийн ханш сэргэж байгаа учир зөв бодлого хэрэгжүүлж чадвал дараагийн бондын төлбөрөө цаг тухайд нь хийх боломж бий. Дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын ханш энэ хэвээрээ байвал манай улс гадаад худалдаанаас нэг тэрбум ам.долларын ашиг олох боломжтой.
Мөн урсгал тэнцлийн алдагдал буурна. “Оюутолгой” төсөлд нэг тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирнэ гэж байгаа. Ийм нөхцөлд дараагийн бондын төлбөрөө цаг тухайд нь хийх боломж бий.
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ЭЕРГЭЭР ХҮЛЭЭЖ АВЧ БАЙНА
(Хөрөнгийн зах зээлийн шинжээч)
-Валютын нөөцөөс нэг ч ам.доллар зарцуулалгүй, нэмж өр тавихгүй бонд гаргаж, өр төлөх хугацааг хойшлууллаа. Ингэснээр манай валютын орох урсгал өсөөгүй ч, бас өр нэмэгдээгүй сайн талтай. Хэрэв Засгийн газар ийм арга хэмжээ аваагүй бол бондын төлбөрөө цагт нь хийх, эсвэл төлж чадахгүй гэдгээ зарлах байсан. Анхныхыгаа цаг тухайд нь төлж чадахгүй тохиолдолд бусад бондын төлбөрийг хугацаанаас нь өмнө нэхэх эрсдэлтэй байв.
Зээлжих зэрэглэл муудсан, их хэмжээний өр хуримтлагдсан үед боломжийн нөхцөлөөр бонд гаргалаа гэж үзэж байна. Засгийн газар бонд гаргана гэдэг мэдээлэл гарч байх үед олон улсын шинжээчид 8.75-10.75 хувийн хүүтэй байх болов уу гэж таамаглаж байсан. Харин хамгийн бага хүүтэй байна гэдэг нь олон улсын зах зээл манай улсыг эергээр хүлээн авч байна гэсэн үг.