Манай банкны салбарын чанаргүй зээл өнгөрсөн онд анх удаа нэг их наяд төгрөгийн босго давав. Хоёрдугаар сард энэ үзүүлэлт 1.2 их наядад хүрч, жилийн өмнөхөөс 30 хувиар чангарлаа. Ингэснээр арилжааны банкны өөрийн хөрөнгийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний зээл түгжээтэй байна гэсэн үг.
Тиймээс түгжээг мулталж, “үхмэл” хөрөнгийг хөдөлгөх хэрэгтэй юм. Үүний хүрээнд Төрөөс мөнгөний бодлогын талаар энэ онд баримтлах үндсэн чиглэл болон Засгийн газрын Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт активын удирдлагын мэргэшсэн институц бий болгоно хэмээн тусгасан нь бий. Чанаргүй зээлийг ингэж нэг гарт төвлөрүүлснээр багасгах төлөвлөгөөтэй байна.
Статистикаас харвал 2014 оноос хойш зээлийн чанар эрс мууджээ. Тухайн үед энэ үзүүлэлт 600 тэрбум төгрөг байсан бол одоо үүнээс хоёр дахин өсөж, нийт зээлийн ес орчим хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлт өсөх тусам арилжааны банкны эрсдэл нэмэгдэж, шинээр зээл олгох нь багасна.
Ингэснээр аж ахуйн нэгжүүд бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэр босгох боломж нь хумигдана. Тухайлбал, 2014 оны нэгдүгээр сард зээлийн өрийн үлдэгдэл 10.1 их наядад хүрсэн бөгөөд энэ нь жилийн өмнөх үеэсээ 45 хувиар өссөн дүн болж байв. Харин өнгөрсөн сард уг үзүүлэлт 12.5 их наяд болж нэг жилд найман хувиар л өссөн байна.
Монголбанкны мэдээгээр 2011-2013 онд зээлийн хэмжээ сард 20-75 хувиар тэлж байсан бол 2014 оноос 5-6 хувиар өсөж, зарим сард буурч байв. Энэ нь банкууд зээлээ нэлээд хэмжээгээр хумих бодлого барьж байсантай холбоотой. Тиймээс банкийг энэ “өвчнөөс” нь салгаж, санхүүгийн системд идэвхтэй ажиллах боломжийг нь нээх хэрэгтэй.
Активын удирдлагын компани нь арилжааны банкин дахь царцсан хөрөнгийг өөртөө төвлөрүүлж, эргэлтэд оруулах үүрэгтэй. 100 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг 20-30 хувиар хямдруулан худалдан авч, эргэн төлүүлэх, эсвэл барьцаа хөрөнгийг нь борлуулах ажлыг уг компани хийнэ. Ингэснээр банк ачаанаасаа салж, зах зээлд шинэ зээл гаргах боломж бүрдэнэ, активын удирдлагын компани ч үйл ажиллагааныхаа орлогоос ашиг олох юм.
Манайд уул уурхай, худалдаа, барилгын салбарынхны зээл чанаргүй болсон нь их. 2013, 2014 оны их өсөлтийн дараа барилгын салбар зогсонги байдалд ороод буй. Тухайн үед барилгачид жилд нэг сая ам метрээс илүү талбайтай орон сууц ашиглалтад оруулан, их бүтээн байгуулалт өрнүүлж, салбар нь 50-60 хувиар тэлж байв.
Харин одоо эрэлт, нийлүүлэлтийн зөрүү холдож, орон сууцны борлуулалт мууджээ. Энэ салбарын үйл ажиллагааг дэмжиж, санхүүгийн шинэ эх үүсвэр бий болгохын тулд эдийн засаг сэргэж, эрэлт өсөхийг хүлээх, эсвэл өмнөх зээлийг нь эргэлтэд оруулах гэсэн сонголт бий.
Дэлхийн олон оронд банкны муу активт “их цэвэрлэгээ” хийсэн жишээ бий. 1997 оны Азийн хямрал болон 2000 оны эхэн үед БНСУ-д банкны чанаргүй зээл нэмэгджээ. Тус улсын арилжааны банкууд бүх харилцагчдаа кредит карт олгосноор иргэдийнх нь хэрэглээ өсөж, зээл муудах эхлэл тавигдсан аж. Тиймээс Засгийн газар нь активын удирдлагын компани бий болгож цэвэрлэгээ эхлүүлсэн байна.
1998 онд “Korea asset manage ment corp”-ийг (KAMCO) байгуулж, үүний хүрээнд чанаргүй зээлийг шийдвэрлэх болон KAMCO-ийн хууль батлан, эрх зүйн орчныг нь бүрдүүлжээ. Мөн Засгийн газрын болон активын удирдлагын компанийн бондын хөрөнгөөр KAMCO-ийн санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн гэнэ. Ингээд 3-4 жилийн хугацаанд чанаргүй зээлийг багасгаж чаджээ.
Манай өмнөд хөршид гэхэд хот байгуулах ажил нь хүн амын амьжиргааны өсөлтийг хол хаяж, Ордос зэрэг оршин суугчгүй manage“сүнсэн” хот бий болсон байдаг. Барьсан орон сууцаа борлуулж чадаагүй олон компани зээлээ төлөх боломжгүйгээс төслийг нь санхүүжүүлсэн банкуудыг татаж унагахдаа тулсан байна. Тиймээс мөн л активын удирдлагын компани байгуулж, энэ асуудлыг шийдвэрлэжээ.
Мөн АНУ-д “Resolution trust”, Малайзад “Danaharta”, Тайваньд “Financial restructuring fund”, Тайландад “Thai asset management”, Туркт “Savings deposit insurance fund” гэх мэт олон оронд ийм компанийн жишээ бий. Зарим орон активын удирдлагын компанийг тодорхой хугацаагаар байгуулдаг бол зарим нь цаг хугацааны хязгаар тавьдаггүй.
Ер нь үр дүнд хүрсэн жишээнээс харвал дунджаар 10 орчим жил үйл ажиллагаа явуулсан байдаг аж. Тухайлбал, Тайландад 2001 онд 12 жилийн хугацаатай байгуулж байж. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүндрэлийн үед банкны системийн ачаанаас үүрэлцэж, үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд татан буугддаг байна. Мөн зарим улсад банкны системийн хямрал байнга нүүрлэх эрсдэл бий тул тасралтгүй үйл ажиллагаа явуулах нь ч бий гэнэ.
Үүнээс гадна ийм компанийг төрөөс санхүүжүүлэх болон бонд гарган эх үүсвэрээ бүрдүүлдэг аж. Тухайлбал, Индонез, Япон, Тайвань зэрэг оронд Засгийн газар нь санхүүжүүлдэг бол Өмнөд Солонгос, Малайз, Тайландад дийлэнх нь өөрсдөө бонд гарган, эх үүсвэр бүрдүүлжээ.
МУИС-ийн багш, доктор Б.Түвшинтөгс судалгаандаа “Активын удирдлагын компанийн үйл ажиллагааг ихэвчлэн тусгай хуулиар зохицуулдаг. Мөн банкны тухай хуульдаа энэ талаарх зарим зохицуулалтыг тусгасан байдаг. Улс орнуудад ийм институц үйл ажиллагаа нь хүндэрсэн санхүүгийн байгууллагын чанаргүй зээлийг өөртөө төвлөрүүлэх, эрх хүлээн авагч томилон, банкны үйл ажиллагааг сайжруулах, нэгтгэх, худалдах, компанийн бүтцийг өөрчлөн зээлээ төлөх чадварыг нь сайжруулах зэрэг хэлбэрээр ажилладаг байна” хэмээн дурджээ.
Уг институц нь зээлээ төлөх боломжгүй болсон компанийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ажилладаг нь бас нэг онцлог юм. Манай улсад одоогоор активын удирдлагын компанийн эрх зүйн орчин бүрдээгүй ч ийм чиглэлээр ажлын хэсэг гараад буй юм. Одоогоор энэ компанийг хэн санхүүжүүлж, хэрхэн ажиллах талаар тодорхой мэдээлэл байхгүй ч чанаргүй зээлийг “цэвэрлэх” хамгийн үр дүнтэй арга нь энэ аж.