Баруун болон төв, говийн аймгуудын нутгаар энэ сарын 21-нээс цас орж, цасан шуурга хүчтэй шуурсны улмаас зам, даваа хаагдан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан билээ. Эдгээр өдөр орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн албан хаагчид 11 аймгийн 40 суманд 54 удаа дуудлагаар явж, сураггүй болсон 98 иргэн (үүнээс Завхан аймгийн Баянхайрхан болон Говь-Алтай аймгийн Шарга суманд хоёр хүн нас барсан)-ээс 91-ийг нь эсэн мэнд олжээ.
Өмнөговь аймгийн есөн сумын 1001 өрхийн 427 мянган мал цасанд боогдож, бэлчээрлэх боломжгүй, 50 өрхийн 25 мянган мал цасанд дарагдсанаас 35 нь хорогдсон гэж аймгийн Онцгой комиссоос өчигдөр (10.00 цагийн үед) мэдээлэв. Тэр дундаа, Сэврэй, Мандал-Овоо суманд нөхцөл байдал хүндхэн, тал газартаа нэг, хотгор хэсэгтээ хоёр метр орчим зузаан цастай байгаа гэнэ. Аймгийн Засаг даргын нөөц санд 100 тонн өвс, тэжээл бэлтгэснээс 80 тонныг нь сумдад хүргүүлжээ.