1990-ээд оноос өмнө Хөдөлмөр, батлан хамгаалахын норм гэдгийг гаргаж, бүх хүнээс бие бялдрын шалгалт авдаг байсныг өнөөгийн залуус мэдэхгүй байх. Энэ нь иргэдээ эрүүл байлгах, өв тэгш хүмүүжүүлэх нэг арга байсан гэдэг. Харин өнөөгийн бид спортоор хичээллэж тэр бүр чаддаг бил үү. Ажил, гэр хэмээн амсхийх завгүй гүйдэг ч хааяа нэг цаг гаргаад, спортын танхимд орж, биеийн чилээгээ гаргая гэхээр боломжийн үнэтэй, сул чөлөөтэй газар олно гэдэг далайгаас сувд шүүрэхтэй агаар нэгэн болсон.
Ялангуяа, амралтын өдрүүдэд дүүрэн хүнтэй спорт танхимын хаалга мөргөж, урамгүйхэн буцах хүмүүсийг захын нэг сургуульд очоод, харж болно. Улсдаа ганцхан байх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тоглоомууд хүртээмж муутайгаас уртаас урт дараалал үүсдэг. Сагсны талбай нь бүр олдохгүй. Ганц олдсон боломжоо алдахгүй гэсэн шиг эхний очсон хэд нь өдөржин тоглож, бусад нь харж зогсдог.
Тэгвэл Улаанбаатар хотод биеийн тамирын заалны хүрэлцээ ямар байдгийг сурвалжлахаар хамгийн түрүүнд нийслэлийн Боловсролын газарт очлоо.
Улаанбаатар хотод 2016-2017 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 225 сургууль үйл ажиллагаа явуулж буй. Тэдний 131 нь улсынх, 94 нь хувийн хэвшлийнх юм. Хувийн сургуулиуд уг нь тоноглогдсон хамгийн тохилог биеийн тамирын танхимтай баймаар. Гэтэл “Орчлон”, “Хообий”, “Шинэ Монгол” гэсэн томоохон сургуулиас бусад нь буюу 60-70 хувь нь биеийн тамирын танхимгүй гэнэ.
Харин улсын сургуулиуд 95 хувь нь заалтай. Тав зургаан сургууль өөрсдийн гэсэн заалгүй учраас зэргэлдээх сургуульдаа биеийн тамирын хичээлээ ордог аж. Мөн хэзээ мөдгүй нурах дөхсөн, баталгаагүй спорт танхимтай нь ч хэд хэд байдаг юм байна. Энэ тухай нийслэлийн Боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн А.Гантулга “Улсын сургууль бүр биеийн тамирын танхимтай байх ёстой ч өнөөгийн нөхцөл байдал эсрэгээрээ байна. Японы Засгийн газрын дэмжлэгээр ерөнхий боловсролын олон сургууль ашиглалтад орсон. Гэвч тэднийг өргөтгөл маягаар барьсан учраас спорт заалны асуудлаа шийдээгүй байдаг.
Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургууль үүний нэг жишээ. Тэнд хүүхдүүд хонгилд биеийн тамирын хичээлээ хийдэг. Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургуулийн барилгыг шаардлага хангахгүй гээд өнгөрсөн зун нураасан. Мөн Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль биеийн тамирын хичээлээ дөрвөн давхрынхаа стандартад нийцэхгүй танхимд орж байна. Ийнхүү сурагчид биеийн тамирын хичээлээ хуучны, олон жил ашиглаж буйгаас нурах дөхсөн танхимд хийж байхад спортоор хичээллэх хүсэлтэй залууст хүрэлцэхгүй байх нь ойлгомжтой шүү дээ.
Улаанбаатар хотод 40-өөд мянган залуу бий. Спортын төв ордон, УСУГ, ОБЕГ өөрсдийн заалтайг эс тооцвол тэдэнд зориулсан газар бараг байхгүй гээд хэлчихэд буруудахгүй л болов уу. Харин Баянзүрх, Сүхбаатараас бусад дүүрэг Биеийн тамир спортын хороотой ч тэнд хүссэн нь тоглох боломжгүй. Тиймээс төр засгаас энэ асуудалд анхаарч, спорт холбоодын үйл ажиллагааг дэмжиж, өргөжүүлмээр байна.
Ер нь жүдо, чөлөөт бөх зэрэг топ таван төрлөөс бусдыг төрөөс бараг дэмждэггүй гэхэд болохоор. Ийм байдлыг таслан зогсоож, сагсан бөмбөг, хөлбөмбөгийн холбоод, бусад спортоор хичээллэгсдэд зориулсан спорт танхим барихын тулд ядахдаа газрын асуудлыг нь шийдэх шаардлагатай” хэмээв.
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн ихэнх сургуулийн анги дүүргэлт хэтэрсэн байдаг. Тиймээс нэг хүүхдэд ногдох заалны стандарт нормын тухай яриад ч хэрэггүй болов уу. Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн биеийн тамирын багш, дасгалжуулагч Ц.Алтанцэцэг “Хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх шаардлагатай. Гэвч спорт танхим хүрэлцдэггүйгээс тийм боломж хязгаарлагдмал. Үүнийг шийдэх гэж манай сургуулийн биеийн тамирын багш нар секц, дугуйлангаа өглөө 06.00 цагт эхлүүлдэг.
Харин сургуулийн 2000 гаруй хүүхдэд хоёр ээлжээр биеийн тамирын хичээл ордог. Арай гэж л хичээлийн хөтөлбөрөө үзэж байна даа. Уг нь биеийн тамирын нэг танхимд 30 гаруй хүүхэд хичээллэхийг стандарт гэж үздэг. Манай заал 14х22 м орчим хэмжээтэй. Гэтэл тэнд бараг 60, 70 хүүхэд чихэлдэж байна. Зарим сургууль бүр 80 хүүхэд бужигнуулах нь энүүхэнд. Ингэж ачаалал хэтрэхээр тоосжилт ихсэх, хүүхэд хөдөлгөөний хомсдолд орох эрсдэлтэй. Хавар, намартаа гадаа хичээллэж болно” гэлээ.
Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Оргил “Залууст заалны хүрэлцээ үнэхээр хомс байгаа нь үнэн. Манай холбоо спортын томоохон талбай барих төлөвлөгөө гаргасан. Олон жилийн өмнөөс хөөцөлдсөн. Газрын асуудлаа шийдчихвэл санхүүгийн хувьд дэмжих газар бий. Үе үеийн Засаг дарга нарт хандаж байсан. Г.Мөнхбаяр хотын дарга байхдаа “Хотоос зайдуу газар өгье. Түүнээс өөр боломж байхгүй” гэсэн хариу өгсөн. Бусдаар бол бидний хүсэлтийг хэн ч хүлээж аваагүй. Гэтэл хаа байсан хотын захад байрлалтай зааланд хэн очих юм бэ” гэж учирлав.
Заалны хүрэлцээ ямар байгааг мэдэхээр Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хороонд очлоо. Тэндхийн багш н.Мөнхбаяр “Манайх төрийн байгууллага учраас төрийн албан хаагчдад үнэ төлбөргүй үйлчилдэг. Тэдэнд ажлын өдрүүдэд 17.00-21.00 цагт заалаа ашиглуулдаг. Амралтын өдрүүдэд тэмцээнгүй бол иргэдэд түрээслүүлэх боломжтой.
Ингэхдээ нэг цагийн 40.000 төгрөг авдаг. Орлогоо улсын төсөвт төвлөрүүлдэг. Жилд найман сая төгрөг тушаах учиртай. Сүүлийн үед заал авах залуус цөөрчихсөн юм биш үү” гэв. Тэдний зааланд хэдэн охин бэлтгэл хийж байгаа харагдсан.
Нийслэлийн 28 дугаар сургуулийн биеийн тамирын танхим ямар үнэтэй эсэхийг асуухаар очсон ч сурвалжлагч гэдгийг минь мэдээгүй байхдаа хоёр жижүүр нь уриалгахан угтаж, “Манайх хоёр заалтай. Нэгэнд нь гэрээт байгууллагынхан хөлбөмбөгийн бэлтгэл хийх гээд ирчихсэн байна. Нөгөөх нь хүнгүй байгаа. Хэдүүлээ юм бэ. Хэзээ авах вэ” гэж байсан хэрнээ зааланд нь орж үзэхийг хүсэхэд дотогш нэвтрүүлсэнгүй. Сурвалжилга хийх хүсэлтэйг сонсоод бүр огтхон ч хавьтуулсангүй. Учрыг нь ойлгоогүй дэмий л гайхаж, тэндээс гарсан юм.
2008 онд БСШУ-ы сайд 98 тоот тушаал гаргажээ. Түүнд “Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалыг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд урт, богино хугацаагаар гэрээгээр түрээсэлж байгааг зогсоох” хэмээн заасан байдаг. Уг тушаалыг зөрчиж, заалаа түрээслүүлж буйгаа нуух гэсэндээ ийм үйлдэл гаргасан юм болов уу. Түүний замын эсрэг талд орших 40 дүгээр сургуульд өнгөрсөн даваа гаригийн 21.00 цагийн үед очлоо.
Биеийн тамирын зааланд нь хүүхдүүд бэлтгэл хийж байгаа бололтой шуугилдах сонсогдов. Сургуулийн жижүүр “Манай сургууль спортын танхимаа түрээслүүлдэг. Гэхдээ энэ долоо хоногт хуралтай учраас өгөхгүй байх. Ямар ч байсан биеийн тамирын багшаас асуу” гээд дугаарыг нь өгөв. Үнэ ханш нь ямар байдгийг асуухад “Хоёр талдаа авбал цагийн 30.000, нэг талдаа 20.000. Хэдэн ч хүн тоглож болно. Гэхдээ хичээлийн цагаар биш 20.00 цагаас хойш өгнө” хэмээсэн.
Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд танилын маань ажлын хамт олон заал авч байгааг дуулаад очсон юм. Тэдний компанийнхан хоёр цагийн төлбөрт 80.000 төгрөг тушаажээ. Хүмүүс нь цуглаж, хувцсаа солих гэсээр 10 минут өнгөрчихөв. Биеийн чилээгээ ховорхон тайлдаг тэдэнд хоёр цаг харвасан сум шиг өнгөрсөн бололтой гарахдаа тун дурамжхан байцгаасан.
Зарим нь “Цагаа сунгая аа. Дахиад жаахан тогломоор байна” гэж шивнэлдэх ч цагийнхаа мөнгийг төлсөн дараагийн хүмүүс нь хэдийнэ ирчихсэн, бушуухан дуусаасай гэсэн шиг минут тоолон хүлээж байв. Тэр үед бараг 00.00 цаг болсон байсан ч спортод дуртай хүмүүс шөнө оройг ч тоодоггүй бололтой.
Улсын сургуулийн биеийн тамирын танхим хүрэлцээ муутай ч харьцангуй хямдхан ажээ. Хэд хэдэн газар руу утас цохиход ихэнх нь цагийн 20-40 мянга гэсэн юм. Харин баригдаад удаагүй, будаг нь ханхалсан хувийн заалнууд нэг цагийн түрээсийн үнэ нь 50.000 төгрөгөөс эхэлдэг юм билээ.
2016 оны биеийн тамир, спортын статистик үзүүлэлтээс харахад манай улсад 787 спортын танхим, 152 цэнгэлдэх буюу наадмын талбайтай гэжээ. Гэвч төдөн хүний дунд нэг танхим байх ёстой гэсэн үзүүлэлт огт байдаггүй юм билээ. Гагцхүү социализмын үед гаргасан тоо баримт байдаг нь одоогийн нөхцөлд тохирдоггүй. Нэг ёсондоо биеийн тамирын танхим хүрэлцээгүй гэж хэлэхэд үнэнд ойр болов уу.
Тодруулбал, хамгийн сүүлд буюу 2012 онд хийсэн судалгаанд монгол нэг хүнд 0.2 см квадрат талбай ногдож байсан гэнэ. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй Хятад зэрэг оронд нэг хүнд таван метр квадрат талбай ногддог аж.