УИХ-ын ээлжит бус чуулганы сураг алдарч, “бэлэн байдал”-д байсан гишүүд тарж оджээ. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд төсөвтөө тодотгол хийж, долоон төрлийн татвар нэмэх, эсэх асуудлыг ирэх сард эхлэх ээлжит чуулганд даатгаад улстөрчид түр “амсхийв”. Эхний чуулганаа дуусгасан гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж, зарим нь амарч буй.
Уг парламентын 40 гаруй гишүүн анх удаа сонгогдсон учир одоо ч “манараа” нь бүрэн гараагүй л явна. Зарим гишүүн хоёр жил сонсож, “судалж” байж гурав дахь жилдээ сая хэлд ордог жишээ ч бий. Эсвэл буруу, зөрүү ч хамаагүй ярьж л байвал болно гэсэн “онол”-той түшээд байна. Юутай ч “шинэков”-уудын танилцах дадлага үргэлжилсээр буй. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Тэнд туршлагатай, чадвартай түшээд ажиллаж байж амьдралд нийцсэн, чанартай, сайн хууль батална.
Мөн хэрэгжилтэд нь хяналт тавина. Гэвч олон “дадлагажигч”-тай УИХ-аас баталсан цөөнгүй хууль Үндсэн хуультай зөрчилдөж, Цэцээр шүүгддэг. Зөвхөн одоогийн биш, өмнөх парламентуудад ч ийм дутагдал их байв. Мөн баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих үүргээ УИХ хэр биелүүлж буй бол.
ОДООГИЙН ПАРЛАМЕНТ
УИХ-д МАН үнэмлэхүй олонхын буюу 65 суудал авсан. Өмнөх эрх баригч АН-ын талцал, тэмцэлд “ядарсан” сонгогчид нэр дэвшигчийг гэхээсээ намыг нь харж сонголт хийсэн нь нууц биш. Тиймээс Э.Бат-Үүлийн хэлснээр “МАН-ынх л бол бор халзан хонь байсан ч сонгогдсон”. Хамгийн залуу гишүүн Д.Гантулга эдүгээ 30 настай. Бас азаар сонгогдсон хүмүүсийн нэг. Тэр зөв цагтаа, зөв газраа байж таараад л нэр дэвшин, сонгогдсон. Төрийн ажлын туршлагагүй, залуу түшээ маань намрын чуулганыг хамгийн их тасалсан гишүүдийн нэгээр тодорсон.
Сайныг нь биш, саарыг нь түрүүлж сураад буй нь харамсалтай. Тэр ердөө 58 цагт нь хуралдаа сууж, 108 цагийг тасалсан байгаа юм. Энэ талаараа “Хурлын дундуур уулзалт болдог. Тэр үедээ чөлөө авах ёстойг нь мэдээгүй. Шууд гараад явчихсан нь буруудсан байна лээ” гэсэн утгатай зүйл яриад, дараагийн чуулгандаа хичээнэ хэмээн амласан билээ.
УИХ-ын гишүүн болсон бол хамгийн түрүүнд Дэгийн тухай хуулиа уншаад судалчих ёстой. Гэвч эрхэм түшээд тэгж Зөв хүнд “ВИЗ” даръя “амждаггүй” бололтой юм. УИХ-ын 76 гишүүний 14 нь 30-40, 28 нь 41-50, 30 нь 51-60, дөрөв нь 61-ээс дээш настай. Хамгийн ахмад нь гишүүн Ч.Улаан, Х.Баделхан нар. Тэгэхээр 55 хувь нь 30-50 насны идэр эрчүүд байх нь. Үндсэн хуульд зааснаар 25 нас хүрсэн, ухаан эрүүл Монгол Улсын иргэн хэн ч УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй. Гэвч өөрийгөө, гэрээ бүрэн засаж амжаагүй залуус УИХ-д сонгогдоод төрийн ажил “самраад” байна гэсэн шүүмжлэл их гардаг.
Дээр дурдсан залуу түшээ дахин 2-3 парламентад сонгогдох зорилготой яваагаа яриад шүүмжлэлд өртсөн. Төр түшилцэнэ, хууль тогтооно гэдгийг залуус их л хялбархнаар төсөөлөөд байдаг учраас УИХ-ын гишүүдэд насны босго тавих хэрэгтэй. Тиймээс өмнөх УИХ-ын үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар байгуулсан ажлын хэсэг “Парламентад нэр дэвших насны босгыг 40 болгоё” гэсэн санал гаргаж байсан юм.
Мөн УИХ-ын нэр хүндийг өндөрт өргөж, амьдралд нийцтэй, цоорхойгүй сайн хууль батлахад түшээдийн мэргэжил, туршлага, мэдлэг чадвар гарцаагүй чухал. Төрийн ажлын шат дамжлагыг зүй ёсоор нь туулаад ирсэн эрхмүүдэд танилцах дадлага хийх шаардлага гарахгүй. Хэдийгээр сонгогдох эрхээ эдлэх нь хувь хүний эрх ч төрийн түшээ байх хэмжээний хүн сонгох эрх нь сонгогчдын гарт бий. Парламентад бөх, дуучин гэхээс хуульч, эдийн засагчийг түлхүү сонгож байж тооцоотой, үндэслэлтэй шийдвэр гаргаж чадна.
Одоогийн 76 гишүүний 40 хувь нь хуульч, эдийн засагч, 27 хувь нь инженер, 11.8 хувь нь багш, 19.7 хувь нь бусад мэргэжилтэй байна. Хэдийгээр бусад парламенттай харьцуулахад эдийн засагч, хуульч гишүүдийн эзлэх хувь ойролцоо байгаа ч баталж буй “бүтээл”-ийнх нь чанар муудаад буйг Цэц дээр ирүүлдэг гомдол батлаад өгнө. Мөн бөх, дуучдын тоо нэмэгдээд буй нь ч нэр хүнд унахад нөлөөтэй байгаа болов уу.
ХЯНАЛТ, БАС ДАХИН ХЯНАЛТ
УИХ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ гүйцэтгэх засаглалдаа ацаглаад мартагнах нь бий. Гишүүд хааяа орон нутаг, төрийн байгууллага, зах, хоршоодод ажилласан болоод өнгөрдөг. Өмнөх УИХ Тамхины хяналтын тухай хууль баталсан. Үйлчилгээний газруудад тамхи татахаа больсноос эхлээд уг хуулийн эерэг нөлөө их. Гэвч тамхи татах тодорхой цэг байгуулахаас эхлээд зарим заалт нь хэрэгжихгүй байна. Хэдэн шилэн ТҮЦ автобусны буудлууд, гудамж талбайд байрлуулсан.
Гэвч ажилладаг нь нүдний гэм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд гарцаар гараагүй явган зорчигчийг торгохоор заасан. Гэвч хүчээр хаалт хийсэн л биш бол, “сул” газраар иргэд дураараа зам гарсаар байна. Автомашинуудынхаа хөдөлгөөнийг харж ядаж буй камер, цөөхөн цагдаа нь гарцгүй газраар гарч буй иргэдийг хянаж хүчрэхгүй. Тийм боломж ч үгүй. Зөрчлийн тухай хуульд баахан л торгуулийн заалт орууллаа. Уг нь тун зөв.
Гудамж талбайд нус, цэр, шүлсээ хаявал торгоно. Гэхдээ бас л хэн үүнийг хянаж, хариуцлага тооцохыг тодорхой зааж өгөөгүй. Баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хангалттай хяналт тавихгүй байгаа нь “дэд бүтэц” үгүйтэй холбоотой. Хууль баталсны дараа тодорхой журам гаргадаг хэдий ч аль алиных нь хэрэгжилтэд хэн хяналт тавих нь тодорхой бус. Мэргэжлийн хяналтын байцаагчид гудамжинд явж буй хүн бүрийг хянаж чадахгүй. Гарцгүй газраар гарсан иргэнийг цагдаа зогсоолоо гэхэд нөгөөх нь мөнгөгүй, бичиг баримтгүй гэхэд л арга мухардана.
Аливаа өөрчлөлт, шинэчлэлийн тухай яриаг хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болдог. Гэвч сүүлийн 3-4 парламент оролдоод үүнийг ажил болгож чадаагүй л байна. Гарц бий. Сонгогч бид л зөв хүнд “виз” дарахаас өөрчлөлт эхэлнэ. Улмаар хуулийн чанар, хэрэгжилт сайжирна. Тэр цаг болтол одоогийн түшээд “танилцах дадлага”-аа хурдхан дуусгаж, үндсэн ажилдаа шамдах хэрэгтэй байна.