Зэс хайлуулах үйлдвэр барих шинэ төлөвлөгөөг Засгийн газар цаасан дээр зуржээ. Энэ цаг мөчөөс үүнийгээ хэрэгжүүлж эхэлнэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Баатарсүх “Дөрвөн жилд багтаад зэс хайлуулах үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтыг эхлүүлэх зорилт тавьсан.
Бүтээн байгуулалт 3-4 жил үргэлжлэх баримжаа бий” гэв. Төлөвлөгөө саад тотгоргүй хэрэгжвэл Монгол Улс 7-8 жилийн дараа зэс хайлуулах үйлдвэртэй болох нь. Манайх Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс өөр хүнд үйлдвэргүй. Зэс хайлуулах үйлдвэртэй болсноор дахин нэг хүнд үйлдвэр “мэндлэх” юм. Зэс хайлуулах нь химийн үйлдвэрийн хөгжилд ч эерэг нөлөөтэй гэж УУХҮЯ-ныхан ярьж байна.
Аливаа эхлэлийн төгсгөлийн үр дүнг өөдрөгөөр төсөөлөхөд хялбар. Гэсэн ч ханцуй шамлан ажиллаж, бүтээн босгох амаргүй. Төсөл, төлөвлөгөөгөө боловсруулах, тооцоо судалгаа хийх, хөрөнгө мөнгө татах, үйлдвэр, дэд бүтцээ бүтээн байгуулах гэх мэтээр олон жил тасралтгүй хөдөлмөрлөж байж ард нь гарах учиртай. Улстөрчид, олон нийтийн эсэргүүцэлтэй ч тулгарч магад. Мега төслийг буруугаараа ойлгож, өө сэвээр нь гул барьж “шантаажлах” нь монголчуудын гэм биш зан.
“Оюутолгой” компанийг түшиглэж, Өмнөговь аймгийн Ханбогд суманд зэс хайлуулах үйлдвэрээ босгох нь. Дэлхийн зиндааны аварга уурхай өнгөрсөн жил 800 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. Гүний уурхай нь ашиглалтад орсноор “Оюутолгой” 2023-2024 онд жилд хоёр сая тонн зэсийн баяжмал экспортлох төсөөлөлтэй байгаа. Төлөвлөгөө ёсоор бол энэ үед жилд нэг сая тонн зэсийн баяжмал боловсруулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орно.
Өөрөөр хэлбэл, “Оюутолгой”-гоос зэс хайлуулах үйлдвэр жилд нэг сая тонн баяжмал худалдаж авна гэсэн үг. Тэднийх зэсийн баяжмалаа заавал нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй “айл”. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 3.21-д “Засгийн газар бүхэлд нь буюу хэсэгчлэн эзэмшдэг Монгол Улсад байршилтай гуравдагч этгээдийн зэс хайлуулах үйлдвэрт хөрөнгө оруулагч баяжмалыг эхний ээлжинд (худалдах буюу захиалгаар баяжмалыг цэвэршүүлэх замаар) нийлүүлнэ.
Ийнхүү Монгол Улсад бүтээгдэхүүний нэмүү өртгийг нэмэгдүүлэх зорилгоор зэс хайлуулах тухайн үйлдвэрт баяжмалыг олон улсын зах зээлийн үнэ, стандартад суурилсан харилцан тохиролцсон арилжааны үнээр дор дурдсан нөхцөлөөр нийлүүлнэ” гэж заасан байдаг.
Нэг сая тонн баяжмал боловсруулаад жилд 257 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ гэсэн төсөөлөл гаргажээ. “Оюутолгой”-н зэсийн баяжмал алт, мөнгөний агууламжтай. Баяжмалаас алт, мөнгийг нь ялгаж авна. Монголбанкинд жилд зургаан тонн алт, 60 тонн мөнгө тушаах боломж гарах гэнэ. Зөвхөн цэвэр зэсийг өнөөгийн ханшаар борлуулна гэж тооцвол хоёр тэрбум ам.доллар Монголын зах зээлд эргэлдэнэ гэсэн үг.
Ийм хэмжээний хүчин чадалтай үйлдвэр 15 жилд хөрөнгө оруулалтаа нөхдөг гэдэг. Тэгвэл “Оюутолгой” компани одоогийн хүчин чадлаараа 95 жил ажиллах тооцоотой. Тэгэхээр аварга ордыг түшиглэн барих хүнд үйлдвэр олон жилийн настай юм. Уурхайнхаа ойролцоо баригдах учраас баяжмалаа маш бага зардлаар үйлдвэр рүүгээ тээвэрлэнэ. Энэ бол зардал хэмнэх чухал давуу тал.
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрээс хүхрийн хүчил ялгардаг. Хүн, амьтанд хортой энэ бодисыг “далд оруулах” нь зэсийн үйлдвэрийн гол бэрхшээл. Байгальд ил задгай хаявал аюул дагуулна. Тиймээс ямар нэгэн аргаар “номхруулж”, хоргүй болгох хэрэгтэй. Үйлдвэрээс гарах хүхрийн хүчлийг “номхруулах” гурван боломж ирээдүйд үүсэх гэнэ.
“Арева Монгол” компани Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь ураны уурхайгаа 2021-2022 онд ашиглалтад оруулна. Тэднийх ураныг газар доор хүхрийн хүчлээр уусгах аргаар олборлох технологитой. Зэсийн үйлдвэрээс 988 мянган тонн хүхрийн хүчил гарна. Үүнээс 200 мянган тонныг нь “Арева Монгол”-д худалдах боломжтой. Мөн Тавантолгойн ордын нүүрсний давхаргын метан хийг ашиглах судалгаа хийж буй.
Хүхрийн хүчлийг байгалийн хийтэй урвалд оруулж, цэвэр хүхэр үйлдвэрлэх боломж бийг мэргэжилтнүүд хэлдэг. Урд хөршид тонн хүхэр өдгөө 100 орчим ам.долларын үнэтэй байгаа аж. Хүхэр үйлдвэрлэснээр химийн хүнд үйлдвэрийн нэг чиглэл хөгжих юм. Манай улс химийн хүнд үйлдвэргүй. Түүгээр зогсохгүй нарийн царигтай төмөр зам тавьчих учраас тусгай зориулалтын вагоноор хүхрийн хүчлээ урд хөрш рүү экспортолж болно.
Хятадын зах зээлд тонн хүхрийн хүчил одоогоор 40 “ногоон”-ы үнэтэй байгаа. Энэ үйлдвэрийг зөвхөн зэс экспортолно гэж харж болохгүй нь. Үүнээс гадна алт, мөнгө, хүхрийн хүчил борлуулж, орлого олох юм байна.
Засгийн газрын тогтоолд тусгаснаар хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулж, төслийн компанийн 10-аас багагүй хувийг төрийн өмчид авах гэнэ. Төсөл хэрэгжүүлэх компанийн тодорхой хувийг төр эзэмшиж байж, “Оюутолгой” компаниас зэсийн баяжмал авах гэрээний үүрэг хэрэгжих учраас ингэж заасан аж. 1.5-2 тэрбум ам.долларын өртөгтэй уг төсөл 600-800 ажлын байр бий болгоно гэсэн урьдчилсан тооцоог УУХҮЯ-ныхан танилцууллаа.
“Оюутолгой” компани хөрөнгө оруулалтын гэрээнийхээ хүрээнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн судалгааны тайлан хийж өгчээ. Оюутолгойн ордыг түшиглэж, жилд нэг сая, Эрдэнэтэд 500 мянган тонн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр баривал ашигтай гэсэн судалгаа тооцоог тэд гаргасан гэнэ. Харин Бор-Өндөр, Сайншандад зэс хайлуулах үйлдвэр баривал ашиггүй байжээ. Өмнөх Засгийн газрын үед Бор-Өндөрт зэс хайлуулах үйлдвэр барихаар товлоод байсан билээ.
Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Баатарсүх “Олон давуу талтай учраас Оюутолгойн ордыг түшиглэж, зэс хайлуулах үйлдвэр барих шийдвэр гаргасан. Эрдэнэтийг түшиглэж, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих, эсэх нь дараагийн асуудал” гэсэн юм. Эрдэнэтийг түшиглээд 500 мянган тонн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих, эсэх нь нээлттэй сэдэв хэвээр үлдэх нь.
Өмнөговь аймагт эрдэс түүхий эд баяжуулах, боловсруулах үйлдвэрлэл эрхлэхэд усан хангамж дутагддаг. Засгийн газраас “Онги говь”, “Орхон говь”, “Хэрлэн говь” төслийн аль тохиромжтойг нь хэрэгжүүлж, өмнийн говийн үйлдвэрүүдийг гадаргын усаар хангах шийдвэр гаргажээ. “Онги говь” төслийг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой гэж зарим хүн үзэж байна.
Орхон голын усыг 17 км яндан хоолойгоор шахаад, Онги голын урсацыг нэмэгдүүлэх гэнэ. Ингээд Онги гол 450 км голдирлоороо урсаж, Өмнөговь аймгийн Улаан нуурт хүрнэ. Тэндээс яндан хоолойгоор Тавантолгой, Оюутолгой руу ус шахах аж. Ингээд усан хангамж шийдэгдэнэ. 450 км урт зайд яндан хоолой татахгүй учраас үүнийг хамгийн зардал багатай, боломжит хувилбар гэж үзэж буй.
Ханбогдод зэс хайлуулах үйлдвэр барьснаар уран олборлоход шаардлагатай хүхрийн хүчил нийлүүлэх нь, хүхэр үйлдвэрлэж, химийн хүнд үйлдвэрийн нэг хэлбэрийг хөгжүүлэх нь, гадаргын усаа говь руу татах анхны төсөл хэрэгжих нь. Баяжмал хэлбэрээр хил давуулдаг алтаа дотооддоо үлдээж, валютын нөөцөө нэмнэ, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн борлуулна, ажлын байр бий болгоно гээд нэг сумаар нэлээд олон туулай буудах нь.