Эрх баригчийн суудлаас сөрөг хүчний байранд шилжсэн АН-ынхан үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байхад засгийн эрхэнд гарсан МАН-ынхан гаднаасаа ажин түжин, нам жим харагдана. Гэвч хөл хөсөр, гар газар, амар амгалан буй мэт энэ байдал нь удаан үргэлжлэхгүй л болов уу.
Учир нь, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх нэр дэвшигчээ тодруулахаас эхлээд намын дараагийн даргыг сонгох хүртэл ямар ч тогтвортой, буурь суурьтай улс төрийн хүчнийг донслуулж мэдэх үйл явдлууд өмнө нь хүлээж байгаа шүү дээ. УИХ-ын сонгуульд намаа ялуулчихаад Ерөнхий сайдын суудлаас татгалзахаас ч өмнө намын дарга М.Энхболдын Ерөнхийлөгч болох хүсэл ил болсон.
Эрх баригч хүчнээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших амбийцтай хүн нэгээр тогтохгүй байгаа ч хамгийн тод томруун, хүчтэй сонсогдож буй нь яалт ч үгүй М.Энхболд юм. МАН-ын хувьд Ерөнхийлөгчид хэнийг дэвшүүлэх вэ гэдгээс илүү намын дарга хэн болох вэ гэдэг нь илүү өрсөлдөөнтэй, донсолгоонтой явдал болж мэдэхээр байгаа.
Хэдэн жилийн өмнө намын нэрээ сольж, дүрмээ шинэчлэхдээ нам доторх албан ёсны жигүүрээ татан буулгаж, элдэв фракц байгуулахыг хориглосон хэдий ч МАН огт бүлэглэлгүй нам биш. АН-ынхан шиг ил цагаан толхилцож, албан тушаалаа булаалдан уралцдаггүй л болохоос МАН фракцын тоогоор АН-аас хол хоцрохгүй.
Намын дарга М.Энхболдын тэргүүлдэг хотын фракц, У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбоо, НАМЗХ, С.Баярын хийгээд Сү.Батболдын фракц гээд үргэлжилнэ. Эднээс одоогоор намдаа хамгийн нөлөөтэй нь хотынхон бол анхан, дунд шатны байгууллагатай, намаасаа дутахгүй хурал чуулган хийдэг Зүүний хүчний холбоо, НАМЗХ араас нь бичигдэнэ.
Харин С.Баяр болон Сү.Батболд нарын фракцын хүч тун суларсан тул нам, засгийн эрх мэдлийн хуваарилалт хотынхон болон Зүүний хүчний холбооныхны хоорондын тохироогоор голдуу явж буй нь харагддаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах эрх мэдлийн хуваарилалт ч энэ хоёр фракцаас л хийгдэх шинжтэй. Тэгэхдээ томоохон зөрчил үүсгэж мэдэх нөхцөл бий болоод байна. Яагаад гээч.
Ж.ЭРДЭНЭБАТ
Ялсан намын дарга нь гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэг сонгодог зарчим бий гэх хэдий ч үүнээс монголчууд гажсаар л яваа.
Энэ удаа М.Энхболдыг Ерөнхий сайд болохгүй гэсэн шийдвэр гаргахад гайхах хүн олон байгаагүй.
Учир нь Ерөнхийлөгч болох амбийц түүнд бийг бүгд мэдэж байв. Харин Монгол Улсыг 90 гаруй жил удирдаж ирсэн, хамгийн шилдэг, чадварлаг боловсон хүчний нөөцтэй нам гэдэг хэрнээ улс төрийн туршлага, улстөрчийн зангараг аль аль нь “балчир” Ж.Эрдэнэбат хэмээх залууг Ерөнхий сайдаар томилсон нь олон хүний гайхшийг барсан.
Олон нийтэд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн, чадвартай, боловсролтой, туршлагатай улстөрчид захаас аван байхад аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүнээр ганц, ганц бүрэн эрхийн хугацаанд ажилласан, юугаараа ч онцгойрох зүйлгүй залууг сонгосны учир одоо л тайлагдаж магадгүй нь.
М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд, сонгогдвол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад намын даргын албан тушаалаа шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа тухай яриа сонсогдох болов.
Улс төрийн хүчин тэргүүлж байгаад Ерөнхийлөгч болсон хүн намаа хяналтаасаа гаргаж, нөлөөгөө алдахыг хүсдэггүй. Тиймдээ ч намын даргын суудлаа гарын хүндээ шилжүүлж, түүнийгээ далдаас удирдаад суухыг мөрөөдсөн гадаад, дотоодын жишээ бишгүй.
М.Энхболд ч энэ л замаар явахаар төлөвлөсөн бололтой. Өөрөөр хэлбэл, МАН-ын дарга хэдэн нүүдлийн дараахыг харж, Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилсон хэрэг. Харин намын дарга нар удалгүй Ерөнхийлөгчтэйгөө тангараг тасардаг жишиг бий.
Хэрэв Ж.Эрдэнэбат намын дарга болбол яах бол. Тэр залуу хүн. Муу түүх, хар тамга байхгүй нь түүний давуу тал. Бас өдрөөс өдөрт туршлагажин хат сууж байгаа, яван чангарч мэдэх улстөрч гэдэг нь сүүлийн үед үг, үйлдлээс нь харагдах болсон. Түүнийг басах хэрэггүй.
Ц.НЯМДОРЖ
Намынхаа төлөө нүүрээ улалзуулан “үзэж тардаг”, хэл үгээрээ улаан хөлтийг урдаа гишгүүлдэггүй Ц.Нямдорж бол МАН-ын хамгийн тод өнгө төрхтэй лидерүүдийн нэг.
Үг, үйлдэл бүхэн нь олны анхаарлыг татдаг, магадгүй олон нийтэд хамгийн их нөлөөлдөг лидерүүдийн нэг тэрбээр намдаа ямар нэг албан тушаал хашиж байсангүй. Төрийн ажилд дэвшихээрээ ХЗДХ-ийн сайд, буухаараа УИХ-ын сул гишүүн болсоор хорь гаруй жилийг үджээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьчлалыг эсэргүүцсээр төрийн мэдэлд авахуулах шийдвэр гаргуулж дөнгөсөн түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь гэж таамаглаж байв.
Тэр ч энэ талаарх асуултад баталсан, эсвэл үгүйсгэсэн хариу өгөлгүй бөөрөнхийлсөөр өдий хүрсэн.
Харин одоо М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь бараг тодорхой болоод буй тул Ц.Нямдорж УИХ-ын даргын албан тушаалд сууна гэсэн “бор шувуу” нисэж байна.
Гэхдээ сүүлийн үед ер бусын амбийцтай байгаа түүнийг намын даргад хүч үзэх хүмүүсийн жагсаалтаас хасаж болохгүй л болов уу.
У.ХҮРЭЛСҮХ
УИХ-ын сонгуулиар МАН төрийн эрх аваад Засгийн газраа байгуулахад туйлын сэтгэл гонсгор үлдсэн хүн нь У.Хүрэлсүх. Түүнийг намаа сонгуульд ялуулахад хувь нэмэр оруулбал Ерөнхий сайд болгоно гэсэн амлалтыг намын дарга нь сонгуулийн өмнө өгсөн гэсэн яриа сонсогдож байсан. У.Хүрэлсүх УИХ-ын сонгуульд нэр дэвшилгүй сонгуулийн төв штабтаа ажилласан нь дээрх яриаг бататгах шиг болсон.
Тэр муугүй уран илтгэгч. Олон нийтийн сонсохыг хүссэн үгийг нэг тийм танхайдуу өнгөөр донжийг нь тааруулаад хэлчихдэг чадвар нь түүнийг хүрээлдэг хүмүүсийн тоог нэмдэг байх.
Сонгуулийн сурталчилгааны хэд хоногт олон ч нэр дэвшигчийг дэмжиж, тойргоос тойрогт нисэж, буусан. Тэгэхээр энэ удаагийн ялалтыг түүнд хамаатуулахгүй байхын аргагүй. Харин Засгийн газраа байгуулахдаа М.Энхболд амласнаасаа буцахад тэр таатай хандаагүй нь илт анзаарагдаж байсан билээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Засгийн газрыг огцруулна гэх мессежийг өнөөгийн танхимд багтаж чадаагүй гомдогсдын армиас гаргаж буй нь ч санаандгүй зүйл биш. М.Энхболд Ерөнхийлөгч болж, намын даргын суудал онгойвол У.Хүрэлсүхэд маш том боломж гарна. Тэр намын даргаар сонгогдож чадвал Ерөнхий сайд болох хүслээ гүйцэлдүүлэхийг ч үгүйсгэхгүй.
Өдгөө Шадар сайдын алба хашиж буй У.Хүрэлсүх энэ өвөлжин орон нутагт ажилласан. Улсын нөөцийн хөрөнгөөс өвс, тэжээл ачсан цуваа гарган, түүн дээрээ нэрээ томоор бичиж, уран цэцэн үгсийг хайр найргүй урсгаж яваа нь ч санаандгүй хэрэг биш байж таарна. Тэр ямар нэг зүйлийн бэлтгэл базааж буй. Түүний ард Зүүний хүчний холбоо, НАМЗХ бий гэдгийг мартаж болохгүй.
Тэр бол “улаан хамгаалагч” гэх нэр зүүтлээ намынхаа төлөө зүтгэсэн, ялалт, ялагдлын алинд ч намтайгаа байж, унаж, босож үзсэн нэгэн. Намын нэр солих ажлыг оройлон хийснээрээ намаа хоёр хуваасан гэсэн шүүмж түүн рүү чиглэдэг. Бас сэтгэл хөдлөлөө хурцхан илэрхийлдэг “тэнэгдүү” шударга зан түүнд бий. Тэр намын дарга болбол МАН-ын хөдөлж цөхсөн, хөшингө байдлыг эвдэж, арай илүү эрч хүчтэй, сонирхолтой болгож мэдэх л юм.