Бэлтгэсэн: Ц.Болормаа, Ч.Болортуяа, З.Амгалан, Ж.Сувдмаа
Улаанбаатарт ашиглалтад орсон 42.000 айлын орон сууц эзнээ хүлээж байна. Өнгөрсөн аравдугаар сараас хойш буюу бараг хагас жилийн хугацаанд 2000 орчим айл ипотекийн зээлд хамрагджээ. “Яст мэлхий”-н энэ хурдаар явбал 42.000 айлын орон сууц 10 жилийн дараа л зарагдаж дуусах нь. Иймээс орон сууцны урьдчилгаа төлбөргүй байгаа хүмүүст төлбөр бүрдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.
Тодруулбал, урьдчилгаа төлбөргүйгээр иргэдэд орон сууц түрээслүүлэн, төлбөрөө хэр хийж буйгаас нь шалтгаалж урт хугацаанд зээл олгох уян хатан хөтөлбөр байх нь оновчтой. Үүнийг аль нэг банк бус, Засгийн газар санаачлах учиртай. Нөгөө талаас Монголбанк ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэхээ мэдэгдээд байгаа. Өдгөө ипотекийн зээлийн эргэн төлөлт сард 25-30 тэрбум төгрөгт эргэлдэж байгаа гэсэн дүн бий. Шинээр зээл олгох эх үүсвэр болох дээрх дүнг эрэлттэй харьцуулбал маш бага юм.
Улмаар эрэлтээ гүйцэхгүй байж магадгүй аж. Тодруулбал, арилжааны банк ипотекийн зээл олгох шийдвэр гаргасан ч санхүүжилтээ 2-3 сар хүлээх тохиолдол буй юм билээ. Ипотекийн зээл олгохыг зогсоосон өнгөрсөн оны 7-10 дугаар сард орон сууцны зээлийн хүсэлтүүд ч хуримтлагдчихаж. Иймээс санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналд Сангийн сайдын багцаас 111 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд нэмж олгохоор тусгажээ. Үүнийг ирэх сараас эхэлж санхүүжүүлэхээр тооцож буй юм байна.
Тэгвэл ашиглалтад оруулсан ч борлогдохгүй байгаа орон сууцны (айлын) тоог 2013 оныхтой харьцуулахад өнгөрсөн жил 33 дахин нэмэгджээ. Нийлүүлэлт, орон сууцны эрэлт манайд их байгаа ч худалдан авах чадвартай иргэдийн тоо цөөрснийг үүнээс харж болно. Зээлийн эх үүсвэр хумигдмал, орон сууц худалдан авах чадамжтай иргэд цөөн байгаа энэ үед барилгын салбар сэргэх үү.
Олон өрх нийт орлогынхоо 50, түүнээс ч илүү хувийг ипотекийн зээлээ төлөхөд зарцуулж буй талаар “UMC Alpha” компанийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал М.Баясгалан өгүүлэв. Энэ нь бусад салбарын бараа бүтээгдэхүүний борлуулалт буурахад нөлөөлж буй. Тэрбээр “Найман хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөр эрчимтэй эхэлсэн бол цаашид урсгалаараа үргэлжлэх нь. Зээлийн нөхцөлийг өөрчилж, хөтөлбөрийг үргэлжлүүлж магадгүй гэсэн хүлээлт барилгын компаниудад үүсээд буй” гэв.
Барилгын компаниуд орон сууцаа барьцаалаад банкуудаас зээл авчихсан. Иймээс ч банкууд өөрийн зээл олгосон компанийнхаа орон сууцнаас л худалдаж ав гэж иргэдэд тулгаж буй. Орон сууц борлогдохгүй удаж, ямар нэгэн хүндрэл гарлаа гэхэд барилгын цөөнгүй компани барьцааны байраа орхиод уснаас хуурай гарчих талтай. Харин банкууд алдагдал хүлээх эрсдэлтэй. Барьцаанд авсан орон сууцны үнийг банкууд дур мэдэн буулгаж чадахгүй нь мэдээж. Иймээс орон сууцны үнэ цаашид тэгтэл их хямдрахгүй төлөвтэй.
Одоо бол орон сууцны үнэ боломжийн хэмжээнд буй бөгөөд жийп машины тал үнэтэй тэнцэх, 70-80 сая төгрөгөөр хоёр өрөө орон сууц худалдан авч болохоор байгаа гэж салбарынхан хэлж байгаа ч худалдан авагч алга. Тэгэхээр иргэдийн орлогыг нэмэгдүүлж, шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол орон сууцнууд зарагдахгүй, энэ салбарын “түгжээ” мултрахгүй байх магадлал өндөр. Ямартай ч ипотекийн зээлийг санхүүжүүлэх шинэ эх үүсвэрийг гадаадаас “хайх”- аар салбарын яамныхан судалж буй бололтой.
Үүнийг зөвхөн нэг салбарыг дэмжиж буй бус, иргэдэд тустай, гэр хороолол ихтэй Улаанбаатарт нөлөөтэй, бусад бизнесийг бодвол бүтээн байгуулалтын ажил гэдэг утгаар нь ихээхэн ач холбогдолтой гэж үзэж болно. Гэхдээ нөгөө талд барилгын компаниуд буруу “хэрэгсэл”-д хөрөнгө оруулснаа ойлгож, алдагдалтай байсан ч түүнийгээ хүлээгээд гарах хэрэгтэй юм шиг.
Өөрөөр хэлбэл, орон сууцны үнийг тултал нь бууруулж, компаниудын зарим нь дампуурч, иргэдийн худалдан авах эрэлтийг бий болгосноор цаашид жам ёсоороо хөгжих бус уу. Гадаад эх үүсвэрээс санхүүжилт авах нь хэдийнэ алдагдчихаад байгаа эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг улам холдуулах магадлалтай. Хэрэв 2-3 жилдээ орон сууц барихгүй, иргэдийн худалдан авах чадвар нэмэгдвэл эрэлт, нийлүүлэлтийн харьцаа ойртох магадлалтай.
ОУВС-тай тохиролцсон Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд Монголбанк ипотекийн найман хувийн зээлийн хөтөлбөрийг ирэх онд багтаан Засгийн газарт шилжүүлэх учиртай. Хөтөлбөрийг цаашид Засгийн газар хэрхэн үргэлжлүүлэхийг харах л үлдэв бололтой. Өвөрмонголд орон сууцны эзэнгүй хот бий гэдэг. Улаанбаатар ийм “сүнсгүй” хот болохгүй ч нийлүүлэлтийг хазаарлах цаг иржээ.
Нийлүүлэлтээр хахсан одоогийн нөхцөлд иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх нь барилгын салбарыг сэргээх гол “түлхүүр” болов уу. Хэдий эдийн засгийн төлөв эерэг байгаа ч иргэдийн орлого нэмэгдэнэ гэсэн хүлээлт бага тул барилгын салбар ойрын хугацаанд сэргэхгүй гэж хэлэхэд буруудахгүй бололтой. Бүр унахгүй ч амь тавьчихааргүй жил барилгынхныг хүлээж байна.
ИНФОГРАФИК
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Та орон сууц худалдаж авахаар сонирхож байна уу. Ямар бэрхшээл тулгарч байна вэ?
Л.Жавзмаа (Баянгол дүүргийн II хорооны иргэн):
-Залуу гэр бүл болохоор урьдчилгаа л хамгийн хэцүү байна. Манайх ипотекийн зээлд хамрагдаж 60 сая төгрөгийн байр худалдаж авах санаатай бараг хоёр жил хөөцөлдлөө.
Гэвч урьдчилгааны 30 хувь болох 18 сая төгрөгийг бэлэн тоолоод өгөх боломжгүй учраас бүтэхгүй л байна. Уг нь хоёр хүний цалин зээлийн нөхцөлд хүрч байгаа.
А.Ганбат (Сонгинохайрхан дүүргийн VII хорооны иргэн):
-Мэдээж эхний хэцүү зүйл мөнгө л байна даа. Бас байрны чанар муу болчихсон юм шиг санагддаг. Хажуу айлын хүнтэйгээ хананыхаа цаанаас хуучилмаар, дуу чимээ тусгаарлагчгүй болсон байна.
Мөн утаанаас холхон газар бараадах гэхээр дэндүү үнэтэй. Хаана ч хамаагүй байртай болчихоор ажлаасаа холдох гээд асуудалтай.
Б.Ариунжаргал (Баянзүрх дүүрэгт түр оршин суугч):
-Ер нь залууст урьдчилгаа л асуудал болоод байна. Уг нь төрийн албанд ажилладаг залуу гэр бүлд ямар нэгэн хөнгөлөлт үзүүлбэл тэд урамтай ажиллаж, улс орондоо илүү ихийг бүтээх гүүр болно гэж боддог. Улсаас дэмжлэг үзүүлэхгүй байхад гадаад руу явсан залуусаа элдвээр шүүмжлэх юм.
Төрд ажиллаж буй нь гадаадад аяга угааж, шал арчиж байгаад ирсэн хүмүүсээс дор амьдарч байна шүү дээ. Би төрийн албанд зургаан жил ажилласан ч маш бага цалин авдаг. Миний өчүүхэн цалин хотын төвд орон сууц авахад бараадах ч үгүй. Танил талаа ашиглаж хөөцөлдвөл бүтэж магадгүй л юм.
Зарагдахгүй олон барилга, байргүй олон хүн байсаар атал энэ тал дээр төрөөс зөв бодлого хэрэгжүүлж чадахгүй байна. Хувийн барилгын компанийн жишгийг дагаж болмоор сон. Тэд хүмүүст банкнаас зээл авахад нь тусалж, буцаагаад сар бүрийн төлбөр дээр нь тодорхой мөнгө нэмээд авчихдаг юм билээ.
Т.Заяа (Сонгинохайрхан дүүргийн иргэн):
-Иргэдийн хувьд орон сууцны зээл авахад урьдчилгаа 30 хувь арай л чанга байна. Банкны шаардлага маш өндөр. Ипотекийн зээлийн хувь нь бас өндөр санагддаг. Тухайн банкны санхүүжилтээр баригдаагүй барилгад зээл олгохдоо банкууд хойрго ханддаг нь хүндрэлтэй байна.
ҮНЭ ХАНШ
Зуун айл, Гурвалжингийн гүүр орчмын барилгын материалын үнэ хэмжээнээсээ хамаарч харилцан адилгүй байв. Эдийн засгийн хямралтай холбогдуулан үнэ төдийлөн нэмэгдээгүй байгаа гэдгийг худалдаачид хэлсэн. Гэвч хавар болж, ханш нээх үе буюу дөрөвдүгээр сард зарим барилгын материалын үнэ хэлбэлзэж магадгүй тул амины орон сууц, байшин барих хүсэлтэй хүмүүс бэлтгэлээ одооноос базаахад гэмгүй юм билээ.
Зарим барилгын материалын үнийг доорх хүснэгтээс хараарай. Арматурын тонн нь ОХУ-д 1.250.000-1.143.000, БНХАУ-д 1.020.000-1.040.000 төгрөгийн үнэтэй байна. Тиймээс үнэ нь өмнөх оныхоос 20 гаруй хувиар өсчээ.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Борлогдоогүй орон сууц гол сорилт болжээ
Барилгын салбар зогсонги байдалтай буй нь манай хоёр хөршийнхний ч толгойн өвчин болжээ. Энэ он тэдэнд бүр хүнд тусна гэж ОХУ-ын эдийн засагчид таамаглаж байна. Учир нь юуны түрүүнд, сүүлийн хоёр жил тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг урсгалаараа явах боломж олгож байсан ипотекийн зээлийг төрөөс дэмжих бодлогоо энэ жил Засгийн газар нь цуцалсан аж.
Ипотекийн зээл нь орон сууц худалдан авахад ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд ийм зээлийн 30-50 хувийг төрөөс олгодог байжээ. Хоёрдугаарт, барилгын салбарынханд тавих шаардлагыг ч чангатгаад байна. Гуравдугаарт, барилгын материалын үнэ өссөний улмаас ам метрийн өртөг нэмэгдэж, худалдан авах чадвар буурч байна. Тиймээс үнэ болон чанарын хооронд “тохироо хийх” шаардлага гарч буй.
Энэ нь барилгын компаниудыг ам метрийн өөрийн өртгийг бууруулж, худалдааны технологио өөрчлөх арга зам хайхад хүргэж байна. Одоо хэрэглэгчид эдийн засгийн тогтворгүй байдал, барилгаа хугацаанд нь ашиглалтад оруулна гэдэгт үл итгэх гэсэн шалтгаанаар хөрөнгө зарцуулахаас айдаг болсон гэнэ.
Иймээс барилгаа хугацаандаа ашиглалтад оруулах баталгаа нь энэхүү нөхцөлийг өөрчлөхөд чухал болжээ. Энэ нь итгэлтэй худалдан авагчтай болж, гэрээ байгуулах явдал тус салбарын хөдөлгөгч хүч хэвээр буйг харуулж байна.
Үүний сацуу борлогдоогүй орон сууц их байгаа нь салбарынхны хувьд гол сорилт болжээ. Тиймээс худалдааны арга, хэлбэрээ өөрчилж, зөвхөн орон сууцны төдийгүй түүний инженерийн байгууламж бүхий хэсгийг зүсэлттэйгээр харуулсан үзүүлэнтэй болж, үйлчлүүлэгч оршин суух байртайгаа нарийн танилцах боломж олгосноор борлуулалт өснө хэмээн Оросын барилгын компанийнхан найдаж байна.
Тэгвэл Хятадын орон сууцны зах зээлд тулгараад буй гол асуудал нь мөн л борлогдоогүй орон сууц хэт олон буюу нийлүүлэлтийн илүүдэл юм. Тэдгээрийн үнийг бууруулбал чанаргүй зээлдэгчтэй, төрийн оролцоотой компаниудад хүндхэн тусах гэнэ. Ийм алхам нь инфляцыг хөөрөгдөж, алтны ханш дээд цэгтээ хүрэхэд нөлөөлнө.
2008 оны хямралын үед тус улс уг хөөсийг хөрөнгө оруулалтын тусламжтайгаар багасгасан. Ингэх олон шалтгаан байжээ. Тухайлбал, худалдан авалт хийснээр инфляцад нөлөөлдөг хотын шинэ иргэдэд орон сууц нөөцлөх, юанийн ханшаа барих шаардлага ийм алхам хийхэд хүргэсэн байна.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
“ДОТООД ЗАСАЛ ЧИМЭГЛЭЛГҮЙ БАЙР ЗАРЪЯ”
Паартай байшин, паалантай жорлонтой орон сууцанд амьдрахыг хүсэгчдийн зэрэгцээ, хөрөнгө, хөлсөө урсган байж барьсан барилгаа хурдхан борлуулж, банкны зээлээ төлөх гэж компанийн эзэд хошуурна. Сонирхол хэдий нэг ч эдийн засгийн хямралаас үүдэн орон сууцны борлуулалт таг зогссон гэхэд хилсдэхгүй. Тиймээс “Эрин интернэшнл” болон ЧММ барилгын компанийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж буйг сурвалжиллаа.
“Эрин интернэшнл” компанийнхан 2013 оноос 2200 айлын орон сууц барьж эхэлжээ. Тэд II ээлжийн барилгаа барьж буй аж. Бетон зуурмагаа барилгынхаа хашаан дотор үйлдвэрлэж, салхивч, цонх зэргийг дотоодоосоо авдаг юм байна. Мөнгийг гадагшаа биш, дотооддоо үлдээх зорилготой ажиллаж буйгаа тус компанийн барилга хариуцсан инженер Н.Сосорбарам хэлэв.
Тэрбээр барилга барих газар олно гэдэг том бэрхшээл. “Манай компани өөрийн эзэмшил газартаа барилга барьж буй нь давуу тал болж байна. Сургууль, цэцэрлэг, банктай цогцолбор байгуулах юм. Хотын төвд барилга барих газар бага учраас автомашины зогсоолоос эхлэн зөв төлөвлөх хэрэгтэй.
Царцсан барилгуудыг сэргээхэд, хөнгөлөлттэй үнээр байр авахад улсаас иргэдэд дэмжлэг үзүүлээсэй. Бид барилгын материал болон чанарт анхаарч ажилладаг. Ханын амьсгалдаг цаас зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материал сонгодог. Одоогоор 600 айлын орон сууц барьснаас 70 хувийг нь борлуулаад байна” гэж ярив.
Үүний дараа бид 1996 онд байгуулагдсан, барилгын ууган компанийн нэг ЧММ-ыг зорив. Тэднийх нийслэл болон 13 аймагт инженерийн шугам сүлжээний томоохон ажил хийж гүйцэтгэжээ. Мөн 2010-2013 онд 266 айлын орон сууцыг Зайсанд барьж, ашиглалтад оруулсан байна. Барилгын салбар унаж буй дүр зураг ажиглагдаж эхэлмэгц буюу 2013 оноос тэднийх орон сууцны барилга бариагүй гэнэ.
Энэ тухайгаа тус компанийн дэд захирал З.Тамир “Засгийн газар болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлагуудын хийсэн судалгаанаас харахад орон сууц худалдан авах эрэлт их харагддаг. Гэвч нөгөө талд нь бид барьсан барилгаа борлуулж чадахгүй байна. Улсын төсвийн нэг их наяд төгрөгтэй тэнцэх хөрөнгө оруулалтыг барилгын салбарын зах зээлд банк болон аж ахуйн нэгж бий болгосон ч энэ нь царцанги, идэвхгүй байдалд байгаа. Зах зээл сонгодог утгаараа хөгжихгүй байна. Тиймээс орон сууцны барилга барихгүй, инженерийн шугам сүлжээ байгуулж байгаа. Манайхан барилгыг төгс дуусгадаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр орон сууцны дотоод засал чимэглэл гээд бүгдийг нь дуусгаад хүн амьдрахад бэлэн болгож, түлхүүр гардуулж өгдөг. Энэ нь үнэ өртөг их шингээдэг юм. Засал чимэглэлийн үйлдвэр Монголд хөгжөөгүй. Тиймээс сонголтоосоо хамаарч, орон сууцны үнийг хөөргөж байна. Гэтэл Хятад улс шалыг нь цутгаж, цементлээд, ханыг нь замаскадсан байр зарж байна. Үүнийг ам метрийг нь 800.000-1.000.000 төгрөгөөр борлуулбал хүмүүс шуураад л авна. Байрныхаа дотоод засал чимэглэлийг тухайн худалдан авагч өөрөө хийж, тохижуулах боломжтой. Энэ нь барилгын өртгийг бууруулах нэг шийдэл. Манай улс каркас, замаска, арматур, бетон зуурмаг, тоосго, хөнгөн бетон, цонх, хаалга гээд бүгдийг нь дотооддоо үйлдвэрлэж байна. Гэвч дотоодын үйлдвэрүүдийн материал өндөр үнэтэй учраас худалдан авахад хүндрэл үүсдэг. Үүнд Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо анхаараасай” гэж ярилаа.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Л.БАТЖАРГАЛ: 23 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ ЭЗНЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргалтай ярилцлаа.
-Урин дулааны улиралтай зэрэгцэн барилгын салбарынхны ажил эхэлдэг. Ашиглалтад оруулсан ч борлогдоогүй хэчнээн орон сууц байна вэ?
-Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Улаанбаатар хот болон орон нутагт нийт 29.462 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулсан. Эдгээрээс 7363 айлын орон сууц зах зээлд борлуулагдаагүй хүлээгдэж байгаа. Харин ашиглалтад ороогүй байгаа ч захиалга аваад эхэлсэн орон сууцнаас борлогдоогүй нь 15.845 байна.
Эндээс үзэхэд 23 мянган айлын орон сууц эзнээ хүлээж байна. Орон сууцны борлуулалтыг дэмждэг томоохон хөтөлбөр нь орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээл юм. Саяхан зогсоход хүрээд байсан уг зээлийг бид үргэлжлүүлэх гарцыг олж, өөрийх нь эргэн төлөлтөөс санхүүжүүлэхээр болсон.
-Гэр хорооллын иргэд орон сууцанд амьдрахыг хүсэж буй ч худалдан авч хүчрэхгүй байна. Эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй гэж харж байна вэ?
-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хямд өртөгтэй орон сууц үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж заасан. Үүний дагуу улс, орон нутгийн төсөв болон гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжаар, инженерийн шугам сүлжээний хөрөнгийг шийдвэрлэснээр орон сууцны барилга угсралтын зардлыг бууруулж, иргэдийн худалдан авах боломжийг нэмэгдүүлж байна.
Мөн Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж, гэр хорооллын иргэдийг орон сууцанд оруулж байгаа. Цаашдаа бид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдэд илүү анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Инженерийн шугам сүлжээ хүрэх бололцоогүй газруудад хэсэгчилсэн хангамжтай бичил дэд төвүүд байгуулна. Ингэснээр инженерийн шугам сүлжээг гэр хорооллын иргэдийн хашаанд ойртуулж өгнө.
-Барилгын чанар, аюулгүй байдалд анхаарахад яамны зүгээс ямар бодлого баримталж байна вэ?
-Монголын барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн төслийг 2017-2021 онд дөрвөн жилийн хугацаатай Японы ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороог Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар шинэчлэн байгуулсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний V зөвлөгөөнийг ирэх сард зохион байгуулна.
Мөн Барилгын тухай хуулийг дагалдан гарах Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журмыг ирэх сард батлуулах юм. Эдгээр нь батлагдсанаар барилгын салбарт гарах осол, аюулгүй байдлыг эрс бууруулахаас гадна барилгын талбайд ажиллаж буй ажилчдыг байнга дагаж мөрдүүлснээр хэрэгжилтийн хяналт сайжрах юм.
-Хашаандаа тохилог байшин барих иргэдэд санхүүжилт олгох талаар судалж байгаа юм уу?
-Өөрийн өмчлөлийн 0.07 га газартаа амины орон сууц барих тохиолдолд бага хүүтэй зээлд хамруулах төслийг БХБЯ-наас боловсруулж байна. Ипотекийн зээлийн хөтөлбөрт дэмжлэг болгох үүднээс Азийн хөгжлийн банкинд санал тавьж, нааштай хариу авсан.
Үүнд, 45, 65, 80-90 ам метр талбайтай, нэг загварын амины орон сууцны зураг гарган, магадлал хийх эрх бүхий байгууллагаар баталгаажуулан, арилжааны банкнаас тавьсан зохих шалгуурыг хангасан бол иргэд өөрийн 0.07 га газарт амины орон сууц барихад ипотекийн зээл олгох эхлэлийг тавих юм. Энэ төслөө Засгийн газарт танилцуулж, батлуулахаар ажиллаж байна.
-Ер нь барилгын салбар сэргэнэ гэж та харж байна уу?
-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийг сэргээх ажлуудыг тусгасан. Тэдгээрээс өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлнэ.
Мөн барилгын гол нэрийн материалын үйлдвэрийн төслийг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ер нь инженерийн дэд бүтэц, барилга, байгууламжгүйгээр бүтээн байгуулалтыг төсөөлөхөд бэрх.
Хүн ам өсөхийн хэрээр тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн зөв шийдэлтэй бодлого боловсруулж байх хэрэгтэй. Тиймээс орон сууцны барилгын хувьд ч, амины орон сууцны хувьд ч шинэ технологи, тоног төхөөрөмж, хямд, хэмнэлттэй шийдэл олохоор манай салбарынхан ажиллаж байгаа.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
Д.ЦЭРЭНЖИГМЭД: Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн, тогтвортой олгооч гэсэн санал тавьсан
Монголын барилгын үндэсний ассоциацын ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэдээс дараах зүйлсийг тодрууллаа.
-Монголын барилгын салбар хүндхэн нөхцөлд байна. Энэ байдлаас гарахын тулд юу хийх ёстой вэ?
-Сүүлийн 10 гаруй жилд барилгын салбар эрчтэй хөгжсөн. Нийслэл хотын өнгө үзэмжийг чимсэн олон бүтээн байгуулалт хийсэн. Харин Монголд нүүрлэсэн эдийн засгийн хямрал барилгын салбарынхныг чангааж, хүндээр нөлөөллөө. Үйл ажиллагаагаа зогсоосон аж ахуйн нэгж, эзнээ хүлээж байгаа орон сууц өчнөөн. Аж ахуйн нэгж, компаниуд томоохон бүтээн байгуулалт хийхдээ голдуу банкнаас зээл авдаг.
Гэтэл сүүлийн үед эдийн засаг хямарснаас компаниудад зээл олгохоо больсон. Орон сууцны борлуулалтыг дэмжиж олгодог байсан ипотекийн зээлийг ч өгөхөө байчихлаа. Үүнээс болоод орон сууцнууд эргэлтэд орохгүй гацчихаад байгаа. Иргэд ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгож байгаа гэдэг ойлголттой байх шиг.
Гэтэл энэ нь тийм ч өргөн хүрээг хамарч чадахгүй байна. Бараг зогссон гэж хэлж болно. Энэ үед бидэнд нэгдэж ажиллах шаардлага хүссэн, хүсээгүй тулгарлаа. “Манайд ийм материал (барилгын) илүү байна, танайд ийм зүйл бий юү” гээд солилцдог ч юм уу.
-Зарагдахгүй байгаа барилгуудыг эргэлтэд оруулахын тулд яах ёстой юм бол?
-Барилгын материал үйлдвэрлэгчдийг төр, засгаас нэлээд дэмжсэн. Үүний үр дүнд цемент, арматур, тоосго, хөөсөнцөр үйлдвэрлэлээр дотоодын зах зээлээ хангах хэмжээнд хүрлээ. Гэтэл одоо дэмжихээ больчихсон.
Энэ салбарыг зогсонги байдлаас гаргахын тулд нэн түрүүнд худалдан авагчаа дэмжих хэрэгтэй. Мөн барилгын материал үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдээ ч дэмжих нь чухал. Эсвэл эзнээ хүлээж буй барилгуудыг түрээсээр ашиглуулах нь зүйтэй.
-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах замаар барилгын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах нь танай байгууллагын зорилго. Энэ хүрээнд юу хийхээр төлөвлөсөн бэ?
-Манай байгууллага 150 гаруй аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэсэн. Өнгөрсөн хугацаанд чамгүй ажил хийлээ. Саяхан гэхэд л Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Яамны бодлого, тэндээс гарч буй эрх зүйн актад гишүүн компаниудынхаа саналыг тусгах, нөлөөлөх боломж бүрдлээ.
Мөн холбогдох байгууллагууд болон мэргэжилтнүүдтэй уулзаж, салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, ипотекийн зээлийг үргэлжлүүлж, тогтвортой олгоход анхаараач ээ гэдэг санал тавьсан.