Оюутан Буянбат өнгөрсөн жил “Манлай жолоо” автосургуулийн жолооны курсэд суужээ. Тэр төгсөх анги учраас диплом бичих, бусад хичээлийнхээ шалгалтад бэлдэх гээд бишгүй ажилтай байв. Бас аавынхаа компанийн бичиг, цаасны ажилд туслах үүрэгтэй. Гэвч ээж, аав нь “Завтай үедээ сурна гэж хойшлуулсаар байвал бүтэхгүй, амжуулах л хэрэгтэй” гэж ятгасаар түүнийг ийнхүү жолооны дамжаанд явуулчихаж.
Нэгэнт төлбөрийг нь өгчихсөн болохоор тэрбээр сургалтдаа бүрэн сууж, сайн жолооч болохыг эрмэлзэвч санаснаар нь болсонгүй. Алдаг оног суусаар нэг л мэдэхэд 45 хоног дуусчээ. Ингээд тэр замын хөдөлгөөний дүрмийн тестүүдийг ба, бэгүй цээжилж, дром дээр багагүй бэлтгэл хийсний дүнд шалгалтаа давж, жолооны үнэмлэхээ түвэггүй авчихаж. Үүнээс хэдхэн хоногийн дараа Буянбат эгчийнхээ “Приус 10” маркийн машинтай явж байгаад өөр машинтай мөргөлдөж (цементэн зам дээр хальтарснаас), осол гаргажээ.
Азаар хэн нэгэн гэмтэж, бэртээгүй боловч тэр багагүй төлбөрт унасан байна. Одоо ч тэр өөрийгөө жолооч болсон гэж хүлээн зөвшөөрдөггүй аж. Тэрбээр “Хэдхэн удаа жолоо бариулж, тест бөглүүлээд жолооч болчихдоггүйг ойлгосон. Хэд хэдэн удаа осол гаргаж, хаширлаа. Сүүлдээ бүр жолоо барихаар гар чичирдэг болчихдог юм билээ.
Хамгийн сүүлд Улаанбаатараас Дархан-Уул аймаг руу найман цаг хэртэй явж хүрсэн гээд бод” хэмээн ярьсан. Түүн шиг жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэх авсан ч өөрийгөө жолооч болсон гэж үздэггүй, эзэмшсэн чадвартаа сэтгэл хангалуун бус хүн хэр олон бол.
Монголд зам, тээврийн осол, зөрчил гаарч, үүний улмаас гэм буруугүй олон хүний амь эрсдэж буйг гэрчлэх баримт хангалттай бий. Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг ч дийлэнх тохиолдолд хэн нэгэн жолоочийн буруутай үйлдлээс үүдэлтэй байдаг. Тэр бүрт бид муу л бол хойд захын хар овоохой гэгчээр жолооч нарын хариуцлагагүй, бүдүүлгийг гайхаж, буруутгах нь түгээмэл. Гэвч тэдгээрийг сургаж, бэлтгэдэг автосургуулиудын талаар тэр бүр хөндөж, дуугаралгүй өдий хүрсэн. Үүний уршгаар манай орон Буянбат шиг хариуцлагагүй, муу жолооч, чанаргүй сургалтттай авто сургуулиудаар дүүрэв.
Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвөөс авсан мэдээллээр өдгөө Монголд 326 автосургууль бий гэнэ. Үүний 192 нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж. Эдгээр нь жилд 50-60 мянган жолооч бэлтгэдэг юм байна. Ийм хэмжээний тоотой автосургууль жолооч бэлтгэж байна гэдэг бас ч гэж боломжийн үзүүлэлт. Гэвч тэдний сургалтын чанар хангалтгүй байгаад л хамаг учир бий.
Дром болон дүрмийн хичээлд хагас дутуу суух нь битгий хэл ганц ч удаа очоогүй атлаа жолооны үнэмлэх авчихсан хүн ойр орчимд минь хүртэл байна. Тэд “Дүрмээ мэддэг байхад заавал суух шаардлагагүй, цаг хэмнэх гээд суугаагүй” хэмээн тайлбарладаг. Цаг завгүй учраас байсхийгээд л дүрмийнхээ хичээлийг тасалчихдаг байсан Буянбатад ч багш нар нь юу ч хэлдэггүй байсан гэнэ лээ.
Гэвч тэр суугаагүй цаг бүртээ тэдэнд мөнгө төлсөн. Эрдэнэт хүний амь хариуцаж явдаг учир жолооч нар эмчээс дутахгүй хариуцлагатай байх ёстой. Гэтэл суралцагчид нь ч, хичээл зааж буй багш нь ч үүнийг умартчихдаг нь харамсалтай. Автосургуулиудын сургалтын чанарт хяналт тавих ёстой гол байгууллага нь БСШУСЯ.
Автосургуулиуд сургалт явуулахад тохиромжтой орчин бүрдүүлж чадсан, эсэх, замын хөдөлгөөнд оролцогчид зайлшгүй эзэмших ёстой мэдлэг, ур чадварыг олгож байна уу гэдгийг тэд хянах үүрэгтэй. Өмнө нь Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв үүнд санаа тавьдаг байсан ч 2015 онд аттестатчлал явуулснаар ийнхүү чиг үүрэг нь солигдож, БСШУЯ (хуучнаар)-ны дэргэд Автосургуулиудын сургалт, арга зүйн төв байгуулсан аж. Гэвч уг төвийн үйл ажиллагаа жигдрээгүйгээс хяналт тавих үүргээ гүйцэтгэж чаддаггүй гэнэ.
Мэргэжилтнүүд нь “Удахгүй үйл ажиллагаа жигдэрчих байх” хэмээж сууна. Тэднийг ийн мунгинаж байх зуур автосургуулиуд хуульгүй мэт аашлан, дураараа дургисаар. Харин Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв суралцагчид хэр сайн жолооч болсон бэ гэдэгт анхаарал хандуулах ёстой аж. Өөрөөр хэлбэл, жолооны сургалтад хамрагдсанаар тухайн хүн юу сурсан бэ, хичээлдээ бүрэн суусан уу гэдгийг хянадаг.
Лицензийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Пүрэвдорж “Манай сургуулийн сургалтад иргэн тэр тэр хамрагдаж байна гэсэн мэдээллийг автосургуулиудаас бидэнд ирүүлдэг. Бид тухайн хүнийг сургалтдаа үнэхээр сууж байгаа юу, үгүй юү гэдгийг гэнэтийн шалгалтаар хянадаг” гэв. Тэд үе үе жолооны сургалтын төвүүдэд гэнэтийн шалгалт хийдэг ч ямар зөрчил байгааг тэр бүр олж харах боломжгүй. Учир нь, дүрмийнхээ хичээлийг үргэлж тасалдаг нэгэн азаар гэнэтийн шалгалттай өдөр хичээлдээ сууж таарвал сайн сурагч гэсэн үнэлгээ авна.
Харин хичээлдээ үргэлж суудаг нөгөө нэг суралцагч ганцхан удаа тасалсныхаа балгаар хичээлдээ суудаггүй нэгэн болж хувирах магадлалтай. Автосургуулиудын үйл ажиллагаанд тавьж буй хяналт ердөө энэ гэнэтийн шалгалтаар хязгаарлагдаж байна. Ийм байхад тэдний сургалт хэр зэрэг үр дүнтэй, бэлтгэсэн жолооч нарын ур чадвар ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Жолооны сургалтад хамрагдсан цөөнгүй иргэнээс ийм шалгалтад өртсөн, эсэхийг асуухад олонх нь үгүй гэж хариуллаа. Тэд үнэхээр хяналт тавьдаг уу.
Нийслэлд өдөрт дунджаар 300 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд 200 орчим осол, зөрчил бүртгэгддэг гэсэн статистик бий. Цаашид ч энэ тоо өсөж, автозамын ачаалал нэмэгдэх биз. Тэр хэрээр жолооч нар замын хөдөлгөөнд илүү болгоомжтой оролцож, дүрмээ баримтлах шаардлагатай. Үүсэж болох эрсдэлээ бодсон ч тэр. Тиймээс жолооч бэлтгэх сургалтыг сайжруулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хяналт тавих ёстой. Сургалт явуулдаг багш нараас нь ч шалгалт авахад гэмгүй.
Хоёр жилийн өмнө Замын цагдаагийн газрынхан автосургуулиудын багш нараас шалгалт авахад 40 хувь нь бүдэрсэн гэнэ лээ. Хорин асуултны 10-д нь буруу хариулсан багш ч цөөнгүй байсан гэдэг. Одоо ч ийм багш нар бийг үгүйсгэх аргагүй. Онолоор нэгийг дадлагаар хоёрыг гэдэг. Замын хөдөлгөөний дүрэм хэдий чухал ч түүнээс илүү зүйл нь техник эзэмших ур чадвар. Гэтэл автосургуулиудын хотын замд болон дром дээр хийлгэдэг дадлага тийм ч хангалттай биш. Жолоодлогын дадлага хийх машин хүрэлцээгүйгээс нэг хүнд ногдох хугацаа нь ч бага байдаг гэнэ.
Тийм учраас сүүлийн үед хүмүүс VIP буюу ганцаарчилсан сургалтад их суух болжээ. Ийм сургалтын зардал ердийнхөөс 2-3 дахин өндөр атлаа тийм ч үр дүнтэй байдаггүй гэнэ. Харин ч ахиу мөнгө төлсөн хүмүүсээ юу сурсныг нь бус, шалгалтад нь яаж ийгээд тэнцүүлээд жолооны үнэмлэхийг нь хурдан гаргаж өгөхийг л боддог гэнэ. Ийм нэгэн автосургуулийн төгсөгч Б.Номин л гэхэд эл сургалтад хамрагдсан ч дүрэм, дромныхоо шалгалтад аль алинд нь унажээ. Тэд сургалтаа хэрхэн сайжруулах биш, хэрхэн ахиу мөнгө олох вэ гэдэгт анхаарч буйн жишээ энэ.
Хэн нэгний ашиг хонжоо олох бизнес болоод буй жолооч бэлтгэх сургалтыг үнэ төлбөргүй болгож, замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдалтай холбоотой мэдлэгийг ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт оруулж, хүүхдэд багаас нь эзэмшүүлбэл хэн нэгний хариуцлагагүйгээс үүдэлтэй осол, зөрчлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Үгүй юм гэхэд тээврийн хэрэгсэлтэй болгоомжтой харьцаагүйн улмаас ямар хор хохирол амсах вэ гэдгийг ухааруулах хэрэгтэй. Тэгвэл ядаж л жолооны сургалтад бүрэн сууна. Өөрийгөө хуурч, өрөөлийг хохироохгүй.