Д.ГАЛ
Аливаа аялал өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй. Эхэндээ ч, эцэстээ ч тэр. Нөгөө талаас чиний өмнө юу хүлээж буйг тааварлахын аргагүй байдгаараа ямар ч аялал гайхалтай л даа. Товчоор хэлбэл, тайлж үл чадах оньсого шиг л байдаг. Ер нь хаа нэг тийшээ зорихын өмнөх шөнө эргэж хөрвөөгөөд л дэн дун нойртой хонох нь элбэг. Хүн бүхэн л тийм байдаг бололтой юм билээ.
Ялангуяа, урьд нь очиж байгаагүй, зөвхөн ном, сониноос унших төдий газрын зүг явна гээд бодохоор сэтгэл бүүр ч их догдолно. Ингэхэд аяллын төгсгөлд юу үзэж харсан, ямар адал явдал тохиолдсон нь сонин биш, харин ажил амьдралын ачаалал, ядаргаа, их хотын үймээн шуугиан зэргийг түр ч атугай орхисон нь хамгийн том олз байдаг юм.
Мөн ямар ч аялал хэзээ ч мартагддаггүй бөгөөд сэтгэл зүрхэнд үүрд хадагддаг. Тэрчлэн аян замын явцад бид хэн нь хэн бэ гэдгээ маш сайн таньж авдгаараа онцлогтой. Хэдийгээр хожим тэгсэн бол, ингэсэн бол гэх сэтгэгдэл төрдөг ч тухайн аялал дараачийнхаа өдөөгч төдийгүй сургамж болдог.
Тэгвэл сэтгүүлч миний биед аз тохиож, хилийн 0151 дүгээр ангийн ажлын бүлэгт багтсанаар аялах замын харгуй аглаг тайгын гүнд орших хилийн бяцхан застав Минжийн зүг зурайсан юм. Энэ томилолт миний хувьд аялал, харин хилчдийн хувьд хахир өвлийн хатуу ширүүн уур амьсгал болоод хүний нутгийн хэцүү бэрх замд өөрсдийгөө техниктэйгээ хамт сорих өвөрмөц нэгэн шалгалт байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.
АГЛАГ ТАЙГЫН ДАЙДАД ОРШИХ МИНЖИЙН БЯЦХАН ЗАСТАВЫН ЗҮГ
Миний Монголд хамгаалалтгүй хил буюу эзэнгүй газар гэж байдаггүйн нэг жишээ нь буурал Минжийн зэлүүд тайгад орших хилийн бяцхан застав. Салхи ч үл нэвтрэх шивэр их тайгын дунд орших сүрлэг уулсын бяцхан чөлөөнд бууриа зассан хилийн энэ хотхон Монгол Улсынхаа тусгаар тогтнолын баталгаа болох дархан хилийн торгон шугамаар хүрээлэгдсэн газар нутгийнхаа аюулгүй байдлыг ан амьтан, өвс ургамалтай нь хамгаалж зогссон түүх гэвэл 290 жилийн өмнөөс эхтэй.
Тэр нэгэн цагт Буурын гэгдэх гэрээгээр боссон 33 овооны нэгийг Минжийн цэнхэр хангайн бэл хормойн энэ хэсэгт босгосноор миний нутгийн хойд захын хязгаарыг тогтоож өгчээ. Ингэхэд Хан Хэнтийн уулсын Минжийн хангайн их тайга хаанаас эхэлж, чухам хаана хүрч хаяа зах нь дуусдагийг хэн ч үл мэднэ.
Гагцхүү Өлгий шатан, Заан тэрэлж, Асралт хайрхан, Бурхан халдун гэж үргэлжлээд Монголын хилийн дээсийг давж Оросын нутаг руу ороод сураг алдардаг. Бие битгий хэл гараа шургуулах зайгүй шахам ширэнгэ, хөл тавих газаргүй асга хад, гатлахын аргагүй гол горхи, намаг балчиг, анаж отох араатан гээд үнэхээр аавын хүүгийн зориг чадал, анчин эрсийн авхаалж самбаа сорьдог газар бол энэхүү Минжийн хангай хэмээн онцолдог билээ.
Чухамхүү энэ л хэсгийг манай эрэлхэг хилчдийн сор нь болсон охид, хөвгүүд хамгаалдаг. Энэ зүг өвөлдөө мөрөн голууд сайн хөлдсөн бол Оросын нутгаар дамжиж машин тэргээр хүрэх нэгэн боломж бий. Тэр боломж нь долоо хоногоор хэмжигдэнэ.
Түүнийг л тааруулахгүй бол ганцхан хоногийн дотор таван метрийн гүнтэй гол мөсөн баринтгаа тайлж, машин техник Минжид дараачийн өвөл хүртэл “барьцаалагдах” аюул тулгарна. Харин бусад цагт энэ заставын хангалт, үйлчилгээг шаардлагатай үед зөвхөн нисдэг тэргээр хүргэдэг онцлогтой билээ.
Миний бие өөрийгөө тун азтай хүний тоонд багтаах нэгэн шалтгаан бий. Яагаад гэхээр насаараа Хил хамгаалах албанд зүтгэсэн олон мянган ахмад, тэр ч бүү хэл одоо үеийнхэн Минжийн заставт алба хаах юмсан, ядаж л түүнийг үзэх юмсан, аз дутаад амжсангүй дээ гэх харамсал гэх нь хаашаа ч сэтгэл дундуур өгүүлэх яриаг тун их сонсчээ.
Тэгвэл миний бие эзэнгүй арал дээр орших мэт орон зайн хувьд хязгаарлагдмал, энэхүү гайхамшигтай нутгийн хилээ хамгаалах заставт хоёр дахь удаагаа хөл тавилаа. Үүний өмнө өдгөөгийн бригадын генерал Ж.Бямбасүрэнгийн бүлэгтэй 2013 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатараас гараад гурав дахь хоног дээрээ Минжийн заставт очиж байв. Харин энэ удаа газарчлах ёстой Оросын хилчид хоёрдугаар сарын 9-нөөс хэтрэхгүй ирэх саналыг манай талд тавьжээ.
Минжийн застав аа гэж. Нэрийг нь сонсоход л сэтгэл гэгэлзээд, цаг мөч урагшаа явж өгөхгүй зовоох. Яг улирлын амралт дөхөөд ирэх үеийн сумын сургуулийн дотуур байрны гэрээ санасан хүүхэд шиг болчихдог юм. Энэ удаа туршлагатай нэгний хувьд юуны өмнө ханиад томуу тээгээд аваачих вий гэсэндээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ тун сайн авлаа.
Аарц энэ тэр тогтмол ууж, эм тан ч хүртэв. Бас тэдэндээ өгөх хамгийн том бэлэг ном гэдгийг мэдэх учир хэр хэмжээндээ л хэрэгтэй болов уу гэснээ цуглууллаа. Сэтгүүлч болоод зохиолч найзууд маань тусалъя гэсэн боловч цаг тулгамдуу байсан тул тэр бүрийг нь очиж авч чадсангүй.
Энэ удаа өөрийнхөө харьяанд байдаг Минжийн заставт машин техник хүргэж өгөх, тэндээс зарим нэг засварлах ёстойг нь татаж авчрах, хүнс хэрэглэлийн хангалт хийх ажлын бүлгийг Хилийн 0151 дүгээр ангийн захирагч, хурандаа Н.Ганболд ахалж, бүрэлдэхүүнд нь хошууч М.Нямдаваа, хошууч Ж.Батболд, хошууч М.Ганбаатар, бэлтгэл дэд хурандаа Ш.Отгонбаяр, бэлтгэл дэд хурандаа Г.Аръяахүү, эмч ахмад Г.Оюумаа, ахлах ахлагч Г.Золжаргал, ахлах ахлагч Г.Баттөр, бэлтгэл ахлагч Ё.Түвшинтөгс нар орсон юм.
Тэд хүчирхэг хоёр КАМАЗ, нэг “ГАЗ-66,” жийп машинтай гарцгаалаа. Мөн урьд өмнө энэ маршрутаар олон удаа явж, үхэхээс бусдыг үзсэн гэх бэлтгэл офицер, ахлагч нараас авчээ.
“УЛААН” ДАМААГААС “ХАР САХАЛТ” МАШУУЗ ХҮРТЭЛ
Минжийн хангайн хязгаар нутгийг амгалан тайван амьдрал мөнхөд ноёрхох ер бусын ертөнц хэмээн та бүхэн бүү ойлгоорой. Аюул эрсдэл алхам тутамд чинь анаж байдаг газар гэвэл дэндүү зөөлдөж ч магадгүй нутаг. Анчин гөрөөчин, араатан жигүүртэн, оргодол зуйгуулууд хаана нь, юу ч хийгээд явж болзошгүй, таахын аргагүй орчин гэх байна. Ер нь үлгэр домог шиг үүх түүхээр энэ тайгын амьдрал баян. Анчдын адал явдал дүүрэн, арааны хар шүлс асгармаар амттай яриаг та бүхэн лавтай олон удаа сонссон байх.
Наад зах нь зохиолч Д.Наваансүрэн гуайн “Минжийн хангай” хэмээх романаар энэ хавийн байгаль дэлхийг төсөөлдөг байлаа шүү дээ. Яагаав, “Улаан” Дамаа хэмээх шилийн сайн эр энэ тайгад нуугдан ноёд баячуудтайгаа тэмцэлддэггүй юу. Түүнээс хойши үед ч энэ тайга гадна төрх шигээ амар амгалан байгаагүй бололтой.
Тухайлбал, Америкийн сэтгүүлч Уэйн Мэдсений нэгэн тэмдэглэлд 1950 оны эхээр Буриадад бослого гарч, бидний зам зуур дайран өнгөрөх Чикой болоод Орхон голын хөндийд цус асгаруулсан тулаан болж асан тухай бичсэн байв. Үнэн худлыг ёстой чөтгөр бүү мэд. Ямартай ч сенсаац хөөдөг хэмээн шүүмжлүүлэх нь элбэг нөхөр л дөө. Тэрбээр хүйтэн дайны үеийн АНУ-ын Тагнуулын төв газар архивын нууцлалаасаа хассан материал хэмээгээд 1952-1953 Буриад, Монголын хилийн ойролцоох районд ийм явдал болсон гэжээ.
Ингээд “Intellofax” хэмээх энэ баримт бичигт 1953 оны хоёр, гуравдугаар сард Буриад-Монголын автономит улсын хилийн хэсэгт монголчууд бослого гаргасан тухай дэлгэрэнгүй өгүүлээд Америкийн ТТГ ч Орос, Монголын харилцааг муутгахын тулд энэхүү үймээнийг дэмжсэн үйл ажиллагаа Монгол Улсад нууцаар явуулж байсныг дурджээ. Мөн 1953 оны хоёрдугаар сарын эхээр Монголын талаас Чикой голын хэсгээр зэвсэглэсэн бүлэг орж ирэн Оросын хилийн пост руу довтолж, 20 цагдаагийн амийг хороосон бөгөөд тэд Монголын армиас зугтаасан буриадууд, Монголтой хил залгаа Тувагийн автономит мужийн уурхайнуудад ажиллаж байсан хоригдлууд байсан гэжээ.
Энэ бүлэглэлийг америкчууд яагаад дэмжиж байсан бэ гэхээр тэр үед Мексикийн нутаг дэвсгэр дээрх дээрмийн бүлгүүд Техасын эсрэг байн байн дайрдаг байсан, тэднийг Зөвлөлтийнхөн дэмжиж асны хариу гэжээ. Тэрчлэн 1953 оны гуравдугаар сарын эхээр энэ бүлэг Чикойн орчмоор хил нэвтрэн ирж, Орхон голын дагуу Улаан-Үдээс Улаанбаатар орох замд орших Зам засварын бааз руу дайран, тэнд ажиллаж асан 200 орос хоригдлыг элсүүлсэн төдийгүй тулгаралтын үеэр Оросын цагдаа Цыжинов алагдсан тухай өгүүлсэн байлаа.
Ямартай ч энд тайван амгалан амьдрал 1950-иад оны үед л лав байсангүй гэлтэй. Хэдийгээр америкчууд, Америкийн сэтгүүлчид сенсаац дэгдээх хообийтой ч бас ч үнэний голтой зүйл бичдэг тал бий. Бас эрхэм Мэдсен энэ бүгдийгээ Хятадын тагнуулын албаны мэдээгээр баталгаажуулсан гэсэн байна билээ. Бидний хувьд итгэхэд бэрх ч ардчилсан хувьсгалаас хойш олон зүйл шинээр тодорч, санаанд оромгүй зүйлс ил гарах болсон тул бас гайхахгүй байх нэгэн нөхцөл бий бөлгөө.
Минжийн хангай зөвхөн шилийн сайн эр “Улаан” Дамаагаараа алдартай бус. Өөр домог шиг түүх дурсамж олон бий. Ялангуяа “505”-ынхан буюу дэлхийн II дайны дараа Монголд төмөр зам тавьж байсан Оросын цэргийн хоригдлуудтай холбоотой түүх олон байдаг. Ингэхэд хоригдлуудын “505” дугаар ангид асар том хоёр шоронгийн 80 мянган хоригдол байсан гэдэг юм.
Энэ ангийг хошууч генерал Ф.А.Гвоздевский удирдаж, орлогчоор нь дэд хурандаа Д.В.Успенский, Ерөнхий инженерээр нь Н.К.Гельнер нар ажиллаж байжээ. Энэ ангид цэргийн болоод улс төрийн гэмт хэрэгтнүүд, шүүхээр шийтгэгдсэн иргэд, коммуныг эсэргүүцсэн баячууд, эх орноосоо урвагчид, дайсны талд ажиллаж байсан иргэд, мөн эрүүгийн архаг гэмт хэрэгтнүүдээс гадна армийн генерал Власовын Оросын чөлөөлөх арми гэгчийн 3000 цэрэг байсан гэдэг юм.
Тэд 1948 оноос 1955 оны хооронд Сэлэнгээс Улаанбаатар хүртэл 1080 километр төмөр зам тавьж, дараа нь Хэнтийн Цэнхэрмандал суманд гянтболдын уурхай, Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр зэргийг барьжээ.
Үргэлжлэл бий.