Улаанбаатар хотын төвд V-VI, VII-VIII, IX-X, XI-XII ангийн хичээлийг хамтад нь заадаг “Саруул ирээдүй” гэх хувийн сургууль байсан гэвэл та итгэх үү. Сайхан нэртэй ч, саруул ирээдүйг бүтээх учиртай хүүхэд, багачуудын эрдэм боловсролоор “тоглосныхоо” төлөөсөнд эцэг, эхчүүдээс нь төлбөр авдаг ийм завхарсан сургууль Монголд цөөнгүй байгаад итгэхээс өөр аргагүй болжээ.
Тав, зургаагийнхан нь нэг дор, долоо, наймдугаар ангийн сурагчид нь хамтдаа, ес, арвынхан мөн цугтаа, арваннэг, арван хоёрдугаар ангийнхан бөөнөөрөө нэг танхимд хичээллэдэг байсан тус сургуулийг 2014 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан шалгаад, үйл ажиллагааг нь зогсоосон байна. Тус газрын Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч А.Мөнхзаяагийн хэлснээр 2015 онд “Цахим эрин”, “Чин хур”, “Шонхор”, “АБЦ” зэрэг сургууль мөн л ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөө, баталж өгсөн норм стандартыг хэрэгжүүлдэггүй байсан тул тусгай зөвшөөрлийг нь цуцалжээ.
Чингэлтэй дүүрэгт байрлаж асан “Чин хур” сургууль гэхэд л бага, дунд, ахлах ангийн суралцагчдаасаа том, бага гэж ялгалгүй 950 мянган төгрөгийн төлбөр авдаг хэрнээ тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохирсон боловсрол олгодоггүй байж.
Багшлах боловсон хүчин дутмаг, анги танхим хүрэлцээгүй, янз бүрийн туршилт, дадлага хийх тусгай кабинет байдаггүйгээс болоод төлөвлөгөөний дагуу хичээл ордоггүй гэх нийтлэг дутагдал Монголд үйл ажиллагаа явуулж буй хувийн 148 сургуулийн олонход нь байдаг. Хүүхэд залуусын орон гэгддэг хэрнээ сургууль, цэцэрлэг нь хаанаа ч хүрэлцдэггүй манайх шиг улсад төрийн нуруун дээрх ачаанаас үүрэлцэж буй хувийн сургуулиудыг адлах гээгүй ч тэнд сурдаг 30-аад мянган хүүхдийн эрхийг энэ мэтээр зөрчиж байгаа бол энэ нь тус биш, ус л болно.
Монголын боловсролын системд шинэчлэл хийх зорилготой, Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг гуравхан лаборатори сургуулийн хоёр нь болох “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” өнөөг хүртэл биеийн тамирын танхимгүй байгааг зөвтгөх шалтгаан үнэндээ олдохгүй байна. Хүүхдэд оюун ухаан, бие бялдрын өв тэгш хөгжил олгохыг нэн тэргүүнд чухалчилдаг барууны хөтөлбөрийг эх орондоо нутагшуулна гэчихээд ачир дээрээ ийм байвал хоосон хэлбэр төдий шинэчлэл болно.
Боловсролын хүрээлэнгийн сургалтын хөтөлбөрийн судалгааны секторын ахлах мэргэжилтний хэлснээр манай хувийн сургуулиуд хоёр байдлаар хүүхдийн эрхийг зөрчидгийн нэг нь дээрх жишээ. Харин хоёр дахь нь хүүхдүүдэд хэт их ачаалал өгч, хичээл, гэрийн даалгавраар “бөмбөгддөг” явдал. Миний л мэдэхээр хэд хэдэн хувийн сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид аль Шинэ жилийн баяраас өмнө 35 үсгээ нүдэлж дуусгаад, бүр үсэглэлийн баяраа хийчихсэн.
Өдгөө тэд 3-4 үетэй үг цээжээр бичиж, 100-гийн дотор нэмж, хасаад явж буй. Гэтэл улсын сургуулиудын зургаан настнууд одоо хүртэл үсгээ үзэж дуусаагүй л байгаа. Үүнийгээ “Бид БШУ-ы сайдын 2014 оны 240 дүгээр тушаалаар батлагдсан Бага боловсролын сургалтын төлөвлөгөөний дагуу явж байгаа” хэмээн тэд тайлбарлав. Энэхүү тушаалд зааснаар бол нэгдүгээр ангийн сурагчдын өдрийн ачаалал дээд тал нь 4.5 цаг (нэг цагийн хичээлийг 35 минутаар тооцсон) юм билээ.
“Олонлог” сургуулийн бага ангийн сургалтын менежер бүсгүй “Манайх бусад сургуулийг бодоход харин ч хүүхдүүдэд хэт их ачаалал өгдөггүй. Хувийн зарим сургуулийн зургаан настнууд өдгөө хоёрдугаар ангийн хичээлээ хэдийнэ үзээд эхэлчихсэн байгаа. Бид хүүхдүүдээ тэгж айхтар шахахыг боддоггүй. Сурагчдаа элдэв янзын олимпиадад амжилттай оролцуулах гэж хэтэрхий их шахаж, сэтгэл зүйн дарамтад оруулдаг сургууль өнөөдөр бишгүй. Хүүхэд уралдааны морь биш шүү дээ” хэмээсэн нь нэгийг бодуулна.
2015 онд батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сургалтын шинэчилсэн төлөвлөгөөгөөр наймдугаар ангийн сурагч өдөрт долоон цаг (нэг хичээлийн цагийг 40 минутаар тооцсон) хичээллэх ёстой юм билээ. Гэтэл “British School”, “Орчлон” гэх мэт “томчууд”-аас эхлээд “Сант”, “Логарифм”, “Шинэ Монгол”, “Олонлог” зэрэг дундаж төлбөртэй хувийн сургуулиудийн хичээлийн хуваарийг харахад бүгд 08.00-16.30 цагийн хооронд тасралтгүй хөтөлбөртэй байдаг аж.
Дээрээс нь нөгөө элдэв янзын олимпиадуудынх нь тов гарвал хүүхдүүдийг жинхнээсээ “махалж” орхидгийг олон эцэг, эхчүүдийн амнаас сонсож байв. Гагцхүү тэдгээр нь наймдугаар ангийн хүүхдийн эзэмшвэл зохих ерөнхий эрдмийн мэдлэгийг өгөхүйц төлөвлөгөөний дагуу хичээллэдэг үү гэдэг эргэлзээтэй. Тэгэхээр нээрээ л амьтны учир мэдэхгүй балчир үрсээр хувийн сургуулиуд карьер хөөж, тэднийг мөнгө олох нэг хэрэгсэл болгон “зоосны нүхээр” хардаг болчихсон юм биш байгаа.
Монгол Улсын нутаг дэвсгэрт сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагад хамаарах учиртай дээрх тушаал төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудад яагаад харилцан адилгүй хэрэгжиж буйд хариулт өгөх газар алга. БСШУСЯ-ны газрын дарга эмэгтэй “Бага, дунд, ахлах ангийн сургалтын төлөвлөгөө гэж бий. Тэнд хүүхдийг хэдэн насанд нь, ямар хичээл, хэдэн цагаар үзүүлэх тухай заасан байгаа. Гэрийн даалгаврын цагийг ч тооцож гаргасан байдаг.
Үүнийг мэдэж байвал эцэг, эхчүүд “Энэ сургууль манай хүүхдэд заах ёстой хичээлээ орохгүй байна”, эсвэл “Эднийх сурагчдадаа хэтэрхий их ачаалал өгөөд байна” гэж мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргах эрхтэй. Тэр дагуу нь шалгаад, үнэхээр боловсролын тухай хууль тогтоомж, норм стандарт зөрчсөн байвал арга хэмжээ авна” гэдгээс илүү тоймтой зүйл хэлсэнгүй. Өөрөөр хэлбэл, эцэг, эхчүүд өөрсдөө л хүүхдийнхээ хичээлийн хөтөлбөр, цагийн ачаалалд хяналт тавьж, шаардлага гарвал холбогдох байгууллагад гомдол мэдүүлэхээс нааш хөшигний цаадах бодит төрх ил гарахгүй гэсэн үг.
Гэтэл нийслэлийн Боловсролын газар хийгээд мэргэжлийн хяналтын байгууллагын аль алинд нь өнөөг хүртэл эцэг, эхчүүдээс ирсэн гомдол тун цөөн байдаг гэнэ. Мэргэжлийн хяналтын байцаагч нар л хамгийн эрсдэлтэй гэж үзсэн хэдхэн сургуулийг цоолдон, жилийн төлөвлөгөөт шалгалтдаа хамруулдгаас өөр тогтмол хяналт гэж энэ салбарт алга. Улсын сургуульд сурдаг хүүхдүүд “маанаг”, манай хувийн сургуулийн сурагчид тэднээс түрүүлж хичээлээ үздэг, цовоо цойлгон гэдэг ойлголтыг эцэг, эхчүүд өөрсдийн төлсөн мөнгөөрөө “худалдаж авдаг” учраас гомдол гаргах тухай огт боддоггүй бололтой.
Адаглаад хувийн сургуулиудыг улсаас нэгдсэн стандартаар баталсан сурах бичгээр хичээлээ заахыг шаардаж болдоггүй юм уу гэж эцэг, эхчүүдээс асуумаар санагдана. Өнөөдөр захын нэг хувийн сургууль сурах бичгээ өөрөө захиалж хэвлүүлээд, сурагчдадаа шахдаг, тэр нь маш их алдаатай байх болсныг аав, ээж нар яриад л байдаг хэрнээ яагаад үр хүүхдийнхээ төлөө дуугардаггүй юм бол.
“Хувийн сургуулиуд сурлага сайтай ганц нэгхэн хүүхэдтэйгээ ажиллаад, бусдыг нь хайхралгүй орхидог юм шиг санагддаг. Тэгсэн мөртлөө багшаас нь асуухаар “Танай хүүхэд сайн байгаа” л гэдэг. Үнэндээ хэр сайн байгааг нь мэдэх арга байдаггүй” хэмээн “School police” хийж байсан нэгэн аав өчигдөр ярина билээ. Хоёр том хүүхдээ улсын сургууль төгсгөсөн тэрбээр бага хүүгээ хувийн сургуульд өгсөн шийдвэртээ эргэлзэж эхэлснээ нуугаагүй.
Ардчилсан улсад, сургууль хүрэлцээгүй Монголд хувь, хувьсгалын гэж сургуулиудыг алагчлах нь утгагүй хэрэг. Мөнгөтэй хүмүүс лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд бас хамаагүй л дээ. Гэвч мөнгөний ихийг, хүүхдийн сорыг шилж сонгож авчихаад, ерөнхий эрдмийн хичээлийн наад захын мэдлэг олгохгүй, гадаад хэл сургахаас хэтрэхгүй тийм сургуулиуд байвал шалгаж, арга хэмжээ авах учиртай сан.
Нөхөр нь хувийн цэцэрлэг байгуулж, овоо ашигтай болохоор нь амташсан хэрээ 13 дахина гэгчээр дэргэдээ хувийн бага сургуультай болж, захирлаар нь тогооч мэргэжилтэй эхнэрээ тавьдаг гажиг тогтолцоо Монголд бий болчихоод буйг боловсролын салбарт 47 жил ажилласан ахмад багш толгой сэгсрэн ярьж сууна.
Бага, дунд боловсролын тухай хуульд сургуулийн захирлыг томилохдоо мэргэжлийн, бас ажлын туршлагатай хүнийг тавих тухай заалт оруулах гэж хөөцөлдөөд бүтэхгүй байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын боловсролын хяналтын улсын ахлах байцаагч А.Мөнхзаяа учирласан. Ирээдүй хойчийнхоо эрдэм боловсролд үнэхээр л санаа тавьдаг улс юм бол иймхэн зүйл заалтыг хуульдаа оруулахаас юунд цааргална вэ.
Хүнийг ямар хүн болж төлөвших вэ гэдэг суурийг нь тавьж өгдөг ерөнхий боловсролын сургуулиуд ашиг хонжоо харж, алс ирээдүйгээ золиослох учиргүй.