Айдаст автсан үед алтанд хөрөнгө оруулдаг. Алт нь хамгийн найдвартай хэрэгсэлд тооцогддог онцлогтой учраас тэр. Дэлхийд геополитикийн болон санхүүгийн хямрал нүүрлэхэд шар металлд хөрөнгө оруулсан, эсвэл бодитоор нь эзэмшиж буй хүн илүү хожсон байдаг. Ойрын жилүүдэд ханш нь тогтвортой байх төлөвтэй байгаа энэ үед алтны салбарын анхны хөрөнгө оруулалтын чуулган, үзэсгэлэн “Mongolia gold 2017” өнгөрсөн баасан гаригт болов. Чуулганд төрийн болон хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид гээд 300 гаруй төлөөлөл оролцсоны дунд урд хөршийнхөн цөөнгүй байсан бол барууныхан тийм ч олон биш харагдлаа.
Чуулганы үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга М.Энхжаргал Монгол Улс дахь алтны томоохон ордуудын байршил, тендерээр олгох талбай ба эрдсийн хуримтлалын талаарх мэдээллийг танилцуулсан юм. М.Энхжаргалын хэлснээр энэ сарын 1-ний байдлаар алтны 1642 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаагаас ашиглалтынх 542, хайгуулынх 1100 аж. Монгол Улсын нийт тусгай зөвшөөрлийн 46.3 хувийг шар металлынх эзэлж буй юм байна.
Мөн тэрбээр “Алт- 2” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын алт үйлдвэрлэлийн ойрын болон дунд хугацааны тогтвортой хөгжлийг хангах, геологийн судалгаа, эрэл хайгуулын ажлыг нэмэгдүүлэх, үндсэн болон алт агуулсан бусад металлын ордыг ашиглах замаар үйлдвэрлэлийг тогтвортой нэмэгдүүлэх, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн олборлох, боловсруулах, нөхөн сэргээх тэргүүний техник технологи, менежмент нэвтрүүлэхээр зорьж буйг тэмдэглэсэн.
Хөтөлбөрийн нэгдүгээр үе шат буюу 2017-2018 онд алтны үйлдвэрлэлд мөрдөгдөж буй дүрэм журмыг боловсронгуй болгон, олборлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хууль бусаар олборлох ажиллагааг цэгцлэх ажил хийхээр төлөвлөсөн байна.
Тэгвэл хоёрдугаар үе шат буюу 2018-2020 онд бүртгэл, хяналтын систем бүрдүүлж, нөөцийн хөдөлгөөний мэдээлэл болон хяналт, шалгалт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох нь. “Алт-2”-ыг хэрэгжүүлж, жилд олборлох хэмжээг нь 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлснээр 2020 онд 25 тоннд хүргэх тооцоо гарсан билээ. Мөн хөтөлбөрийн хугацаанд жилд дунджаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр 33-59 тэрбум төгрөг улсын төсөвт оруулах төсөөлөлтэй байгаа аж.
Бас нөхөн сэргээлт, уурхайн хаалтын талаар тусгасныг дурдах хэрэгтэй. АМГТГ-аас хөрөнгө оруулагчдад зориулан invest.mrpam.gov. mn цахим хуудас ажиллуулж буй бөгөөд энэ долоо хоногоос монгол хэл дээр ашиглах боломж бүрдэх гэнэ. Санхүүжилт хүсэж буй компаниудын жагсаалт, холбоо барих хаяг зэргийг уг цахим хуудаснаас авч болох аж.
Монголбанкны Зах зээлийн газрын дарга Б.Батдаваа “Монгол Улс АМНАТ (ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) бага улсын тоонд орж байгаа. Манай улсын алтны салбарт хэд хэдэн бэрхшээл тулгарч байна. Нөөцийг дахин баталгаажуулах (нэмэгдүүлэх), сорьцын хяналтын газрын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай, ашигт малтмалын лиценз шинээр авахад хүндрэлтэй, тогтвортой санхүүжилт (нөөц, компанийн түүхээс шалтгаалж) олоход түвэгтэй” байгаа хэмээв.
Алтны салбарт ажиллах сонирхолтой компаниудад барьцаа хөрөнгө дутагдалтай байдаг аж. Тэдний олборлолтын түүх тогтмол биш, санхүүгийн тайлан шаардлага хангахгүй байх нь олон тул санхүүжилт авахад бэрхшээл тулгардаг гэнэ.
“Mongolia gold 2017”-гийн өөр нэг илтгэгч болох MIBG компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн алтны төсөлд хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох талаар өгүүлсэн юм. Торонтогийн хөрөнгийн биржид хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж байсан туршлагатай тэрбээр “Компьютер, машинууд хоорондоо уралдаж, хөрөнгө оруулалтын шийдвэрийг нэг минут, нэг секунд биш, бүр микро, наносекундэд гаргаж байна. Энэ нь санхүүгийн салбарын даяаршиж, хөгжил нь өндөр түвшинд хүрснийг харуулж байгаа. Үүнд Монгол Улс хэрхэн оролцож, ашигтай ажиллаж чадах вэ гэдэгт санаа зовниж явдаг” гээд хүмүүст хэд хэдэн түгээмэл, буруу ойлголт байдгийг анзаарснаа онцолсон юм.
Нэгдүгээрт, гадаад ба дотоодын компани хэмээн зааглах гэдэг, хоёрдугаарт, Оюутолгойг ломбарданд тавьчихсан гэж үздэг, гуравдугаарт, хөрөнгийн зах зээлээс өртөг багатай санхүүжилт босгодог хэмээн боддог, дөрөвдүгээрт, компани заавал ашигтай ажилласан байх ёстой гэдэг, тавдугаарт, алтыг дэлхийн зах зээлийнхээс өөрөөр хэмждэгийг (тонн ба трой унци) өгүүлсэн. Тодруулбал, өдгөө гадаад, дотоодын компани гэх ойлголт даяарчлагдаж, зааг, ялгаа нь багасаж буй гэнэ.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсыг чиглэсэн хөрөнгө оруулалтын дийлэнхийг оффшор бүсээс оруулсан байна. Иймээс ч бид хөрөнгө оруулж байгаа эзнийг нь тэр бүр мэдэж чаддаггүй аж. Өдгөө beneficial owner буюу жинхэнэ эзэн нь хэн юм бэ гэдгийг мэдэхэд хэцүү болсон байна. Нөгөөтэйгүүр, хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох нь өртөг өндөртэй байдаг аж.
Нью-Йорк, Торонто гэх мэт хөрөнгийн захад хувьцааны санхүүжилтийн өртөг 10-15, эрсдэлээсээ шалтгаалж 20-25 хувьд хүрдэг байна. Төсөл хэрэгжүүлэгчээс ийм хэмжээний зардал гардаг гэсэн үг. Манайд алтыг тонноор тооцдог бол дэлхийн зах зээлд трой унциар хэмждэгтэй нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж тодотголоо. Түүнчлэн алтны салбарынхан Торонтогийн хөрөнгийн биржээс хөрөнгө босгох боломжтой талаар зөвлөсөн.
Тус хөрөнгийн бирж дэх компаниудын үнэлгээ бусад биржийнхээс өндөр байгаа аж. Торонтогийн хөрөнгийн биржид 3200 гаруй компани бүртгэлтэй байдаг агаад дийлэнх нь уул уурхай, газрын тосных юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт хөрөнгө босгох тэргүүлэгч зах зээл хэвээр байгаа аж. Мөн Хонконгийн хөрөнгийн бирж уул уурхайн салбарт хүч түрэн орж ирж буй юм байна. Бас цагийн зөрүүгүй тул Австралийн хөрөнгийн бирж давуу талтай гэнэ.
Өнгөрсөн оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар шинээр гаргасан нийт IPO-гийн 53 хувь нь Ази, Номхон далайн орнууд, тэр дундаа БНХАУ-ын эх газрын (Шанхай, Гуанжоугийн), Хонконгийн хөрөнгийн зах зээлд ногджээ. Тэгвэл 17 хувь нь АНУ, 25 хувь нь Европт ногдсон дүн гарсан байна.
Үүнд чанарын нэг ялгаа байгаа нь Ази, Номхон далайн бүс нутагт босгож буй нийт хөрөнгийн ихэнх нь аж ахуй, санхүүгийн үйлчилгээний, мэдээллийн технологийн салбарт ногдсон нь ажиглагджээ. Харин уул уурхай, алтны салбарт босгосон хөрөнгийн дийлэнх нь Торонтогийн хөрөнгийн биржид ногдсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсон, ОХУ барууны эсрэг бодлого хэрэгжүүлж, Хойд Солонгос болон Зүүн хойд Азийн бүс нутаг дахь улс төрийн нөхцөлөөс улбаалан эрсдэл илүү өндөр болж эхэлж байна. Улс орнуудын хооронд худалдааны “дайн” өрнөх болсноос үүдэн ойрын 2-3 жилд алтны ханш тогтвортой, “чанга” байна гэж төсөөлж байгаагаа А.Билгүүн өгүүлэв. Гэвч манай компаниуд олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгоход бэлэн үү гэдэг асуулт гарна.
Уг нь энэ сарын эхээр Торонто хотноо болсон Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ны чуулга уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулагчдын хандлага эерэг байсан нь ажиглагджээ. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд төсөл хэрэгжүүлдэг “Turquoise hill resources”, “Southgobi resources” зэрэг 11 компани бий. Тэдний нэг “Erdene resource development” компани тус биржээс 13 сая ам.долларын хөрөнгө босгосон байна. Мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй “Steppe gold” компани IPO хийхээр төлөвлөж буй аж.
Төслийн санхүүжилтэд ордын нөөцийн агуулга ач холбогдолтой. Энэ талаар А.Билгүүн “Grade is king буюу Агуулга бол хаан” гэж үг бий. Агуулга өндөр байх тусам хөрөнгө оруулагчдын сонирхол ихэсдэг” хэмээв. Мөн тэрбээр компанийн менежерүүд өөртөө дараах асуултуудыг тавих нь зүйтэйг сануулж байлаа. Тэдгээр нь “Бизнес төлөвлөгөө, алсын хараа бэлэн үү, түүнийгээ зарж чадах уу”, “Манай ТУЗ-ийн бүтцийг хөрөнгийн зах зээл хүлээн авах уу”, “Аль хөрөнгийн зах бидэнд тохиромжтой вэ”, “Төслийн эхний хөрөнгө оруулалт ба ашиглалтын зардлын тооцоолол өрсөлдөх чадвартай юу” гээд үргэлжлэх аж.
Бас “Аливаа төслийн талаарх мэдээлэл ил тод байх тусам төр, ТББ-ын дарамт шахалт бага байдаг гэж ажиглагддаг. Төслөө бусдынхтай уралдуулж байна хэмээн харах хэрэгтэй” гэв. Алтны үнэ, хөрөнгө оруулалтын хэмжээ эерэг төлөвтэй байгаа бол ашиглалтын зардал, татварын бодлого дундаж, хууль, эрх зүйн орчин эрсдэлтэй байгааг мөн тэмдэглэж байсан юм. Тухайлбал, хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улсын ашиглалтын зардал дундаж (урд хөршөөс хямд өртгөөр тоног төхөөрөмж авч болох) хэмээн үзэж буй аж.
Алтны салбарт хөрөнгө оруулагчдыг татах, дэвшилт техник технологи нутагшуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монголын уул уурхайн бирж”-ээс зохион байгуулсан уг чуулганы оролцогчдын зүгээс валютын нөөцөд тооцогддог алт нь эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэйг тэмдэглэж байлаа.