УИХ-ын гишүүн байхдаа төрийн удирдлагын одоогийн хэлбэрийг хэвээр хадгалж, парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх ёстой гэсэн байр суурьтай явсан эрхэм өдгөө “Ерөнхийлөгчийн институцээр дамжуулан Монголыг цэгцлэхээс өөр боломжгүй” гэх маягтай зүйл ярьж, бухимдаж сууна. Нийгмийн амьдралд өрнөж буй болохгүй, бүтэхгүй бүхэнд бухимдахдаа буруутныг нэрлэж, бүхнийг шийдэгч “супермэн” хүсэмжлэх зарим монгол хүний нэг болжээ, тэр. “Гуравхан сая иргэнээ аваад явчих хүн алга, монголчуудад хатуу гар хэрэгтэй” хэмээн мэр сэр ярьж, удирдагч битүүхэн хүлээх хүмүүсийн эгнээ сүүлийн жилүүдэд энэ мэтээр өргөжсөн байж мэднэ.
Хэдийгээр шинээр бүрдсэн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судалж, төрийн тогтолцоо, удирдлагын хэв маягийн талаар өргөн хүрээнд ярилцаж байгаа ч гуравхан сарын дараа болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнө юу ч өөрчлөгдөхгүй.
Төрийн удирдлагын одоогийн хэлбэрийг өөрчлөх хуулийн боломж ч хомс юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар энэхүү хуулийн төсөл нь “эцэг” хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд харшлахгүй байх төдийгүй “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага” гэсэн статуст халдаж болохгүйгээр хуульчилж, дархалсан.
Тэгээд ч бүс нутагтаа төдийгүй дэлхийд ардчиллыг амжилттай хөгжүүлж буй гэдгээрээ жишиг болж байгаа манай улсад парламентын тогтолцоогоо төгөлдөржүүлэх хүсэл, эрмэлзэлтэй хүмүүс хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалд тэмүүлэгчдээс хавьгүй олон болов уу. Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон шинэ, залуу ардчилсан орнууд дарангуйлал руу халтирсан жишээ нэлээд байдаг талаар улс төрийн харьцуулсан судалгаануудад дурдсан байдаг.
Харин ямар нэг хэмжээгээр хүлээгдэж буй лидерийн орон зай хийгээд гуравхан сарын дараа тодрох шинэ Ерөнхийлөгч хоёр хэрхэн нөхцөлдөх бол. МАН, АН, МАХН-ын алинаас нь ч нэр дэвшсэн бай, ялалт байгуулсан тохиолдолд Төрийн тэргүүн шиг, лидерийн орон зайг дүүргэж, ажиллах хуулийн боломж бий юү.
Нийт ард түмнээсээ сонгогддог Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч төдийгүй гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах, гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах, УИХ-ын чуулганд тааллаараа оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулах эрхтэй.
Ерөнхий сайдыг томилох саналыг Ерөнхийлөгч УИХ-д оруулж, улсын цол хүртээх, одон, медалиар шагнах, уучлал үзүүлэх, УИХ-тай зөвшилцөж шүүгч, прокурор, АТГ-ын удирдлагыг томилох, хууль санаачлах, бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх, хууль, УИХ-ын бусад шийдвэрт бүхэлд нь болон хэсэгчлэн хориг тавих зэрэг Үндсэн хуулиар олгогдсон олон эрх эдэлдэг.
Эдгээрийн зарим нь парламентын засаглалтай улсын Ерөнхийлөгчид ногддог эрх мэдэл бол цөөнгүй нь хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнуудын удирдагчид л хүртдэг эрх юм. Энэ ч утгаараа манай Ерөнхийлөгчийн статусыг засаглалын чухам аль салаа мөчирт (гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх) хамааруулах, парламентаасаа давсан эрх мэдэлтэй, эсэх тухайд эрдэмтэн, судлаачид харилцан адилгүй байр сууриа илэрхийлдэг.
Юутай ч төрөө дээдэлдэг монголчууд бид Ерөнхийлөгчөө нийт ард түмнээсээ сонгож буй нь лидерийн орон зайг нөхөх томоохон хөшүүрэг байж мэднэ. Луйвар, булхайгаар л гарч ирээгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөх чанар, чадамж дэндүү өндөр. Учир нь парламентын засаглалтай ихэнх улс оронд Ерөнхийлөгчөө ард түмнээс шууд сонгодоггүй.
Хэдийгээр улс төрийн намаас нэр дэвшдэг ч сонгогдсон хойноо намаасаа албан ёсоор түдгэлздэгийн хувьд Төрийн тэргүүн манай нийгэмд нүүрлээд буй хэтийдсэн улстөржилт, эцэс төгсгөлгүй хэрүүл, маргааныг эцэслэж, илааршуулан, ард түмний эв нэгдлийг хангахад чухал нөлөөтэй. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч улс төрийн аливаа үйл явдалтай холбогдуулж парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөллийг дуудаж ярилцан, анхааруулж, сэдэл, шийдэл олохоор ярилцаж ирсэн.
Заримыг нь өрөөндөө дуудаж, ганц үг хэлүүлэлгүй загнаж, ширүүлсэн удаа ч бий. Улстөрчдийн эхлүүлж, санаачилж зүрхэлдэггүй зүйлсийг барьж авах боломж ч Ерөнхийлөгчид бий. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хугацаанд олон хуулийн төсөл санаачилж, зарим нь өнөөгийн нийгэмд шинэ жишиг тогтоогоод явж буй.
Түүний санаачилсан төслүүдээс сайд нарын “давхар дээл”-ийг тайлах, Сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын, Улс төрийн намын болон Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай төсөл нь хууль болж батлагдаж чадаагүй ч Шилэн дансны болон Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Батлан хамгаалах салбарын багц хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр зэрэг нь өнөөдөр бодитойгоор хэрэгжиж буй.
Энэ бүхнийг ард түмэн анхааралтай ажигладаг. Ямар нэг зүйл хүлээдэг, найддаг. Нөгөө талаас ҮАБЗ-ийн тэргүүний хувьд Ерөнхийлөгч хүсвэл оролцохгүй асуудал гэж үгүй. Энэ бүхэнд асуудлыг дэвэргэж, аль нэг талыг барих уу, үндэсний язгуур эрх ашиг, ард түмний хүсэл сонирхолд хөтлөгдөх үү гэдэг нь Ерөнхийлөгчөөр ажиллах хувь хүний уг чанар, удирдагчийн “увдистай” шууд холбоотой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн томилгоо хийх эрх бас л өргөн. Тэр хэрээр Төрийн тэргүүн өөгүй ажиллах учиртай. Тэгж гэмээнэ албан тушаал дагасан аливаа гомдол, тэмцэл тасрахаа байсан энэ нийгэмд зөв жишиг тогтоож, буруу сэтгэл өвөрлөж яваа дарга, түшмэдэд ташуур болох биз.
Монголд удирдагчийн ур ухаан үнэхээр үгүйлэгдэж буй бол түүний оршин тогтнох орон зай нь Ерөнхийлөгч. Удирдагчийн ур чадвар, ухаан билгийг шавхах нөхцөл, өгөгдлийг Үндсэн хууль болоод бусад хуулиар олгосон гэлтэй. Харин өнгөрсөн хугацаанд сонгогдон ажилласан Ерөнхийлөгч нарыг Монголын ард түмэн өөр өөрийнхөөрөө дүгнэж буй биз.
2013 оны сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ 40 орчим хувийн санал авсны дараа “Монголын ард түмэн бөхөд үнэхээр хайртай юм” гэсэн дүгнэлт газар авч байсныг сануулъя. Монголд лидер төрөх хөрс суурь, хуулиар олгогдсон эрх дарх нь хангалттай байна. Түүнийг тордож, ургуулагч нь сонгогч хэдий ч тэдэн рүү лидер, лойдорын алийг нь илгээхээ улс төрийн намууд шийдэж ирсэн билээ.
Хэзээ ч юм, хаа нэг газраас лидер төрүүлнэ гэж суухын оронд ирэх сонгуулиар ер бусын Ерөнхийлөгчтэй болбол яасан юм бэ. Лидер хүсээд буй хүмүүсийг хүлээлтийг хариулж, хуулиар олгосон бүрэн эрх, үүргээ зуун хувь биелүүлж, улс орны язгуур эрх ашгийн төлөө ажиллаж чадах ер бусын хүнийг Ерөнхийлөгчөөр сонгоё.