Ирэх сарын 1-нээс хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах нь. Олон улсын валютын сангийн (ОУВС) хөтөлбөрт хамрагдаж, 440 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах болон үүнийг дагалдах таван тэрбум ам.долларыг татахын тулд “гэрийн даалгавар” хийх ёстой. Үүн дотор ийм заалт бий. Хадгаламжийн хүүнд татвар ногдуулах талаар олон жил ярьсан.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд “Мөнгөн дүн нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад хадгаламжийн хүүгийн орлогыг татвараас 2018 он хүртэл чөлөөлнө” гэж заасан байдаг. Энэ хуульд 2012, 2015 онд өөрчлөлт оруулж, хадгаламжийн орлогод татвар ногдуулах хугацааг хойшлуулсаар ирсэн юм. Харин одоо бол ОУВС-гийн шаардлагыг биелүүлэхээс өөр аргагүй болж байх шиг байна.
Санхүү, эдийн засгийн их сургуулийн захирал, доктор Д.Батжаргал “Бусдаас илүү орлого олж буй, хуримтлал, хадгаламжтай хүн их татвар төлөх нь шударга ёсонд нийцнэ” хэмээн ярив. Дэлхийн банкнаас тооцдог хуримтлалын индекс манай улсад 28 хувьтай байна. Үндэсний нийт хадгаламжийг ДНБ-д харьцуулан үүнийг тооцдог бөгөөд нийт хуримтлал найм орчим их наяд байгаа нь боломжийн үзүүлэлт. Манай өмнөд хөршид гэхэд уг үзүүлэлт 51 хувьтай байгаа.
Гэхдээ энэ мөнгөний дийлэнх нь цөөхөн хүний хэтэвчинд төвлөрсөн. Тухайлбал, арилжааны банкууд дахь нийт хуримтлалын 95 хувийг хадгаламжтай иргэдийн тавхан хувь нь эзэмшдэг гэсэн статистик бий. Хоёрдугаар сарын байдлаар арилжааны банкуудад 8.6 их наяд төгрөгийн хадгаламж байгаагийн 8.2 их наяд нь тавхан хувьд ногдож байна.
Мөн нийт хадгаламж эзэмшигчдийн 83 хувь буюу 10 хүний найм нь дансандаа нэг сая төгрөгөөс бага хэмжээний мөнгө хадгалдаг гэсэн судалгаа ч бий. Энэ нь иргэдийн хөрөнгийн ялгаа хэр холдсоныг харуулна. Хадгаламжийн хүүнээс татвар авах хугацааг хойшлуулсаар байгаа нь нийт иргэдийн гэхээсээ илүү асар их хэмжээний мөнгө атгасан цөөн хүний эрх ашигтай л холбоотой аж.
Орлого нь энгийн болон хөрөнгө оруулалтын гэсэн төрөлтэй. Энгийн нь иргэдийн хөдөлмөрийн хөлс буюу цалин юм. Харин нөгөөх нь хөрөнгөөрөө хувьцаа худалдаж авах, арилжааны банкинд хадгалах, үл хөдлөх хөрөнгөө түрээслэх орлого юм. Гадаадын орнуудад хөрөнгийн орлогод онцгой татвар ногдуулдаг гэнэ.
Тухайлбал, ийм төрлийн орлогод АНУ-д 30, Европын холбооны орнуудад 35 хувийн татвар ногдуулжээ. Харин манайд банкинд мөнгөө хадгалуулсны төлөө 15-18 хувийн өгөөж хүртдэг хэрнээ нэг ч хувийн татвар төлдөггүй юм.
Манай улсын санхүүгийн салбар банк гэсэн нэг л баганатай. Хөрөнгийн зах зээл, даатгал нь бойжих шатандаа л явж буй. Банк ийнхүү томоохон орон зайг эзэлдэг нь татварын зохицуулалттай холбоотой хэмээн зарим эдийн засагч хэлж байна. Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар “Банк болон хөрөнгийн зах зээл нь санхүүгийн системийн гол хоёр талбар юм. Манайд арилжааны банкны хадгаламжийн хүүнээс татвар авдаггүй мөртлөө хувьцаа, бондод ногдуулдаг. Ийм тэгш бус зохицуулалт байгаа учир мөнгөний урсгал зөвхөн банк руу чиглэж байна. Тиймээс санхүүгийн салбарын 96 хувийг нь банк эзэлж, гажуудал бий болсон” хэмээн ярилаа.
Засгийн газрын бонд, хувьцааны ногдол ашгаас гадна ханшийн зөрүүнээс олсон ашгаас хүртэл татвар авах тогтолцоо үйлчилж байгаа тул хүмүүс хувьцаа, бонд зэрэг үнэт цаас худалдан авахаас илүү банкинд хадгалахыг илүүд үзэж буй юм.
Иргэд үнэт цаас худалдан авч хөрөнгөө өсгөх боломжтой. Энэ тохиолдолд хувьцааны ногдол ашиг болон ханшийн зөрүүнээс татвар авна. Бас мөнгөө алдах ч эрсдэл бий. Харин банкинд хадгалуулбал 15 орчим хувийн өгөөж хүртэнэ. Мөн үүнээс нь нэг ч төгрөгийн татвар авахгүй. Энэ нь банк хөрөнгийн зах зээлээс таван алхмын өмнө барианаас гарч байна гэсэн үг.
Төр ийнхүү банк, хөрөнгийн зах зээл гэсэн хоёр “хүүхэд”-ийнхээ нэгийг нь илүү үзэн, нөгөөг нь дэмжиж ирсэн нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийг сааруулснаас гадна эдийн засгийн хөгжилд ч сөрөг нөлөөтэй юм.
Манай банкуудын зээлийн хүү хэт өндөр буюу 20 орчим хувь. Энэ нь Манжийн талхинд байх үеийн хятад мөнгө хүүлэгч нарынхаас ч өндөр гэдгийг зарим эдийн засагч хэлдэг. Ийм өндөр зээлийн хүүтэй орчинд жилийн 50 хувиас дээш өгөөж авч байж бизнес бойжих боломж бүрдэнэ. Хувийн хэвшлийнхэн бизнесээ өргөжүүлж чадахгүй, үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь зээл үнэтэй байгаатай холбоотой.
Аж ахуйн нэгж, иргэд арилжааны банкнаас 12.5 их наяд төгрөгийн зээл авсан бөгөөд 2.5 их наядыг зөвхөн зээлийн хүүнд төлж байгаа юм. Харин хөрөнгийн зах зээл хөгжих нь хүүг бууруулахаас гадна эдийн засгийг тэтгэх боломж олгодог. Япон, АНУ, Европын холбооны орнуудад мөнгө босгох боломж өргөн учир зээлийн хүү бага байдаг аж. Энэ нь хөрөнгийн зах зээл, банк хоёрт тэгш боломж олгосонтой холбоотой.
Монголын хөрөнгийн биржид 2005 оноос хойш 12 компани IPO хийжээ. Үүнээс “МИК холдинг” компани хамгийн их буюу 37 тэрбум “Хөх ган” 3.2, “Женко тур бюро” 8.2, “Мерекс” 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө босгосон. Мөн 2007 оноос хойш 12 компани нэмж хувьцаа гаргасан. Хөрөнгийн зах зээлээс ийнхүү босгосон мөнгө хүүгүй, бас урт хугацааных юм.
Хөрөнгө оруулалтын шинжээч, эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэ “Хөрөнгийн зах зээл хөгжсөнөөр богино хугацаанд арилжааны банкны дансан дахь мөнгө хувьцаа руу шилжих эрсдэл бий. Харин урт хугацаанд банкны салбарыг дэмжинэ. Учир нь хөрөнгийн зах зээл хөгжихөөр эдийн засаг тэлнэ. Ингэснээр банкаар үйлчлүүлэх иргэн, аж ахуйн нэгжийн тоо, эргэлдэх хөрөнгийн хэмжээ өсөх юм. Тиймээс энэ хоёр нь бие биенээ дэмжинэ” хэмээн ярьсан юм.
Монголын хөрөнгийн биржийн энэ сарын 15-ны өдрийн арилжаагаар зургаан сарын хугацаатай Засгийн газрын үнэт цаас 130 мянган ширхгийг худалдахаар зарласан бол хөрөнгө оруулагчид үүнээс дөрөв дахин их буюу 546 мянган ширхэгийг худалдан авах захиалга ирүүлжээ. Энэ нь банк болон хөрөнгийн зах зээлийг ижил татвартай болгох гэж байгаагийн нөлөө хэмээн шинжээчид онцолж байна.
Угаасаа хөрөнгийн зах зээлд арилжааны банктай адил боломж олгож байж л сонгодог утгаараа хөгжих эхлэл тавигдана. Тиймээс ОУВС шаардлага тавьсан ч бай, үгүй ч бай банк, хөрөнгийн зах зээл хоёрыг гарааны ижил нөхцөлөөр хангах ёстой. Ингэж гэмээнэ эдийн засгийн урт хугацааны хөгжлийг дэмжих юм.