Утааны эсрэг ээж аавуудад Хотын захиргаа Цэргийн баяраар цуглаан хийх зөвшөөрөл өгөхөөр болжээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Утааны эсрэг ээж аавуудад Цэргийн баяраар буюу энэ сарын 18-ны өдөр 12.30 цагаас Сүхбаатарын талбайн баруун урд хэсэгт цуглаан хийхийг нь зөвшөөрчээ. Анх Төрийн ёслолын ажиллагаатай давхцаж байна гэсэн шалтгаанаар цуглааныг нь бүртгэхээс татгалзсан хариу өгсөн ч сошиал медиа дахь иргэдийн бухимдал, алдаатай албан бичгийг нь тойрсон шүүмжлэлээс болсон уу ямартай ч цуглаан хийхийг нь зөвшөөрчээ.
“Pixel art” буюу олон хүн нийлж “Утааг арилга!” “Эмнэлэгээ барь!” “SOS MGL” гэсэн гурван үгийг бүтээж зогсох юм байна. Гурав дахь үг нь англи уриа үг байгаа нь гадны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд түгээх зорилготой юм байна. Хамгийн багадаа 300-500 хүн оролцож байж хамтдаа бүтээдэг учир иргэдээ идэвхитэй оролцохыг уриалж байгаа аж.
Гадаад оронд иргэд үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэх нэг соёлтой хэлбэр нь энэхүү Pixel art бөгөөд зураг болон үлдэж гол санаагаа түгээсээр байдаг ач холбогдолтой юм. Цэргийн баяраар энэхүү үг бүтээх арга хэмжээнд оролцсон иргэд дараа нь Засгийн Газрын ордныг хоёр удаа тойрч алхан Утааг арилгах Үндэсний хөтөлбөрийг төлөвлөгөөтэй нь шаардах гэнэ.
Утааны эсрэг ээж аавууд зөвхөн өвөл утаагаа яриад хавар, зундаа мартдаг байдлыг халж сар бүр утааг арилгахыг шаардсан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Учир нь утаатай тэмцэх шийдвэр гаргагчдын ажил хавар болоход удааширдаг уламжлалт хариуцлагагүй байдал давтагдах вий гэж ээж аав нар эмзэглэж байна. Тиймээс хэрэв дөрөвдүгээр сар гэхэд утааг арилгах үндэсний хөтөлбөрөө боловсруулж дуусахгүй бол дөрөвдүгээр сардаа дахин олон нийтийн арга хэмжээг зохион байгуулна гэдгээ Утааны эсрэг ээж аавууд хэлж байна.