СУИС-ийн өмнө байрлах дугуйны зогсоол
Нэгэн найз маань фэйсбүүк хуудсандаа “МУИС унадаг дугуйн зогсоолтой боллоо” гэж бичжээ. Түүнийг нь цөөнгүй хүн шэйрлэсэн байв. “Баяр хүргэе, овоо доо, эртхэн л байгуулах ёстой байсан юм, зөв зөв, машинаар хичээлдээ явдаг оюутнууд дугуй унаад л сүнгэнээд байж дээ” гэж сайшаан магтсан сэтгэгдэл доор нь хөвөрнө. Би ч “Аштай юу даа” гэж бодоод л өнгөрөв.
Гэвч би ч, тэд ч түүнээс чухал нэг зүйлийг умартаж, хий дэмий баахан хөөрцөглөжээ. Нээрэн бид чинь дугуй унах эрхээ “хязгаарлуулчихсан” азгүй улс шүү дээ. Гэнэт саналаа. Унадаг дугуйгаар зорчиход зориулсан зам байхгүй атал хэчнээн сайхан дугуй аваад, зогсоол байгуулаад ямар нэмэртэй юм. Автозам дээр жолооч нартай “зодолдож”, агаар тэнгэрээр дүүлэн нисэж ирээд дугуйгаа зогсоол дээр байрлуулалтай биш. Ингэж бодоод уур хүрэв.
1.3 сая хүн амтай, муу ч үгүй метрополис гэх гуншинтай Улаанбаатарт маань дугуйн зам юу юунаас ч илүү хэрэгтэй. Иргэдийнхээ эрүүл мэнд, байгаль орчноо бодсон ч тэр. Хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулах шийдэл нь ч энэ байж мэднэ. Байгаль орчин, эрүүл мэнд, эдийн засгийн хувьд хамгийн тустай тээврийн хэрэгсэл бол унадаг дугуй учир дэлхийн хөгжингүй орнууд ийм төрлийн унааг иргэдийн гол хэрэглээ болгоход анхаарч байна.
Зориулалтын зам, тэмдэг тэмдэглэгээ, зогсоол, засвар үйлчилгээний цэг гээд дугуйгаар зорчиход шаардлагатай бүхнийг тэд бий болгожээ. Харин манай улсад энэ чиглэлээр хийсэн дорвитой зүйл үгүй гээд хэлчихэд хилсдэхгүй. Уг нь нийслэлийн ЗДТГ, Монголын залуучуудын холбоотой хамтран анх 2013 оноос “Унадаг дугуйтай Улаанбаатар” нэртэй төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Уг төсөл хэрэгжсэнээр эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг бий болох нь хэмээн нийслэлчүүд ам сайтай байлаа.
Гэтэл төслийн биелэлт тийм ч хангалттай байгаагүй нь иргэдийн урмыг хугалав. Тодруулбал, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийнхөн гурван жилийн дотор дугуйн 186.7 км зам тавихаар төлөвлөснөөс 45.9 км-ийг нь бий болгожээ. Ингэхдээ Бэлх, Дүнжингарав, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, IX хороолол зэрэг есөн газарт л зам тавьсан юм. Дугуйгаар зорчиход зориулсан зам нийслэлд үүнээс өөр үгүй. Тавьсан зам нь ч өдөр тутам унадаг дугуйгаар зорчих хүсэлтэй иргэдийн хэрэгцээг хангаж чадахааргүй, жаахан хүүхдийн нүд хуурах төдий зүйл болсон гэдгийг захын хүн хэлээд өгнө.
Уг нь дугуйтай зорчигчид жолооч нарын нэгэн адил хаана ч зориулалтын замаар хөдөлгөөнд оролцдог болчихвол унадаг дугуйг хэрэглээнд нэвтрүүлсний ач холбогдол гарна. Гэтэл нийслэлд тийм нөхцөл алга. Долоон буудлын Должин, Дэнжийн мянгын Дэнсмаад дугуй унах хүсэл хэчнээн байлаа ч ойр орчимд нь зориулалтын зам байхгүй учир биелэх аргагүй. Өнгөрсөн онд МЗХ-ноос зохион байгуулсан “Унадаг дугуйтай Улаанбаатар-2016” хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд “Манай улсад дугуйн хэрэглээ жилээс жилд өссөөр байна. Байнга, идэвхтэй дугуй унадаг хүн 30 гаруй мянга бий” хэмээн ярьжээ.
Унадаг дугуйн зам нийслэлд зайлшгүй шаардлагатай гэдгийг энэ баримт нотолж буй юм. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн ахлах архитектор Д.Хан-Уул “Бид ирэх жилүүдэд гол дагуух газарт унадаг дугуйн зам тавьж, аялал жуулчлалын бүс болгохоор зорьж буй” гэлээ. Цаашид ч унадаг дугуйн гэх тодотголтой хэсэгхэн зам энд тэнд тавих, нүглийн нүдийг гурилаар хуурсан ажлууд дахин хийх төлөвтэй.
Харин бид хэдийд зам шиг замтай болж, машинаар бус, дугуйгаар ажил төрлөө амжуулдаг болох вэ. Дугуйчдад тулгамдсан хамгийн гол асуудал нь шийдэгдээгүй байхад аж ахуйн нэгж, байгууллагууд бие биетэйгээ өрсөх мэт дугуйны зогсоол байгуулсаар буй нь бүр ч хөгтэй. Хэзээ нэгэн өдөр хэрэг болж мэднэ гэж бодсоных уу, эсвэл байгууллага бүрт байх ёстой зүйл гэж сэтгэсэн үү, ашигладаггүй дугуйны зогсоолтой газар өчнөөн байна.
Уг нь тэдгээрийг хийхэд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулдаг л байлтай. Гэвч түүнийг нь хэн ч ашиглахгүй байгаа нь салхинд мөнгөө хийсгэчихэж буйгаас ер ялгаагүй шүү дээ. Үүний оронд хийж бүтээх зүйл өчнөөн баймаар. Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнүүд ч “Хоёр км тутамд унадаг дугуйны засвар, түрээсийн үйлчилгээний цэг байгуулахаар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан” гэсэн юм. Тэднийг энэ кампанит ажлаа эхлүүлэхээс өмнө нийслэл дугуйны зогсоолоор дүүрч мэдэхээр байна.
Өчигдөр бид Сүхбаатарын талбай, СУИС, ШУТИС, МУИС, “Өргөө” кино театр, МЗХ, СТӨ-ний гадаа байрлах дугуйны зогсоолуудыг очиж үзэв. Унадаг дугуйгаа тэнд “тушаасан” хүн нэг ч байсангүй. Байгуулаад цөөнгүй жилийн нүүр үзэж буй зарим зогсоол нь хувхайрч, зэвэрснээс хотын өнгө үзэмжийг гутааж байна уу гэлтэй харагдана. Унадаг дугуй иргэдийнх нь өдөр тутмын хэрэглээ болсон өөр улсад бол ийм зогсоолууд пиг дүүрэн байх болов уу.
СУИС-ийн харуул, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Н.Гантөмөр “Бараг ашигладаггүй юм. Хааяа ганц, хоёр дугуй байж л байдаг” хэмээлээ. Будаг нь ханхалсан, шинэ зогсоолтой болоод буй, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн үүдэнд очиход ч өнөөх зогсоол нь хоосон, харин дэргэдэх хашлаганд хоёр дугуй гинжилж орхисон байв. Учрыг нь тодруулахад “Дугуй тавихаар уначих гээд байгаа юм аа” гэв.
Харин сургуулийн өмнөх талбай машинаар хахаж байлаа. Бидний очиж үзсэн дээрх газрууд бүгд л олны хөлийн газар боловч дугуйны зогсоолууд нь нэг ширхэг ч дугуйгүй байсанд гайхах зүйлгүй. Учир нь, манайд дугуйгаар зорчих зориулалтын зам байхгүй, дугуйчид ч эрхээ хязгаарлуулчихсан шүү дээ.