Сүхбаатар аймгийн Засаг даргаар З.Энхтөрийг батламжилсан Ерөнхий сайдын захирамж Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэх мэдээллийг нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлээд буй нь ийн асуухад хүргэж буй юм. Тус аймгийн ИТХ 33 суудалтай. Өнгөрөгч зургадугаар сард болсон аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 17, АН 16 суудал авсан. Ганц суудлаар ч болов илүүрхсэн МАН-аас З.Энхтөрийг нэр дэвшүүлж, ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Засаг даргаар томилсон.
Гэвч уг анхдугаар хуралдаан МАН-ын нэг суудал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад ам мөлтөс болсон байдаг. Өөрөөр хэлбэл, МАН-ын нэг төлөөлөгчийг сонгуулийн явцад холбогдох хууль, тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр Сонгуулийн хорооноос нь нэр дэвшигчийн жагсаалтаас хасахтай уралдан Ардын намын 17 төлөөлөгч гар өргөн Засаг даргаа томилсон хэрэг. Тиймээс ч АН-ынхан уг томилгоог эсэргүүцэж, анхдугаар хуралдаан хууль бус гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг.
Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс Сүхбаатар аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан ИТХ-ын анхдугаар хуралдааныг хууль бус гэж үзсэн ч өнгөрөгч арванхоёрдугаар сарын сүүлчээр Дээд шүүхээс З.Энхтөрийг томилсон анхдугаар хуралдаан хуулийн дагуу болсон хэмээх эцсийн шийдвэрийг гаргасан. Өөрийг нь томилсон анхдугаар хуралдаан хууль зөрчөөгүй болохыг Дээд шүүхээс эцэслэн тогтоосноор хэдэн сар үргэлжилсэн шүүхийн маргаан нэг тийш болох ч ИТХ дахь МАН, АН-ын төлөөлөгчдийн тоо тэнцүү байгаа учраас хурал явуулахад амаргүй байж мэдэх талаар Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр тухайн үед байр сууриа илэрхийлж байв.
...Сүхбаатар аймгийн АН- ынхан З.Энхтөрийг томилсон ИТХ- ын шийдвэрийг хууль бус гэж үзэн, хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандаад буй юм байна. Тус маргааныг шүүх анхан шатны шүүх хурал энэ сарын 20- нд буюу ирэх даваа гаригт болох гэнэ...
Тэгвэл энэ бүхэн эцэслэх бус, харин ч асуудал дөнгөж эхэлж байсан бололтой. Шүүхийн эхний хоёр шатанд ялж явсан АН-ынхан эцэст нь эсрэг шийдвэр хүлээж авахад амар байгаагүй нь лавтай. Тиймээс ч тэд хэд хэдэн “сум” зэрэг тавьсан бололтой. Тэдгээрийн нэг нь Ерөнхий сайдыг Цэцэд дуудаж мэдэхээр байгаа юм. Нэр бүхий иргэд Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн талаар мэдээлэл ирүүлэхдээ З.Энхтөр нь Засаг даргаар ажиллах хуулийн шаардлага хангаагүй гэж үзжээ.
Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.5.2 дахь заалтыг зөрчиж, төрийн албанд гурваас доошгүй жил ажиллаагүй З.Энхтөрийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засаг даргаар батламжилсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж буй аж. Нэр бүхий иргэд уг мэдээллээ Цагаан сарын дараахан гаргасан сурагтай. Харин Цэцээс уг асуудлаар маргаан үүсгээгүй байна.
Уг нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар Үндсэн хууль зөрчсөн тухай иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авсан Цэцийн гишүүн 14 хоногийн дотор маргаан үүсгэх, эсэхийг шийдвэрлэх ёстой. Улмаар 30 хоногийн дотор хуралдаанд бэлтгэж, шаардлагатай бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно. Гэвч Цэцээс маргаан үүсгэхгүй байгаа нь шалтгаантай. Сүхбаатар аймгийн АН-ынхан З.Энхтөрийг томилсон ИТХ-ын шийдвэрийг хууль бус гэж үзэн, хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандаад буй.
Тус маргааныг таслах анхан шатны шүүх хурал энэ сарын 20-нд буюу ирэх даваа гаригт болох гэнэ. Ингэхдээ АН-ынхан мөн л төрийн албанд гурваас доошгүй жил ажиллаагүй хүнийг Засаг даргаар томилсон ИТХ-ын шийдвэр хууль бус гэсэн үндэслэл тавьж буй юм байна. Нэгэнт Үндсэн хуулийн цэц болон Захиргааны хэргийн шүүхэд тавьж буй үндэслэл нь ижил учраас Цэц шүүхээр асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа маргаан үүсгэх, эсэх нь тодорхой болно гэдгийг эх сурвалж өгүүлэв.
Сүхбаатарын ИТХ-ын анхдугаар хуралдаан хүчинтэй, эсэхийг тогтоох захиргааны хэргийн маргаан өнгөрөгч зургадугаар сард эхэлж арванхоёрдугаар сард эцэслэснээр багцаалбал энэ удаагийн шүүхийн маргаан мөн л зургаан сар үргэлжилж мэднэ. Магадгүй үүнээс өмнө, эсвэл хойно шийдэгдэж болно. Харин үүний дараа шийдвэр яаж гарснаас хамааран өнөөх иргэд Цэцэд мэдээллээ дахин гаргах боломжтой.
Тэд мэдээлэл гаргаж, Цэц маргаан үүсгэж гэмээнэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аймгийн Засаг даргыг батламжилсан шийдвэрийнхээ төлөө Цэцэд хоёр дахиа дуудагдах болно. Тэрбээр Увс аймгийн Засаг даргаар Д.Батсайханыг батламжилсан нь Үндсэн хууль зөрчсөн гэх маргааныг өнгөрөгч арванхоёрдугаар сард Цэц хэлэлцсэн юм. Авлига, албан тушаалын хэргээр шийтгүүлж, төрийн албан тушаал эрхлэх эрхээ хоёр жил хасуулсан түүнийг Засаг даргаар батламжилсан нь Засгийн газрын тэргүүнийг Цэцэд дуудахад хүргэсэн байдаг.
Тодруулбал, Д.Батсайханыг ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад Засаг даргаар томилсон нь мөн хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэлийг мэдээлэл гаргасан иргэд хэлж байсан юм. Ийнхүү Цэц хуралдах сургаар шүүхээс Д.Батсайханыг хугацаанаас өмнө ялгүйд тооцсон шийдвэр гаргаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Увс аймгийн Засаг даргыг томилсон шийдвэрээ хүчингүй болгож байв. Улмаар Ерөнхий сайд захирамжаа хүчингүй болгож, маргаан үүсгэх нөхцөл байдлыг арилгасан тул Цэц маргаан хянан хэлэлцэх ажиллагаанаас татгалзсан билээ.
Ийнхүү тэртээ урьд гаргасан шийдвэрээ түүний зөв, эсэхийг дэнслэх хуралдаанаас ердөө хэдхэн хоногийн өмнө хүчингүй болгож, хууль зөрчсөн шийдвэрээ хуулийн хүрээнд залруулах “ажиллагааг” ганц Ж.Эрдэнэбат хийсэн юм биш. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Хөвсгөл, Баянхонгор аймгийн Засаг даргыг томилсон захирамжууд мөн л Цэцэд очиж байсан бөгөөд хуралдаан болохоос нэг хоногийн өмнө дээрхийн адил хүчингүй болгож байсан юм. Н.Алтанхуяг гүйцэтгэх засаглалын тэргүүн болохоос өмнө ч ингэж л байсан.
Гагцхүү тухайн үед МАН, АН хоёр хамтарсан Засгийн газар байгуулсан учраас асуудал Цэц хүртлээ явж “өндрөө аваагүй” гэдэг. Ерөнхийдөө Монголд энэ мэт маргааныг иймэрхүү байдлаар шийддэг жишиг тогтчихсон. З.Энхтөрийг томилсон шийдвэр Цэцэд дахин очих, эсэх, очсон хойно нь яаж шийдвэрлэхийг өнөөдөр хэлэх боломжгүй. Гэвч Цэцээс тэднийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл хүүхэд хуурч байгаа юм шиг гаргасан шийдвэр, гарын үсгээсээ буцдаг нь огцрох хэмжээний эрсдэл үүсгэнэ.