-Байгалийн нөөц ашигласны төлбөрийг хуульд зааснаас багаар авч байна-
Монгол орны газрын хэвлий дэх баялаг гадаад, дотоодынхны хараанд өртөж, ашиг хонжоо хайгчид манай орныг онилоод олон жилийг үдэж байна. Үүний уршгаар ан амьтан үгүй болж, алт эрдэнэсийн сан ч хоосрон, агаар, хөрс бохирдож, ургамал модод хувхайрч байна. Үлдсэн хэдхэн ан амьтнаа зүй зохистой агнуулах, өсгөх нэрийдлээр хувийнхаа эрх ашгийг ноёд, түшмэд дээгүүрт тавьж байгааг яалтай.
2012 онд Амьтны болон Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг шинэчилж, ан олзворын гадаад зах зээлийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар тооцож төлбөр авахаар заасан юм. Харамсалтай нь таван он дамжихад хуулийн заалт амьдралд хэрэгжсэнгүй. Улс хохирсоор өнөөг хүрэв.
НЭГ УГАЛЗААС 4000 АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ
1960-аад оноос гадаадын анчид манай улсыг зорьж аргаль, янгир, буга, хар сүүлт, цагаан зээр, бор гөрөөс, гахай, чоно зэрэг ан авлах болжээ. Ингэхдээ хуульд заасан тодорхой төлбөр төлсөөр ирж. Сүүлийн жилүүдэд гадаадын анчдыг ав хоморгонд авч явах аяллыг манай 10 хүрэхгүй аж ахуйн нэгж эрхлэх болсон бөгөөд энэ нь тун ашигтай бизнес болжээ. Агнах ан, анчид нь л байвал өөр ямар нэгэн техник тоног төхөөрөмж, нарийн технологи, стандарт, дулаан, цахилгаан, усан хангамж, ажиллах хүчин материал, түүхий эд, ажлын байр шаардахгүй учраас тун ашигтай бизнес гэж хэлээд байгаа юм. Гадаадын анчин дуран авай нь лут, лазерийн мэдрэгчтэй буугаар л ганцхан гох дараад олз омогтой буцах боломж манайд бий. Хэдэн жилийн өмнөх хөдөөгийн анчид шиг “Ижил тэнгэртэйд нь харагдаж, илүү тэнгэртэйд нь алагддаг” амьтан гээд хий хоосон сэтгэлээ хуураад явчихдаггүй юм билээ, гадаадын анчид. Мөнгөө төлсөн юм чинь ганзага хоосон буцахгүй л гэж зорьдог аж. Тиймдээ ч төлбөрөө нэхсэн хэмжээгээр нь төлчихдөг байх.
Харийн анчдад араатан жигүүртнээ агнуулах төлбөрийг тэдэнд зуучлагч аж ахуйн нэгжүүд урьдчилан тохиролцож тогтоодог юм байна. Бидний авсан мэдээллээр Алтайн нуруунаас нэг угалз агнуулахад дунджаар 70-80 мянга орчим ам.доллар төлөх ёстой байдаг аж. Анчдад зуучилсан компаниуд авласан амьтныхаа толгой тутамд агнуурын нөөц ашигласны төлбөр, тусгай зөвшөөрлийн хураамж төсөвт төлөх хууль, журамтай юм билээ. Энэ орлого нь тухайн сум орон нутгийнхаа төсөвт төвлөрч, ан амьтны нөөц баялгийг хамгаалах, өсгөн арвижуулахтай холбогдсон арга хэмжээнд л зарцуулах цорын ганц хөрөнгийн эх үүсвэр болох ёстой. Тийм ч хууль эрх зүйн орчин бүрдсэн. Тодруулбал, 2012 онд Амьтны болон Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг шинэчлэн баталж, өмнө нь авч байсан төлбөр, хураамжийн хувь, хэмжээ өөрчлөгджээ.
Жишээ нь, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.5 дахь хэсэгт “Гадаадын анчдад агнуулсан ан амьтны агнуурын нөөц ашигласны төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар тооцно” гэж заасан юм. Уг хууль батлагдахаас өмнө 60-70 хувиар тооцон авч байжээ. Ингэснээр алтайн угалз нэгийг авлуулаад төлбөрт нь зуучлагч компанийнхан төсөвт 14 мянган ам.доллар төлдөг байв. 2012 онд батлагдсан шинэ хуулиар уг төлбөр 18 мянган ам.доллар болж, нэг угалзанд 4000 ам.доллароор буюу 20 хувиар нэмэгдсэн юм байна. Зөвхөн алтайн угалзаар тогтохгүй, гадаадын анчдад агнуулдаг бүх төрлийн ан амьтны агнуурын нөөц ашигласны төлбөр 20 хувиар нэмэгдсэн билээ. Харин тусгай зөвшөөрлийн хураамжийн хувь хэмжээ нэмэгдээгүй аж.
Ийнхүү агнуурын нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн хууль гарч, таван жилийн хугацаа өнгөрчихөөд байхад хэрэгжүүлж байгаа сайд дарга алга гээд хэлчихэд нэг их буруудахгүй нь. Байгаль орчны үе үеийн сайд, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын шинэ, хуучин дарга нар уг заалтыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч хэрэгжүүлэх талаар ямар ч арга хэмжээ авахгүй өнөөг хүрчээ. Ингэснээр төлбөрийн тооцоог 2012 онд хүчингүй болсон Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд заасан хуучин тарифаар нь төлүүлж байгаа гэдгийг хэд хэдэн эх сурвалж хэллээ. Хууль хэрэгжүүлэхгүй байснаар цөөн хэдэн зуучлагч компанийнханд ая тал засаж, үүний уршгаар улс хохирсоор байна.
Уг нь бол 2012 онд батлагдсан хуульд зааснаар алтайн угалзын толгой тутмаас 4000, говийн угалзаас 2000, алтайн тэхээс 750, говийн тэхээс 660, бугаас 320, бор гөрөөснөөс 140, цагаан зээрээс 50, гахай, чононоос тус бүр нь 65 ам.долларын алдагдал хүлээж буй гэсэн баримт, мэдээлэл судлаачдын дунд байна. Эдгээр ан амьтнаас гадна гадаадын анчин, жуулчдад жил бүр агнуулж буй ус намаг, ой хээрийн төрөл бүрийн шувуу, тул болон бусад загасны төлбөрөөс ч алдагдал хүлээсээр байгаа аж.
БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ОРЛОГЫГ ХЭЗЭЭ
ТАЙЛАГНАДАГ БОЛОХ ВЭ
“Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам” хэмээх эрх зүйн актыг Засгийн газрын 2013 оны 43 дугаар тогтоолоор баталжээ. Түүний 4.3, 4.4 дэх заалтад “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь байгалийн нөөц ашигласны орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад жил бүр санхүүгийн аудит, хяналт шинжилгээ, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үнэлгээ хийнэ” гэж заасан байх юм. Харамсалтай нь энэ заалтыг биелүүлэх сайд, дарга нар алга. БОАЖЯ-нд одоо ажиллаж буй болон ажиллаж байсан хэд хэдэн эх сурвалж ийм ажил хийж байгаагүйг хэлсэн. Хууль сахиулах байгууллагынхан ч “Аудит хийж байсан бол манайд төлбөртэй холбоотой хэрэг зөрчил шалгуулах талаар гомдол гаргах байсан биз. Манайд Агнуурын нөөц ашигласны төлбөртэй холбоотой нэг ч гомдол гаргаж байгаагүй. Заавал бүхнийг хардаад яах вэ. Харийн анчдад зуучлагч компаниуд нь хуулийн дагуу төлбөр төлж байсан ч юм бил үү” хэмээн хошигнож байлаа.
Хэрэв байгалийн нөөц ашигласны орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад аудит, хяналт шинжилгээ, үнэлгээ хийж байсан бол төлбөрийг нь хуульд нийцүүлэн нэмэх боломж өнгөрсөн таван жилийн хугацаанд байсан хэмээн учир мэдэх олон хүн хэллээ. Тэгэхээр БОАЖЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд Засгийн газраас баталсан журмын заалтыг үл тоодог ч байж болох. Эс бөгөөс харийн анчдыг зуучлагч компаниудтай ямар нэг ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй аж.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Байгаль орчны сайдаар Л.Гансүх, С.Оюун, Д.Оюунхорол, Н.Батцэрэг, тус яамны салбар хариуцсан газрын даргаар Д.Энхбат, Г.Нямдаваа, Р.Дэжид нар ажилласныг уншигчид мэдэж буй нь лавтай. Гадаадын анчдад агнуулж буй амьтдын төлбөрийн хэмжээг хуульд нийцүүлэн нэмэгдүүлэх талаар ямар ч арга хэмжээ авсангүйгүйгээр тогтохгүй, жил бүр харийн анчдыг өгөөш болгох амьтдын тоо толгойг нэмэгдүүлсээр ирсэн. Үр дүнд нь цөөн хэдэн компанийн ашиг орлогыг л өсгөж, улс хохирч үлдсэн хэрэг.
НЭГ ТОЛГОЙГООС 20 ХУВИЙГ НЬ АЛДАНА ГЭДЭГ
ДЭНДҮҮ ХАРАМСАЛТАЙ
Засгийн газрын тогтоолоор 2016 онд л гэхэд гадаадын анчдад 1150 толгой ан амьтан, шувуу агнуулах, загас бариулахыг салбар хариуцсан яаманд нь зөвшөөрчээ. Ийм олон амьтны толгой тутмын төлбөрөөс 20 хувийг нь улс алдана гэдэг эдийн засаг хямарсан өнөө цагт дэндүү хариуцлагагүй, харамсалтай хэрэг биш гэж үү.
Тиймээс Засгийн газар үүнд анхаарч, хууль хяналтын болон санхүү, эдийн засгийн холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч, шалгуулах, төлбөрийн хувь хэмжээг хуульд нийцүүлэн нэмэгдүүлэхийг БОАЖЯ-нд үүрэг болгох хэрэгтэй байна. Улсад хохирол учруулсаар байгаа энэ ноцтой үйлдлийг тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Үнэлгээ аудитын хэлтэс, Хуулийн хэлтсийнхэн нь огт мэдэхгүй сууж байна уу, эсвэл мэдсэн ч мэдээгүй дүр эсгэж явна уу. Энэ талаар тодруулахаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрынханд хандсан ч “Би мэдэхгүй, тэрнээс асуу” хэмээн бие бие рүүгээ чихсээр тодорхой хариулт өгчих хүн олдсонгүй.
Хуулийн заалтыг зориуд санаатайгаар хэрэгжүүлэхгүй зөрчиж, төсөвт орох нэмэгдэл орлогыг бүрэн гүйцэд төлүүлэхгүй таван хавар, зуныг улираасан нь тусгай зориулалттай ан агнуур дахь хуйвалдаан гэж үзэхээс өөр аргагүй.
БОАЖЯ-наас 2015, 2016, 2017 онд гадаадын анчдад агнуулах ангийн тоог хэдэн арваар нэмэгдүүлснээс өөр ямар ч арга хэмжээ авсангүй. Тухайлбал, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль батлагдсанаас хойш гадаадын анчдад 2013 онд угалз 15, тэх 32, буга 10-ыг авлуулж байсан бол 2014 онд угалз 28, тэх 41, буга 15, 2015 онд угалз 50, тэх 60, буга 20, 2016 онд угалз 60, тэх 70, буга 30-ыг агнуулжээ. Энэ онд угалз 68, тэх 75, буга 32, цагаан зээр 100 болж нэмэгдсэн гэдгийг тус яамны нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж хэлсэн юм.
Энэ асуудлыг анхаарч шалгаж буй, улсад учирсан хохирлыг нэхэмжилж болох, эсэхийг хууль, хяналтын байгууллагынхнаас лавлахад “Гэмт хэргийн шинжтэй мэдээлэл байгаа учраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломжтой. Цагдаа, прокурорын байгууллагад нь гомдлоо гаргаж шалгуулж болно. Хэрэв Прокурорын тухай хуульд өөрчлөлт орж батлагдвал улсад учирсан хохирлыг прокурор нэхэмжилж болох эрх зүйн орчин бүрдэнэ” гэсэн юм.
Цагдаагийн байгууллагын эх сурвалж “Бид энэ асуудлыг материал бүрдүүлэн шалгаж эхэлсэн. Хэрэг үүсгээгүй болохоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй, хэн нэгнийг сэжиглэн шалгаагүй” гэлээ.