Урт удаан хэлэлцээний дүнд манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Үүний тулд төсвийн тодотгол хийж, долоон төрлийн татвар нэмэх ёстой. Ингэхгүйгээр дээрх хөтөлбөрт хамрагдах боломжгүй гэлцэнэ. Сангийн яамнаас “Сар шинийн өмнө төсвийн тодотголын төсөл боловсруулж, үүнийг маань Засгийн газар дэмжсэн. Одоо УИХ-аар хэлэлцэж, батлах л үлдлээ” хэмээн мэдэгдсэн тул хэвлэлийнхэн ээлжит бус чуулган товлон зарлах УИХ-ын даргын захирамжийг хүлээж, тахиа жилийн эхний арав хоногийг өнгөрөөлөө. УИХ-ын гишүүд ч “Ээлжит бус чуулган зарлах тул бэлэн бай гэсэн чиглэл өгсөн” гэлцэж байв. Гэтэл МАН-ын Удирдах зөвлөлөөс ээлжит бус чуулган хуралдуулахгүй гэсэн шийдвэр гаргах нь тэр.
ТӨСВИЙН ТОДОТГОЛООР БИДЭНД ЯМАР БЭЛЭГ БАРИХ ВЭ
Сангийн яамнаас боловсруулж, Засгийн газраар дэмжүүлээд, УИХ-аар хэлэлцүүлэхээр хүлээж буй төсвийн тодотголд ямар асуудал тусгасныг танилцуулъя.
- Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хадгаламжийн хүүгээс татвар авах байсныг дараа сарын 1 болгож урагшлуулна. Ингэхдээ ямар нэг босго тогтоож, хязгаар тавиагүй. Өөрөөр хэлбэл, их, бага гэлгүй бүх хадгаламжийн хүүгээс татвар авна.
- Шатахууны онцгой албан татварыг хоёр шатлалтай нэмнэ. Тодруулбал, долдугаар сарын 1 болон аравдугаар сарын 1-нээс хоёр удаа шатахууны онцгой албан татварыг нэмнэ.
- Нийгмийн даатгалын шимтгэлийг энэ онд хоёр, ирэх онд нэг, 2019 онд хоёр хувиар тус, тус нэмэгдүүлнэ. Мөн тэтгэврийн насыг үе шаттай нэмэгдүүлэх бөгөөд эрэгтэйчүүд 2026 оноос, эмэгтэйчүүд 2036 оноос 65 нас хүрч байж тэтгэвэрт гардаг болно. Үүний тулд тэтгэврийн насыг жилд зургаан сараар буюу хоёр жилд нэг насаар нэмэгдүүлж, энэ түвшинд хүргэх аж. Нийгмийн даатгалын сан хоосорч, 2019 оноос төсвөөс Тэтгэврийн санд нэг их наяд төгрөгийн татаас өгөх шаардлага үүсэж буй. Энэ хэмжээний татаас өгөх боломжгүй, эх үүсвэргүй учраас ийм арга бодож олсон гэнэ.
- Хувь хүний орлогын албан татварыг дөрвөн шатлалтай болгоно. Тодруулбал, 1.5 сая төгрөг хүртэлх цалинд ногдуулах татварын хэмжээ хуучнаараа буюу 10, 1.5-2.5 сая төгрөгийн цалинд 15, 2.5-3.5 сая төгрөгийн цалинд 20 хувийн татвар ногдуулна. Хувь хүний үйл ажиллагааны орлогын албан татвар 10 хувь хэвээр үлдэх юм байна.
- Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамааран 3-15 хувиар нэмнэ. Мөн 4500-гаас илүү хөдөлгүүрийн багтаамжтай машины онцгой албан татварыг насжилтаас нь хамааран 40-250 хувиар нэмэгдүүлнэ.
- Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг ирэх онд 10, 2019 онд тав, 2020 онд таван хувиар нэмэгдүүлнэ.
- Импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг 30 хувь болгож өсгөнө.
Дээрх татваруудыг нэмснээр энэ онд 203.4, ирэх онд 476.1, 2019 онд 497.9 тэрбум төгрөгөөр төсвийн орлого өсөх тооцоог Сангийн яам хийжээ. Мөн ОУВС-гаас нийгмийн халамжаа зорилтот бүлэгт түлхүү чиглүүл гэсэн учраас “Цалинтай ээж”, “Насны хишиг” хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгож буйг багасгаж 40 хувь болгоно. Хэмнэсэн 20 хувиа эмзэг бүлгийн хүүхдүүдэд хоолны тасалбар болгож олгоно. Засгийн газрын бэлэн болгосон төсвийн тодотгол ийм.
УРШИГТ ДОЛОО
Өнгөрсөн явдлыг нэхэн санаад, өнөөгийнхтэй харьцуулан харвал татвар нэмж, иргэдийн бүсийг чангалах энэ тулгалт дан ганц ОУВС-гийнхнаас гарсан гэхэд эргэлзмээр ч юм шиг. УИХ-ын сонгуулиар олонх болсон эрх баригчид өнгөрсөн намар төсвийн тодотгол боловсруулан ээлжит бус чуулган зарласан. Уг тодотголын амин сүнс, гол зорилго нь долоон төрлийн татвар нэмж, төсвийн алдагдлыг нөхөх байв. Үүнийг нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Татвар нэмэхгүй гэсэн сонгуулийн амлалтаа зөрчиж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжгүй болгох нь” хэмээн эсэргүүцэж, улс төрийн шийдвэр гарган болиулж байв.
Гэтэл хэдэн сарын өмнө зарласан ээлжит бус чуулганаар намын нөхдийнхөө эсэргүүцэлтэй тулгарч, босгосон ханыг нь мөргөөд буцсан хувь хүний орлогын албан татвар, хадгаламжийн хүүгийн татвар, автомашины онцгой албан татвар, архи, тамхины онцгой албан татварыг нэмэх төсөл зүсээ багахан хувиргаад, ОУВС-гийн нэрийг барин дахин орж ирсэн нь гайхмаар. Хэдийгээр Сангийн сайд ОУВС-гийнхантай зэрэгцэж суугаад тавьсан шаардлагыг нь танилцуулж, дараа нь “ОУВС-гийнхан л энэ татваруудыг нэм гэснээс биш бид ингэж хэлээгүй” гэсэн ч Валютын сангийн нөхөд манай Сангийн яамныхантай ингэтлээ адилхан сэтгэсэнд итгэхэд бэрх.
ОУВС хатуу чанд шаардлагатай байгууллага ч хэлэлцээ бол хэлэлцээ. Ширээний ард суусан хоёр тал бие биенийхээ саналыг сонсож, харилцан тохиролцож, байр сууриа нэгтгэж байж тодорхой шийдэлд хүрч таарна. Тэгэхээр Сангийн сайд маань найзаа дуудаж авчраад (өөрөө л ингэж хэлсэн шүү) төсвийн алдагдлаа бууруулах шаардлага тавихад нь намрын боловсруулсан саналаа шургуулчихсан юм биш үү гэх хардлага төрөв.
Ийм хардлага ганц надад ч төрөөгүй бололтой. УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүн “Татвар нэмэх, хасах асуудлаа Засгийн газар өөрөө шийдэх ёстой. Тэгэхгүй гадаадын байгууллагын шахалтаар үүнийг хийж буй мэтээр ойлгуулах нь зохисгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн харагдсан. Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд иргэдийн “шүүсийг шахаж” байгаа хэрнээ зардлаа танах талд дорвитой арга хэмжээ авах төлөвлөгөө манайханд ч, ОУВС-гийнханд ч байхгүй нь бас л гайхаш барж байгаа.
ДУРГҮЙД ХҮЧГҮЙ
“Бидний зүгээс хийх ажил дууссан. Ээлжит бус чуулган зарлахыг л хүлээж байна” гэж Сангийн сайд мэдэгдсэн ч өнөөх чуулган нь хуралдсангүй. Ээлжит бус чуулган зарлахгүй гэж шийдэхдээ УИХ дахь олонх “Гишүүдийн ирц хангалтгүй учраас” гэсэн арга ядсан тайлбар дагуулсан. Энэ бол үнэмшилтэй шалтгаан биш. Зүгээр л шалтаг гэдэг нь ойлгомжтой. УИХ-д 65 суудалтай, хаа очиж гишүүд нь даргынхаа үгнээс хол зөрдөггүй МАН ирцээ бүрдүүлж чадахгүй бол өөр хэн бүрдүүлэх билээ.
Тэгээд бүр гишүүд нь “Ээлжит бус чуулган зарлана шүү, бэлэн байгаарай” гэсэн хэмээн чих тавин хүлээж байхад шүү. Хүсвэл хэзээ ч ээлжит бус чуулган зарлаад, ирцээ бүрдүүлээд хуралдах боломж МАН-д бүрэн бий. Энэ удаа “Дургүйд хүчгүй” гэгч л боллоо. Мөн амьсгалыг нь давхцуулаад байсан 580 сая ам.долларын зээлийг төлөх аргаа олж, олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өсөх хандлагатай болсон нь тэдэнд элдвийг эргэцүүлэх боломж олгосон биз. Товчхондоо төсвийн тодотголд орсон татварын өөрчлөлтүүд УИХ дахь МАН-ынханд таалагдаагүй гэсэн үг.
Ирэх сарын 5-нд хаврын чуулган эхэлнэ. ОУВС-гийнхан манайханд дөрөвдүгээр сарын 10-наас өмнө төсвийн тодотголоо баталж, даалгавраа биелүүлэх хугацаа өгсөн. Хаврын чуулган эхлэнгүүт төсвийн тодотголыг хэлэлцэж, амралтын өдрөөр ажиллалаа гэхэд таван өдрийн хугацаа л бидэнд бий. Хүсвэл амжих, амжуулахгүй гэвэл хангалтгүй л хугацаа.
МАН-ын Удирдах зөвлөл ээлжит бус чуулган хуралдуулахгүй гэсэн улс төрийн шийдвэр гаргахдаа боловсруулсан төсвийн тодотголоо эргэж харах үүргийг Засгийн газарт өгсөн гэсэн мэдээлэл бий. Засгийн газар УИХ дахь бүлгийнхэндээ таалагдах тодотгол оруулж ирэхгүй бол ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хугацаа дахин хойшлохыг, бүр бүтэхгүй болохыг ч үгүйсгэхгүй.