В.АЛЗАХГҮЙ
Доктор
Монголын ард түмэн ирэх зургадугаар сард долоо дахь удаагаа Монгол Улсын Төрийн тэргүүнээ сонгоно. Өнөөдөр энэ тухай яриа хот, хөдөөгүй өрнөж байна. Шинэ Ерөнхийлөгчөөс их зүйл хүлээх нь зүй ёсны. Монгол Улс дөрвөн Ерөнхийлөгчийн нүүр үзсэн. Хэн нь түүх, шаштирт ямраар үлдэхийг хэлэх нь одоохондоо эрт байна. Харин шинэ Ерөнхийлөгчөөс бид юу хүсэн хүлээж байна вэ.
Хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага УИХ-ын сонгуулийг долоон удаа зохион байгуулав. Сонгууль бүрийн өмнө хуульд өөрчлөлт оруулжээ. Өөрчлөлт оруулахад тухайн үед эрх барьж буй улс төрийн хүчин давуу эрх эдэлж, өөрийн ашиг, сонирхолд нийцүүлэхийг урьтал болгож байсан байна. Томсгосон олон мандаттай, эсвэл 76 тойргоор гэх мэт зургаан удаа мажоритори, нэг удаа Үндсэн хуулиа зөрчин холимог хэлбэрээр сонгууль зохион байгуулжээ. Хууль тогтоох дээд байгууллагын гишүүн зөвхөн хууль тогтоох бус, онцгой эрх дархтан болж, баг, сумаас эхлээд бүх шатны томилгоог шийдвэрлэж байгаагаас өнөөдрийн хямрал эхтэй. Товчоор хэлэхэд, УИХ улс, орноо хямраагч гол механизм болсон гэдэгт маргах хүн хэр олон бол.
Үндсэн хуулийг анх батлахдаа засаглалын тэнцвэртэй байдлыг үндсэн зарчим болгосон нь онол, арга зүйн хувьд зөв байсан юм. Засгийн газрын бие даасан байдлыг хангахын тулд сайд нь УИХ-ын гишүүн давхар байж болохгүйгээр хуульчилсан. Хуулийн энэ заалт 1992 оноос эхэлж зөрчигдсөн. П.Жасрайн Засгийн газарт Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд, Шадар сайд, Гадаад харилцааны сайд, Эрүүл мэндийн сайд, Соёлын сайд нь УИХ-ын гишүүн байв. Үндсэн хуулийн цэцэд хэн ч гомдол гаргаагүй тул мэдэн будлиад өнгөрсөн. Үндсэн хуулийн амин чухал энэ заалтыг 2000 онд хүчингүй болгож, долоон өөрчлөлт оруулснаар өнөөдрийн хямрал үүсэх эрх зүйн орчинг Үндсэн хуулийн түвшинд санаатайгаар бүрдүүлсэн юм. Засгийн газар Парламентаас хэтэрхий хараат, сайд давхар болоогүй гишүүд гомдол тээж, уур хилэн нь хөдөлсөн үедээ “Огцруулна” гэдэг болоод удаж байна. Огцрохгүйн тулд аманд нь багтаж, есөн хүслийг нь дуулгавартай биелүүлж явахаас өөр аргагүй. 76 хүний ааш, аяыг олох гэсээр байтал сонгуульт хугацаа дуусдаг нь харамсалтай. 25 жилийн хугацаанд 14 Засгийн газар байгуулагдаж, нэг нь дунджаар 20 сар ажилласан байна.
Засгийн газар өөрчлөгдөх бүрт бүтцийн өөрчлөлт нэртэй бужигнаан болж, яам агентлагуудыг шинээр байгуулж, татан буулгадаг. Яам, агентлагуудад дунджаар 15 удаа бүтцийн өөрчлөлт хийжээ. Хамгийн тогтворгүй байсан нь Засгийн газар юм. Ийм байхад ямар нэгэн үр дүн хүлээх нь зүгээр л утгагүй хэрэг.
Шүүх засаглал бусад бүтцээсээ бүр ч дор. Юун хараат бус шүүх, прокурор. Шүүхийн шинэчлэл нэртэй бужигнаан тасралтгүй үргэлжилсэн. Үндсэн хуулийн цэц хүртэлх бүх шатны шүүх захиалгаар ажиллаж, эрх мэдэлтнүүдийн талд үйлчилж буйгаас ард иргэдийн итгэл алдраад удаж байна.
Зах зээлийн эдийн засгийн харилцаа төлөвшиж, ард түмэн үр шимийг нь хүртэн, өмч хөрөнгөтэй болж амар амгалан амьдарч эхлэх хангалттай хугацаа өнгөрсөн ч улс орон дампуурлын ирмэгт очиж, баян хоосны ялгаа туйлдаа хүрч, өр зээлийн сүлжээ иргэдээс эхлээд төрийг хүртэл хэрж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байна. Монголчууд хэзээ ч ийм ядуу, ёс зүйгүй байгаагүй. Монголчууд шашин шүтлэг, үзэл бодлын хувьд хэзээ ч ингэтлээ хуваагдаж, талцаж байгаагүй. Монголчууд хогон дээр бужигнаж, булаалдан амь насаа алдаж байгаагүй. Тэнгэрлэг монголчууд хэзээ ч золбин нохой шиг амьдарч байсангүй. Монголын золбоолог охид, хөвгүүд балчир насандаа баячуудын зугаа, цэнгэлийн золиос болж, амь насаа алдаж байгаагүй. Монголд хэзээ ч ийм гамшиг нүүрлэж байгаагүй. Харах байтугай сонсоход ч сэтгэл шимширмээр.
Ухаант хүний бичиж үлдээснээр Монгол оронд шинэ хувьсгалын тохироо бүрдээд байна уу. Дээдэс цаашид улс орноо удирдаж чадахгүйгээ хангалттай харууллаа. Хүлээцтэй ард түмэн хүлээхийн дээдээр хүлээлээ. Энэ нь арай дээр болов уу гэж улс төрийн хоёр намыг ээлжлэн сонгож ирэв. Тэвчээр бас цаг хугацаатай, хэмжээ хязгаартай. Монголын нийгмийн байдал ХХ зууны эхэн үетэй адил төстэй түвшинд хүрээд байна.
Ард түмэн эх орон, ард олныг удирдаад явчих хүнийг эрэлхийлж, хүсэн хүлээж байна. Үндсэн хуулийн аргаар шинэчлэл хийж, нэгэн тугийн дор, нэгэн зүгт залж чадах Ерөнхийлөгчийг хүлээж байна.
• Шинэ Ерөнхийлөгч үндсэн хуулийг шинэчилж, өөрчлөхөөс ажлаа эхлэх ёстой. АИХ, УБХ гэсэн хоёр танхим бүхий парламенттай, АИХ-аас томилогддог Ерөнхийлөгч, Засгийн газар, шүүх, прокурортой, Аймаг, сумдын удирдлагыг иргэд нь чөлөөт сонгуулиар өрсөлдүүлэн сонгодог сонгуулийн тогтолцоотой, хүчтэй төрийн зохицуулалт бүхий зах зээлийн эдийн засагтай, ард түмэн азаар заяасан эх орондоо амар амгалан амьдрах боломж бүрдүүлж өгөх хүчирхэг удирдагчийг хүлээж байна.
•Өвөг дээдсийн үлдээсэн баялаг, Ард түмний бүтээсэн бүхнийг идэж шамшигдуулсан, буруу замаар баяжсан, гэдэс нь цадсан ч шунал нь ханаагүй луйварчид, хулгайч нарыг залхаан цээрлүүлж, ил, далд хөрөнгийг нь хуулийн аргаар ард түмэнд буцааж өгч чадах Ерөнхийлөгч бидэнд хэрэгтэй. Ерөнхийлөгч буцааж өгч чадахгүй бол ард түмэн авах юмаа авч л таарна.
• Төр, засгийн бүх түвшинд шударга ёсыг дээдэлж, тогтвортой байдлыг хангаж, боловсрол, мэдлэг туршлагыг эрхэмлэн, чаддаг нь мэддэг ажлаа хийж, авч явах боломж бүрдүүлж чадах Ерөнхийлөгчийг хүсэн хүлээж байна. Өнгө, мөнгөний балчиг, гүн шавар шавхайгаас суга татан гаргах хүчирхэг гар хэрэгтэй байна.
•25 жилийн хугацаанд засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлт огт хийж чадсангүй. Ийм шинэчлэлт хийж чадах зоригттой аавын хүү ээжийн охин гарч ирсэнгүй. Өргөн уудам нутгаа эзэнтэй байлгахын тулд одоогийн сум, багийг хөндөхгүй байж болох юм. Харин аймгийн доторх хот, аймгуудыг нэгтгэн зохион байгуулбал олон асуудал шийдэгдэнэ. Улаанбаатар хотыг Төв аймагтай нэгтгэн, нийслэлээ тэлэх замаар одоогийн хүндрэлээс гарах боломжтой. Төв аймаг, сумдын хувьд ч хөгжлийн шинэ гарц нээгдэнэ. Говьсүмбэр аймгийг Дорноговьтой, Дархан-Уул аймгийг Сэлэнгэтэй, Орхон аймгийг Булгантай нэгтгэн, хотуудын статусыг Үндсэн хуулийн түвшинд тогтоож өгвөл захиргааны нүсэр бүтэц маш цомхон болно.
Дээдэс удирдаж чадахаа больсон, доодос тэсэж тэвчихэд нэн хүнд байгаа энэ хямрал гамшгаас эх орон, ард түмнээ Үндсэн хуулийн хүрээнд, ардчилсан аргаар авч гарч чадах хүчирхэг Ерөнхийлөгчийг хамтдаа эрж, хайж сонгоцгооё.
Сайн цаг үтэр түргэн ирэх болтугай.