Ашгүй хавар болж, утаа арилах нь. Урин дулаантай золгох гэж ямар аюултай орчинд амьдарсан, улирч буй өвөл улаанбаатарчууд агаарын бохирдлыг хэрхэн “бууруулсныг” эргэн санацгаая. Өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж, утааны асуудлыг хэлэлцсэн. Улаанбаатарын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ гэдгийг шат шатанд, тэр дундаа төр, засгийн удирдлагууд хүртэл хүлээн зөвшөөрснөөрөө уг арга хэмжээ түүхэнд үлдэнэ. Урьд нь бол “Утааны чанар сайжирсан”, “Буурч байгаа” гэх мэтээр амьдралаас тасарсан зүйл ярьдаг байв.
ҮАБЗ-ийн хурал нэлээд сүржин болсон. Холбогдох бүх байгууллага, иргэдийн төлөөллийг ч оролцуулсан эл арга хэмжээний үеэр Төрийн тэргүүн “Утаа гаргахаа боль” хэмээн хавийн улсыг загнав. Өнгөрсөн өвөл утааны эсрэг “хийсэн” хамгийн дуулиант ажлуудын нэг нь энэ болно. Цаашлаад “Агаарын бохирдолтой хамгийн их тэмцсэн Ерөнхийлөгч” хэмээн өөрийгөө тодотгоод, зүтгээд байхад бусад хүн огт тусалсангүй гэх утга бүхий үгийг олон нийт рүү чулуудсан удаатай. Үнэхээр түүнд хэн ч тусалсангүй бололтой, бид утаатайгаа нөхөрлөсөөр хавартай золгов.
...Агаарын бохирдолтой тэмцэх ажил улирлын чанартай. Төлөвлөсөн ажлууд нь үнэндээ хавартай золгох хүртэл цаг аргацаасан шинжтэй. Удахгүй, энэ сар дуусангуут л утаа мартагдана. Харин өвөл болонгуут гэнэт сэхээ орно...
“Манай хотын утаа ер нь арилах уу. Өчнөөн жил тэмцсэн ч үр дүнд хүрээгүй” хэмээн эргэлзэж, хариулт хайсан хүн цөөнгүй. Үнэхээр арга бий, эсэхийг эрдэмтдээсээ асууж, тэдэнд найдлага тавих хувилбарыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн өвөл сонголоо. Утааны “салбарт” шинжлэх ухаанч хандлага нутагшаагүй нь өчнөөн олон жилийн ажил үр дүнд хүрээгүйн шалтгаан болсон ч байж мэдэх. Юутай ч Засгийн газрын тэргүүн эрдэмтдээ онцолж, утаанаас салах шийдэл олох үүрэг өгсөн. Үүний дагуу эрдэмтэд судалгаа хийгээд гурван сарын нүүр үзээд байна. Тэд агаарын бохирдлыг ойрын 4-5 жилийн дотор үе шаттайгаар бууруулах хэд хэдэн шийдэл, арга зам олж тодорхойлоод буй гэнэ лээ. Наад зах нь 4-5 жил шаардагдана. Амархан байсан бол аль эрт арилгачих байсан хэмээн судлаачид тайлбарлав. Гэхдээ хавар ирж дулаарчихаад байхад тэдний санал, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэн ч дурсаагүй л байна. Дулаарахтай зэрэгцээд замхруулчихгүй гэж найдъя. Харах л үлдлээ.
Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн нь утааны эсрэг ажиллагааны энэ жилийн шилдэг нь, гарт баригдаж, нүдэнд харагдсан цөөхөн хэдийн нэг байлаа. Бас хотын захиргаа Дэлхийн банктай хамтарсан төслийн хүрээнд агаарын бохирдол ихтэй бүсийн 50 цэцэрлэгт агаарын чанар сайжруулах төхөөрөмж суурилуулсныг тэмдэглүүштэй. Үүнээс гадна хууль журмыг боловсронгуй болгохоос эхлээд олон арга хэмжээ төлөвлөсөн ч биелсэн нь тун цөөн. Уламжлал болсон зуух, түлш тараах үйл ажиллагаа ч тасарсан. Урьдынх шиг баруун солгойгүй цацах мөнгө байхгүй болсон нь гол шалтгаан. Хямралын үе тул “Бага мөнгөөр их ажил хийх” уриан дор нэг өвөл ажиллалаа. Олон төлөвлөгөө гарч, их ч юм ярив. Даанч сүржин эхлээд даржин дууссан нь гунигтай.
Өнгөрсөн баасан гаригт нийслэлийн холбогдох албаныхан мэдээлэл хийв. Энэ үеэр нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх өнгөрсөн өвөл хэрхэн ажилласнаа тайлагнасан нь утаа арилж, удахгүй мартагдахын өмнөх дохио гэлтэй. Ямар ч байсан бид дулаарахаас өмнө ямар нэгэн зүйл хийсэн шүү гэдгээ харууллаа гэж ойлгож ч болохоор санагдана. Хотын захиргаа агаарын чанарыг сайжруулах шаардлагатай дөрвөн бүсэд мэргэжлийн хяналтын өчнөөн олон байцаагч ажиллуулж, утаа их гаргаад буй айл өрх, аж ахуйн нэгжид хариуцлага тооцож байгаагаа энэ үеэр мэдээлэв. Яг ийм ажиллагааг БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл хамтран хэрэгжүүлж буйг дашрамд сануулъя. Энэ хүрээнд байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд төвийн зургаан дүүрэгт агаар, орчны хяналтын эргүүл хийх ажлыг өнгөрсөн өвөл анх удаа санаачлан хэрэгжүүлсэн нь энэ. Хяналт, шалгалтын ажил хангалттай өрнөснийг, судалгаа мэдээлэл багадахгүйн гэрч нь дээрх ажлууд болох биз ээ.
Жил бүр л утаа гаргасан, түүнийг бууруулаагүй этгээдийг эрэн сурвалжлах ажил өрнөдөг. Өнгөрсөн өвөл эл ажиллагаа илүү эрчимтэй байж, утаа бууруулахын тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс нийт 119 тэрбум төгрөг зарцуулсныг бид мэдэж авлаа. Үүн дээр олон улсын зээл, тусламжийн хөрөнгийг нэмэхээр 206 тэрбум төгрөг болох гэнэ лээ. Өвөлжин л энэ талаар шуугив. Үнэндээ ямар нэгэн ажил амжуулахаас илүү газар авсан юм. Харамсалтай нь, яаж ч хичээгээд өнгөрснийг буцааж чадахгүй, ярилаа гээд утаа арилахгүй бид бахь байдгаараа.
Агаарын бохирдолтой тэмцэх ажил улирлын чанартай. Төлөвлөсөн ажлууд нь үнэндээ хавартай золгох хүртэл цаг аргацаасан шинжтэй. Удахгүй, энэ сар дуусангуут л утаа мартагдана. Харин өвөл болонгуут гэнэт сэхээ орно. Өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлын үр дүн гараагүй явдал нь магадгүй өвлийн хэдхэн сарын хугацаанд ажилладагтай холбоотой байж ч мэдэх. Утааны эсрэг ажлууд хавар, зун үргэлжлэх үү гэхэд холбогдох байгууллагууд “Мэдээж тийм” гэж л хариулж байна. Тэгсэн ч өмнөх жишгүүдийн дагуу дулаарах тусам мартаж эхэлдэг уламжлал тогтжээ. Одоо ч мартагнаад эхэлчихсэн ч байж мэднэ.