Монгол хүн бүрийн өмнө сонголт тулгарав. Энэ сонголтыг ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” авчирлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нарын өмнө “Намаа бодох уу, улсаа бодох уу” гэсэн хоржоонтой сонголт цаг үеийн шаардлагаар тулгараад буйг эхлээд дурдъя. Учир нь МАН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо татвар нэмэхгүй, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулна гэх зэрэг тодорхой амлалт өгсөн.
Гэтэл ОУВС-гийн тавьж буй шаардлагын дагуу тэтгэврийн насыг таван жилээр нэмэх нь. Үүнээс гадна хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөх тухай яригдаж байна. Ийм тохиолдолд сонгуулийн амлалтаасаа буцахаас аргагүй байдал М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарт тулгарч буй юм. Хэрэв ОУВС-гийн шаардлагыг хүлээж авахгүй бол 440 сая ам.доллар, түүнийг дагалдах мөнгөн дүнг багтаагаад нийт 5.5 тэрбум “ногоон” биднээс нүүрээ буруулна.
Тиймээс Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Намаа бус, улсаа бодох үе тулж ирлээ. Улс байхгүй бол нам байгаад ч хэрэг байна уу” хэмээх үгээрээ Засгийн газрын өмнөөс товчхон хариулт хэлж, үндсэндээ МАН-д сонголтыг нь заагаад өгчихөв. Монголд зургаа дахь удаагаа хэрэгжих гэж буй ОУВС-гийн шат дараалсан хөтөлбөрүүдийн хамгийн хүнд хувилбар нь энэ гэдгийг хэлэх хэрэгтэй.
Санхүүгийн сахилга бат авчрахаас гадна засаглал, төрийн зохион байгуулалтад ч нөлөөлж, сайнаар яривал шинэчлэл, өөрчлөлт хийх боломж олгодог. Муугаар хэлбэл, улсынхаа дотоод амьдралд гадаадынхныг оролцуулахаас аргагүйд хүрдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас монгол хүний дундаж насыг 64.7 хэмээн тогтоосоор байтал “Та 65 хүрсэн хойноо тэтгэвэр ав” гэх нь сансраас ч хол сонсогдож байна. Долоон төрлийн татвар нэмэх нь арга ядсан ард түмний нуруунд ахиухан ачаа үүрүүлээд алсын замд унаагүй үдсэнээс өөрцгүй.
Монголчуудын өнөөгийн байдалтай нийцэмгүй энэ мэтийн шаардлагуудыг нь гоочилж шүүмжлээд байж болох ч төрийн албан хаагчдын тоог цөөрүүлэх зэрэг манай улстөрчдийн зориглоод хийж чаддаггүй өөрчлөлт рүү түлхэж буй нь олзуурхууштай. ОУВС-гийн “сэхээн амьдруулах тасаг”-ийг сонгохоос өөр арга байгаагүй гэдгийг голлох эдийн засагчид, санхүүгийн салбарынхан хэлж байна.
Зөвхөн МАН-д ч сонголт тулгарсан юм биш. Татвар, бензин шатахууны үнэ, үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны ханш нэмэгдсэнээр өрхийн санхүү хасах заалт руу уруудан жирийлгэнэ. Үүнээс улбаалан иргэдийн өмнө бас л хоёр өөр сонголт ирж буй юм. Юуны өмнө хадгаламжтай иргэд мөнгөө банкнаас татах уу, эсвэл улсдаа татвараа төлөөд хуримтлалаа хэвээр авч үлдэх үү гэсэн хоёр сонголтын өмнө гацав.
Уг нь хадгаламжийн хүүнд татвар тооцож буй нь эргэлтэд орохгүй байгаа мөнгийг татан гаргаж, зах зээлд нийлүүлэх үндсэн зорилготой. Гэхдээ манайх шиг хүнд суртал, авлига цэцэглэсэн оронд хэдэн төгрөгөө бариад бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гээд ар өврийн хаалга дамжиж явснаас хадгаламжаасаа татвар төлөх нь илүү амар. Ийм тохиолдолд авлига, хээл хахуулийг багасгаж, үүний тулд зөвшөөрөл, тусгай лиценз, шат дамжсан гарын үсгийг цөөлөх нь болов уу. Төрийн албан хаагчдын тоог цөөлөх болзлыг биелүүлэхийн тулд сүүлийн жилүүдэд данхайтал томорсон толгойгоо багасгах сорилт мөн тавигдаж буй.
Шахааны, авлигын албан тушаалуудыг цомхтгохоос аргагүй. Тэгэхээр төрийн албан хаагчид ч бас даргадаа тал засаад сандал, ширээнээсээ зууралдах уу, эсвэл эртхэн хувийн хэвшилд үүрээ засах уу гэсэн сонголтын өмнө ирэв. Жолоо мушгидаг хүн бүрт 4500-аас дээш хүчин чадалтай мотор бүхий машин унаж, өндөр татвар төлөх үү, даруухан унаатай, дажгүй бага татвар төлөгч болж үлдэх үү гэсэн сонголт ирж байгааг дуулгая.
Ажилгүй, ажил хайж буй залуусын хувьд, татварт дасаагүй ард түмний зүгээс “Монголд амьдрах ямар ч ирээдүй алга” гэсэн дүгнэлтийг аль эрт хийсэн. Тийм ч болохоор эх орноосоо дүрвэж, хаа нэг тийшээ арилаад өгөх үү, эсвэл байдал дээрдэхийг хүлээж, татварын дарамттай эвлэрэн, Монголдоо үлдэх үү хэмээсэн хоёр сонголтыг ОУВС тулгалаа. Бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг хорлонтой хоёр сонголт хүлээж байна.
Өмнөхтэйгөө адил ил, далд хоёр данс хөтлөх үү, эсвэл шударгаар татвараа төлөөд явах уу гэсэн салаа замын уулзвар тэднийг угтлаа. Энэ мэтээр тоочоод байвал ОУВС-гийн эл хөтөлбөр нийгмийн бүх давхаргыг хамарсан хатуу сонголтыг монголчуудын өмнө авчраад байна. Сонголт хийх үргэлж хэцүү байдаг. Тиймээс өмнө авсан зээл, босгосон бондуудын мөнгө хаашаа орсныг олон нийт асууж мөшгөх нь илэрхий идэвхжих болов. Улс төрийн өндөр албан тушаалтнуудын ууж идэж, урагшаа хойшоо зөөж, нуусан мөнгийг ард түмэн төлөх болсон нь хэнд ч таалагдсангүй.
“Хулгайчийг бариарай” нэртэй сайн дурын, албан бус төсөл ОУВС-гийн “сэхээн амьдруулах” хөтөлбөртэй зэрэгцэн хэрэгжиж эхэлсэн гэж хэлж болно. Олон нийтийн цахим сүлжээнийхэн ойрдоо ууртай байх болсны шалтгаан энэ. Хулгайчийг олох энэхүү эрэл хайгуул улстөржих шатанд дэвшлээ.
Улс орныхоо эдийн засгийг өнөөг хүртэл зөв залуурдан жолоодож чадаагүй Ерөнхий сайдуудын ачаар сэхээн амьдруулах тасагт ийнхүү шилжиж буй нь олон нийтийн төрдөө итгэх итгэлийг улам бүр үгүй болгож байна. Тэр тусмаа хөгжвөл ч хөгжихөөр 20 гаруй жилийн дараа парламентад ээлж дараалан суусан, ямар нэгэн хэмжээгээр удирдах алба хашиж явсан улстөрчдөд нийгмээрээ харшилтай болчихоод буй нь нууц биш. Улстөрчид хувийн намтартаа УИХ-д тэдэн удаа сонгогдон, ажилласан, сайд, дэд сайдын албыг тэдэн жил хашсан гэх “осолтой” тодотгол оруулахаас айж, эмээдэг болсон цаг үе хэмээн нэрийдэж болно.
ОУВС-гийн шалгуурыг давж, шаардлагад нийцнэ гэдгээ нотолсноос хойш Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой гадаадынхан нэмэгдэв. Энэ бол эхний сайн мэдээ. Засгийн газрын 124 сая ам.долларын бонд дээр 3.3 тэрбум ам.долларын санал орж ирсэн нь үүнийг нотолно. Энэ бүхний цаана Монгол Улс уул уурхайн том төслүүдээ хөдөлгөх боломж бүрдчихлээ гэсэн мессеж дэлхий даяар нисэж, хөрөнгө оруулагч компаниудад хүлээлт бий болсон нь сайшаалтай.
Саяхан Канадад болсон уул уурхайн зөвлөгөөний үеэр 320 компани Монголыг сонирхож байгаагаа илэрхийлсэн гэх мэдээлэл бий. Энэ бүхнээс харахад ямартай ч удаан хүлээсэн тодорхойгүй байдлын дараа эерэг хандлага гарч буй юм. Гэхдээ бид энэ боломжийг багагүй золиосоор олж авсныг зориуд дурдъя. Том, бага ямар ч улс орон батлан хамгаалах салбартаа гар татдаггүй. Тэгвэл УИХ-аас баталсан, энэ оноос хэрэгжих ёстой Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хойшлуулах шаардлага тавигдаж байгааг анзаарахгүй байх аргагүй.
Өөрөөр хэлбэл, эл зээлийг авснаар манай дотоод асуудал гадаадынханд хэт хамаатай үе эхлэх юм. Бас нэг хардлага буй нь ОУВС-гийн нөөцийн валютад Хятадын юань нэмэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Хятадын Ардын банк манай Төвбанктай хийсэн своп хэлцлийн хугацаагаа сунгаснаар өмнөд хөршөөс дахин их хэмжээний зээл авах үүд нээгдэнэ. Хятадын “Эксим” банкнаас нэг тэрбум ам.долларын зээл авч, төмөр зам, нефть боловсруулах үйлдвэртээ хөрөнгө оруулах тухай яригдаж байна. Монгол Улсын дотоодын зах зээлд эргэлдэж буй үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөг байр сууриа алдан, юанийн нөлөө нэмэгдэх хандлага эндээс харагдаж буй. Олон улсад иймэрхүү үзэгдлийг чимээгүй булаан эзлэлт хэмээн нэрийддэг.
ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан орнуудад Грек шиг унаж, Казахстан шиг хөгжих хоёр л гарц бий. Чухамдаа монголчуудад итгээд баталгаа гаргаж, тусламж олгож буй ОУВС-г буруутгах аргагүй. Хөтөлбөр, зээл, бонд нэрээр орж ирсэн мөнгө эрх барьж буй намын эрх мэдэлтнүүдийн гарыг угаадаг гэдгийг олон нийт мэдэх болсон. Ийм тохиолдолд гадаадаас авч буй зээлийн хэмжээ бус, төрд шургалсан үе үеийн луйварчдын ичгүүргүй үйлдэл давтагдана гэхээс ард түмэн айж байгаа юм.
Үнэндээ Ж.Эрдэнэбатын Засгийн газарт 5.5 тэрбум ам.долларыг чухам юунд, ямар томоохон төслүүдэд хэрхэн зарцуулах тухай эдийн засгийн тооцоо хөтөлбөр байхгүй нь үнэн. Сангийн сайдын тайлбарлаж буйгаар төсвийн алдагдлаа нөхнө гэдгээс өөр тодорхой ойлголт эрх баригчдад алга. Юутай ч маш хүнд үед Монгол Улс дампуурлаа зарласангүй. Харин ч ОУВС-гаас эдийн засаг нь хямарсан бус, зогсонги байдалд орсон орон гэсэн дүгнэлт авлаа. Гэнэт олдсон шар тос гэдсэнд халтай л гэлцдэг. Зогсонги байдалд орсон эдийн засгийг хөдөлгөхийн тулд мөнгө, ухаан хэрэгтэй.
Мөнгө ч яах вэ, бүтчихлээ. Ухаан нь харин хаана явна гэж асуумаар байна. Энэ нөхцөлөөс гаргах зориулалттай зээлийг хямралд хүргэх хөшүүрэг болгоод хувиргачихмааргүй байна. Хэрэв зөв шийдэлд хүрч чадвал 5.5 тэрбум ам.доллар Монгол Улсын хувьд аврах бүс болж, үр өгөөжөө өгнө. Буруу замаар будаа тээчихвэл ОУВС-гаас “соёрхсон” энэ мөнгө манай эдийн засгийг жинхэнэ утгаар нь ална. Аль нь болохыг өнөөдрийн эрх баригчид шийднэ. Аврах бүс шидэж өгөөд байхад л арчаагүй живдэг хүн байдаг шүү дээ, аймаар юм.