Монгол хүний оюуны чадавх дэлхийд гайхагдаж, толгой цохих болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Манай оюуны спортын тамирчид өдөр бүр шахам томоохон амжилт гарган, дэлхийн дээд амжилтыг шинэчилж байгаа нь үүний илрэл. Хамгийн сүүлд гэхэд л БНСУ-д болсон ой тогтоолтын нээлттэй тэмцээнд оролцсон манай тамирчид 90 медалийнх нь 41-ийг хүртэж, дэлхийн дөрвөн дээд амжилтыг шинэчлэв. Харамсалтай нь, Монгол Улс оюуны спортыг дорвитой дэмжиж, тамирчдаа дөмөгхөн урамшуулж чадаж байгаа бил үү.
Дэлхийн дээд амжилтыг шинэчилж, эх орныхоо нэрийг дуурсгаад ирсэн тамирчнаа харьяа яамны сайд, дарга нар нь хүлээн авч, баяр хүргэвэл их юм болдог, түүнээс хэтрэхгүй байгаа нь гашуун боловч үнэн. Ер нь тэднийг сумын наадамд түрүүлсэн бөхөөс ч дор үнэлж, урамшуулж байна гэхэд хилсдэхгүй. Монголчууд үндэсний болон их спортод арай элгэмсэг хандан, дэмжиж туслах, хамтран ажиллах сонирхол их байдаг ч оюуны спортынхныг нааш гэх нь тун ховор.
Шатрын спортын Их мастер, Б.Мөнгөнтуул Гавьяат тамирчин цол хүртсэнийхээ дараа манай сонинд өгсөн ярилцлагадаа “Би өнгөрсөн жил (2014) шатрын олимпиадад оролцсоныхоо дараа оюутны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Тэгэхэд лав урамшуулал хүртээгүй. Уг нь монголчууд шатар сайн мэддэг, тоглох дуртай хэрнээ ивээн тэтгээч, тэмцээний зардалд туслаач гээд компаниудыг зориод очихоор нааштай хариу өгөх нь тун цөөн. Тэгсэн хэрнээ үндэсний бөх гэхээр уухайн тас хүлээж авдаг” хэмээн өгүүлсэн удаатай.
Томоохон компани, аж ахуйн нэгж бүхэн улс, аймгийн цолтой бөх харьяандаа авч, цалинжуулан, байгууллагаараа цоллуулан барилдуулдаг болсон өнөө цагт энэ спортын нэг ч болтугай тамирчныг дэмжвэл болохгүй гэх зүйл үгүй. Бидэнд санхүү, мөнгөний бололцоо гэхээсээ илүүтэй сэтгэл дутаад байгаа хэрэг. Үүнээс гадна оюуны спортын тамирчдын амжилтыг төр, засгаас тааруу үнэлж байгааг дурдах нь зүйтэй болов уу. Ялангуяа үндэсний болон их спортынхонтой харьцуулбал бүр их зөрүү гарна.
Ой тогтоолтын спорт Монголд харьцангуй хожим хөгжин, манай тамирчид 2010 оноос эрчимтэй бэлтгэл хийж эхэлсэн ч одоогоор олон улсын 42 тэмцээнд оролцон, 607 медаль хүртээд буй. Үүний сацуу дэлхийн аварга цол хүртэн, дээд амжилт эвдсэн нь чамлахааргүй олон. Зөвхөн өсвөр үеийнхэн л гэхэд дэлхийн 17 дээд амжилтын 14-ыг нь эзэмшиж байна. Гэтэл тэднээс хэн нь ч амжилтаа төрд үнэлүүлж, мөнгөн урамшуулал хүртээгүй гэвэл уншигч та итгэх үү.
Манай улсад оюуны спортын үнэлэмж, дэмжлэг хэр байгаа талаар Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатараас тодруулахад “Тун тааруу. Спорт сонирхогчид энэ талаар шүүмжилж байгаа нь анзаарагддаг. Манай тамирчид олимпын бус төрлөөр хичээллэдэг гэдгээрээ адлагдан, амжилтаа төрд үнэлүүлж, сайдын тушаалаар олгодог урамшуулал, тэтгэлгээс үргэлж хасагддаг. Тэмцээн уралдаан зохиох, олон улсын тэмцээнд оролцоход төрөөс биднийг ер дэмждэггүй. Бид эхний жилүүдэд тамирчдынхаа зардлын тодорхой хувийг байгууллагынхаа үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлдэг байсан. Харин одоо хичээллэж буй тамирчид, оролцох тэмцээний тоо хавьгүй олон болсон тул тэгэх боломж алга. Тамирчид маань бор зүрхээрээ л болгож байна” гэлээ.
Энэ бол зөвхөн тэдэнд бус оюуны спортынхонд өдөр бүр тулгарч буй саад бэрхшээл. Нөгөө талаар олимпын бус төрлийн тэмцээнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр бүр шууд дамжуулдаггүй нь хүмүүс оюуны спортыг ойлгох, тамирчдын амжилт, ялалтын үнэ цэнийг мэдрэхэд чамгүй хүндрэл учруулдаг бололтой.
ОЮУНЫ СПОРТЫН ТӨРЛӨӨР ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЬЕ
Үндэсний шигшээ баг бүрдүүлж, тогтмол дэмжвэл тамирчдын амжилт, ур чадвар улам ахих нь гарцаагүй. Гэтэл өдгөө оюуны спортын нэг ч төрөлд шигшээ баг бүрдүүлээгүй байгаа нь харамсалтай. Зөвхөн шатрын спортоор л өнгөрсөн хоёрхон жилийн хугацаанд буюу 2014-2016 оны хооронд дөрвөн тамирчин, нэг дасгалжуулагч бүхий үндэсний шигшээ баг бүрдсэн ч өнгөрсөн оны есдүгээр сард тараасан. Харин шинээр бүрдүүлж буй шигшээ багуудын төрөлд шатрыг багтаалгүй хасав. Тэгэхээр цаашид манай шатарчид томоохон тэмцээнд оролцохдоо байнгын бус шигшээ баг бүрдүүлэн, өрсөлдөх нь.
Энэ талаар Их мастер, Гавьяат тамирчин Т.Батчимэг ямар байр суурьтай байгааг нь сонирхоход “Тухайн улс хөгжиж, иргэд нь өндөр боловсрол эзэмшин, соёлжиж буйн нэг томоохон хэмжүүр бол оюуны спорт. Тиймээс ОХУ, БНХАУ зэрэг дэлхийд ноёрхогч гүрнүүд энэ спортын төрлүүдэд их ач холбогдол өгч, дэмждэг. Гэтэл Монголд оюуны спортын үнэлэмж тааруу байгаа нь хичээллэгсдийн тоо, тамирчдын амжилтад тодорхой хэмжээнд сөргөөр нөлөөлж байна. Авьяастай, тив, дэлхийн аварга болох нөөц бололцоотой чамгүй олон хүүхэд амьдрахын эрхэнд спортоо орхиж байгаад нь харамсдаг. Хамгийн чухал нь тэд Их мастер цол хүртэх юм уу, дэлхийн аварга болсон ч амьдралын баталгаа алга. ДАШТ, дэлхийн олимпиадад ийм амжилт гаргавал тэдэн төгрөгөөр шагнаж урамшуулна гэсэн заалт байдаг ч тэр нь бусад спортынхноос хамаагүй бага. Монгол Улс эдийн засгийн хямралтай, хүнд байгаа ч дөрөвхөн шатарчныг шигшээ багт дахин багтааж болмоор. Улсаас бодлогоор дэмжиж, аль болох олон тамирчинтай шигшээ баг бүрдүүлэх талаар хичээх учиртай байтал ийм шийдвэр гаргасанд нь шатрын хорхойтнууд сэтгэл дундуур байгаа нь мэдээж” хэмээн өгүүллээ.
Өндөр амжилт гаргаж эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгахын төлөө адилхан зүтгэж, ижилхэн хөдөлмөрлөж яваа атал тэднийг ингэж ялгаварлаж байгаа нь яавч шударга зүйл биш. Тиймээс оюуны спортын төрлүүдэд ч бас шигшээ баг бүрдүүлж, дорвитойхон дэмжих цаг болжээ.
ОЮУНЫ СПОРТЫГ ДЭМЖИХ ЗАРЛИГ ГАРГАЯ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 онд багийн спортыг дэмжих зарлиг гаргаснаас хойш Монголын тамирчдын амжилт ямар хурдан сайжирсан нь илт мэдрэгдэж байгаа болов уу. Сагсан бөмбөгчид л гэхэд дараа жил нь оюутны ДАШТ, Азийн АШТ тэргүүтэй есөн тэмцээнд оролцон, найман медаль хүртсэн бол хоккейчид ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, түүхэн амжилтын эзэн болж, манай улсад багийн спорт хөгжих болоогүй гэх гутранги үзэлтэй зарим нэгний буруу байсныг баталсан. Улсаас бодлогоор дэмжих тамирчдын амжилтад хэрхэн эергээр нөлөөлдгийн тод жишээ энэ. Тэгвэл оюуны спортыг дэмжих зарлиг гаргахыг Ерөнхийлөгчдөө уриалъя. Ингэснээр тамирчид бүр их хичээж, урам авах нь баараггүй.
ДАСГАЛЖУУЛАГЧДЫН УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Тамирчдын амжилтад төр, засгийн дэмжлэгээс гадна дасгалжуулагчийн ур чадвар их чухал. Монголын оюуны спортын тамирчид бага насандаа тив, ДАШТ-д түрүүлж, томоохон шуугиан тарьдаг ч нас ахих тусам амжилт нь буурдаг гэмтэй. Учир нь, насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн хэмжээний тамирчин бэлтгэх ур чадвар, туршлагатай дасгалжуулагч Монголд хуруу дарам цөөн болохоор тэр.
Тэгэхээр даам, шатар зэрэг спортын төрөлд насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн аваргатай болохын тулд юуны өмнө дасгалжуулагчийн ур чадварт анхаарах нь зүйтэй. Үүнийг Гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн гуай хүлээн зөвшөөрч “Монголд дэлхийн аварга бэлтгэх хэмжээний ур чадвартай дасгалжуулагч дутагдалтай байгааг нуух юун. Гадаадаас мэргэжилтэн урилгаар авч ирэн, ажиллуулах боломж бий. Гэвч үүнд мөнгө хэрэгтэй. Шилдгийг нь бус дунд зэргийн ур чадвартай дасгалжуулагч ажиллуулъя гэхэд сард 5-10 мянган ам.доллараар цалинжуулахаас гадна байрлах орон сууц, хоол хүнсээр хангах шаардлагатай болно.
Мэдээж ганцхан жил ажиллаад тодорхой үр дүнд хүрэх боломжгүй. Хамгийн багадаа 3-4 жил шаардлагатай. Гэтэл санхүүгийн бэрхшээлийн улмаас тэгэх боломж хомс байна. Тамирчид төр, засгаас дэмжлэг хүсэхээсээ өмнө өөрөөс шалтгаалах бүхнээ дайчлах хэрэгтэй. Би үүнд оролцох гэсэн юм, зардалд туслаач гэхээсээ илүүтэй тухайн тэмцээнд хэрхэн өрсөлдөх, бэлтгэлээ яаж базаахаа сайтар төлөвлөх нь зүйтэй” хэмээв. Үйл ажиллагаагаа хэрхэн тогтмол явуулж, тамирчдын тэмцээн уралдааны зардалд яаж дэм болъё хэмээн толгойгоо гашилган суугаа спорт холбооныхонд ийм өндөр өртгөөр мэргэжилтэн ажиллуулах бололцоо байхгүй.
Хэдийгээр үүнд тухайн холбооны олон улс дахь нөлөө, нэр хүнд, идэвх чармайлт чухал ч төрөөс яагаад дэмжиж болохгүй гэж. Мөн дасгалжуулагчийн олон улсын сургалт зохиож, шат дараатай, нэгдсэн бодлогоор дэмжвэл хэр баргийн мөнгөн урамшууллаас илүү оюуны спортын хөгжилд ташуур өгөх нь гарцаагүй.
ОЮУНЫ СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХИЙН ТУС
Хүн бөхийн спортоор хичээллэснээр эрүүл чийрэг, өв тэгш бие галбиртай болдог. Харин оюуны спортын “А” үсгийг заалгаснаар ямар ашиг тустай вэ?. Энэ спорт тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, аливааг өөр түвшинд харж, бодон, сэтгэдэг болохоос гадна тогтоох чадварыг сайжруулдаг. Адаглаад л олон сарын өмнө болсон үйл явдлыг хэдхэн мөчийн өмнөх мэт тод санаж, хэр баргийн хүний 3-4 цаг зарцуулан байж цээжлэх англи хэлний дүрмийг хоёр гуравхан удаа уншаад л өөрийн болгодог болчихвол ямар вэ.
Хэдэн зуун хуудастай ном уншсан ч хэчнээн хугацааны дараа үг, үсэггүй санавал догь биз. Уншигч та ийм болохыг хүсэж байгаагүй гэж үү. Ой тогтоолтын спортын дэлхийн аварга, Их мастер Э.Энхмөнх “Энэ спортоор хичээллэснээр аливааг өөр өнцгөөс, өвөрмөцөөр сэтгэдэг болсон. Утасны дугаар огт хадгалдаггүй. Нэр, дугаар хоёрыг нь уялдуулж цээжилчихвэл мартана гэж ер үгүй. Хэдэн жилийн дараа ч шууд санана” гэлээ. Мөн тэрбээр тэмцээн, бэлтгэл гээд хичээлээсээ чөлөө авах үе цөөнгүй гардаг ч ой тогтоолтынхоо ачаар хичээлээ амархан нөхөж, хоцрогдол гардаггүй гэнэ.
Нөгөө талаар оюуны спортынхон төлөв даруу хүн болж төлөвшдөгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Өсвөрийн дэлхийн аварга Д.Мөнхзул, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Өнөрзул нарын аав Г.Даваахүү “Шатар тоглодог хүүхэд их даруу төлөв, алдаа гаргачих вий гэхээс эмээдэг болчихдог юм байна. Манай хоёр охин багадаа өрөмний өт шиг хөдөлгөөнтөй, сахилгагүй байсан. Гэтэл энэ спортоор хичээллэснээсээ хойш эрс өөрчлөгдсөн. Өнөрзулыг л гэхэд нэгдүгээр анги төгссөнийхөө зун шатар сураад ирснийх нь дараа ангийнх нь багш бүр гайхсан шүү” хэмээж байлаа.
Тамирчны хамгийн том дайсан бол бэртэл гэмтэл. Харин оюуны спортынхон үүнд санаа зовох шаардлагагүй. Хамгийн цэвэр дүрэмтэй, биеийн хүч бус оюуны бяд шаардан, бүх насныхан хичээллэх боломжтой спорт болохоор тэр. Тэмцээний зардал, бэлтгэлийн ая тухтай орчин гээд үргэлж л шахам томоохон компанийн үүд онголзуулж, бор зүрхээрээ зүтгэж яваа оюуны спортынхон туйлдаж, урам нь хугарч байна.
Тэднийг одоо л дэмжиж, туслахгүй бол оройтох нь. Бүхнээс илүү бус бусад спортын дайтай үнэлж, дэмжвэл л болох нь тэр. Хэрвээ тэгж чадвал Монгол хүн ой тогтоолтын илүү олон дээд амжилт эзэмшин, шатар, даамын төрөлд насанд хүрэгчдийн дэлхийн аварга болох, дэлхийн чансааг тэргүүлэх цаг ойрхон байгаа нь дамжиггүй.