Сахил хүртээд шал дордов гээч л АН-д болоод байна. УИХ-ын ээлжит сонгуулийн ялагдлаас хойш бодитойгоор эхлүүлэх гэсэн шинэчлэлийн хөдөлгөөн VII их хурлаар тодорхой үр дүнд хүрч, хэд хэдэн баримт бичиг баталсан. Гишүүддээ нээлттэй, дотоод ардчилалтай АН-ыг бий болгох шинэчлэлийн хөтөлбөр, Үндсэн дүрмээ батлаад дөнгөж нэг сарын нүүр үзэж буй тус намын удирдлагын шинэ багийнхны ухаанд ухна ишиг үхчихээгүй байлтай.
Удирдлагыг гартаа авснаас хойш тэдний хийх гэж буй хамгийн эхний томоохон ажил болох дотоод сонгууль зохион байгуулах үйл явц ардчиллаас ухарсан, үнэт зүйлсийг нь уландаа гишгэсэн, эрүүл бус арга, хандлага дор өрнөж байгааг АН-ынхан төдийгүй жирийн ард, иргэд шүүмжлээд эхэлжээ.
АН-ын бүх шатны сонгуульт албан тушаалтны (аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны дарга нар, Үндэсний бодлогын хорооны гишүүн зэрэг албан тушаал) сонгуульд өрсөлдөх хүмүүсийг долоо хоногийн турш бүртгээд, өчигдөр дууслаа. ҮБХ-ны гишүүнд өрсөлдөх бол гурав, аймгийн намын даргад 15, нийслэлийн намын даргад 90, дүүргийн намын даргад 20 (Багануур, Багахангай, Налайх дүүрэгт 10), нийслэлийн намын хорооны гишүүнд 1.5 сая, сумын намын хорооны даргад 200, аймгийн намын хорооны гишүүнд 50, дүүргийн намын хорооны гишүүнд 250 (Багануур, Багахангай, Налайх дүүрэгт 50), сумын намын хорооны гишүүнд нэр дэвшвэл 12 мянган төгрөгийн хураамж төлөхийг шаардсан.
Мөн нэр дэвшигчдээс дэнчин авсан. ҮБХ-нд өрсөлдөж буй бол гурав, нийслэлийн намын хорооны гишүүнд 1.5, дүүргийн намын хорооны гишүүнд (Багануур, Багахангай, Налайх дүүрэгт 120 мянга) 0.5 сая, аймгийн намын хорооны гишүүнд 120, сумын намын хорооны гишүүнд 12 мянган төгрөгийн дэнчин авахаар тогтоосон.
Ийнхүү хураамж, дэнчингийн хэмжээг нэгтгэвэл ҮБХ-ны гишүүнд өрсөлдөхөд зургаа, нийслэлийн намын хорооны гишүүнд гурван сая, дүүргийн намын хорооны гишүүнд 750 мянга гэхчилэн мөнгөн босгын хэмжээ улам өндөрсөж буй. Түүнчлэн намын гишүүд эдгээр сонгуульд оролцож, саналаа өгөхдөө гишүүнчлэлийн татвар болох 1200 төгрөгөө төлж, саналын эрхээ баталгаажуулах ёстой. Энэ нь өмнөх оны татвараа төлсөн бол 2017 оныхыгоо энэ сарын 13-ны дотор төлж, саналын эрхээ баталгаажуулахыг шаардаж буй юм.
Ийнхүү АН-ын гишүүн сонгох, сонгогдох эрхээ эдлэх, эсэхийг С.Эрдэнийн үед мөнгө албан ёсоор шийдээд эхэлчихлээ. Намын түвшинд гишүүд нь улс төрийн эрхээ мөнгөний хүчин зүйлээс шалтгаалж эдэлж чадахгүйд хүрлээ. УИХ, цаашлаад аймаг, нийслэлийн сонгуульд мөнгөтэй хүн л нэр дэвшин өрсөлддөг, шударга бус жишиг яван явсаар АН-д бууриа засчихлаа. Фракцаасаа салсан гэх АН мөнгөнд чөдөрлүүлж, албан тушаалаа үнэлж эхлэв. Жирийн гишүүдээсээ алсарч, цөөн хэдэн хүний нам болсноо засна гэсэн шинэ даргынх нь үг талаар болох нь.
Харин ч энэ удаа мөнгөтэй цөөн хүний, эрх ашиг нэгтэй заримынхаа дэнчин, хураамжийг өмнөөс нь төлж, үгсэн хуйвалдах хэсэг бүлэг хүмүүсийн АН болох замд орчих шиг боллоо. Квот тогтоон байж оролцоог нь дэмждэг эмэгтэйчүүд, залуучуудаас АН нүүр бурууллаа. Ийм байдлаар албан тушаалд очсон хүмүүс дараа нь улсын ажил хийх тохиолдолд хэрхэн хандах бол. Халааснаасаа, эсвэл хаанаас ч юм олж тушаасан хэдэн цаасаа эргүүлэн олж авч, “шархаа нөхөхийг” л бодох байх даа.
Энэ мэт дэнчин, хураамж АН-д өмнө нь байсан уу гэвэл байсан. Хуучин болон шинэ дүрмийн аль алинд нь дэнчин, хураамж авахыг хориглоогүй. Тэгээд ч тэд МАН-ынхныг бодвол аливаа өрсөлдөөнд нэр дэвшигчдээс мөнгө татдагаа нууж байгаагүй. Харин энэ удаагийн хураамж, дэнчингийн хэмжээ АН-ын өмнөх сонгуулиудынхаас даруй 6-90 дахин өссөнөөс гадна албан тушаал бүрт мөнгөний босго тогтоов.
Өмнө нь Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнд өрсөлдөхийн тулд нэг сая төгрөгийн дэнчин тавьж, гишүүн болж чадахгүй бол дэнчингийн мөнгөө буцааж авдаг байв. Дэнчингийн мөнгөнөөс нь сонгуулийн хураамж болох 15 мянган төгрөг суутгадаг байж. Мөн нийслэлийн намын хорооны даргад өрсөлдөхийн тулд 90 сая төгрөг байтугай огт мөнгө төлдөггүй байсан аж.
АН-ын хувьд дэнчин (амласан зүйлийн баталгаа болгож барьцаанд тавьсан мөнгө, эд юм), хураамж (ямар нэг үйлчилгээ авсны төлбөр болох мөнгө) гэх үгс орчин цагийн Монгол хэлний тайлбар тольд дурдсан утга, агуулга илэрхийлэн хэрэглэгдэж ирсэн. Аливаа сонгуулийн хувьд “хураамж” гэх ойлголт үндсэндээ үйл ажиллагааны (зохион байгуулагчдын хоол, унаа болон цаас тэргүүтэй хэрэглэгдэхүүний зардал зэрэг) зардлыг санхүүжүүлдэг атал энэ удаа 90 сая төгрөгт хүргэснийг “дээрэм” гэвэл таарна.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын сонгуулийг 43 хэсэгт зохион байгуулахад нийт 25 сая төгрөгийн зардал гарч байсан юм билээ. Угтаа өрсөлдөх хүмүүсээ эхэлж бүртгэн, тоог нь тодорхой болгочихоод нийт зардлаа нэр дэвшигчдэдээ эн тэнцүү хариуцуулбал хураамжийн хэмжээ бодитой гармаар. Эсвэл 20 гаруй жил улсын болоод дотоод сонгуульд оролцсон туршлагадаа үндэслэн нэр дэвшигчдийн тоог багцаалж болмоор.
Тухайлбал, АН-ын албан ёсны цахим хуудсанд энэ сарын 9-нд буюу нэр дэвшигчдийн бүртгэл дуусахаас даруй тав хоногийн өмнө 389 гишүүнтэй ҮБХ-ны сонгуульд 700 орчим хүн өрсөлдөх төлөвтэй буй талаар мэдээлсэн байсан. Тэгээд ч бүх шатны сонгуульт албан тушаалтнуудын сонгуулийг ирэх сарын 2-нд буюу нэг өдөр, нэг саналын хуудас ашиглан явуулах учраас зардал ч төдий хэмжээгээр хэмнэгдэх учиртай.
Хамгийн ноцтой нь бүх шатны сонгуульд нэр дэвшигчид хураамж, дэнчингээ төвлөрсөн нэг дансанд тушаагаагүй явдал. АН-ын Дотоод сонгуулийн хороо дансандаа бүх хураамжийг төвлөрүүлсэн нь цөөхөн хүнд их хэмжээний мөнгийг богино хугацаанд дур зоргоороо захиран зарцуулахад хүргэж буй юм. Зөвхөн ҮБХ-нд өрсөлдөх төлөвтэй буй 700 хүний хураамж гэхэд л 2.1 тэрбум төгрөгт хүрнэ. Тэнд төвлөрч буй төгрөг бүхэн шилний цаана буй мэт ил тод байх ёстой атал тийм биш байгаа нь итгэл үл төрүүлнэ.
Улс төрийн намын тухай хуулийн дагуу АН шинэчилсэн дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Харин Дээд шүүх АН-ын шинэ дүрмийг өнөөдөр, эсвэл маргааш авч хэлэлцэн, бүртгэх, эсэхээ шийднэ. Энэ тохиолдолд хуучин дүрэм хүчин төгөлдөр хэвээр, тэр хүрээнд ажиллах ёстой гэдгийг АН-ын гишүүд, дэмжигчид шаардаж байна. Үнэхээр ч удирдлагын шинэ багаас томилсон Дотоод сонгуулийн хорооноос гаргасан эдгээр шийдвэр, түүнийг хэрэгжүүлж буй арга, хэлбэр нь маргаан дагуулж болзошгүй.
Цаашлаад сонгуулийн маргаан гарвал чухам аль дүрэм нь хүчинтэй, эсэх талаар гишүүдийн дунд байр суурийн зөрүү гарч, талууд өөр өөрийнхөө тайлбарласнаар намын эв нэгдэлд нөлөөлөх вий. Уг нь АН улс төрийн нөлөө бүхий хүчний хувьд эх орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан даруухан аашилж болох л байсан. 160 мянган гишүүнтэй хэмээдэг эл намд Монгол орны өнцөг, булан бүрт буй гишүүдийнхээ идэвх, оролцоонд үндэслэн аль болох бага зардлаар албан тушаалтнуудаа тодруулах боломж байх л учиртай сан.