Занабазарын гудамжинд 2010 онд тарьсан нарснууд өдгөө амьгүй хатсан модод болжээ
Нэгэн цагт аглаг хөвчийн ногоон ойн хэсэг нь болж, гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж, байгаль дэлхийг чимж явсан залуу нарснууд нэг л өглөө цагаан тоос бужигнасан, хөл хөдөлгөөнт нийслэлийн гудамжинд олны нүд мэлмийг баясгах болсон юм. 20-иод жил амьдрахдаа үзээгүйгээ үзэж, амьсгалах нүх сүв болгоноо хөө тортог, замын тоос шороогоор даруулахдаа тэсэж гарна хэмээн шүд зуусан ч хорвоод амьдрах хоногийнх нь тоо өдрөөс өдөрт богиносож, горзгор шон болж хоцрох гунигт хувь заяа тэднийг хүлээж байгаа нь эмгэнэлтэй.
Арваад жилийн өмнө Энхтайваны өргөн чөлөө гэж бидний нэрлэдэг хотын төв зам дагуу 550 ширхэг том нарсыг ойгоос шилжүүлэн суулгаснаас өдгөө дээрх эмгэнэлт явдлын гэрч болж ганц мод ёрдойн хоцорсон нь Хархорины гүүрний доорх шон юм. Ганц ч болов үлдсэн нь яамай даа гэж олзуурхсан хэдий ч амьсгал хураагаад гурав, дөрвөн оныг үдсэн гэх мэргэжлийн хүний үгийг сонсоод гонсойв.
2007 онд Энхтайваны өргөн чөлөөнд тарьсан 550 модноос үлдсэн ганц “шон”
Тухайн үедээ дүүрэг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр төв зам дагуу нарс тарихдаа тус бүрийг нь 500 мянган төгрөгөөр худалдаж авсан гэхээр 275 сая төгрөг зүгээр л салхинд хийсгэж орхижээ.
Шилмүүсээ гээж, үзэмжгүй болсон үхсэн нарснуудыг шөнөөр сэм булгалж татаад зөөчихдөг тул хүмүүс тэнд хэзээ, ямар мод байсныг мартаж орхидог бололтой. Өдөр, шөнөгүй таксины үйлчилгээнд явдаг жолооч ахаас “Төв зам дагуу зөндөө их мод тарьсан байсныг та санаж байна уу” гэж асуухад “Нээрэн, хэдэн жилийн өмнө модтой байсан шүү. Хаачсан юм бол оо” гэж гайхширлаа. Дөрвөн метр шахам өндөртэй, 500 гаруй мод ирийтэл тарьсан байсан гэхээр тийм ч амар мартагдчихмааргүй. Тэгээд дандаа мөнх ногоон нарс шүү.
Төсвийн асар их хөрөнгөөр тоглосон жишээ зөвхөн энэ ч биш. Занабазарын гудамж гэж нэрлэдэг Гандантэгчэнлин хийдийн өмнөх цэцэрлэгт хүрээлэнд 2009 онд 300 нарс ойгоос шилжүүлэн суулгаснаас өдгөө дөрөвхөн хувь нь л амьдрах чадвартайг Цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагын холбооны тэргүүн хэлж байна. Эхний хэдэн жил хараа булаасан хэчнээн сайхан цэцэрлэгт хүрээлэн байсныг та бүхэн санаж байгаа нь лав.
“Гранд Плаза”-гийн урд зам дагуу тарьсан нарснууд ширхэг ч шилмүүсгүй болжээ
Ганданд мөргөхөөр очсон сүсэгтэн олон, хүүхэд, хөгшид налайж суух сандалтай, орчныг нь ч гайгүй сайн тохижуулсан. Гэтэл одоо тэнд хатаж хорчийсон, шилмүүсээ гээж “нүд анихад” ойрхон болсон нарснууд олон болжээ. Эдгээр шилмүүст модыг тус бүрийг нь 650 мянган төгрөгөөр үнэлж авсан гэх тоо баримт бий. Тэгэхээр 325 сая төгрөгөөр Гандангийн урдах цэцэрлэгийг гоёсон байж таарах нь.
Нийтийн эзэмшлийн зам, талбайд уулнаас шилжүүлэн тарьсан мод Сөүлийн гудамж, Энхтайваны гүүрний урд хэсгийн нийтийн эзэмшлийн зам талбай, “Гранд плаза”-гийн өмнө бас бий. Сөүлийн гудамжны дагуу 2012 онд тарьсан нарснуудыг 100 хувийн ургалттай, сайн жишээ гэж хотын ерөнхий дендрологич асан Б.Чимид гуай хэдэн жилийн өмнө хэлж байсныг санаж байна. Гэтэл Гандангийн урд цэцэрлэгийн нүцгэн моддоос ялгаагүй шахам дүр зураг биднийг угтсан.
Хувийн байгууллагууд өөрийн эзэмшлийн зам, талбай, хашаандаа уулнаас том мод авчирч суулгадаг жишээ хаа сайгүй түгээмэл болсон. Үнэхээр ургуулж чадаж байна уу гэдэг нь бас л эргэлзээтэй. Хяналт тавьж буй газар ч бараг байхгүй гэхэд болно. Хамгийн ойрын жишээг нь Замын цагдаагийн газрын урд талын “Home plaza”-гийн авто зогсоолтой хашаанд ороод хараарай.
Доод хэсгээрээ нүцгэрч, оройдоо тоотой хэдэн шилмүүстэй нарс олон байна лээ. Мөчрөөс нь татаад үзэх гэтэл тас нясхийн хугарч буй нь хатсаны шинж аж. Амьдрах чадваргүй болсныг илтгэх ийм модыг буулгахад ч болохгүй юмгүй гэдгийг учир мэдэх хүн хэлж байна.
Сөүлийн гудамжинд тарьсан модод нүцгэрч дуусчээ
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил Төрийн ордны баруун талаас төв зам хүртэлх хэсэгт том нарс тарьсан. Өтгөн саглагар шилмүүстэй, мөнх ногоон нарс нийслэлийн үзэмжинд сүр жавхаа нэмээд хачин гоё харагдаж байгааг та анзаарсан биз ээ. Эднийг ч бас Занабазарын гудамж, Энхтайваны өргөн чөлөөнд тарьсан модод шиг хувь заяа хүлээж буйг үгүй гэх газаргүй.
Тэгвэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан өнгөрсөн сарын эхээр том оврын шилмүүст модыг шилжүүлэн тарих, арчлах, үйлчилгээ үзүүлэх тухай тендерийн урилга хэвлэлд нийтлүүлсэн байх юм. Уулнаас том мод олноор нь авчирч, Энхтайваны өргөн чөлөөнд тарих юм гэнэ. Түрүүчийнх нь тарьсан моддын үр дүнгүй жишээ нүдэн дээр хаа сайгүй байхад дахиад мөнгө “хийсгэхээр” тендер зарлаж буйг чухам юу гэж ойлгох вэ.
Тухайн уулнаас авчирсан мод ургаж байна уу, эсвэл “оршуулга” болох нь уу гэдгийг харахад л андашгүй. Нарс мөнх ногоон шилмүүст мод бөгөөд хайлаас, улиас, шархуайсыг бодоход өвөл нүцгэрдэггүй, аль ч улиралд өтгөн саглагар шилмүүсээрээ гоёдог үзэмжтэй ургамал. Мөнх ногооноороо байдаг учраас л үе үеийн хотын удирдлагууд цэцэрлэгжүүлэлтэд энэ модыг сонгодог гэх.
Уулнаас яагаад том мод авчирч шилжүүлэн суулгаж болохгүй вэ гэдгийг Цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагын холбооныхон дараах үндэслэлээр тайлбарлаж байна. 2000 оноос хойш хотын нийтийн эзэмшлийн талбайд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр шилжүүлэн суулгасан том шилмүүст төрлийн моддын амьдрах чадвар ямар байгааг судалж, тооцох шаардлага гарцаагүй бий бөгөөд ийм төрлийн ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, арчилж хамгаалах үүрэгтэй байгууллагуудад хэрхэн хариуцлага тооцох нь ч тодорхойгүй байдаг аж.
Монголын Цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид уулнаас шилжүүлэн суулгасан том шилмүүст моддын амьдралтын хувийг тооцох мониторингийн ажлыг хэдэн жилийн өмнө хийсэн юм байна. Уг судалгаагаар Баянгол дүүргийн нутаг Занабазарын гудамж, 2009 онд тарьсан 300 ширхэг нарснаас (үүнд нөхөн тарьсан моддыг оруулаагүй) одоо байгаа 186, үүнээс үхсэн 91, доройтсон (цаашид амьдрах чадваргүй) 57, амьдрах боломжтой 31, амьдралтын хувь 11 хувь байна.
Энхтайваны өргөн чөлөө (X хорооллоос Таван шарын уулзвар хүртэл)-нд нийт 550 ширхэг мод тарьж байсан. Одоо байгаа 31 ширхэг, үүнээс амьдрах чадвартай гурван ширхэг, амьдралтын хувь 0.54 хувь байна. Энэхүү мониторингийн ажлын эцсийн тооллогыг 2015 оны гуравдугаар сарын 13-нд явуулсан учраас өдгөө уг үзүүлэлт бүр улам ч дордсоныг тус холбооныхон хэлж байна.
Монгол орны шилмүүст ой уулын ар хажуу, сүүдэрлэг, цэвдэгт хөрсөнд ургадаг онцлогтой. Байгалийн ойгоос том моддыг ухаж авах үед өөрийнх нь болон ойр орчмын моддын үндсийг гэмтээхээс гадна хөрсний цэвдэг, улмаар хэсэг моддын амьдрах чадварт нөлөөлөх эрсдэлтэй гэж үздэг.
Мөн том моддын үндсийг тодорхой хэмжээний хөрсний хамт ухаж авах шаардлагатай болдог. Уулын ойн хөрс онцгой шим тэжээлтэй, зориудаар нөхөн сэргээх боломжгүй, байгалийн жамаар нөхөн сэргэхэд маш урт хугацаа шаардагддаг, үнэт баялаг учраас ойд асар их хор хөнөөлтэй.
Байгалийн орчин нөхцөлдөө хэт дасан зохицсон шилмүүст моддыг хотын ногоон байгууламжид суулгахад хотын агаарын болон хөрсний бохирдол, тоосжилт, дуу чимээ гэх мэт орчны хүчин зүйлээс шалтгаалж стресст орж, амьдрах чадвар нь муудан, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдэх магадлал өндөр аж.
Шилмүүст төрлийн том модод нь шилжүүлэн суулгаснаас хойш 2-5 жилийн хугацаанд өөрийн модлогт агуулагдах шим тэжээлээр амьдрах чадвартай тул хотын орчинд дасан зохицож байгаа мэт ойлголт төрүүлдэг байна.
Ойн тухай хууль болон бусад хууль, журамд байгалийн ойгоос том хэмжээний амьд мод шилжүүлэн суулгах талаар тусгасан зохицуулалт байхгүй, мөн энэ ажлыг гүйцэтгэх Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын, үндэсний стандарт, норм, норматив гэж байдаггүй.
Монгол Улсын байгалийн болон таримал ой нь Монгол Улсын Үндсэн хуулийн VI зүйлд зааснаар ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байдаг улсын өмч юм. Одоогийн хуулийн хүрээнд ойгоос цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар мод шилжүүлэн суулгаж болох ганц заалт нь Ойн тухай хуулийн 29.1.8-д тусгасан байгалийн ойгоос зулзаган модыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр суулгах тухай юм. Гэвч энэ нь зөвхөн зулзаган буюу жижиг моддыг шилжүүлэн суулгахтай холбоотой эрх зүйн зохицуулалт ажээ.
Цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагын холбооноос хотын ногоон байгууламжид ойгоос том шилмүүст мод шилжүүлэн суулгахыг эсэргүүцэж энэ чиглэлээр зарласан хоёр ч тендерийг цуцлуулсны үр дүнд сүүлийн дөрвөн жил ойгоос том мод огт шилжүүлэн суулгаагүй юм байна.
2000-аад оноос хотын цэцэрлэгжүүлэлтэд зориулан уулнаас том хэмжээний, бие гүйцсэн шилмүүст модыг шилжүүлэн суулгах бизнес Монголд цэцэглэж эхэлсэн гэдэг. Нэг модыг 350-650 мянга хүртэл төгрөгөөр худалддаг, арчлалт хамгаалалтад нь зориулж нэмээд мөнгө авдаг гэхээр үүний цаана ямар том бизнес нуугдаж буй нь хэнд ч ил байна.
Гэсэн ч ойдоо асар их хор хөнөөл учруулах, авчирч шилжүүлэн тариад дорвитой ургуулж чадахгүй бол амьд организмын амийг нь таслах гэж авчрах хэрэг байна уу. Харин дэлхийн бусад улс орны жишгээр таримал ойгоос мод шилжүүлэн суулгадаг болж, мод үржүүлгийн газруудынхаа үйл ажиллагааг төрөөс дэмжих цаг болсон баймаар. Мөн сүүлийн олон жил ярьж буй, Хот суурины ногоон байгууламжийн тухай хуулиа батлуулж нэн даруй хэрэгжүүлэх болсон юм биш үү.