Үндэсний сэтгүүлзүйн 104 жилийн ойн өдөр Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос Төв аймгийн Угтаалцайдам, Цээл сумын нутагт “Нүүдэл-2017” хаврын анхны фототурыг зохион байгууллаа.
Тус холбоо гишүүд дэмжигчдийнхээ дунд “Нүүдэл” төсөл хэрэгжүүлж, үүгээр дамжуулан өв соёлоо сэргээн, таниулж сурталчлах зорилгоор уг арга хэмжээг санаачилсан юм. Фото сэтгүүлч, сурвалжлагч, гэрэл зураг сонирхогч нийлсэн 70 гаруй хүн эл арга хэмжээнд оролцлоо.
Энэ өдөрлөгийн хүрээнд Төв аймгийн Угтаалцайдам, Цээл сумын ЗДТГ хамтран орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор адуучид болон тэмээчдийн өв соёлоос танилцуулах аялал зохион байгуулав. Гэрэл зурагчид Цээл сумын нутаг Их Хангинахын өвөрт хаваржиж байгаа малчин Н.Саруулынд очиж, нүүдлийн соёл, талын нүүдэлчдийн амьдралын нэг өдрийн зураглалыг дуран авайдаа буулгасан юм. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах үүднээс “Хөх морь трэйвл” ХХК-ийнхан анх энэ санааг сэдсэн бөгөөд Гэрэл зурагчдын нэгдсэн холбооныхон ийнхүү хэрэгжүүлсэн юм.
“Нүүдэл” төслийн гэрэл зургийн өдөрлөгт Соёлын гавьяат зүтгэлтэн фото сэтгүүлч С.Цацралт тэргүүтэй гавьяат цолтон таван хүн, хэвлэл мэдээллийн байгууллагын гэрэл зурагчид, залуу уран бүтээлчид хамрагдсан. Энэ удаагийн арга хэмжээнд нийслэлээс гадна Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймгийн гэрэл зурагчид өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн нь онцлог байсныг зохион байгуулчид хэлж байлаа. БНХАУ-ын ӨМӨЗО-оос Шилийн гол аймгийн гэрэл зурагчин С.Найрамдал тэргүүтэй таван хүн Монголын нүүдлийн соёлыг сонирхон зорин иржээ.
Цээлийг зорин гарсан уран бүтээлчид үдээс өмнө тэмээчин айлаар зочилж нүүдлийн ахуй соёл, зан заншилтай танилцаад үдээс хойш нь хоёр сумын дунд зохиогдох “Адуучин” нэвтрүүлэгт оролцогчдыг гол фоноо болгон зураг авлаа. МҮОНТ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Адуучин” тэмцээнийг сэтгүүлч Л.Цагаандалай уламжлал ёсоор хөтлөн явуулсан. Зэргэлдээ сумдын адуучин эрс Цээлийн хөндийн Талын хайрхны зүүн энгэрт адуучны авхаалж самбаа, эрийн золбоо гарган өрсөлдсөн нь тун ч сонирхолтой байв. Хоёр сумын 20 адуучин тэмцээнд оролцсоноос Цээл сумын адуучин Н.Намсрай шилдгээр шалгарч, ивээн тэтгэгчийн шагнал болох “Акума” аккумлятор болон гэрэл зурагчдын шилдэг бүтээлийн дээжээс гардан авсан. МҮОНТ, “UBS” телевиз болон “Өнөөдөр”, “Ардчилал” сонин “Нүүдэл” фототурыг сурвалжилж, өдөр тутмын мэдээллийн сайтууд дэмжин оролцлоо. Гэрэл зургийн урлагаар Монголын нүүдлийн уламжлалт соёлыг олонд түгээж, түүгээр орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх ажлыг Монголын гэрэл зургийн нэгдсэн холбоо цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.