Эмзэг турьхан, энхрий ялдам, гэнэхэн тэнэглэх нь хүртэл гэгээ татуулах бүсгүй хүн. Дэлбээгээ дэлгэсэн зуны цэцэгс дэнжийн салхинд найгах шиг гоо үзэсгэлэн түүнийх. Намрын нар улбар туяагаа цацруулан, уул, толгодын гэрэл, сүүдрийг тодруулж, намуухнаар жаргах шиг намба түүнийх. Өвлийн цас алган дээр буугаад алгуурхан хайлах шиг зөөлнөөс зөөлөн сэтгэл түүнийх. Хаврын бороо хачин жигтэйгээр сэтгэл гэгэлзүүлэн шаагих шиг намжир ч түүнийх. Байгаль эх бүсгүй таныг эмзэглэл, энэрэл, нигүүлслийн нулимсаараа уянга яруухнаар, ур эвлэгхэнээр зуржээ.
Таны гоо үзэсгэлэнд голт зүрхнийхээ угаас шимтжээ. Таны намба төрхөнд элдэв муугаа гээн томоожжээ. Таны сэтгэлд хайлан хайлан, хорсол заналаа орхин уусчээ. Таны намжирт сэтгэлийн нуураа давалгаалуулан, долгисуулан баясчээ.
Өт хорхойг ч өмгөөлөх ариун хайр таных. Тэр л хайраас асгарч, хүн төрөлхтнийг хөл дээр нь тэнцүүлсэн цагаан сүү таных. Цаг цагийн урсгал дахь цадиг түүхийн нэг жим ч таных. Хөгжил дэвшил, хүний ухааныг цараалсан санаанд оромгүй нээлтүүд ч таных. Бүсгүй таныг илүүгээс илүү өмгөөлөн хамгаалж, хүндлэн дээдэлж, хайрлан халамжилмаар байна.
Нүцгэн үнэнтэй хорвоод нүднээс чинь нүгэл хилэнц олж хармааргүй байна. Бүсгүй минь, чи үргэлж инээмсэглэж яваарай. Бүгдийн зүрхийг гижигдэж яваарай.