Үүрэгт ажлаа хүлээж аваад 100 дахь хоногтойгоо золгож буй Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт оролцлоо. Тэрбээр “Манай дүүрэг “Эрүүл дүүрэг” хөтөлбөр хэрэгжүүлэн, хүн амаа эрүүлжүүлж, бусдад жишиг болох том зорилго тавиад, түүндээ хүрэхийн төлөө ажиллаж байна.
Уг хөтөлбөрийн эхлэл болгож, ахмадын нөхөн сэргээх болон хүүхдийн 100 ортой эмнэлгийн барилгыг засварлаж дууссанаас гадна дүүргийн Эрүүл мэндийн төвд Мэс заслын тасаг нээхэд бэлэн болоод байна” гэв. Тус дүүрэг Гэр бүл, ёслолын ордонтой болсноос гадна хараагүй иргэдэд зориулсан 90 айлын орон сууцны барилгын ажлыг үргэлжлүүлэн, ашиглалтад оруулжээ.
Мөн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нүүрсээр галладаг байсан XI байранд уурын бойлер суурилуулснаар тухайн орчны агаар 50 хүртэл хувиар цэвэршсэн аж. Түүнчлэн “Архигүй Баянгол”, “Эх орон-36”, “First aid”, “Ирээдүйн инженерүүд” зэрэг томоохон хөтөлбөр хэрэгжүүлж буйгаас гадна цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд дүүргийнхээ 77, 95, 242 дугаар цэцэрлэгт өргөтгөл барьж, ашиглалтад оруулснаа Засаг дарга С.Одонтуяа энэ үеэр дуулгалаа.