Улаанбаатарт 650-800 мянган хүн (давхардсан тоогоор) нийтийн тээврээр өдөр бүр зорчдог. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүдийн тэн хагасаас илүү нь автобусаар ажил, амьдралаа залгуулдаг гэсэн үг. Би тэдний нэг. Баянзүрх дүүргийн XX хороо буюу хотын төвөөс 20 орчим км-т байрлах Гачууртаас ажилдаа ирдэг.
Манай чиглэлд “Гачуурт-Зайсан” гэсэн автобус явдаг ч өндөр настан, оюутан, сурагчид л голдуу үйлчлүүлдэг. Цагтаа ирдэггүй, ирсэн ч замдаа эвдэрчихдэг, тохь тухгүй, өвлийн цагт хөргөгч мэт хүйтэн автобусанд хэн суухыг хүсэх билээ. Иймэрхүү үйлчилгээтэй автобус Улаанбаатарт хэдэн арваар тогтохгүй.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд хот орчмын 86 чиглэлд өдөр тутам 20 аж ахуйн нэгжийн 921 угсраа, их, дунд багтаамжийн автобус, троллейбус 06.45-22.30 цаг хүртэл үйлчилдэг байна. Өнөөдрийн байдлаар бүртгэлтэй 1172 автобус байгаа аж. Тэдний 200 гаруйг нь 2005 онд үйлдвэрлэсэн, “хөгшин” автобус.
Замын хөдөлгөөнд оролцоод найман жил болсон, ашиглалтын хугацаа нь дууссан хуучин автобусыг хувийн компаниуд БНСУ-аас оруулж ирээд үйлчилгээнд явуулдаг нь хэдийнэ тодорхой болсон. Үүнийг ч хариуцсан байгууллагууд нь хүлээн зөвшөөрдөг бөгөөд “Нийтийн тээвэрт томоохон шинэчлэл хийхгүй бол болохгүй нь” гэж халаглахаас цаашгүй. Дугуй нь хэзээ ч салаад унаж мэдэх автобусаар зорчигч тээвэрлэж байхад соёлтой үйлчилгээний талаар яриад ч хэрэггүй мэт.
2009 онд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 400 автобус үйлчилгээнд гаргасан байдаг. 2015 онд парк шинэчилж, угсраа 20, дунд оврын 30, эко 20, цахилгаан тээврийн 10 хэрэгслийг оруулж ирсэн. Энэ мэтээр шинэ автобустай болсон ч жолооч, шалгагчийн ёс зүй, зорчигчтой харилцах харилцаанд ахиц дэвшил гарсангүй.
Өнөөх л бүдүүлэг зангаараа зорчигчдыг харааж загнан, тамхи татаж, утсаар чанга ярьж, огцом тооромсолж, дуут дохиогоо хангинуулдаг хэвээрээ. Уг нь Тамхины хяналтын тухай хуульд нийтийн тээврийн хэрэгсэлд тамхи татахыг хориглоно, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 36.1-д “Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэж заасан.
Гэвч үүнийг манай жолооч нар нэг чихээрээ оруулаад нөгөөгөөрөө гаргадаг нь харамсалтай. Шаардлага тавьсан зорчигчийг элдвээр хараан загнаж, гар зөрүүлэх нь энүүхэнд. Гэтэл үүнийг хянаж, шаардлага тавих эрхтэй 20 байцаагч л байдаг гэх. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй жолооч, шалгагч, инженер техникийн ажилтан гээд 6700 хүнийг 20-хон хүн л хянаж шалгадаг гэсэн үг. Тэд зөрчил болгоныг илрүүлж, хянаж чадахгүй нь ойлгомжтой.
Үүнийг нийслэлийн Тээврийн газрынхан жолоочийн гаргасан ёс зүйн алдааг зорчигчид л илүү сайн хянах боломжтой гэж өөрсдөөсөө холдуулдаг. Энэ нь ч бас оргүй зүйл биш. Гэхдээ нийтийн тээврийн үйлчилгээний талаар гаргасан гомдлын хэдийг нь барагдуулдаг, авч хэлэлцдэг эсэх нь сонин. Энэ талаар “Иргэдээс өдөр бүр гомдол ирдэг. Тэр болгоны дагуу арга хэмжээ авч, шаардлагатай бол жолоочийг дуудаж уулздаг” гэж автотээврийн улсын нэгэн байцаагч хэлэв.
Сонсохыг хүсэхгүй байсан ч автобусны заалаар нэг орилох элдэв дуу, рекламанд чих дөжирч, “Чи хаана явна, би энд явна” гэх ярианд нь дургүй хүрч, тамхины утаанд нь хамар цоргин, эвдэрсэн автобусаа түрж, халаасаа сэгсрүүлэн, омогтой ууртай, согтуу солиотой хүмүүстэй чихцэлдсэн элдэвтэй энэ үйлчилгээг хэзээ, хэн сайжруулахыг хэлж мэдэхгүй нь харамсалтай. Уур омгоосоо болж осол гаргаж буй жолооч ч цөөнгүй. Уг нь нийтийн тээвэр нэг хүний өмч биш л байлтай.
БАЙР СУУРЬ
Нийтийн тээврийн үйлчилгээний талаар та ямар бодолтой явдаг вэ?
Үйлчилгээний соёл иргэдийн ухамсраас хамаардаг
Г.ДОРЖПАЛАМ (Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга):
-Аливаа улсын соёл, хөгжлийн толь нь нийтийн тээвэр байдаг. Нийтийн тээврийнх нь төлөвлөлт, үйлчилгээ сайн бол тухайн улсыг хөгжиж байна гэж үнэлдэг. Нийтийн тээврийн үйлчилгээ хэр соёлтой байх нь иргэдийн ухамсраас хамаардаг. Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд 2700 орчим жолооч ажиллаж байна. Тэднийг хууль эрх зүй, нийтийн үйлчилгээнд ажиллах ёс зүйн сургалтад хамруулан мэргэшүүлдэг.
Он гарснаас хойш хоёр сарын байдлаар нийтийн тээвэртэй холбоотой 47 осол бүртгэгдсэн. Автобусаар үйлчлүүлж буй хүмүүс сэтгэл ханамжтай, жолооч нар нь дүрмээ биелүүлээд хөдөлгөөндөө оролцох нөхцөл, бололцоог нь хангах хэрэгтэй. Ийм байдал олон хүчин зүйлээс шалтгаалан алдагдаж байна. 2015 оноос “Улаанбаатар смарт карт” компани нийтийн тээврийг цахим төлбөрийн системд шилжүүлж, кондукторгүй болгосон нь үйлчилгээний чанар, соёлыг сайжруулсан нэг алхам байсан.
Үүнийг дагаад автобус болгонд хяналтын дөрвөн камер суурилуулж, жолооч нарын үйлдэл, зорчигчдын ая тухтай байдлыг хянахаар болсон. Гэвч тэдгээр камер стандартын шаардлага хангадаггүй. Тиймээс тус компанид камерын чанарыг сайжруулж, автобусны жолоочийн бүхээгт тамхи татаж буй, эсэхийг хянах бололцоогоор хангах шаардлага тавьсан. Эхнээсээ камераа өөрчилж, сайжруулж байгаа.
Жолоочийн зан харилцаатай холбоотой гомдол их ирдэг
Ц.НАРАНЦЭЦЭГ (Автотээврийн улсын байцаагч):
-Бид нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гарахаас нь өмнө юм уу, зогсоолдоо буух үед нь шалгадаг. Стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслийг угааж цэвэрлэн, үйлчилгээнд гаргах мэдэгдлийг автобус компаниудад хүргүүлсэн. Тэд ажлын гүйцэтгэлээ сар болгон явуулдаг. Бид түүврийн аргаар буюу үйлчилгээнд явж байхад нь гэнэтийн шалгалт хийж, гүйцэтгэлийг нь хянадаг юм.
Жолоочийн зан харилцаатай холбоотой гомдол их ирдэг. Цэвэрлэгээтэй холбоотой гомдол, мэдээлэл бас нэмэгдсэн. Энэ оныг “Иргэдийн оролцоо хүртээмжийг сайжруулах жил” болгон зарласантай холбоотойгоор автобус бүрт мэдээлэл авах санамж бичиг наасан. Энэ ч үр дүнгээ өгч байна. Жолооч тамхи татах үед гар утсаараа бичлэг хийж, баримтжуулсан иргэд манайд ханддаг болсон.
Хотын захын гэр хороолол руу хуучин автобус явуулж байна
Б.БАЯРМАГНАЙ (Сонгинохайрхан дүүргийн XX хорооны оршин суугч):
-Кондуктортой байхад автобуснууд нэг нэгэнтэйгээ уралдаад, хүнээ авах гэж яарч явдаг байсан. Харин цахим төлбөрийн системд шилжсэнээр их удаан явдаг болжээ. Манайх Тахилт орчимд байдаг юм. Доод тал нь 20 минут хүлээж байж автобусанд суудаг. Хоёр дамжиж, нэг цаг шахам явж байж л хотын төвд ирдэг дээ. Хотын төвөөс захдуу болохоор хуучин автобусаа явуулдаг.
Тэр нь эвдрээд зогсчихдог юм. Эвдэрсэн ч түгжрэл үүсгэхгүй гэдэг бололтой. Өвөл цонхнууд нь цантаад, буудлаа зарлахгүй болохоор хаана явж буй нь мэдэгдэхгүй хэцүүхэн байлаа. Буудлын нэр заадаг лед дэлгэц нь ажиллахаасаа ажиллахгүй нь олон.
Гар утас хэрэглэхээс өөр аргагүй
(Зорчигч тээврийн нэгтгэлийн II баазын жолооч):
-Зорчигчид өөрсдөө мөнгөө бүрэн төлж, соёлтой үйлчлүүлбэл бидэнд бухимдах хэрэг байхгүй шүү дээ. “Мөнгөө төл” гээд шаардлага тавихаар хэл амаар доромжиллоо гэдэг. Бид өдөрт хоёр ээлжээр ажилладаг. Автобусныхаа зааланд хөгжим тавьдаггүй. Дуу шуугианд илүү ядардаг юм. Жолооч нар зорчигчоо хүндэтгэн, дүрэмт хувцсаа өмсөх хэрэгтэй. Гэхдээ автобусанд хүйтэн байгаа болохоор гадуур хувцастайгаа явж байна.
Хуурай тенн удаан ажиллуулахаар хоолой өвдөж, хамар битүүрээд байдаг юм. Автобусны эцсийн буудал хүрч байж л бие засаж, 20 минутад амжиж хоолоо идэх гээд бидний ажил тийм ч амар биш. Тиймээс зорчигчид маань бидний ажлыг ойлгон хүндэтгэлтэй хандаасай гэж хүсэж байна. Бид ар гэрийнхэнтэйгээ ярихаас эхлээд гар утас хэрэглэхгүй байх аргагүй.
Чихэвч зүүх ч юм уу, хууль зөрчихгүйгээр ярьж болно шүү дээ. Харин жолооны ард тамхи татах нь тухайн жолоочийн ухамсрын асуудал.