Р.Чулуун
Алтан унжлагат тахиа жилийн босгон дээр их Алтайгаас минь дахин нэг Хөдөлмөрийн баатар тодорсон нь Л.Чинбат.
Өдгөөгөөс 27 жилийн өмнө түүний унаган нутагт дөрөө мулталж, эцэг, эх, отгон дүүгийн нь зургийг татаж “Үнэн” сонины 1990 оны наймдугаар сарын 7-ны дугаарт “Олны олон таван цэн гэдэгсэн” гарчигтай асуудал дэвшүүлсэн зураг, эргэцүүлэл нийтлүүлснээ эргэн дурсаж, эргэцүүлэн бодох учиг хөвөрлөө, баатар тодроход. Бараг хагас жарны өмнөх бичлэгээс цөөн цөөн мөр хэсэгчлэн сийрүүлье.
-Хүүхдүүд тань хаана, хаана аж төрж байна? гэхэд М.Лхагва гуай,
-Нэг нь Москвад, бусад нь Монголдоо бий. Миний хэдэн хүүхэд төлөв түвшин, ажилсаг хүмүүс болох вий. Ер нь ах эгчээ дүү нар нь дуурайх юм. Ажил мэргэжлээр бол багш, инженер, эдийн засагч, холбоочин, малчин гээд янз бүр. Боломжийн л аж төрцгөөж явна. Дөрвөн хүү, хоёр охин одоогоор айл гэр болцгоосон. Дөрвөн бага Бигэртээ сурагч. Хамгийн отгон энэ гээд улаахан хацартай охиноо зааснаа “Гүү саах болчихож байх шиг байна” гээд өндөсхийхэд бид ч зэлэн дээр очлоо.
Амины таван унагаа уячихаж. Ер нь 100 гаруй малтай айл юм байна. Тэдэнтэй гэрт гадаа ярилцаж байхдаа 15 хүүхэд өсгөж, хүмүүжүүлсэн нөр их хөдөлмөрийг нь төсөөлөн ухаарах гэж оролдсон боловч бармааргүй санагдлаа. Хүүхэд хүүхэд өөр. Нэг хүүхдийн төвөг ч барагдахгүй байна л гэдэг, хоёр хүүхдийн гутал, хувцас ч дийлдэхгүй байна л гэдэг, гурав дөрвөн хүүхдийн ажил гүйцэгдэхгүй байна гэлцдэг. Арван таван дээл, арван таван малгай… гээд л бод л доо. Таваас дээш хүүхэдтэй эхийг “Алдарт эх” одонгоор шагнадаг. Тэгсэн мөртөө нэг биш гурав дахин таван хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг чухам юугаар шагнамаар юм бэ дээ.
Баатар болгоход ахдах нь ч юу бол доо…
Ер нь 15, түүнээс олон хүүхэд төрүүлж, өсгөн бойжуулсан, эцэг, эх хэд билээ? Тэр бүхнийг тоолъё гэвэл тийм ч бэрх биш байх аа. Харин тоолоод дараа нь яах билээ, зүгээр гайхаад өнгөрөх үү? Онцгой тохиолдлыг онцгой анхаардаг байгаасай. Олны олон таван цэн гэдэгсэн. Эрдэнэ эрдэнэ гэвч хүнээс илүү эрдэнэ ч хаа байлаа!
Эдгээр цөөн мөр сонины шарласан хуудсанд хадгалагдсаар байгаа даа. Миний бодлоор баатар эхийн хүү баатар болж, түмнээ баярлууллаа. Олон жилийн өмнө хүүхдүүдийнхээ тухай “Миний хэдэн хүүхэд төлөв түвшин, ажилсаг хүмүүс болох вий” хэмээсэн М.Лхагвын үг андуу эндүүгүй байгаа нь бүр ч бахархмаар.