- Хүйсийн болон Шаргын говийг тусгаарласан хяналтын цэгүүдийг татан буулгажээ –
Дэлхийд нэн ховор монгол бөхөн устаж ч мэдэх эмзэг үедээ ирээд байна. Тархац нутаг нь тэр чигтээ шахам бог малын мялзан төст өвчний голомт болсон. Өвчний улмаас монгол бөхөн олноороо хорогдсон тохиолдол урьд өмнө гарч байгаагүй тул гамшгийн хэмжээнд яригдаж буй. Гэсэн ч гамшгийг таслан зогсоож чадалгүй бид дөрөв дэх сартай золгов.
Монгол бөхөнг “аврах” ажиллагаа малын гоц халдварт өвчний үеийн арга хэмжээгээр эхлэв. Үхсэн бөхөнгүүдийн сэг зэмийг устгах ажлыг орон нутгийнхан өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан чадах ядахаараа явуулж байлаа. Цаашлаад төрийн болон төрийн бус холбогдох байгууллага, Засгийн газар ч уг ажиллагаанд нэгдсэн. Гэсэн ч хэрхэн тэмцэхээ яг таг мэдэхгүй байсан тул бүтэлтэй, бүтэлгүй янз бүрийн юм хийж байв. Мялзантай сайн танилцаагүй учраас тэр. Халдвар зөвхөн сэг зэм биш, бэлчээрээр дамжина гэж бөхөн үхсэн газруудад ариутгах бодис цацсан тохиолдол ч бий. Арга хэмжээ авахгүй л бол байдал хяналтаас гарчихаад байсан тул яалтай билээ.
... Бөхөн үхсээр буй ч ид үеэ бодоход хорогдох эрчим нь саарсан гэнэ. Устгалын болон хяналтын цэгийг татан буулгачихаад өдгөө ямар ажил хийж байгаа талаар БОАЖЯ-ны мэргэжилтэн Н.Жамъянхүүгээс тодрууллаа. Тэрбээр “Цагаан сар болох гээд хязгаарлалтад байсан хүмүүс ийш тийшээ явчих учраас хяналтын цэгүүдийг баярын өмнө буулгасан. Одоо бол тандалтаа үргэлжлүүлнэ. Хаана сэг зэм олон байна, нэмж үхэж үү гэдгийг байнга тандаж байгаа ...
Олон улсад энэ байдлаа мэдээлж, тусламж хүсэх гэхэд манай гадаад худалдаанд сөргөөр нөлөөлнө гээд хориглосон хүн ч бий. Сүүлд, бог малын мялзан төст өвчин нь худалдаанд ямар ч хамаагүй болох нь олон улсын шинжээчийн зөвлөмжөөр тодорхой болсон. Зэрлэг амьтдыг барьж авч вакцин хийх талаар ярьж байсан мэргэжилтэн ч ажлын хэсэгт байв. Өвчин хэлж ирдэггүй, тэгээд ч манай улсад анх удаа гарсан, тэр байтугай зэрлэг амьтан өвчилсөн нь эхний тохиолдол тул дорвитой арга хэмжээ авч чадсангүй.
Сэг зэм устгаж эхэлсэн нь саяхан мэт санагдавч хэдийнэ гурван сар өнгөрчээ. Энэ хугацаанд нийт 4600 бөхөн нүд аньсан байна. Өнгөрсөн онд 10.000 орчим бөхөн тоологдсон гэхээр 46 хувь нь байхгүй болсон гэсэн үг. Гэхдээ энэ нь зөвхөн усгасан сэг зэмийн тоо. Үүний цаана хэд үхсэн нь тодорхойгүй. “Гуравдугаар сарын 20-ны үед тооллого явуулна” гэж Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Г.Олонбаатар хэлсэн тул тухайн үед тодорхой болох биз.
Олон улсын шинжээчийн зөвлөснөөр сэг зэм устгах цэгүүдийг өнгөрсөн сарын дундуур татан буулгасан юм. Зөвлөхүүд төдийгүй манай эрдэмтэд ч өвчний вирус сэг зэмэнд үлдэж халдвар тараахгүй, тэсвэр муутай тул яаравчлан устгах шаардлагагүй гэж үзсэн. Харин ч зэрлэг амьтан, шувуу идээд цэвэрлэчихнэ гэсэн. Бөхөнгийн тархац нутаг өргөн уудам, 14.000 ам км. Тэр том газар нутгийг самнах нь нэлээд хөдөлмөр шаардсан ажил, тэгээд ч сүүлийн үед сэг зэм таарах нь цөөрч буйгаас ийм шийдвэр гаргажээ. Дулаарч, цас хайлахаар устгалыг үргэлжлүүлэх талаар дахин ярилцах гэнэ.
Хүйсийн говь, Дөргөний тал бүхэлдээ өвчний голомт болж, хэдэн бөхөн байгаа, түүнээс хэд нь өвчилсөн, хэд нь эрүүл байгааг хянах боломжгүй болоод багагүй хугацаа өнгөрсөн. Харин Шаргын говь дахь 2000-3000 бөхөн өвчлөөгүй учраас тусгаарлах шийдвэрийг ажлын хэсгийнхэн өнгөрсөн нэгдүгээр сард гаргав. Үүний тулд Хүйсийн говь дахь бөхөнгүүд Шаргын говь руу шилжих замуудыг хааж, хяналтын цэгүүд байгуулахаар шийдвэрлэсэн. Мялзан Шаргын говьд тархчихвал бөхөнгийн нутаг тэр чигтээ өвчний голомт болох тул ийм арга хэмжээ авав. “Зэрлэг амьтны шилжилтийг хорьж болохгүй учир хяналтын цэг байгуулах нь үр дүнгүй” гэсэн саналыг ажлын хэсгийн зарим гишүүн гаргасан ч үхэл хорогдол буурахгүй, бас өөр арга зам байгаагүй тул уг шийдвэрийг хэрэгжүүлсэн юм.
Хяналтын цэг хоорондох зай багадаа 14 км буюу нэлээд хол учраас өвчтэй бөхөн Шаргын говь руу шилжих магадлал өндөр. Тэгээд ч зэрлэг амьтныг хорьж цагдах, хаших боломжгүй нь үнэн байв. Нутгийн иргэд аль эрт л тэнд бөхөн үхсэн байна гэж мэдээлсэн. Гэсэн ч лабораторийн шинжилгээгээр нотолж чадаагүй л байв. Тэгвэл өнгөрсөн сард албаны хүмүүс газар дээр нь очиж ажиллахдаа тэндхийн бөхөнгүүдээс сорьц авч, Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд өвчин илэрч, дээрх мэдээлэл албан ёсоор баталгаажсан билээ. “Шаргын говийн бөхөнгүүд эрүүл байвал арга хэмжээгээ чангатгана” гэж мэдэгдэж байсан албаныхны төлөвлөгөө ийнхүү талаар боллоо. Ингээд баярын өмнө хяналтын цэгүүдээ татан буулгаж, хоёр гараа өргөн бууж өгөв.
Ерөнхийд нь харвал бөхөн аврах ажил бүхэлдээ аз туршсан, онч муутай байсан хэрэг. Олноор үхэж эхэлсэн тухай мэдээлэл орон даяар тарж эхэлсэнд сандарсан хүмүүс ажиллаж л байвал юу ч хамаагүй хийхээр зүтгэсэн гэсэн ч болно. Холбогдох бүх байгууллага хүчээ нэгтгэж, тасралтгүй, чөлөө завгүй ажиллаад байтал бөхөн үхсээр л байв. Газар дээр нь ажилласан хүмүүсийн урмыг бодож “Багагүй хөдөлмөр гаргалаа” гэж болно. Угаасаа тэдний хөдөлмөр багадаагүй. Даанч “байгаа” оноогүй тул цаг хугацаа, хөрөнгө дэмий үрсэнийг тодотгоход буруудахгүй. Анхнаасаа мэдээлэл, чиг баримжаа муутай эхэлсэн ажил эцэстээ ямар ч хэрэггүй байсан мэт санагдана.
Бөхөн үхсээр буй ч ид үеэ бодоход хорогдох эрчим нь саарсан гэнэ. Устгалын болон хяналтын цэгийг татан буулгачихаад өдгөө ямар ажил хийж байгаа талаар БОАЖЯ-ны мэргэжилтэн Н.Жамъянхүүгээс тодрууллаа. Тэрбээр “Цагаан сар болох гээд хязгаарлалтад байсан хүмүүс ийш тийшээ явчих учраас хяналтын цэгүүдийг баярын өмнө буулгасан. Одоо бол тандалтаа үргэлжлүүлнэ. Хаана сэг зэм олон байна, нэмж үхэж үү гэдгийг байнга тандаж байгаа. Мал эмнэлгийнхэн ч судалгаа хийж, төл малыг вакцинжуулахаар бэлтгэж буй юм билээ” гэв.
Дулаарахаар өвчлөл буурна гэдгийг шинжээчид онцолж буй. Гэхдээ мялзангаар тогтохгүй, цусан суулга өвчин дэгдэж, дараагийн аюул ирэх магадлалтайг сэрэмжлүүлж байна. Эко системийн чухал бүрэлдэхүүн хэсэг болж, цөлжилтийг сааруулдаг энэ амьтан ямартай ч дулаартал өөрийн хүчээр өвчинтэй тэмцэх нь. Өвчилсөн бөхөнгүүдийн олонх нь үхэж юм уу, уг өвчний дархлаатай болж шалгарч үлдэх, эсэхийг бид хүлээнэ гэсэн үг.