Зураач, яруу найрагч, уран бичээч Ганзоригийн Мөнхбаатарыг оюутан ахуй үеэс нь мэдэх юм. Танилцаад удаагүй нэгэнд бол өөрийг нь “таг хөдөөний нөхөр” гэж ойлгуулж мэдэх үг, үйлдэл, байгаа байдал нь явж явж Г.Мөнхбаатарын дотоод үнэт зүйлийг бүрдүүлдэг мэт санагддаг.
Түүний урланд очиход энд тэндгүй морины зураг дэлгээтэй байсан нь учиртай аж. “Морины Мо” хэмээх нэрээрээ олонд танигдаж эхэлсэн тэрбээр удахгүй “Сувдан хөлс” нэртэй бие даасан анхны үзэсгэлэнгээ гаргахаар зэхэж буй гэнэ.
-Та Сар шинийн баяраар юу хийдэг вэ. “Цагаан сараар хийх юм олдохгүй, хэцүү байдаг”, “Хүүхэд байхад л Цагаан сар гоё байж” гэдэг хүмүүсээс арай өөр гэдгийг тань мэдэх учраас ийн асуулаа?
-Нэрнээсээ эхлээд л Цагаан сар бол монголчуудын хувьд их утга учир, бэлгэ дэмбэрэлтэй сайхан баяр. Адаглаад бүтэн жил бие биенийхээ барааг хараагүй ахан дүүс, төрөл төрөгсөд цуглаж, амар мэндээ мэдэлцдэг шүү дээ. Багадаа хөдөө байхад Цагаан сарыг аав, ээж, ахан дүүстэйгээ өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан учраас одоо ч тэр гоё догдлол, мэдрэмж дотор минь байдаг.
Тиймээс хотод байгаа ахмад настай төрлүүдийнхээрээ орж, гэртээ ч урлаг соёл, утга зохиолын болон зураач найз нөхдөө урьдаг. Ер нь Сар шинийн баярыг өөрийнхөө хэмжээнд тэмдэглэхийг хичээдэг шүү. Ямар сайндаа л оюутан байхдаа эхнэртэйгээ дотуур байранд Цагаан сар тэмдэглээд, ууц тавьчихсан чинь хүмүүс “Чи одоо боль доо. Хөгшин хүн шиг яаж байгаа юм” гээд шоолуулж байх вэ.
Архангай нутгийнхаа сайхан идээгээр таваг засдаг. Хар багаас ой тойнд шингэсэн болохоор тэр үү, том, жижиг нь хамаагүй, ширээн дээр ууц л байхгүй бол нэг л дутуу санагдаад ер болдоггүй юм (инээв).
-Тийм гэж үү. Залуу хүн Цагаан сараар ууц тавихыг шүүмжилдэг болсон шүү дээ?
-Цагаан сарыг би айлчлан ирж буй жилдээ элбэг дэлбэг орохын эхлэл гэж ойлгодог. Хамгийн гол нь монгол хүн амны бэлгээрээ гэдэг дээ. Сар шинээр хэдэн төгрөг зарцуулснаа бодож гол нь харлаад, харамсдаг хүн ховор байлгүй дээ.
Тиймээс ууц байг гэхэд ядаж дал, дөрвөн өндөр ч болсон чанаад тавихыг буруу гэхгүй.
-Тэгвэл Цагаан сараар Хийморийн овоонд гарч, хийморь лундаагаа сэргээж байна гээд бие биенийхээ хувцсыг сүү таргаар “будан” багширалддаг хүмүүсийг та юу гэж боддог вэ?
-Шинийн нэгэнд эрчүүд ууланд гарч, овоонд чулуу нэмэн, хангай дэлхийдээ сүү, идээний дээжээ өргөж, арц, хүж уугиулан, буян заяагаа даатгадаг уламжлал манайд бий шүү дээ.
Гэхдээ одоогийнх шиг тэгж олноороо Хийморийн овоонд гарч, авч явсан идээ ундааны саваа ч эмхлэхгүй, байгаль дэлхийгээ бохирдуулаад, эцэст нь “Ингэлээ, тэглээ” гэсэн селфи зураг тавиад буйг би хэт хэлбэрдэж, туйлширсан үзэгдэл гэж боддог.
Миний хувьд Хийморийн овоонд гарахаас илүүтэй шинийн найманд багтаад хөдөө байгаа аав, ээждээ очиж золгонгоо, нутаг усандаа мөргөхийг илүүд үздэг.
-Тэр ёстой зөв байх шүү.
-Аав, ээждээ очиж үнсүүлэхээс чухал зүйл гэж хаана байх билээ. Эцэг хүний ганц үнсэлт ямар ч хийморийн сангаас дутахгүй хүч, энергитэй гэдэгт би итгэдэг.
-Бөхөд хорхойтой биз?
-Бөх мэддэг, бөхөд хорхойтой хүнтэй хамт суугаад битүүний барилдаан үзэх мөн ч сайхан шүү. Багадаа аавтайгаа ууцаа чанангаа бөхөө “араажаваар” сонсдог байв. Битүүнийг бөхийн барилдаан, уртын дуу, ууц чанаж буй тэр гоё үнэр гуравгүйгээр төсөөлөх аргагүй байсан даа.
Орой нь битүүрэхээр айлуудаар явахдаа “араажаваа” сугавчлаад явна. Заримдаа пажигнаад олигтой сонсогдохгүй ээ. Тэгж байтал хүмүүс шуугиад явчихаар нь “Яав ийв, манай нутгийн бөх уначихаагүй биз” гээд нэгнээсээ асууцгаана. Ийм байдлаар бөхөд хорхойтой болсон олон хүн бий байх аа.
Сүүлийн жилүүдэд харин Цагаан сараар захиалга ихтэй болчихоод, битүүний барилдаантай уралдаад ажлаа дуусгахаар суудаг болсон.
-Нэг үеэ бодоход манайхан уран зураг, уран бичлэг, ном гэх мэт оюунлаг бэлэг сонгохыг хичээдэг болж. Таныг гээд зориод ирсэн хүмүүст та юу өгөхийг хүсдэг вэ?
-Сүүлийн үед манайхан эрхэм хүндээ тусгайлан зориулж, уран бүтээлчдээр хийлгэсэн нэг хувь зүйл бэлэглэхийг чухалчилдаг болж байна. Тухайлбал, сая Цагаан сараар нэг хүн тээврийн жолооч аавынхаа дурсгалд зориулж хөргийг нь томоор зуруулаад их баярласан. Түүдэг галын дэргэд суугаа аавынх нь цаана ачааны машин, нутгийнх нь хайрхан харагдаж байгаагаар зурсан юм.
Уг бүтээлийг тэр хүн нэг талаар аавдаа барьж буй Цагаан сарын бэлэг, нөгөө талаар өөртөө зориулсан гэж билээ. Уран зураг ч бай, уран бичлэг ч бай, би бүтээлүүддээ монгол бичгээр бэлгэдлийн сайхан үг бичиж хавсаргадаг юм. Монгол бичиг мэдэхгүй хүмүүс орж ирээд юу гэсэн утгатайг нь асууж, тайлбарлуулах болгонд тэр үгийн эрчим хүч тухайн хүний гэр, албан тасалгаанд шингэн дэлгэрч байг гэсэн санаагаар тэгдэг юм.
Уран бичлэг бичүүлэхээр захиалга өгдөг хүмүүс ихэвчлэн тухайн хүнийхээ нэрийг бичүүлэхийг хүсдэг. “Нас барсан хүний нэрийг чулуун дээр сийлэх гэж байгаа биш дээ, уран бичлэгээр зөвхөн нэрийг нь бичүүлнэ гэдэг утгагүй хэрэг” гэж хүмүүст ойлгуулахыг хичээдэг дээ.
-Таныг уран бичлэгийн сургалт явуулдаг гэж сонссон. Уучлаарай, Монголд янз бүрийн эрх ашгийн сонирхолтой ТББ өчнөөн бий. Таных юугаараа өөр вэ?
-“Хөх бичиг академи” ТББ-ыг байгуулаад гурван жил болж байна. Миний хувьд энэ байгууллага маш үнэ цэнэтэй. Учир нь монголчуудын босоо хөх бичиг бол Чингис, Хубилай хааны маань “Төрийн бичиг болго” гэсэн зарлигтай үнэт өв соёл юм. Үүнийг төрийн бичиг болгох, олон түмэнд түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хичээдэг.
Монгол хэл бичиг, соёлоо мэдэх гэсэн, уран бичлэг сурахыг хүссэн хүмүүст чадах чинээгээрээ тусалж, сургалт явуулах, уралдаан зохиохыг эрмэлздэг. Түүнээс биш, уран бичлэгээр олз олъё гэсэн санаа надад алга. Оюутан ахуй цагтаа бол талхны мөнгөндөө нэмэрлэх гэж оролдож эхэлсэн нь үнэн. Одоо бол илүү хариуцлагатай, ухамсартай ханддаг болсон.
Хятадад гэхэд л захын хүн нь ханз үсгээрээ Күнз, Ли Бай, Дү Фү нарынхаа сургаал, шүлгүүдээс уран гоёор бичиж чаддаг юм билээ. Манайд монгол бичгийг каллиграфаар дамжуулан сургах нь маш зөв зүйтэй, сонирхолтой гэж боддог. Уран бичлэгээр хичээллэж байгаа ямар ч хүн түүх, соёл, уран зохиолоо давхар судалж эхэлдэг.
Одоо надад арваад настай дунд сургуулийн сурагчдаас эхлээд 67 настай хурандаа шавь хүртэл бий. “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд Налайхын “Эрдмийн оргил” цогцолборт гурав дахь жилдээ дугуйлангийн сургалт явуулж байна.
-Таны урын сангийн дийлэнхийг морины зураг эзэлдэг. Тэр дундаа хурдан морь их байдаг нь ямар учиртай вэ?
-Өвөө, аав хоёр маань морь уядаг байлаа. Би таван настайгаасаа хурдан морь унасан. Тиймээс сургуульд ороогүй байхаасаа л харандаа, цаас олдвол морь зураад, гутлынхаа түрийнд хийчихдэг байж билээ.
Уралдаад ирсэн морины булчин, шөрмөс, судас нь тодорч ялгараад, цаанаа л нэг хийморьтой сайхан байдаг шүү дээ. Дэлхий дээр эр нь эрээрээ төрдөг цорын ганц амьтан бол адуу юм гэсэн. Бусад эр амьтан хөхтэй байдаг бол адуу тийм биш.
Тиймээс энэ тэнгэрлэг амьтныг хэчнээн зураад ч уйдахгүй.
-“Сувдан хөлс” нэртэй үзэсгэлэнд бүтээлээ ямар шалгуураар сонгож, дэлгэх вэ?
-Ардын төрийнхөө их баяр наадамд удаа дараа түрүүлж, айрагдсан шигшмэл хурдан хүлгүүдээс 21-ийг сонгон зурсан бүтээлүүдээ дэлгэнэ.
Олон жил морь зурж байгаа хүний хувьд бие даасан анхны үзэсгэлэнгээ утга агуулга, ерөөл бэлгэдэл тэгш дүүрэн зохион байгуулахыг хичээж байна. Тиймээс бэлгэдлээ бодоод 21 гэсэн тоог сонгосон юм.
-Одоо цагт уран бүтээлчдэд менежмент маш чухал гэдэг. Та хэр менежменттэй хүн бэ?
-Уран бүтээлч хүн менежмент хийж чаддаггүй юм гэсэн. Миний хувьд лав “Ононгийн хээрийг зурчихвал хурдан борлогдох байх”, “Шарга азаргыг зурвал амьдралд нэмэртэй болов уу” гэсэндээ төрийн наадмын торгон жолоог хэдэнтээ өргүүлсэн хурдан хүлгүүдийг сонгож зураагүй. Сэтгэлийн хөөрлөөрөө, сайн дураараа л зурж байгаа хэрэг.
Гэхдээ мэдээж шинэ бүтээлүүдээ нийгмийн сүлжээгээр олонд хүргэхийг хичээдэг. Монгол эрчүүдийн таван хүн тутмын нэг нь морь сонирхдог юм шиг санагддаг. Фэйсбүүкийн Морь сонирхогчдын группэд зургаа оруулахаар цөөнгүй хүн санал сэтгэгдлээ хэлж, захиалга энэ тэр гайгүй сайн өгдөг юм.
Зарим нь хурдан хүлгүүдээ зуруулаад, үзэсгэлэнд тань оролцъё гэдэг санал ч тавьсан. Гэхдээ миний хувьд тэгж захиалгаар зурсан бүтээлийг анхны үзэсгэлэндээ оруулахыг хүсэхгүй байна.
-Хурдан морийг өөр амьтантай хослуулан зурдаг, тэгэхдээ нөгөөхийнх нь амыг хадгаар боосон домгийн маягтай дүрслэл олон зурагт тань байдаг.
Таны бүтээлүүд ер нь ямар урсгал чиглэлд хамаарах вэ?
-Ийм тийм урсгал чиглэлээр зуръя гэж зорьдоггүй л дээ. Гэхдээ шидэт реализмд хамаарах болов уу. Монголчуудын уламжлалт сэтгэхүйд байдаг хийсвэрлэлүүдийг бүтээлдээ тусгахыг хичээдэг. Жишээ нь, чонын хийморийг бэлгэдээд адуутай хамт зурахдаа амыг нь хадгаар боосноор энэ хоёр амьтан нэгэнтэйгээ харшилдахгүй гэсэн санаатай дом юм.
Адуу мал хээр хонохоор галын хайчныхаа амыг хадгаар боож, хатавчиндаа тавьснаар, араатан амьтнаас хамгаалдаг гэсэн бидний өвөг дээдсийн уламжлалт дом шившлэгийн арга байдаг шүү дээ.
“Морин цаг буюу магтаал” гэсэн нэртэй амгалан төрийн ажнай шарга азарганы энэ зураг байна. Морин цаг буюу үдээс өмнө шаазгай шагширвал үнэн, бас сайн сайхан зүйл дуулгах нь гэж монголчууд ярьдаг. Шарга азарганд элдэв худал магтаал хэрэггүй, ард түмэн бүгдийг нь мэдэж байгаа. Тиймээс медалийн оосор дээр шаазгай суугаад, шарга азарга наана нь давхиж яваагаар зурсан юм.
-“Энэ зургийг өөртөө үлдээсэн бол” гэж харамсах тохиолдол байна биз?
-Байлгүй яах вэ.
-Тийм үед дахиад зурж байв уу?
-Үгүй ээ. Уран зураг нэг хувь байдагтаа л үнэ цэнэ нь оршдог. Тэгээд ч эх хувьтайгаа яг адилхан зурах боломжгүй шүү дээ. Ер нь бол “Миний бүтээл айлын хойморт заларч байгаа даа” гэж бодохоос сэтгэл өег, сайхан байдаг.
-Зурах авьяас танд бурхнаас заяаж. Уран бичлэгийг тэр авьяасандаа суурилаад, сурчээ гэж ойлголоо. Тэгвэл шүлэг яруу найрагтай хэзээнээс нөхөрлөж эхэлсэн бэ?
-Дунд сургуульд байхдаа хүүхдүүдийн гуйлтаар захиа их бичдэг байв. Нэг удаа хоёр хүүхдэд ойролцоо утгатай захиа бичээд өгтөл өнөөхийг хуулаад биччихгүй, яг миний бичсэн чигээр нь охидод атгуулсан байгаа юм. Гэтэл гай таарч нөгөө захидлууд хоёр найз охинд очоод, тэр хөвгүүдийн “хулгай” баригдаж, хөгөө чирсэн удаатай.
Сургуульд байхдаа шүлэг найраг оролдож байгаагүй. Хожим СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд оюутан байхдаа одоогийн эрхэм найрагч найз Н.Минжинсайхантайгаа танилцаж, утга зохиолын дугуйланд очсоноор эртнээс сэтгэлд байсан зул минь бадамлсан гэх үү дээ.
Тэгээд л “Их Монгол” дээд сургуульд давхар сурч, Төрийн шагналт, зохиолч Д.Батбаяр, яруу найрагч, шүүмж судлаач П.Батхуяг гэсэн мундаг багш нарынхаа үг сургаалыг сонсож, яруу найргийн талаар илүү гүн ойлголттой болсон.
-“Яруу найраг бол сонсох уран зураг, уран зураг бол харах яруу найраг” гэдэг. Энэ хоёр авьяас нэг биед заяахаар давуу тал нь их үү, эсвэл сул тал нь давамгайлах юм уу?
-Леонардо да Винчийн энэ алдарт үгийг мэддэг хүмүүс надаас яг ингэж асуудаг юм. Уг нь би л харин Б.Лхагвасүрэн гуайгаас, болдог сон бол Р.Чойном, Ж.Болд-Эрдэнэ агснаас энэ тухай асуух юм сан гэж боддог. Энэ хоёр авьяас нэг саванд байхаараа яадаг бол гэдгийг тэр мундаг хүмүүсээс л асуувал их сонин хариулт өгөх болов уу.
Миний хувьд бол яруу найраг, уран зураг гэдэг хоёр зүйл хоорондоо их харш юм шиг санагддаг. Уран зураг төрөх тухайн агшин надаас аядуу тайван, бүх зүйлд сэтгэл хангалуун дүүрэн, ариун эрхэмсэг байхыг шаарддаг.
Будаг шунхаа шахаад, бийр, багсаа зэхсэний дараа бараг л хувцсаа сольж өмсөөд суумаар юм шиг болдог.
Гэтэл яруу найраг болохоор миний сэтгэлийг огт тайван байлгахгүй, гэгэлзүүлж орхидог. Одоо хавар боллоо. Сэтгэлийг минь үймүүлдэг хамгийн зүггүй улирал ирлээ. Үзэсгэлэнгийн зургаа яаж гүйцээнэ дээ гэхээс санаа зовж л байна шүү (инээв).
-Тэгээд энэ “зовлонтой” ажлуудтай зууралдсаар байгаа шалтгаан тань яг юу юм бэ. Амьдрахын тулд уу, эсвэл авьяасаа зэврүүлэхгүйн төлөө юү. Эсвэл..?
-Олон юманд санаа зовохгүй, тайван сайхан амьдаръя гэвэл бушуухан хөдөө явмаар байна шүү дээ. Тэнд миний аав, ээж хоёр байна, хэдэн мал маань байна. Сумынхаа сургуульд багшлах боломж ч байна. Гэхдээ тэгж болохгүй юм. “Чи ийм олон юм зэрэг хийж яадаг юм бэ. Ямар супермэн биш” гэж зарим хүн хэлдэг л дээ. Шүлэг бичмээр санагдаад, зурмаар бодогдоод, бас хажуугаар нь уран бичлэгийг хүмүүст зааж сургамаар болоод, дотроос хатгаад байгаа энэ зүйлийг одоогоор би хорьж дийлэхгүй.
Байгалиас заяасан жаахан авьяас байгаад, дээрээс нь энэ бүхнийг хийх сэн гэдэг хүсэл сэтгэл, уран бүтээлчийн хандлага нь нэмэгдчихээр хэцүү юм. Түүнээс биш би хэдэн шүлэг бичээд, номоо борлуулж амьдралаа залгуулна гэж юу байх вэ. Надаас мундаг зохиолчид нь номоо борлуулж амжихгүй байхад. Зөвхөн уран зургаар амьдралаа болгох ч бас амаргүй. Тийм ч учраас хамт төгссөн уран зургийн, яруу найргийн найзууд маань эхнээсээ амьдралаа бодоод, өөр замаар явчихлаа.
Мань мэт шиг нь тайван сайхан цагийн ажил ч хийж чадахгүй юм шиг байна лээ. “Найрамдал” зуслан дээр тайзны зураачаар нэг зун ажилласан биш зүрхний хууч өвчин маань сэдрээд буцаж ирсэн шүү дээ (инээв).
Хэт завгүй ажиллахаар би өөрийнхөө бүтээлийг туурвиж чадахгүй, түүндээ бухимдсаар байгаад сүүлдээ тийм юм болсон. Нэг үгээр бид бүр өвчилчихсөн хүмүүс шиг байгаа юм.
-Энэ өвчнийг тань гэвч гэр бүлийнхэн, аав, ээж тань хэр ойлгодог бол?
-Урландаа ирэхгүй, гэртээ бүтэн өдөр амарч чадахгүй гэдгийг эхнэр маань маш сайн ойлгоно оо. Аав, ээж маань ч тэр. Сургууль төгсөөд удаагүй байхад эхэндээ ч үглэдэг л байв. Энд тэнд урлан түрээслээд, хөөгдөхдөө хөөгдөж, ажилтай, ажилгүй нь мэдэгдэхгүй том толгойтой нөхөр явлаа.
Хааяа аав, ээжээсээ мөнгө авахаас өөр аргагүйд хүрээд хэлэхээр “Хүү минь ээ, чи хэзээ наад зураг, шүлгээрээ гийгүүлэх юм бэ. Чиний үеийнхэн янз бүрийн ажил хийгээд, аав, ээжийгээ тэжээж байна” гэнэ. Гэхдээ тэр үед халаасандаа захирагдаж, “Ер нь больё, түвэг” гэсэн бодол миний толгойд хэзээ ч орж ирж байгаагүй.
Учир нь би юу хийх ёстойгоо мэдэж байсан. Одоо ч түүнийхээ төлөө зорьж явна. Ямар ч байсан аав, ээжийгээ зовоогоогүй л байна.