Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилсан нь зарим иргэний хувьд тахиа жилийг тэмцлийн хурц хэлбэрээр эхлүүлэхэд хүргэв. Нийслэлийн Засаг даргын захирамжийг эсэргүүцэн дүүргийн ЗДТГ-ын байрны дотор, гадна цугласан АН-ын гишүүд, дэмжигчдийн үйлдэлтэй холбоотойгоор тус байрыг цагдаа нар хамгаалалтад авсан.
Баянзүрх дүүргийн АН-ынхны өнгөрөгч баасан гаригт эхлүүлсэн тэмцэл өлсгөлөнгөөр үргэлжилсэн ч эмч нарын зөвлөснөөр өчигдөр үүнийгээ зогсоосон. Албан ёсоор өлсгөлөн зарлаж, ходоод гэдсээ цэвэрлүүлж, эмнэлгийн байгууллагад хандсан хүн одоогоор байхгүй, 23.00 цаг хүртэл суулт хийж байгаад тарж буй гэдгийг албаны эх сурвалжууд хэллээ.
Гэхдээ жагсаал, цуглаанаа дуусгасангүй. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгээр Баянзүрх дүүрэгт АН 22, МАН 19 суудал авсан. Гэсэн ч дүүргийн Сонгуулийн хорооны шийдвэрээр АН-аас нэр дэвшин ялалт байгуулсан зургаан хүнийг Сонгуулийн хууль зөрчсөн (сонгогчдод мөнгө тараасан) гэх үндэслэлээр нэр дэвшигчийн жагсаалтаас хассантай холбоотойгоор үүссэн маргаан өнөөдөр ийм дээрээ туллаа.
Тухайн үед буюу өнгөрөгч аравдугаар сард дүүргийн Сонгуулийн хороо зургаан хүнийг нэр дэвшигчийн жагсаалтаас хассан даруй АН-ынхан захиргааны хэргийн шүүхэд хандаж, улмаар уг шийдвэр хууль бус болохыг тогтоосон. Ингэснээр ИТХ хуралдаж, экс Засаг дарга Д.Пүрэвдаваа (дүүргийн АН-ын дарга)-г улируулан томилуулахаар дээд шатны Засаг даргад хандсан ч түүнийг нь шийдвэрлэхгүй байсаар Э.Бат-Амгаланг батламжилсанд АН-ынхан эсэргүүцэж буй хэрэг. Гэхдээ захиргааны хэргийн шүүх Сонгуулийн хорооны дээрх шийдвэрийг хууль бус гэж үзэхдээ тухайн нэр дэвшигчдийн Сонгуулийн хууль зөрчсөнийг шүүхээр тогтоогоогүй байхад жагсаалтаас хассаныг нь онцолж, буруутгажээ.
Үүний дагуу Сонгуулийн хороо захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг ёсоор болгосон аж. Ингээд дараа нь буюу өнгөрөгч хоёрдугаар сарын 23-нд дахин нэг шийдвэр гаргасан байна. Тэр нь өнөөх зургаан нэр дэвшигчийг мөн л жагсаалтаас хасаж, дахин сонгууль зарлах тухай шийдвэр юм.
Дүүргийн Сонгуулийн хороо энэ удаа тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэжээ. Өөрөөр хэлбэл, нэр бүхий зургаан нэр дэвшигч хууль зөрчиж, бэлэн мөнгө тараасныг цагдаагийн байгууллага тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүхээс бататгасан хэрэг.
Эндээс харвал уг асуудалтай холбоотойгоор шүүхийн хэд хэдэн шийдвэр гарсан байх юм. Сонгуулийн хороо зургаан нэр дэвшигчийг жагсаалтаас хасахдаа эхлээд шүүхийн шийдвэрийг үл харгалзсан, дараа нь шүүхийн шийдвэрийг үндэслэсэн байж таарах нь. Талуудын аль аль нь “шүүхийн шийдвэр гарсан” гэж өөрсдийгөө өмөөрч байгаа ч иргэд, олон нийтэд ойлгуулахыг зорьсонгүй.
АН-ынхан “Иргэдийн сонгох, сонгогдох эрхэд балмадаар халдаж, ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэсэн үйлдэл боллоо” гэж мэдэгдэж, нийслэлийн Засаг дарга “Хий хоосон улстөржилт, зүй бус үйл ажиллагаагаа зогсоож, нийслэл хотынхоо хөгжил, дэвшлийн төлөө хамтдаа зүтгэхийг дахин уриалж байна” хэмээн АН-ынханд уриалга илгээхдээ чухам юу болоод буй талаар тодорхой тайлбарласангүй.
Эцэст нь эрчүүдтэй хамт энгэр заамаа уралцсан ээжүүд муухай харагдаж хоцорлоо. Эмх замбараагүй байдал гаргуулахгүйн тулд хуулийн дагуу ажилласан цагдаа нар дахиад л муу нэртэй үлдлээ. Албан үүргээ хуулийн дагуу гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид хариуцлага тооцохоор болж буй тухай мэдээлэл ч бидэнд ирэв. ЗДТГ-т нэвтэрч эмх замбараагүй байдал өдүүлсэн, зөвшөөрөлгүйгээр суулт, цуглаан хийж байсан хүмүүсийг өнгөрсөн баасан гаригт Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн тараах үедээ нулимс асгаруулагч хий цацсан.
Мэдээж цагдаагийн алба хаагч нарт түүнийг хэрэглэх эрх нь бий. Гэтэл хуулиа хэрэгжүүлж ажилласан алба хаагч, ахлагч цолтой нэгэнд хариуцлага тооцохоор болжээ. Хууль сахиул гэж үүрэг өгчихөөд, эцэст нь хэрэгжүүлснийх нь төлөө арга хэмжээ авна гэдэг байж боломгүй. Өнгөрсөн баасан, бямба гаригт ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтынхан Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхнийг баахан байцаасан байдаг.
Сандал, элдэв зүйл шидэж эсэргүүцэхэд цагдаа өөрт байгаа тусгай хэрэгслийг ашиглах хуультай. Үүнийхээ дагуу л нулимс асгаруулагч цацсан нь дүрс бичлэгээс тод харагдана. Түүнээс гадна эмх замбараагүй байдал үүсгэгчид нэг нэгнээ “МАН-ын бууны нохой” хэмээн хоорондоо талцан зодолдож, ЗДТГ-ын ажилтнууд удаа дараа дуудлага өгсөн ч оруулахгүй байсан тул цагдаагийнхан гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд дайрч орохоос өөр арга байгаагүй. Мөн өлсгөлөн, эсэргүүцлийн арга хэмжээнд оролцож буй хүмүүс багагүй хэмжээний мөнгө авсан тухай яриа ч гарч байна.
Гэхдээ энэ хоёр нам, улстөрчдийн үйл ажиллагааны золиос нь иргэн, бас цагдаа болсоор ирсэн нь харамсалтай. Д.Пүрэвдаваа нь суудалтайгаа үхэн хатан зууралдаж, төрийн тусгай албаныхны өөдөөс жирийн иргэдийг турхирч суухын оронд эв зүйгээр зохицох ёстой байсан гэдгийг тус дүүргийн жирийн иргэд ярьж сууна. Тус дүүргийн Засаг дарга болчих нэр цэвэр өөр хүн ч гарч ирэх ёстой. Д.Пүрэвдаваа ч, Э.Бат-Амгалан ч ёс зүйн хувьд тэнцэхгүй гэж үзэх иргэн олон байна.
Тухайлбал, жирэмсэн хүн зодсон Д.Пүрэвдаваагийн асуудал хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй. Шинээр томилогдсон Э.Бат-Амгалан 2016 оны есдүгээр сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гарган хүн гэмтээсэн хэрэг нь ч яаж шийдэгдсэнийг мэдэх хүнгүй байгаа юм. Баянзүрх дүүргийн АН, МАН-ын дарга нарын болчимгүй үйлдэл дахин сөхөгдөж ч болзошгүй гэж үзэх хүн байна.
Уг маргааныг бүх шатны шүүхээр хэлэлцүүлэн байж эцэслэн шийдвэрлэнэ гэж тооцвол дахин сонгуулийг ирэх намар зохион байгуулах бололтой. Тэр болтол бүтэн жилийн хугацаанд тус дүүрэгт төрийн ажил цалгардаж, хэрүүл, тэмцэл өрнөх нь. Үүний золиос нь ч мөн иргэд, ард түмэн. Цаашлаад дахин сонгуулиар маргаан, тэмцэл дахихгүй гэх баталгаа үгүй.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор талууд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэж байна.
Давж заалдах хугацаа дууссан учраас дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн
Д.МӨНХ-ЭРДЭНЭ (нийслэлийн Засаг даргын хуулийн ахлах зөвлөх):
-Зарим нэр дэвшигч Сонгуулийн хууль зөрчсөн, эсэх маргаан шүүхийн шатанд яваа. Дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилох нь зүйтэй гэсэн шийдвэрийг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх нь дэмжиж, шийдвэрээ нийслэлийн Засаг дарга С.Батболдод хүргүүлснийг батламжилсан. Дахин сонгуулийн дүнд байгуулагдсан ИТХ-ын төлөөлөгчдийн тоог харгалзан, дахин хуралдаж, Засаг даргаа өөрчлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, дахин сонгуулийн дүнгээр олонх болсон намаас Засаг даргаа томилуулж болно.
-АН-ын нэр дэвшигчид Сонгуулийн хууль зөрчсөн, эсэхийг шүүхээр эцэслэн тогтоосны дараа Засаг даргыг томилж болоогүй юм уу?
-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шүүхээс тэдгээр нэр дэвшигч Сонгуулийн хууль зөрчиж, сонгогчдын саналыг авахын тулд мөнгө тараасныг тогтоож, шийдвэрээ гаргасан. Тэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ч таван нэр дэвшигчийн хувьд давж заалдах хуулийн хугацаа дууссан. Тиймээс тус дүүргийн Сонгуулийн хороо дахин сонгууль явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
-Э.Бат-Амгаланг Засаг даргаар томилох хуралдаанд АН-ын төлөөлөгчид оролцсон уу?
-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.7-т заасны дагуу сонгогдсон төлөөлөгчдийн олонх хуралдаанд ирсэн тохиолдолд шийдвэр хүчин төгөлдөр болно. Энэ дагуу хуралдаж, шийдвэр гаргасан.
Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэн хууль зөрчиж байна
П.НҮРЗЭД (нийслэлийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга):
-Ардын нам зохион байгуулалттайгаар, бүдүүлгээр иргэд рүү дайрч буйд харамсаж байна. АН-ын 180 мянган гишүүн цаашид тэмцэнэ. Сонгогчдын эрхэнд халдсан, хууль бус үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Ардын намынханд хууль үйлчлэхгүй байна. Нийслэлийн Цагдаагийн газрын дарга огцрох ёстой. Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстой байтал иргэдийнхээ эсрэг босож, гарыг нь хугалсан. МАН-ынхан сонгогчдынхоо сонголтыг хүндэтгээч ээ.
Захиргааны хэргийн шүүхээс “Уг маргаан шүүхийн шатанд буй учраас эцэслэн шийдвэрлэтэл ямар нэг томилгоо хийгдэхгүй. Тиймээс С.Батболдын асуудлыг түдгэлзүүлж байна гэсэн (нийслэлийн Засаг дарга С.Батболд Баянзүрх дүүргийн Засаг даргаар Д.Пүрэвдавааг батламжлаагүйтэй холбоотойгоор АН-ынхан захиргааны хэргийн шүүхэд хандаад байсан юм).
Гэтэл хотын дарга Э.Бат-Амгаланг Засаг даргаар батламжилчихлаа. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй. 2009, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Баянзүрх дүүргийн иргэд АН-ын нэр дэвшигчийг дэмжсэн. Ерөнхийлөгчийн сонгууль ойртож буйтай холбоотойгоор төр, засгийн эрхийг хүчээр булаан авч, сонгуульд бэлтгэхийн тулд ийм үйл ажиллагаа явуулж байна. ИТХ энэ оны төсвөө батлаад, хийх ажлаа хийгээд явж байхад санаатайгаар ийм үйлдэл хийсэн нь харамсалтай.