Зам, тээврийн осол хэрэг гарч буй шалтгаан гэхээр манайхан ихэнхдээ жолооч нарыг буруутгадаг. Хурд хэтрүүлдэг, согтуугаар машин барьдаг, зорчих хэсгийг чөлөөлдөггүй, гэрлээ шилжүүлдэггүй гээд л хамгийн түрүүнд тэдэнрүү чичилдэг. Явган зорчигч гарцгүй газраар зам гарч байгаад мөргүүлсэн ч жолоочийг машинаа зогсоох арга хэмжээ аваагүй гээд бас л буруушаана.
Өнөөдөр дэлхий дахинд зам, тээврийн ослын 97 хувь нь замын байгууламжаас болдог гэж дүгнэн засаж, сайжруулах арга хэмжээ авдаг юм билээ. Харин манайд эсрэгээрээ. 0.1-0.2 хувийг л замын нөхцөл байдал, байгууламжаас шалтгаалсан осол эзэлдэг аж. Энэ статистикаас харахаар Монголын зам бол ямар ч осол, хэрэг гарахааргүй, маш сайн барьсан гэж үзэж болохоор.
Гэтэл зам, түүнийг дагасан байгууламжууд өнөөдөр ямар байгааг жолооч, зорчигч хэн хүнгүй мэднэ. Таггүй траншей, ажилладаггүй гэрэл дохио, харагдахаа байсан цагаан шугамнууд, байх ёстой газраа байдаггүй тэмдэг, тэмдэглэгээнүүд гээд замын байгууламжууд ямар ч хангалтгүй.
Жил бүр л зам өргөтгөхөөс гадна шинээр барьдаг. Харамсалтай нь, дагалдах замын байгууламжуудыг нь хийдэггүй, чанаргүй тавьснаас болж осол, хэрэг гарсныг бүртгэл судалгаандаа оруулдаггүй юм уу, эсвэл дээр дурдсанаар жолооч руу чихээд өнгөрдөг бололтой.
2016 ОНД ЗАМЫН НӨХЦӨЛӨӨС ШАЛТГААЛСАН ОСОЛ 38 БҮРТГЭГДЖЭЭ
2016 онд Замын цагдаагийн алба нийт 94733 дуудлага хүлээн авснаас ослын шинжтэй нь 46712 байжээ. Зам, тээврийн ослын улмаас 479 хүний амь хохирч, 1247 хүн гэмтсэнийг бид энэ хэлэлцүүлгийг эхлэх үедээ мэдээлсэн. Дээрх осол хэргийн 38 нь л замын нөхцөл, байдлаас болж гарсан гэсэн дүн Замын цагдаагийн албанд байна. Тодруулбал, замын эвдрэл гэмтлээс дөрөв, тэмдэг, тэмдэглэл ойлгомжгүй, байхгүйгээс, замын гадаргуу халтиргаа, гулгаатай байснаас, гэрэлтүүлэг хангалтгүйгээс гэсэн шалтгаанууд тус бүр хоёр бүртгэгджээ.
Бусад нь сахилгагүй жолооч нараас болжээ гээд дүгнэхэд хилсдэхээргүй байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана гэдэг бол жолооч, зорчигч нарын үүрэг хариуцлагаас эхлээд Засгийн газар, УИХ ч олон ажил хийж, хэрэгжүүлж байж үр дүн гарна. Харамсалтай нь, өнөөдөр хэн нь ч үүрэг хариуцлагаа хуульд заасны дагуу хийдэггүй.
Тухайлбал, Засгийн газар, ЗТЯ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үндэсний стратеги, хөтөлбөр батлах, санхүүжүүлэх, төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах зэрэг ажил хийх үүрэгтэй.
Тэгэхээр хаагуур зам барих, замын байгууламжууд нь ямар байх зэрэг нь тус яамны, түүний харьяа газар, агентлагийн хянах, эрхлэх асуудал гэсэн үг. Тэд өнөөдөр үүргээ хангалтгүй биелүүлдгээс замын байгууламжуудын нөхцөл байдал тун тааруу байна. Уг нь замын хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг бол хүн, зам, автомашин, орчноос ихээхэн шалтгаалдаг.
Нэгэн жишээ энд дурдъя. Баянзүрх дүүргийн нутаг, Улиастай-Гачууртын замыг 2015 онд шинэчилж, дараа нь туузан хаалт суурилуулсан. Ингэхдээ орчныг үл хайхарсан, замын компанийн инженер ч, ЗТЯ, нийслэлийн Автозамын газрынхан ч зураг төслөө сайн шалгаагүй, хянаагүйгээс хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахуйц замын байгууламж тэнд бий болсон.
Уг нь замын хажуугийн гэрлийн шонг мөргөж осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд туузан хаалтыг зам дагуу, гэрлийн шонгоо хааж барих ёстой байв. Гэтэл дээрх замд эсрэгээрээ тавьсан нь маш ноцтой байгууламж болчихоод буй юм.
Тэр зам ашиглалтад орсноос хойш 20 шахам осол гарч, дандаа л гэрлийн шон мөргөсөн байгаа. Туузан хаалтыг замаа дагуулан, шонг хааж барьсан бол дээрх олон осол, хэргийн дараа хүний амь нас, эрүүл мэнд хохирох нь харьцангуй бага байх байсан гэдгийг мэргэжлийн хүмүүс, судлаачид хэлэв.
ТРАНШЕЙ БУРУУТАЙ БОЛ ХОХИРЛОО ХАРИУЦСАН БАЙГУУЛЛАГААС НЬ НЭХ
Өөр нэг жишээ татъя. Богд хан уулын араар шинэ зам тавьсан нь Улаанбаатарын төв замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад нэмэр болж буй. Гэсэн хэдий ч бас л замын байгууламжаа дутуу хийснээс осол, хэрэг гарч байна. Гэрэлтүүлэггүй нэлээд удсан тэр замд өнөөдөр анхааруулах, мэдээлэх тэмдэг дутмаг байдгийг түүгээр зорчдог жолооч нармэднэ. Тэнд өвлийн цагт байнга л халтиргаа, гулгаа үүсдэг ч энэ тухайг нь мэдээлсэн замын тэмдэг нэг ч байхгүй гээд хэлчихэд буруудахгүй.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54 дүгээр зүйлд “Зам болон замын зорчих хэсэгт тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хаалт, хашилт, чиглүүлэх хэрэгслийг стандартын дагуу бүрэн бүтэн байрлуулаагүйгээс замын хөдөлгөөнд оролцогчид буруу мэдээлэл өгч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн бол, Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, зам, тээврийн осол, хэрэг гарсан тохиолдолд иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэж заасан байдаг. Харамсалтай нь, амьдралд энэ заалт биелсэн нь үгүй.
Тэр ч бүү хэл траншей, ус зайлуулах шугам таггүй байснаас болж осол, хэрэг гарахад хүртэл буруутай хүмүүст хариуцлага тооцох заалт энэ хуульд бий. Гэтэл өнөөдөр онгорхой траншей, үерийн ус зайлуулах хэсэг байна. Японд онгорхой траншей гэж байдаггүй учраас Монголд ирсэн тус улсын жуулчид ихэд гайхан зургийг нь авч, толгойн сэгсэрч байсан юм даг. Швейцарьт бол зам дээр траншей байлгахыг хориглодог учраас ямар ч тохиолдолд хажууд нь барьдаг гэх юм билээ.
Хойд хөршийн нийслэлд амарч байхдаа ус зайлуулах хоолой, худгийн таг нь онгорхой байсныг нэг ч олж хараагүй. Түүгээр ч зогсохгүй замаасаа дээшээ илүү гарсан, доошоо хонхойж орсныг нь ч олж үзээгүй. Бүгд замтайгаа нэг түвшинд байдаг юм билээ. Манайд ч гэсэн ийм стандарт байдаг л болохоос хяналт тавьж, зорчих хэсгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авсан нь үгүй. Дээшээ машины хөдөлгүүртхүрэх шахсан өндөр худгийн таганд суудлын тэрэгнийхээ кастер, хүч дамжуулах хэсгийн гадна талыг хагалж байсан жолооч цөөнгүй.
Тэд материалаа бүрдүүлж шүүхэд гомдол гаргавал хохирлоо нөхөн төлүүлээд авчих боломжтой юм билээ. Тодруулбал, дээрх хуулийн 54.18-д “Зам дээр хийсэн үзлэгийн болон шүүрт худгийн таг алга болсон, эвдэрсэн, замын зорчих хэсгийн түвшинтэй нэг түвшинд байрлуулагдаагүйгээс осол, хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн болон зам тээврийн осол, хэрэг гарсан бол хариуцдаг аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж зөрчлийг арилгуулан, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл онооно” гэж заажээ.
РЕКЛАМНЫ САМБАРТ ДАРЛУУЛСАН ЗАМЫН ТЭМДГҮҮД
Замын чанар бол ярих ч юм биш. Хятад дарга зузаанаас нь, Монгол дарга өргөнөөс нь иддэг гэсэн онигоо ч гарсан. БНСУ-д замыг дөрвөн үе давхарлаж тавьдаг бол манайд ердөө л гурав. Таван см зузаан байх стандарттай байхад, манайхан гурваар тавьчихдаг юм билээ. Энэ нь нөгөө замын эвдрэл, хагархай үүсэхэд нөлөөлнө. Жолооч нар хагарсан хэсгийг нь тойрч гарах гээд мөргөлдөж шүргэлцчихээд, түгжрэл үүсгэдэг нь ердийн үзэгдэл.
Түүнээс гадна гэрэлтүүлэггүй, замын тэмдэг тэмдэглэгээг буруу харуулж байрлуулсан, ямар мэдээлэл өгөөд байгаа нь тодорхойгүй нь ч олон. Дээрээс нь жолооч нарын нүдэнд үл өртөнө. Ялангуяа, гэр хорооллын утаа ихтэй орчинд шөнийн цагаар харагддаггүй.
Барууны орнуудад үзэгдэх орчин хязгаарлагдсан буюу шөнийн цагаар бол явган хүний гарцын тэмдэг дээрээ гэрэл асаадаг юм билээ. Манайд бол муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр стандартаа хангадаггүй тэмдэг, тэмдэглэгээ тавьчихаад харагдахгүй байхад нэрмээс болж том том зар сурталчилгааны самбараар таглачихдаг явдал бий.
Сонгуулийн сурталчилгааны үеэр явган хүний гарц, машин замтай огтлолцдог хэсгийг хаагаад нэр дэвшигчдийн зурагт самбар олон байсныг хотынхон бүгдээрээ л харсан. Байдаг л юм шиг хажуугаар нь өнгөрч байв. Угтаа бол явган ч бай, автомашинаар зорчиж буй иргэдийн аюулгүй байдалд тэр сурталчилгааны самбарууд заналхийлж байсан юм.
Энэ мэтээр замын байгууламжууд хот хөдөөгүй л замын хөдөлгөөнд оролцогчдод аюул занал учруулж байгаад анхаарахгүй бол горьгүй нь.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Нийслэлд ойролцоогоор 1000 тэмдэг, тэмдэглэгээ тавих шаардлагатай
Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн мэргэжилтэн, ахмад Б.Мөнхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Замын байгууламжаас болж осол цөөнгүй гардаг. Наад зах нь зам дээрх нүх олон байдаг шүү дээ.
-Нүх тойрох гээд осол гаргах нь бий. Өнгөрсөн онд “Эмээлт” явах замд хэд хэдэн осол гарсан. Энд тэндгүй нүхтэй байсан учраас тэр. Тэр замын арчлалтыг “Баянчандмань” АЗЗА хариуцдаг байсан юм. Бид тэнд осол гарах магадлалтай гэдгийг хэлж байсан ч тоогоогүй. Осол гарсны дараа жолооч нар хурдаа тохируулж яваагүйгээс болсон хэмээн ярьж байгаа юм.
Ер нь зам засвар, арчлалтын компаниуд замын цагдаа шаардлага тавихад биелүүлэхдээ хойрго байдаг. Торгууль тавихаар төлдөггүй. Шүүхэд өгөхөөр замхраад л алга болдог юм. Тэгээд ч нөхөөсөөр дүүргэсэн зам олон бий. Хавар, намар болгон л мөнгө зарцуулж байхаар нэг мөсөн өргөтгөвөл дээр шүүдээ.
-Бас тэмдэг, тэмдэглэгээ байхгүйгээс осол гардаг гэдэг.
-Тухайн замыг барьж буй компани ажлаа эхлүүлэхдээ л тэмдэг, тэмдэглэгээг нь давхар тавиад явах ёстой. Гэтэл амьдрал дээр тэгдэггүй юм. Тухайлбал, Толгойтын зам байна. Тэмдэг, тэмдэглэгээ хий гэхээр замын ажил дуусаагүй, төсөв байхгүй гэсэн тайлбар хэлдэг. Ер нь бол Нийслэлд ойролцоогоор 1000 тэмдэг, тэмдэглэгээ тавих шаардлагатай.
-Танай алба шинэ зам барихад зөвлөмж өгдөггүй юм уу?
-Замын өргөтгөл шинэчлэл, зам засварын ажил хийх үед тухайн замын зургийг гаргадаг. Гаргасан зураг дээр нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Замын цагдаагийн албанаас хариуцдаг мэргэжилтэн тэмдэг, тэмдэглэгээг нь үзээд болсон, эсэхийг нь дүгнэдэг байлаа. Гэтэл сүүлийн үед больсон. Нийслэлийнхэн өөрсдийнхөө гаргасан зургаар тендер зарлаад л нэг компаниар хийлгэдэг болчихоод байгаа.
Аюулгүй байдлыг хангах чиглэлээр тухайн замд хэдэн тэмдэг, хурд сааруулагч байх, тухайн дүүргийн онцлогт тааруулах ёстой гэдгийг уг нь бид зөвлөх боломжтой. Гэтэл холбоо барилгүйгээр хийдэг. Ингээд осол гарахаар тэр уулзвар, гарцыг тэгж засъя гээд ороод ирнэ. Үүнээс гадна автозам дээр тавих ёстой тэмдгийг нь тавьдаггүй.
Үүний тод жишээ нь Гүнтийн зам. Замын ажил нь дууссаны дараа биднээс хэдэн тэмдэг хаана тавих вэ л гэж асууж байсан. Замын цагдаагийн байгууллагаас зөвлөмж авах ёстой гээд хуульчилбал замын байгууламжаас шалтгаалсан осол багасна шүү дээ.