Уран зургийн урлагт Монгол улсаа төлөөлөх уран бүтээлчид 2017 оны хоёрсарын 24-26 -ны өдрүүдэд Британийн Оксфорд хотноо жил бүр зохиогддог олон улсын уран зургийн үзэсгэлэнд оролцох гэж байна.
Урлаг, соёлын салбарын олон улсын томоохон арга хэмжээний нэг Оксфорд олон улсын урлагийн үзэсгэлэнд орчин үеийн уран зураачдын төлөөлөл болох Д.Батбилэг, Т.Отгонбаяр, Д.Түвдэндорж, Ч.Сэндэм, Х.Элбэгзаяа, С.Алтанцоож, О.Одгэрэл, М.Очир-Эрдэнэ, О.Молор-Од нарын 10 уран бүтээлч оролцоно.
Британи улс дах Монголын соёлын элч Ж.Өнөрмаа, Монгол Улсын Элчин сайдын яамнаас Монголын соёл урлагаа дэлгэрүүлж, уран бүтээлчдийг дэмжин тус үзэсгэлэнд оролцуулах ажил 2015 оноос эхэлсэн. Анхны үзэсгэлэнд Монгол улсын уран бүтээлчдийн сор бүтээлүүд олны таашаалд нийцэж, 150 орчим оролцогчдоос авсан санал асуулга, болон шүүгчдийн үнэлгээгээр тус үзэсгэлэнгийн Best Artist дэд шагналыг хүртэж байсан юм.
Орчин үеийн урлагийн худалдааны төв болсон Британи улсад болдог уг үзэсгэлэнд жил бүр 30 гаруй улсаас гаралтай уран зураг, уран баримал, гэрэл зураг, үнэт эдлэл, гар урлалын бүтээлүүд дэлгэгддэг ба тэдгээрийг шууд худалдан авах боломж олгодог.
Монгол уран бүтээлчдийг төлөөлж буй Британи дахь Монгол улсын соёлын элч, Creative Curating компанийн захирал Ж.Өнөрмаа хэлэхдээ “Олон улсын соёл, урлагтай танилцахаар ирсэн хүмүүс манай уран бүтээлүүдтэй танилцаад Монгол орныг сонирхох нь цөөнгүй байдаг. Тэд Монголын соёл, өв уламжлалаас сонирхож мөн аялахаар төлөвлөдөг” хэмээн дурдсан юм.
Оксфорд олон улсын урлагийн үзэсгэлэн худалдаанд энэ жил орчин үеийн төрлөөр зурдаг уран бүтээлчийг онцолж байгаа бөгөөд зургаан мянга орчим хүн оролцохоор бүртгүүлээд байна.