Зүлгэсэн мэт гүн цэнхэр тэнгэр дээр цэлийж, зүйсэн юм шиг цастай тал доор цавцайж, хоёрдугаар сарын өглөөний жавартай, тунгалаг агаарт “цохиулан” Төв аймгийн Алтанбулаг сумыг зорих зам нэг л нөмөр нөөлөгтэй санагдах. Алсад суугаа аавдаа яарах мэт тийм танил. Алтанбулаг сумын III багийн нутаг, Ацын ухаад өвөлжиж буй Хэнмэдэхийн Нямжав гуайнд хэрэг болгож очсоны учир нь тэрбээр өнөө жил “Улсын аварга малчин” хэмээх эрхэм алдрыг хүртэж байгаа юм.
Өвөлжөөнд нь биднийг дөхөж очиход саарал дээлтэй, хул морьтой хүн хонь эргүүлж явсан нь Х.Нямжав гуай аж. Улсын аварга малчных гэдгийг нь илтгэх улаан халзтай, том цагаан гэр дүнхийж байв. “Бичин жилийн зуд гэж манайхан хоёр жил л ярилаа. Манай нутагт өнгөрсөн зун бороо хур багатай, газрын гарц тааруу байсан нь сэтгэл түгшээж л байв. Санасныг бодоход хангай дэлхий ивээлээ хайрласан, өнтэй сайхан өвөл болж байна. Арваннэгдүгээр сард цас нэлээд орсон. Түүнээс хойш гайгүй байж байгаад хэд хоногийн өмнө жаахан цас орж, шуурлаа. Ирж яваа цаг юм хойно, одоо ч алзахгүй ээ” хэмээн бэлгэшээлтэй сайхан үгээр гэрийн эзэн биднийг угтлаа. Малчны хотонд төлийн дуу цангинах хараахан болоогүй ч хаврын урь наашилж буйг илтгэх мэт цаанаа л налгар тавиун байх аж.
Төв аймгийн Алтанбулаг сумаас энэ жил улсын аварга малчин нэг, хошой аварга нэг төржээ. Ингэснээр тус сум дөрвөн аварга малчинтай болж буй гэнэ. Мягмар гаригт төвөөс дарга нар ирж шагналаа гардуулна гэсэн тул тэднийхэн хөгшин залуугүй ажил ихтэй байлаа. Х.Нямжав гуай есөн хүүхэдтэй айлын том нь учраас жил жилийн Цагаан сараар олны хөлд дарагддаг агаад энэ удаа зочид гийчдийн тоо бүр ч нэмэгдэх нь дамжиггүй.
Улсын аварга малчин Х.Нямжав ын гэр бүл
“Муу нүүрт” хэмээгч гал бичин жил Улсын хошой аварга малчин болсон Ч.Мөнх-Очир гуай тэр хоёр хашир туршлагатай ахмадуудын хувиар ийш тийшээ явж, нутаг ус, газрын гарцыг их шинждэг бөгөөд отор нүүдэл байнга хийдэг аж. Тэгэхдээ “Бэлчээр, нутаг усаа олон түмэнтэйгээ хувааж хүртэх ёстой юм шүү. Хар амиа бодож хэрхэвч болохгүй” гэсэн өвгөдийнхөө сургаалыг даган, отор нүүдэл хийхдээ гол усныхаа залуу малчдыг хамт авч явахаас цааргалдаггүй гэдгээ Х.Нямжав гуай онцолсон юм.
“БАГШ ХҮҮГЭЭ МАЛ ДЭЭР ГАРНА ГЭХЭД НЬ ДОТРОО ИХ БАЯРЛАСАН”
Х.Нямжав гуайг Хөвсгөл аймаг дахь Барилгын цэргийн ангид гурван жил алба хаагаад 1972 онд халагдаж ирэхэд нь Төв аймгийн нэгдэл дундын үйлдвэрт хуваарилжээ. Гэсэн ч тэрбээр “Би мал л малламаар байна. Надад хэдэн адуу өгчихөөч” гээд тас гүрийж. Энэ хооронд авга ах нь “том толгойтой” дүүгээ тээврийн жолооч болгох гэж их хичээсэн гэдэг. Ингээд зүрх сэтгэлийн дуудлагаараа малчин болж, 20 жил тасралтгүй нэгдлийн адуу хариулжээ.
Хожим ардчиллын ачаар хувийн малтай болж түүнийгээ тааваараа өсгөн үржүүлээд, буян хишгийг нь эдлэн жаргаж буй түүний амнаас “Мал дагах мөн ч сайхан даа” гэдэг үг байсхийгээд л гарах юм билээ. Малд элэгтэй аавынх нь энэ зан чанар хүүхдүүдэд нь өвлөсөн гэлтэй, сав л хийвэл хөдөөгийнхнөө эргэж тойрдог болохыг Х.Нямжав гуайн гэр бүлийн хүн В.Жавзан ярилаа.
Тэднийх таван хүүхэдтэй юм байна. Хүүхдүүдийнх нь хоёр нь хотод, хоёр нь хөдөө мал дээрээ, нэг охин нь сумын малын эмч хийдэг гэнэ. Нэг хүү нь Цээл суманд адуугаа оторлож яваа тул хүн бүл муутай ийм үед Налайх дахь Нисэхийн 337 дугаар ангид алба хаадаг Н.Баттөр хэмээх хүү нь амралтаа аваад, гэрийнхэндээ тус нэмэр болохоор иржээ.
Отгон хүү Н.Пүрэвбаасан нь гурван жилийн өмнө мөн л амралтаараа аав, ээж дээрээ ирэхдээ хайруу өвлийн цас, жаварт өөрсдийгөө үл хайхран хэдэн малтайгаа хөөцөлдөх тэднийгээ хараад, шууд л хөдөө гарахаар шийдсэн аж. МУБИС-ийг төгсөөд, Монгол, Солонгосын политехникийн коллежид багшилж байсан хүү нь гэнэт багш мэргэжилтэй эхнэрийнхээ хамт хөдөө амьдрахаар шийдэхэд Х.Нямжав гуай эхэндээ тун их гайхсан гэдэг.
Тэр үед гаднаа “Бид чамайг мал дээр гаргахын тулд их сургууль төгсгөөгүй шүү. Гэвч өөрөө тэгж шийдсэн бол яая гэх вэ” гэсэн хэрнээ дотроо ихэд олзуурхан баярласнаа хэлээд тэрбээр бахдалтай нь аргагүй инээмсэглэв.
Жилийн дөрвөн улирлын турш гадаа гандаж, хөдөө хөхөрч явдаг малчны ажил хөдөлмөр амаргүй. Тиймээс ажилтай нь байтугай, ажилгүй залуус хүртэл биеэ “оторлон” зугтаж, хот суурин газарт бүгэхийг чухалчилдаг болсон өнөө үед ийм хүмүүжилтэй, холч ухаантай хүн ховор тул энэ аав хүүхдүүдээрээ бахдахаас ч яах билээ.
2001, 2009 ОНЫ ЗУДЫГ ӨНЧИН ИШИГНИЙ ГАРЗГҮЙ ДАВЖЭЭ
Х.Нямжав гуайнх бог голдуу 1100 гаруй малтай бөгөөд эр, сувайгаас нь түүвэрлэн, жилд 200-гаад мал зарж борлуулдаг гэнэ. “Бичин жил сүүлээ шарваж, хатуу өвөл болж магадгүй” гэсэн олны амыг дагаад, хүүхдүүдтэйгээ хүч хавсран 10 гаруй машин өвс бэлтгэж, дээрээс нь өвөлжөөнийхөө амны шарилжийг ч хадаж нэмэрлэжээ.
Бэлтгэсэн өвс хадлангаа талд нь ч оруулаагүй байгаа гэдгээ хуучлах тэрбээр “Сүүлийн жилүүдэд хаа сайгүй мал өсөөд, бэлчээрийн дажин болох шахаж байна. Бас ийш тийшээ их нүүж суугаад байхаар хашаа хороо, хадсан өвс, хураасан аргал түлшийг маань тэсгээхгүй, хулгайлчихаад байх юм. Тиймээс сүүлийн хоёр жил бэлтгэлээ сайн базаагаад суурин өвөлжиж байна” гэв.
Аварга малчных энэ жилийнх шиг өвлийг байтугай 2001, 2009 оны айхтар зудыг ч өнчин ишигний гарзгүй давсны нууц нь үүнд оршиж байгаа аж. 2008-2009 оны зуднаар гэхэд л Цээл сум руу нүүж, өвлийг ажралгүй давжээ.
“2001 оны зуднаар манайхыг хоёр морин тэрэгтэй, 5-6 тэмээнд гэр бараагаа ачаалан, Мөнгөнморьт руу нүүдэл хийж байхад нэгэн настай эмэгтэй халуун цай, тавгийн идээтэй хөсөг тосоод ирэхэд их сайхан санагдаж билээ” хэмээн В.Жавзан гуай хуучиллаа.
Одоо цагт мянгат малчид ихэвчлэн малаа туслах малчдад даатгаж, өөрсдөө төв суурин газарт орон сууц худалдаж аваад тэндээ амьдардаг болсон гэхэд хилсдэхгүй. Харин энэ хоёр хөгшинд тэгж тухлахаас илүүтэй хэдэн малынхаа дэргэд явж байх нь дээдийн жаргал гэдгийг хоёул ам уралдан ярилаа. Нэг туслах малчин байгаа ч зөвхөн түүндээ найдаад суулгүй, шаардлагатай бол Х.Нямжав гуай номхон хул мориороо өөрөө хонь малдаа шогшуулахаас буцахгүй.
Нямжав гуайн аав Хэнмэдэх гэж сум нэгдлийнхээ нэр нүүрийг тахалсан хөдөлмөрч, үлгэр жишээч малчин байсан бөгөөд гадаад, дотоодын сайд дарга нар Алтанбулагт очих тоолонд тэднийхээр аваачдаг байж. “Ж.Гүррагчаа баатрыг сансарт нисээд ирэхэд ажаагийнд маань (тэрбээр аавыгаа ийн авгайлдаг байсан бол одоо хүүхдүүд нь Нямжав гуайг “ажаа” гэдэг юм билээ) аваачиж, хамт зураг хөргөө татуулсан байдаг юм. Ажаагийнхаа амин ухаанаас жаахныг ч болов үр хүүхдэдээ өвлүүлж үлдээхийг хичээх юм даа” хэмээн тэрбээр дурсамж дэлгэв.
Үр хүүхэд, дүү нартаа түүний хэлж захидаг үгс үнэ цэнэтэй байдгийн нэг жишээ нь өнөөг хүртэл отгон дүү нь “Ах аа, энэ жил манайх тэр адуугаа муулбал ямар вэ. Энэ үхэр маань нэг л тамиргүй байна, онд орох шинжгүй” гэх мэтээр асууж зөвлөдгөөс харагдана.
“УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛСНОО ДУУЛАХАД АНЬСАГА ЧИЙГТСЭН”
Улсын аварга малчин болсон гэдгээ дуулах тэр агшинд ямар байсныг Х.Нямжав гуайгаас асуухад “Хониндоо явчихаад иртэл гэрийн гадаа хоёр машин ирчихсэн байв. Сумын удирдлагуудаас улсын аварга малчин болсноо дуулахад хоёр нүдний аньсага өөрийн эрхгүй чийгтсэн” гэлээ.
Унага бойжуулалтаар нэгдэлдээ зургаа, аймагтаа хоёр удаа аварга болохдоо ч ийн баярлаж байгаагүй гэнэ лээ. Малчдын хувьд хамгийн эмзэг асуудал болох бэлчээр, усны тал дээр нутаг голынхонтойгоо эвтэй найртай байж, энд тэнд эвдэрсэн худаг байвал ажиллуулж, хаа газрын олон малд буян болохыг хичээдэг гэдгээрээ тэрбээр түмэндээ хүндлэгддэг юм билээ. Энэхүү хүндтэй шагналыг авах болсон шалтгаанаа ч тэрбээр үүнтэй холбон тайлбарласан.
Харин дээр, доргүй улстөржиж, талцаж хагаралдах нь монголчуудыг яавч сайн юманд хүргэхгүйг мэдэх хашир малчин иймэрхүү зүйлд хүртэл санаа зовнин суудаг аж. Ямар сайндаа л “Улс орон ядуурлаа, эдийн засаг хямраад сүйд боллоо, ажилгүйдэл нэмэгдлээ гээд л тэр дээр байгаа төрийн түшээд хэрэлдээд байх юм. Амьдралаас хэт тасраад явчихсан тэр хүмүүсийг заримдаа хөдөө авчраад, нэг өдөр хонь хариулуулж үзэх юм сан гэж бодогдох юм” хэмээж байх вэ дээ.
“Хүн өөрөө л аливаа ажлыг гололгүй хийж чаддаг сан бол хаана ч амьдралаа аваад явчих боломж бий. Даанч одоогийн манай залуус зовлогоо зовоочих вий гэхээс ухаан алдах юм. Хот орон газарт баахан ажилгүй залуус хэвтээд байдаг. Хөдөөд болохоор мал маллах хүн олдохгүй, хаа сайгүй л тэвдүүхэн байх юм” хэмээн өнөөгийн бидний бодит байдлыг уудлан илчилсэн түүний үг гашуун ч гэсэн үнэн билээ.