Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо өвөлжилт хүндэрсэн Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн 48 сумын 1000 малчин өрхөд бэлэн мөнгөний (өрх тус бүрт 245 мянган төгрөг) тусламж олгох гэж буй.
Тус байгууллага өмнөх жил мөн Монгол дахь үндэсний салбар нийгэмлэг буюу МУЗН-ээр дамжуулан 17 аймгийн 5400 малчин өрхөд бэлэн мөнгөний (өрх тус бүрт 192 мянган төгрөг) болон хүнсний тусламж үзүүлсэн юм. Тэд өнгөрөгч долоо хоногт Хөвсгөл аймгийн Арбулаг, Баянзүрх зэрэг суманд ажиллаж, тусламж нь очих ёстой хүмүүстээ хүрсэн, эсэхтэй танилцаж, үнэлгээ хийгээд ирлээ.
Нийслэлээс хоймор нутаг хүртэл зузаан (хамгийн багадаа 20-30 см) цасан бүрхүүлтэй байх авч бас бүхэлдээ тийм биш аж. Дархан-Уул, Орхон, Булган аймгийн төв хүртэл тогтсон цасан бүрхүүл хэсэг нимгэрсэн ч Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төв өнгөрөөд өнөөх л их цастай дахин золгож, ханьссаар Мөрөнд хүрэв. Тэндээс бид хоёр баг болон сумдыг зорьсон юм.
Аймгийн төвөөс 75 км-т орших Арбулаг сумыг зорьсон манай багийг тус сумын ИТХ-ын дарга Н.Болдбаатар “Их цас дөнгөж эхэлж байна” гэсээр нутгийнхаа заагт тосож авлаа. Арбулаг сумын 1100 өрхийн 700 нь малчин бөгөөд нийт 316 мянган малтай гэнэ. Малчдын бараг 40 хувь нь 150-иас доош малтай (хонин толгойд шилжүүлснээр) бол энэ жил шинээр 11 хүн мянгат малчны болзол хангаж, нийт 50 гаруй “мянгат”-тай болжээ.
Энэ намар оройхон бороо их орж, цастай эрт золгосон нь газар, хөрсийг мөстүүлж, өвөлжилт хүндрэхэд хүргэжээ. Сумын төвөөс зүүн хойш 50 орчим км-т, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул сумын заагт байх “Сүмбэр” буюу дөрөвдүгээр баг хамгийн хүнд нөхцөлд буй юм байна. Бидний гол ажил “Сүмбэр”-ийг зорьсноор эхэлсэн юм.
Хоёрдугаар сарын 12-ны 08.10 цаг. Сумын захиргааны буудлаас “Сүмбэр” тийш хөдлөв. Машины урд талын суудалд сууж, газарчлах Н.Болдбаатар дарга “Адуу цас цавчсаныг харж байна уу. Ингэж л юм олж иднэ шүү дээ. Эргийн өвс өндөр ургадаг тулдаа танагтай байна” гэх зэргээр хотоос ирсэн надад элдвийг тайлбарлаж явлаа. Үнэхээр ч багадаа л 30 см хөрлөсөн цаснаас цухуйх өвсний толгой шаргалтан харагдах аж.
10.10 цаг. Дугуй цахир. Туулах чадвар сайтай машинаар уул хярлан, цас зүсэж явсаар малчин Б.Мөнхбатын хотонд ирлээ. Оюутан охин нь нярайлаад удаагүй тэднийх хоёр хүүтэй. Арванхоёр болон дөрөвдүгээр ангийн хөвгүүд нь сумын төвд, сургуулийн дотуур байранд амьдардаг. Харамсалтай нь 60 гаруй богоосоо арваадыг нь нүд аниулчихаад буй гэрийн эзэн “2000 оны зуд санаанаас гардаггүй юм. Түүнээс хойш энэ жилийн өвөл бас айхтар хүнд болж байна” хэмээн дуу муутайхан сууна.
Тэднийх 2000 оны зуднаар 30 үхэр, 200 гаруй хонь, ямаагаа алдсан байна. Уг нь өнгөрсөн зун ногоо сайн ургаж, намар нэлээд (дөрвөн “Портер” машин) өвс хадсан ч хэдийнэ дуусах тийшээ ханджээ. Бог малын шилбэний үс нь ч халцраад эхэлчихэж. Малаа бэлчээрт гаргах боломжгүй учраас авсан өвс, тэжээлээ өл залгах төдий тавьж өгсөөр өдийг хүргэж буй гэнэ.
Мал нь хашаанд дөхөж очсон хэний ч болов гар дагуулан харах нь эзнийхээ үгийг батлах мэт. Арав гаруй үхэртээ хивэх өвс гаргахын тулд эхнэр, нөхөр хоёр сүүлийн хоёр сарын турш үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл цас малтахдаа төмөр тармуур гурав, дөрвийг элээжээ.
Өл залгах “өдрийн хоолоо” зооглож буй нь
Эргэн тойрны цасаа хамсан тэд хоног өнгөрөх тусам хотноосоо хол явж цас малтах болж буй аж. Харин биднийг очиход агаарын хэм нэг оронтой тоо зааж, тогтуун, сайхан байсан тул Б.Мөнхбатын хот тойрсон цас захаасаа ханзарч, уур савсаж байлаа.
“Ингээд цас хайлчихвал сайхан л байна. Дор нь ч мал идэх юм их бий л дээ. Зээ хүү уйлахгүй бол орой ирэхэд охин хоол, цай бэлдчихсэн байдаг юм. Үгүй бол ирээд хоол, унд гэсээр байтал 00.00 цаг өнгөрөөгөөд л хажуулна шүү дээ. Зээ хүүгийнхээ дөрвөн сартайд нь хийлгэх вакциныг нэлээд хожуу тариулсан. Өвсгүй болохоор бид чинь малынхаа тэжээлийг идэх гурил шигээ л санадаг юм. Гэхдээ ирж яваа цаг юм чинь учиртай биз дээ” гэхчилэн эхнэр Б.Энхцэцэг нь ярьж байсан.
Гэсэн ч тэдний бод малын дотроос шүд нь дуугараад эхэлсэн сарлаг, үхэр нэг бус байгааг Н.Болдбаатар дарга заагаад, “Хангайд хавар орой ирдэг юм. Ирэх сарын 20-доор хонь, дөрөвдүгээр сарын 20-доор ямаа төллөөд эхлэхээр байдал бүр хүндрэх байх даа” гэж байлаа. Аймгийн Онцгой байдлын газраас тус суманд 1000 боодол өвс хуваарилсныг зах зээлийн үнээс 50 хувиар хямд буюу 6000 төгрөгөөр хамгийн хүнд байдалд буй өрхүүдэд тус бүр хоёр ширхэг, хоёр шуудай тэжээл үнэгүй олгоход Б.Мөнхбатынх хамрагджээ.
Худалдах үнийг нь хямдруулсан ч бэлэн мөнгөөр өвс, тэжээл авах хүн тун ховор байгаа талаар тус багийн Засаг дарга И.Бадраа хэлж байсан юм. Б.Мөнхбатынх үхсэн ямаа, борлонгийнхоо арьсыг тушааж хэдэн төгрөгтэй болсноороо тэжээл худалдаж авчээ. Ямааны арьс 25 мянга, борлонгийн харван мянган төгрөгийн үнэтэй буй гэнэ.
14.25 цаг. Б.Мөнхбатын хотноос таван км-т өвөлжих О.Нэргүйнд ирэв. 200 арай хүрэхгүй хонь, ямаанаасаа арав гаруйг нь алджээ. Аанай л 2000 оны зудыг нэхэн санаж, нийт малынхаа дөрөвний нэгтэй хоцорч байснаа хэллээ. Гурван охин нь сумын төвд, сургуулийнхаа дотуур байранд, хоёр ч хүрээгүй, хэнз, ганц хүү нь ээж, аавтайгаа байна.
Охид нь “хүүхдийн 20 мянга”-аараа өөрсдийгөө болгож, отгоныхоо “20”-иор ээж, аав, хүү гурав гурил, будаагаа залгуулдаг гэнэ. “Цаг яагаа ч үгүй байна даа” гэж шүүрс алдах О.Нэргүйн хотонд арваад хурга мэндэлжээ. Түүний эхнэр Д.Өлзийбаярын аав “Сумын сайн малчин” бөгөөд ажилсаг, хөдөлмөрч залуус болох нь нутгийн удирдлагуудын аман дээр ил.
16.55 цаг. О.Нэргүйн хотноос хөдөлсөн бид 13 км замыг хагас цаг гаруйн хугацаанд туулж, “Сүмбэр” багийн төв дээр ирэв. “Дөтлөх гээд дөрөв хонов” гэгчээр хэдэн км зам товчлох санаатай арай өөр зам сонгосон бид эхний даваагаар гарч чадалгүй, цас ухан, ирсэн замаараа буцаж гэлдрэх нь тэр.
19.00 цаг. Арбулаг сумын төвд ирэв. Мөрөнгөөс 80 литр шатахуун хийж гарсан “Ланд-80” автомашины жолооч “Шар гэрэл асах нь” гэж үглэсээр шууд ШТС-д хүрч очсон юм.
20.50 цаг. ШТС-аас шууд хөдөлсөн бид Баянзүрх суманд ирлээ. Сумын төвөөс арваад км-ын наана эзэнгүй “Портер” машин байхтай таарсан бөгөөд тав орчим км яваад буу мөрөвчилж, хүүхэд дагуулсан хүнтэй таарав.
Тэд өнөөх машины эзэн бололтой, аккумлятор нь суусан гэнэ. Өөрийгөө Ганбаа гэж танилцуулсан ах хүү цөөн хэдэн малаа айлд тавиад өөрөө сумын төв дээр хүүхдээ харан өвөлжиж байгаа гэнэ. Булганы Тэшиг, Хөвсгөлийн Цагаан-Үүр орж самар түүснээ ч хуучлав.
Тэшиг рүү дөрвүүлээ явж, долоо хоногийн дотор нэг тонн самар түүснээ кг-ыг нь 3000 төгрөгөөр тооцож, ченжүүдэд тушаажээ. Харин Цагаан-Үүрээс хоёр тоннын “олзтой” ирсэн гэсэн. “Самар түүхээр очсон хүн хэр олон байна вэ” гэж намайг сонирхоход “Өө, тоймгүй. Тоолоогүй” гэж байсан юм. Ганбаа ба түүний хүүгийн замын голоор гаргасан том, жижиг гутлын мөр сарны саруулд тодхон ч Бэлтэс голыг эмжих хад, хавцал, хясаа, өндөр уулс шөнийн харанхуйд сүрдэм байлаа.
Баянзүрх суманд биднийг угтсан сүрлэг уулсхярлан
Баянзүрх сумын ИТХ-ын дарга Д.Нямдэлгэр “Яасан хурдан яваад ирэв ээ” гэсээр угтсан юм. Алтрага болон Бэлтэс голын бэлчирт орших тус сумын төв Мөрөнгөөс 127 км алс. Зарим талаараа Туватай хиллэх Баянзүрх сумынхан дархад ястан. Нийт 1119 өрхийн 780 нь малчин бөгөөд 249 мянган мал тоолуулжээ.
Нийт малын 30 хувь нь Булганы Тэшиг хүртэл зургаан сумын нутгаар оторт яваа гэнэ. Малчин өрхийн бараг тал хувь нь 200 хүртэл малтайн зэрэгцээ 43 “мянгат” (13 нь энэ жил болзол хангасан)-тай аж. Улмаар зээлгүй малчин бараг үгүй гэнэ.
Д.Нямдэлгэр дарга “Бид үндсэндээ бэлчээрийн мал аж ахуй л эрхэлдэг. Манай сум 45 дугаар өргөргөөс хойш оршдог учраас цэвдэгтэй, үр тариа, ногоо, жимс тарих боломжгүй. Зургаагаас наймдугаар сард зун болдог. Наймдугаар сард цас орох нь ч бий. Цэвдэгтэй учраас давхар барилга барих боломжгүй. 240 хүүхдийн дотуур байрны гурван давхар барилгыг 2008 онд ашиглалтад оруулсан ч мэргэжлийн хяналтын байгууллагаас акт тавьсан” хэмээн нутаг орны онцлогоо ойлгуулахыг хичээх.
Хоёрдугаар сарын 13-ны 09.30 цаг. Доод Тоомын ам. Баянзүрх сумын зочид буудлаас хөдөлж, 30 орчим км замыг нэг цагийн хугацаанд туулж малчин Т.Батболдынд ирэв. Шөнийн харанхуйд биднийг сүрдүүлсэн өндөр уулсыг өглөөний нартай хамт ажиж, сүр, үзэсгэлэнг нь шагшиж явахдаа голын мөс цөмөрчих вий гэсэн битүүхэн айдас тээж явлаа.
Ийнхүү цас, мөс туулсан бидний зам өнгөрөгч өдрийнхтэй харьцуулахад саадгүй гэж хэлж болохоор. Бидэнд газарчлах Д.Нямдэлгэр дарга “Ер нь манай нутагт ийм (цасны зузаан багадаа 20 см) л цас ордог. Энэ жил онцгой их цас ороогүй. Гэм нь намар орой бороо орж, газар мөстчихлөө. Харин сүүлийн арваад жил тохиогоогүй сайхан зун болж, өвс их ургасан тулдаа 2000 оны зудыг давтахгүй байна. Тэр зуднаар манай сумын нийт малын 45 хувь нь хорогдсон юм даг” гэж байсан юм.
“Зуд болохоор нохой зоолдог” гэдэг
Халх, Дархадыг зааглах Тоомын овооны бэлд өвөлжих Т.Батболдынх өнгөрөгч жил МУЗН-ээс бэлэн мөнгө, хүнсний тусламж авсан бөгөөд энэ жил тэднийхийг хамруулахгүй. Өнгөрсөн жил авсан 192 мянган төгрөгөөр гурван шуудай гурил, гэрийн цагаан бүрээс, борооноос хамгаалах гялгар уутан дээвэр, туурга, Цагаан сарын хоол, хүнс, бэлэг сэлт гээд олон зүйл авсан гэнэ.
20 орчим хонь, ямаа алдаад буй аж. Эхнэр М.Оюунжаргал “Түрүү жил бас зутарсан. 100 гаруй богоос 30 хүрэхгүй үлдсэн. Овоо хадлан авсан ч юм болохгүй нь. Манай мал хээр явж байгаад л үхчих юм” гэж байлаа. Энэ бол Т.Батболдын гэх айлд данстай малын тоо. Тэд хоёр айлын 300 орчим бог малладаг юм байна.
Гэрийн эзнээс илүүтэй эхнэр нь ярьж, тайлбарлах нь Т.Батболдын хэл, ярианы хөгжилтэй холбоотой бололтой. Сум, багийн удирдлагуудын хэлснээр тэр “хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авах ёстой” нэгэн гэнэ. Харамсалтай нь тэд өөрсдөө хөөцөлдөж чадахгүй, хэдэн малаасаа илүү гарахгүй явсаар өдийг хүрчээ.
10.40 цаг. Бага Тоомын Хавагт. Т.Батболдынхоос гурван км-т өвөлжих ээж, охин, зээ гурвыг зорин зорин очлоо. Шилийн богдоос (далайн түвшнээс дээш 1778 метр) өндөрт гарч үзээгүй, тал нутгийн надад уулан дээр, модон дунд өвөлждөг хангайнхан сонин гэдэг нь жигтэйхэн.
Бид машинаа дор орхиод, мацсаар малчин Хүрэлбаатарын хотонд хүрсэн юм. Тэр хотны баруун урд зүгээс хойш чиглэн, 140 орчим км-т Тувагийн хил байдаг гэнэ. Зундаа малчид цааш (хилийн зүгт) 30 орчим км нутаглахаас хэтэрдэггүй бөгөөд хүний хөл хүрээгүй, зэрлэг, онгон байгаль тэнд бий талаар Д.Нямдэлгэр дарга хуучилсан.
Бидний зорьж очсон Мянганбаяр эгчийнх Хүрэлбаатарын бог малыг маллахад тусалдаг аж. Хүрэлбаатар гуай бодоо аваад Алаг-Эрдэнэ суманд оторлож яваа гэнэ. МУЗН-ийнхэн өнгөрсөн жил Мянганбаярынд тусламж хүргэх гэсэн боловч цасанд боогдоод очиж чадаагүй юм билээ. Энэ жил тэднийд мөнгөн тусламж үзүүлнэ.
Мянганбаяр, түүний охин М.Бямбасүрэн хоёр төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй (Нутгийн удирдлагуудын хэлснээр саажилт маягийн, гар, хөл нь өрөөлдөөд мэдээгүй болсон). Харин таван настай зээ охин Б.Номин-Эрдэнэ цовоо, цолгиун, одоогоор гар, хөлөнд нь мэдэгдэх юм алга.
Аав ээж, эмээ өвөөгөөсөө хойш олон ч айлын хаяа бараадаж, байдгаа барсан тэднийг Хүрэлбаатарынх орох оронтой болгож, арван хонь, 30 ямаа тасдаж өгөөд дөрөв дэх жилтэйгээ золгож буй юм байна. Тэр хотонд ганц ч малын хорогдол алга. Арбулаг сумын ИТХ-ын дарга Н.Болдбаатарын “Туслах малчин авч ажиллуулж байгаа хүмүүсийг төр, засгаас дэмжиж, урамшуулдаг бол сайнсан” гэх үг Хүрэлбаатарын хотноос хөдлөхөд бодогдож байлаа.
Ийнхүү бидний ажил шувтрах тийш хандсан юм. Аян замын турш малын сэг дээр эргэлдэх том хар шувууд бишгүй таарч, эвгүй үнэр ханхална. Гэхдээ малчид “Үхрийн үхэл аядаж байна. Хонь, ямаа, адуу туйлдах цаг болоогүй байна” гэцгээж байсан юм.
Хөвсгөл манай улсын хамгийн олон буюу 126 мянган хүн амтай аймаг. Тиймээс ч ажилгүйдэл, ядуурлын түвшин өндөр байдаг. Нөгөө талаас миний бие МУЗН-ийнхний хамт баг болж явсан учраас хамгийн эмзэг, тусламж шаардлагатай айлуудаар орж ажилласан.
Өөрөөр хэлбэл, Хөвсгөл аймгийн хэдэн өрхийн аж амьдралаар нийт малчныг төлөөлүүлэх нь миний туйлын зорилго биш ч Мөнхбат, Нэргүй, Ганбаа, Батболд, Мянганбаярынх шиг малчин өрх Монголд олон бий. Зуд гэмээнэ зуд юм. Их цас орох, эсвэл хэт хүйтрээд өнгөрөхийг л зуд гэж ойлгодог бололтой, бид. Гэтэл түүний уршиг, хор хөнөөл хэдэн жилээр үргэлжилж, малчид, тэдний үр хүүхэд эрүүл мэнд, боловсрол, сэтгэл зүйгээрээ зудын гамшигт нэрвэгдэж байна.
Мэдээж сайн малчин байж, сайхан амьдрах, эсэх нь хувь хүний ажил байдлаас ихээхэн хамааралтай. Гэвч мал аж ахуй, малчинд чиглэсэн тодорхой бодлогогүй нийгэмд муусайн малчид маань самгардаж, зүгээ олохгүй, зөнгөөрөө гэлдэрч байх шиг.
Банкны шалгуур хангаж л байвал олон, цөөн малтайгаас үл хамааран буянт сүргээ барьцаанд тавиагүй айл хөдөөд бараг алга. Банкны шалгуур хангахын тулд дор хаяж 200 бог тоолуулсан байх ёстой. Хойтон их сургуульд сурах хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлэхийн тулд хорь, гучин юм нэмж тоолуулна гэдгээ багийн даргадаа эрээ цээргүй учирладаг хөөрхий малчид.
Хонины нэхий бохины үнэгүй, кг мах нь 2500 төгрөгөөс хэтрэхгүй байхад тэдэнд арван таваарлаг мал тэжээснээс турь муутай тавин төлөгтэй байсан нь дээр болж таарах нь. Уг нь мал таваарлаг, чанартай бол зуд, турханд газардахгүй баймаар. Хавар ноолуур самнах үеэр л гар дээрээ хэдэн төгрөг тавьдаг малчдын дунд хүүхдийн “20 мянга”-аар амьдардаг айл маш олон байна. Малын буян их гэдэг ч байдал ийм байхад малчин болох гэж хэд нь хүсэх бол.